Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01919

 

 

 

 

 

 

 

2022 10 24 210/МА2022/01919

 

 

 

МММ ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/02909 дугаар шийдвэртэй,

МММ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.У , Д.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний 742,758,414 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч Д.У , хариуцагч Д.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинтөгс, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Д.У , Д.Б нар нь МММ ББСБ ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 14/11 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 150,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, Баянгол дүүргийн 00 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 00 тоотод байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй 3,456 м.кв талбайтай агуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буйдан, тавилга буюу эргэлтийн хөрөнгийн хамт барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр 329,141 төгрөг, хүү 61,208,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 753,806 төгрөгийг тус тус төлж, зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй. Зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлж зээлийн хуримтлагдсан хүү төлөхийг удаа дараа шаардсан ч гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсээр байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдэгч Д.У , Д.Б нараас 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 149,670,859 төгрөг, хүү 508,058,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,029,450 төгрөг нийт 742,758,414 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

1.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.Золзаяа гарын үсгээ зурсан.

1.3. Зээлийн гэрээгээр 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 24 сарын хугацаанд зээлийг эргэн төлөх хуваарьтай тул 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс шаардах эрх тоологдоно. Нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 05 дугаар сарын 03-нд эвлэрүүлэн зуучлалд хандаж, энэ ажиллагаа 2 сар үргэлжлээд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусаж 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Зээлийн гэрээг А.Б тэй байгуулсан ба тэрээр нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд биш, нэхэмжлэгч байгууллагаас түүнд итгэмжлэл олгоогүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Зээлийн гэрээний батлав хэсэгт захирал гарын үсгээ зурсан

2.2. Зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, хариуцагч 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сүүлийн гүйлгээг хийсэн тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

2.3. Хариуцагч нар 150,000,000 төгрөгийг зээлж 61,000,000 төгрөгийг эргүүлж төлсөн байтал 742,758,414 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний 4.8-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандсан нь үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У , Д.Б нараас 742,758,414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МММ ББСБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг 00 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 32б тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй 3456 метр квадрат талбайтай, агуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хангуулах тухай МММ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,941,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,871,742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МММ ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Гэтэл шүүх барьцаа хөрөнгийн өмчлөгч тодорхойгүй гэх хуульд заагаагүй үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс төлбөрийн тооцоололд зохигчид маргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүү төлүүлэх журамтай. Хариуцагч нараас ковид-19 цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтөө хийж чадаагүй талаар удаа дараа тайлбарлаж байсан.

5.2. Хариуцагч нар 150,000,000 төгрөг зээлж, 62,291,884 төгрөг төлсөн байхад шүүх анзыг буруу тооцсон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтойгоор тогтоосон тул зээлийн хүүгийн төлбөрийг багасгах боломжтой.

Иймд үндсэн хүүгийн үлдэгдэл 508,058,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,029,450 төгрөг нийт 593,087,555 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Барьцаа хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатын шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Барьцаа хөрөнгө нь К ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байсан ба тухайн компанийг хэн төлөөлж барьцааны гэрээг байгуулсан нь хэрэгт чухал ач холбогдолтой. Д.Б , Д.У нар бусдын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд тавих эрхгүй тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэл болохгүй.

Өмчлөгч К ХХК-аас Д.У , Д.Болбаатар нарт үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрх олгогдсон итгэмжлэл, эсхүл ямар нэгэн зөвшөөрөл олгосон баримт, эрх зүйн акт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Гэрээний хавсралтын хуваариас харахад үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 05 дугаар сарны 05-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр буюу 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө эвлэрүүлэн зуучлалд хандсан. Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн зуучлалын байгууллагад хандсанаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй бөгөөд гэрээг гүйцэтгэх захирал байгуулсан тул хүчин төгөлдөр гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч МММ ББСБ ХХК нь хариуцагч Д.У , Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 742,758,414 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч МММ ББСБ ХХК 150,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргээс үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцох, зээлдэгч Д.У , Д.Б нар зээлийг хугацаанд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. /хх 7 дахь тал/

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 32-б тоотод байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй 3,456 м.кв талбайтай агуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

4. Нэхэмжлэгч МММ ББСБ ХХК-ийн гаргасан дээрх барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буруу болжээ.

 

4.а. Хэргийн 13 дахь талд барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан ба тус баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байна.

 

4.б. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хуулийн шаардлага хангаагүйтэй холбогдуулан баримтын бүрдүүлбэрийг анхаараагүйг хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

 

5. Түүнчлэн, шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхэд барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар тодруулж, холбогдох ажиллагааг хийгээгүй нь буруу болжээ.

 

5.а. Нотлох баримт бүрдүүлэх эрхийг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй тул дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул зохигчдын давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/02909 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагч нарын төлсөн 3,123,390 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ