Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 181/2022/00067/И |
Дугаар | 210/МА2022/01991 |
Огноо | 2022-11-16 |
Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2022/01991
.............-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01985 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .............-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “............” ХК-д холбогдох даатгалын гэрээний нөхөн төлбөр 38,751,589 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандин-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
.............- нь “............” ХК-тай 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан ба даатгалын хураамж 1,184,000 төгрөг төлсөн. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн ард “Могул таун” хотхоны баруун зам дээр зорчиж явах үедээ 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр осолд орж 38,751,589 төгрөгийн хохирол учирсан. “............” ХК нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 9/4264 дугаар албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Даатгалын гэрээний үндсэн нөхцөлд зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ даатгалд эрсдэл учирсан байна, энэ тохиолдолд нөхөн төлбөр олгоно гэж заасан. Хан-Уул дүүргийн замын цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалгаад .............-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 1.3, 10.1-д заасан заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан байна гэж шийдвэрлэсэн. Тухайн зам нь орц, гарцгүй газраар гарсан нь зам биш, Замын цагдаагийн газраас зам биш гэж үзээгүй. Гэрээний 3.1.1-д заасны дагуу санаатайгаар хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар зам гэдэг нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурваст газрыг ойлгоно гэж заасан. Гэрээний 3.1.5-т заасан хууль тогтоомжид заасан бусад үндэслэл, 3.1.9-т заасан хашлага давсан зүйл байхгүй. Мөн уул хад руу эгц гараагүй, хотхоны дээшээ зам дагуу дөнгөж өгсөөд явж байхад болсон. Тээврийн хэрэгслээ даатгуулсан зорилго нь зам тээврийн ямар ч осол гарсан тухайн ослоос хөрөнгөө хамгаалж даатгуулсан. Даатгуулагчийн буруутай бол нөхөн төлбөрийг багасгаж олгох үндэслэлтэй. Иймд даатгалын нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. .............- нь “ХААН банк” ХХК-ийн эзэмшлийн 77-66 ОБХ улсын дугаартай автомашиныг жолоодон 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Богд уулын энгэр, “Могул таун” хотхоны баруун замд онхолдсон гэх тохиолдлын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгуулах баримт материалыг судалж үзэхэд нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. .............-ын явж байсан Богд уулын энгэр, “Могул таун” хотхоны баруун зам гэх газар нь Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл аваагүй орц, гарц байсан бөгөөд даатгуулагч тухайн орц, гарцаар дээшээ уул руу чиглэсэн өндөр, эгц, маш их чулуу, нуранги, сул шороо ихтэй газар луу өгсөж гарсан. “............” ХК-аас үзлэг хийж үүнийг баримтжуулсан. Шөнө үзлэг хийхэд даатгуулагчийн зорчсон зам нь харагдахгүй байсан тул маргааш нь нөхөн үзлэг хийж нөхцөл байдлыг тогтоосон. Үүнээс үзэхэд даатгалын гэрээнд заасан эрсдэл учраагүй буюу даатгуулагч Даатгалын гэрээний 3.1.1-д “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин, нөхцөл бүрдүүлсэн”, 3.1.5-т “Тухайн гэрээнд заагдаагүй ч хуульд нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн байвал хууль болон гэрээнд зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй” гэж тус тус заасан. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т жолооч тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хашлагыг тусгай тэмдэглэгээгээр тэмдэглэснээс бусад тохиолдолд давах хориглоно, 1.3-т замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэж заасныг зөрчиж осол гаргасан. Даатгалын гэрээнд заагдсан эрсдэл нь тухайн даатгуулагч нь санамсаргүй, тооцоолоогүй байхад нь учирсан эрсдэл байдаг. Үүний дагуу даатгалын гэрээгээр эрсдэлийг хамгаалах ёстой. Гэтэл энэ үйл баримт байгаа нөхцөл байдалд тулгуурлан үзэхэд даатгуулагч аюул, осол бүрдэхүйц замаар зорчсон учраас нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан “............” ХК-аас 31,001,271 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .............-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,750,318 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “............” ХК-аас 312,956 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .............-т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. .............- зорчих хэсгийн хашлага давж орц, гарцаар нэвтэрч эгц өндөр уул руу гарсантай холбоотой осол гарсан гэж үзсэн тул Нийслэлийн автозамын хөгжлийн газраас .............-ын зорчсон уул руу гарсан орц, гарц, зам нь зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахад тухайн орц, гарц нь зөвшөөрөлгүй, зам нь холбооны антен руу чиглэсэн гэх тайлбарыг ирүүлсэн. Мөн хэрэгт авагдсан гэрэл зураг, бичлэгээр .............- зөвшөөрөлгүй орц, гарцаар зорчсон нь тогтоогдсон. Гэтэл шүүх .............-ын зорчсон хэсгийг зам гэх ойлголтод хамаарч байна гэж дүгнэсэн. “............” ХК нь эдгээр гэрэл зураг, бичлэгийг нотлох баримтаар өгч үзлэг хийлгэсэн нь .............- зорчих хэсгийг даван зөвшөөрөлгүй орц, гарцаар гарч ямар нэгэн зорилгогүй явсныг нотлох зорилготой.
4.2. Даатгалын гэрээний 3.1.1-д “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдолд бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн”, 3.1.9-т “Зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах үед учирсан хохирол” зэрэгт нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т “Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно”, мөн хуулийн 8.5.1-т “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн”, 8.5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” зэрэг тохиолдолд даатгагч тал нөхөн төлбөрийг татгалзах эрхтэй гэж заасан тул нөхөн төлбөр олгох боломжгүй. Гэтэл шүүх даатгуулагчийг зам дээр явсан тул гэрээнд заасан эрсдэл учирсан гэж нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Тухайн осол орц, гарц дээр болоогүй. “Маршал таун” хотхоноос баруун эргэх зам дээр болсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан зам гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдсан зурвас газрыг хэлнэ гэж заасан. Хэрэгт гэрэл зураг, үзлэг хийсэн тэмдэглэл авагдсанаар тухайн газар байнга тээврийн хэрэгсэл зорчдог. Хариуцагчийн асфалтьн замд гарсан осолд нөхөн төлбөр олгоно гэсэн агуулгатай тайлбар үндэслэлгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу зам тээврийн осол болсон. Нэхэмжлэгч даатгалын тохиолдол бий болгох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар
1.а. Нэхэмжлэгч .............- хариуцагч “............” ХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 38,751,589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “... даатгуулагч зөвшөөрөлгүй орц, гарцаар зорчсоны улмаас осол гаргасан тул даатгалын тохиолдол гэж үзэхгүй учир нөхөн төлбөр олгохгүй...” гэж маргасан.
1.б. .............- болон “............” ХК-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, даатгагч “............” ХК Jeep wrangler rubicon маркийн 77-66 УБХ улсын дугаартай автомашиныг даатгаж, даатгуулагч .............- даатгалын хураамж төлөхөөр тохиролцсон байна. (хх-40-42) Нэхэмжлэгч .............- нь даатгалын хураамжид 1,184,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болгоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
1.в. .............- 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн зам, Богд-Уулын энгэр “Могул таун”-ны баруун замд даатгалын гэрээний зүйл болох Jeep wrangler rubicon маркийн 77-66 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас автомашин онхолдсон гэж Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нэхэмжлэгчийг 100,000 төгрөгөөр шийтгэл оногдуулжээ. (хх-ийн 91-95, 160)
Нийслэлийн авто замын хөгжлийн газраас орц, гарцны зөвшөөрөл аваагүй байх нь даатгуулагч тээврийн хэрэгслээр шороон замаар зорчих, хөдөлгөөнд оролцохыг үгүйсгэхгүй юм.
Талууд даатгалын гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалт гэх хэсэгт “Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол” гэж зааснаас дүгнэвэл, тухайн автомашин хөдөлгөөнд оролцох үед гаргасан бүх төрлийн ослыг даатгалын тохиолдол гэж үзэх тул нэхэмжлэгчийн даатгуулсан автомашин замын хажуу руу онхолдож даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн зорчсон орц, гарц нь зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр хариуцагч “............” ХК даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.
Гэрээний 2.11-т “Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоос 80 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно” гэж талууд тохиролцжээ. “Вендо” ХХК даатгалын гэрээний зүйл болсон автомашинд учирсан хохирол 38,751,589 төгрөг гэж тогтоосон ба талууд энэ үнэлгээний талаар маргаагүй байна. Иймд хариуцагч “............” ХК нь дээрх үнэлгээний 80 хувь буюу 31,001,271 төгрөгийг нэхэмжлэгч .............-т төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Нэхэмжлэгч .............- тээврийн хэрэгсэл жолоодон тухайн шороон замаар хөдөлгөөнд оролцсон зорилго нь даатгалын тохиолдол бий болсон явдалд нөлөөлөхгүй, даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг санаатай бүрдүүлсэн буюу туршилт хийсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Мөн даатгалын гэрээний 3.1.9-т зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах үед учирсан хохирол гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг заалт тухайн маргаанд шууд хамааралтай биш байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Н.БАТЗОРИГ