Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01894

 

 

 

 

 

 

 

2022 10 17 210/МА2022/01894

 

 

 

С.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/01611 дугаар шийдвэртэй,

С.Т ын нэхэмжлэлтэй

ХХХ ны төвд холбогдох

гэм хорын хохиролд 108,000,000 төгрөг гаргуулах, талийгаач С.С ажлаас буцах замдаа зам тээврийн осолд орсон тул тухайн осол үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жерихова Лариса Алексеевна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагчийн төлөөлөгч Д.Дөлгөөн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Миний аав С.С ХХХ ны төвд 2015 оноос хойш захиргааны ажилтнаар ажиллаж байгаад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эрхэлсэн ажлынхаа хүрээнд Corporate hotel and convention Centre-т зохиогдсон Workshop on promoting economic versification in the carec regiont семинарт оролцоод харих замдаа автомашины осолд орсны улмаас 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан.

Талийгаачийн ажлаас буцах замдаа зам тээврийн осолд орсон нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.9, 2.1.5-д заасанд хамаарах тул тус дүрмийн 3.13-т заасны дагуу энэхүү ослыг зохих журмын дагуу судлан бүртгэж, акт, дүгнэлтийг нэн даруй гаргуулах хүсэлтийг хариуцагч байгууллагын дарга Э.Одбаярт өнгөрсөн оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн.

Гэвч тухайн албан тушаалтан бидний хүсэлтэд 5 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ...Дипломат дархан эрх бүхий олон улсын байгууллага тул Монгол Улсын хууль дүрэм бидэнд үйлчилдэггүй, бид акт, дүгнэлт гаргахгүй гэсэн хариуг амаар өгсөн. Бид бичгээр хариу авах хүсэлтэй байгаагаа тайлбарласны эцэст авсан.

Тухайн байгууллагад Монгол Улсын хууль дүрэм үйлчилдэггүй болохыг эрт хэлсэн бол ослын актыг өөр байгууллагаар гаргуулах хууль, тогтоомжийн боломжийг ашиглах байсан.

Иймд ХХХ-ын ОУСТ-өөс 2020 оны 02 дугаар сарын 06-нд бидэнд ирүүлсэн хариу хуульд нийцэж байгаа эсэх, энэ байгууллагад Монгол улсын Хөдөлмөрийн хууль болон Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм хамаарах эсэх зэрэг асуудлыг шалгуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан.

Тус газар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ДДД THINK TANK" олон улсын сургалтын төв нь ажилтнуудтайгаа үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан нь тогтоогдсон тул Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.2-т зааснаар харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандахыг зөвлөсөн хариу өгсөн.Харин Дүүргийн Засаг даргын тамгын газраас ослын акт, дүгнэлт гаргах хуулийн хугацаа хэтэрсэн гэсэн хариу өгсөн.

Иймд С.С ажлаас буцах замдаа зам тээврийн осолд орсныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.3 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн осол үйлдвэрлэлийн осол байсныг тогтоож, ХХХ ны төвөөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу талийгаач эцгийнхээ 36 сарын цалинтай тэнцэх /36 cap х 3,000,000 төгрөг/ 108,000,000 төгрөгийг авах боломж, хугацааг алдагдуулсны гэм хорын хохиролд гаргуулна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус Олон улсын судалгааны төвөөс иргэн С.Т ын Үйлдвэрлэлийн ослыг акт гаргуулах хүсэлтийн дагуу судалж ДГХО-ОУСТ нь Монгол Улсын Засгийн газартай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Хүлээн авагч улсын хэлэлцээрийн дагуу ОУСТ болон түүний ажилтнууд Монгол Улсад байрлах бусад олон улсын байгууллага, Дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн дипломат ажилтнуудтай адил халдашгүй дархан эрх ямба эдэлж, аливаа татвар хураамж болон хүлээн авагч улсын нийгэм хангамжийн хууль журмын үйлчлэлээс чөлөөлөгддөг тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасны дагуу ХХХ-ын ОУСТ нь уг хуулийг дагаж мөрдөх субъект биш бөгөөд ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй.

Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн акт гаргах эрх зүйн субьект буюу Ажил олгогч биш тул акт гаргах боломжгүй гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн.

Хэрэв Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах хуулийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Үйлдвэрлэлийн осол байсныг тогтоон акт гаргуулах үүрэг хүлээлгэсэн тохиолдолд ХХХ-ын ОУСТ-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх боломжтой гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Үйлчилгээ үзүүлэх гэрээнд нөхөн олговрыг олгохгүй гэсэн нь хууль бус гэж үзэж байна. Мөн хариуцагч байгууллага Ослын актаа хугацаанд нь гаргаж өгөөгүйгээс үүдэн нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж байгаа тул хариуцагч талыг гэм буруутай гэж үзэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан ХХХ ны төвөөс нөхөн төлбөрт 89,243,100 төгрөг гаргуулж, С.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,756,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 604,166 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. ХХХ-ын ОУСТ нь Олон Улсын Засгийн газар хоорондын байгууллага тул ХТХ-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. гэсний дагуу тус хуулийг дагаж мөрдөх субъект биш юм.

Тус байгууллага нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай Хүлээн авагч улсын хэлэлцээрийг байгуулж, тус төв болон албан тушаалтнуудын эрх зүйн байдал, эрх ямба, дархан эрхийг тусгайлан зохицуулах эрх зүйн үндэс суурийг тавьсан.

Хүлээн авагч улсын хэлэлцээр нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Олон улсын гэрээ юм.

МУ-ын ЗГ-тай байгуулсан Хүлээн авагч улсын хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 13.3.е-д зааснаар байгууллагад гүйцэтгэж буй ажлынхаа тухайд хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгмийн хамгааллын хууль, журмын үйлчлэлээс чөлөөлөгдөнө.

Иймд ХХХ-ын ОУСТ нь ХТХ-ийн 18.1.7, 46.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулах ажил олгогч этгээд гэж тооцогдохгүй ба 2019 оноос эхлэн ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж ажилласан.

Тус байгууллага нь хуульд заасан ажил олгогч субъект биш тул үйлдвэрлэлийн ослын акт гаргаж өгөх боломжгүй.

Шүүхээс ослын акт гаргуулах хуулийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, үйлдвэрлэлийн осол байсныг тогтоох акт гаргуулах үүрэг хүлээлгэвэл ХХХ-ын ОУСТ нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авах болно гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг ноцтой зөрчсөн.

6.1. Шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг хуулбарлан шийдвэрт тусгасан атлаа хариуцагч талын үндэслэл тайлбарыг орхигдуулж хэт нэг талд үйлчилж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

6.2. Талийгаач С.С ын зам тээврийн ослоор амь нас нь хохирсон хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/923 дугаар тогтоолоор гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл Олон улсын санхүүжилтээр санхүүждэг, олон улсын дипломат эрх ямба бүхий байгууллагыг зам тээврийн ослын улмаас нас барсан хүний ослын акт гаргаагүй гэж буруутгах нь хуульд нийцэхгүй.

6.3. Монгол Улсын Үндсэн хуулийн 10.3-т зааснаар Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Гэтэл энэ заалтыг үгүйсгэсэн баримтаа шүүх шийдвэртээ заагаагүй.

6.4. Хэрэгт цугларсан Монгол Улс, Олон Улсын Судалгааны Төв байгуулах тухай Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаар тогтоол, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 211 дүгээр Хэлэлцээр батлах тухай тогтоол, хавсралт гэрээ, үйлчилгээний гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үйлчилгээний гэрээний нөхцөлүүд зэрэг баримтуудад ач холбогдол өгөөгүй.

ХХХ-ын ОУСТ үйлчилгээ үзүүлэх олон талт гэрээний 3.3.2-т зааснаар гэрээнд зааснаас бусад тохиолдолд ХХХ-ын ОУСТ-өөс ямар нэгэн ашиг, төлбөр татаас, нөхөн төлбөр, тэтгэвэр авах эрхгүй. Иймд тус байгууллага нь зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүний ар гэрт ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж, нөхөн олговор олгохгүй.

Талийгаач нь тухайн осол болсон өдөр байгууллагаас өгсөн үүрэг чиглэлээр хуралд суугаагүй.

6.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй ШЕЗ-өөр батлагдаагүй иргэдийн төлөөлөгчийг /оюутан байж болзошгүй/ шүүх хуралдаанд оролцуулж нэхэмжлэгчийн талд дүгнэлт гаргуулсан.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг гарцаагүй үнэн зөвд тооцож байгаа нь хууль зөрчсөн гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч байгууллага нь Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн гэрчилгээтэй олон улсын байгууллага тул ажил олгогчийн хувьд эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Мөн шүүхэд нэхэмжлэгчээр оролцох, хариуцагчаар татагдах, хариуцлага хүлээх эрх, үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн энэхүү хуулийн зохицуулалтад хамаарахаар заасан. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх субъект биш гэх тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч байгууллага 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилтнуудтайгаа үйлчилгээний гэрээ гэх нэршилтэй гэрээний дагуу ажиллуулсан. Тус гэрээний 1 дэх хавсралтад нэр томьёог тайлбарласан байдаг бол 2 дахь болон 3 дахь хавсралтад хөдөлмөр эрхлэлт харилцааны хүрээнд ажилтнуудын ажил амралтын цаг, цалин хөлс, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тусгасан байдаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн нь энэхүү хуулийн зохицуулалтад хамаарна гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасан зохицуулалт үйлчилнэ. С.С нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албан ажлын хүрээнд суусан хурлаасаа буцах замдаа авто осолд орж, 4 хоногийн дараа амь насаа алдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн олговор авах эрхтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт с-g заалтад олон улсын сэтгэх хүчний байгууллагын ажилтан болон мэргэжилтнүүд нь олон улсын сэтгэх хүчний байгууллагын баримт бичиг буюу нийгмийн хамгааллын үйлчилгээ болон үйл ажиллагаа явуулж буй улсын Монгол нийгмийн хамгааллын дүрэм журмын дагуу зохих хөнгөлөлтүүдийг эдлэх эрхтэй.

Хариуцагчийн өмгөөлөгчийн иш татаж тайлбарлаж буй заалт нь гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэж заасан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч талийгаач С.С т тухайн осол болсон өдөр байгууллагаас үүрэг чиглэл өгөөгүй байсан бөгөөд нарийн цагт баригддаггүй, судалгааны ажлаа чөлөөтэй хийдэг хөлсний гэрээт ажилтан гэж гомдолдоо дурдсан.

Үйлчилгээний гэрээний хавсралт с-д оффисын ажлын цагийг баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, оффисын ажилтны жишиг цагаар ажилладаг гэх санааг илэрхийлж байна. Олон улсын хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн е заалтад байгууллагад гүйцэтгэж буй ажлын тухайд хүлээн авагч улсын хүчин төгөлдөр байгаа нийгмийн хамгааллын үйлчлэлээс чөлөөлөгдөнө гэж заасан. Тус заалт нь байгууллага биш, байгууллагын ажилтанд холбогдох заалт юм. Иймд хариуцагч талаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Миний нөхөр болох С.С 2019 онд ажлаас ирж явахдаа хариуцлагагүй жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж авто ослоор нас барсан. Монгол Улсын хуульд заасны дагуу ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас хохирсон хохиролд нөхөн олговор олгох ёстой. Гэтэл хариуцагч байгууллага нөхөн олговор өгөхөөс татгалзсан.

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянавал зарим хэсэг үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч ХХХ ны төвд холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.3 дахь хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн осол байсныг тогтоолгох, гэм хорын хохиролд 108,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна. гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах журам, сургалтад хамруулах нэгдсэн төлөвлөгөөг батална. гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт энэ хуулийн 62.2-т заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна. гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна. гэж тус тус зохицуулжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчөөр Б.Анужинг оролцуулсан нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Учир нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 09 дүгээр тогтоолоор баталсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журмын 3.1-д Иргэдийн төлөөлөгчийг сонгохдоо нэрсийн нэгдсэн жагсаалтаас долоо хоног тутам шүүх хуралдаанд оролцох 10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр, тохиолдлын журмаар гарган ...иргэдийн төлөөлөгчийн нэрсийн дэд жагсаалтыг шүүхийн Тамгын газрын дарга батална. гэсэн байна.

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/36 дугаар тушаалаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг баталсан. /хэргийн 1 дүгээр хавтасны 65-66 дахь тал/

 

Энэ нэрсийн жагсаалтад шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож дүгнэлт гаргасан Б.Анужингийн нэр ороогүй байна. Анхан шатны шүүх батлагдсан нэрсийн жагсаалтад ороогүй иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

4. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/01611 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 604,165 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ