Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 467

 

П.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 739 дугаар магадлалтай, П.Э-д холбогдох 1910014450554 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч О.Ц нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Ч овогтой П-гийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ч овогт П-гийн Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчлөн зүйлчилж,

П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар П.Э-ад 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Э-ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

энэ хэрэгт П.Э-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Э-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Э гаргасан гомдолдоо “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан П.Э миний давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Миний хувьд талийгаачтай хааяа тоглоом шоглоомоор бие биетэйгээ дохилцдог байсан болохоос биш таарамжгүй харьцаатай байгаагүй. Төгсбаяр, талийгаач бид гурав хамтдаа ажилдаа яваад гэртээ ирдэг, сайхан л амьдардаг байсан.

Талийгаач бол манай ахын найз байгаа юм. Бидний хувьд өс хонзон, өр авлага байхгүй бөгөөд талийгаачтай багаасаа хөрш байсан ба маш дотно харилцаатай байсан.

Би нутагтаа очиход талийгаач “ажилгүй хэцүү байна, ажил олоод өгөөч” гэж гуйхаар нь хотод авчраад өөрийн ажилладаг байгууллагадаа туслах ажилтнаар оруулсан.

Тэр үед талийгаач хотод байх айлгүй гэхээр нь түрээсийн байранд хамт амьдрах болж, найз Төгсбаярын хамт байр түрээслэн гурвуулаа амьдарч, түрээсийн төлбөрийг Төгсбаяр бид хоёр хувааж төлдөг байсан. Талийгаач надаас 4 насаар ах, надаас том биетэй хүн. Түүнийг архи уугаад байхаар нь “архи битгий уугаад бай” гэж хэлдэг байсан. 2019 оны 06 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд талийгаачийг зодож муудалцсан зүйл байхгүй.

2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө хүртэл ажил дээр очсоны дараа талийгаач ахынх нь хэвлийгээр өвдөөд байна, машиныхаа түлхүүрийг өгчих гэхэд нь би машиныхаа түлхүүрийг өгөөд явуулж байсан. Тэгээд “бие чинь гайгүй юу” гэхэд “гайгүй, ах нь жаахан хэвтэж байгаад очъё” гэж байсан. Бидний хооронд муудалцсан зүйл байгаагүй гэдгийг гэрч Төгсбаяр шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлж байсан.

Ийм учраас надад талийгаачид хүнд гэмтэл санаатай учруулах санаа зориг огтхон ч байгаагүй. Хүнд гэмт хэрэгт яллагдаж байгаад маш их гомдолтой байна. Би урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Би автын цахилгаанчин мэргэжилтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан.

Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хорих ялын нөхцөлийг өөрчилж, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 739 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгч миний гомдолд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор П.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй, хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг П.Э-ын үйлдэл хангахгүй буюу тухайн гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоогоогүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болох гэрч Р.Хонгор, О.Төгсбаяр болон бусад гэрчүүдийн мэдүүлэг нь П.Э- хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдэх болсон сэдэлт санаа, зорилгыг нотолж тогтоодоггүй. Гэтэл П.Э-ын үйлдэлд хохирогчийн бие махбодид хүнд гэмтлийг санаатай учруулах шууд ба шууд бус санаа зориг, өс хонзон байсан нь нотлогдохгүй. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн          2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт эргэлзээтэй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотлоогүй. Шүүгдэгч П.Э- болон гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлахад уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн болох нь харагдаж байна. П.Э- нь талийгаач А.Ононтой хар багаасаа нэг нутагт хамт амьдарч, тоглож өссөн бөгөөд ахынх нь найз байсан. Түүнийг Сэлэнгэ аймагт ажилгүй байхад нь Улаанбаатар хотод өөрийн ажиллаж байсан байгууллагадаа ажилд оруулж, түрээсийн байранд хамт амьдарч байсан. Мөн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр талийгаач “ахынх нь хэвлийгээр өвдөөд байна” гэхэд нь машиныхаа түлхүүрийг өгч явуулсан байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд П.Э- нь хэрэг гарахаас өмнө талийгаачтай хэвийн харилцаатай, ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй буюу хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулах сэдэлт зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. П.Э- нь урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, цахилгаанчин мэргэжилтэй, “Энержи кастль констракшн” ХХК-д мужаанаар ажиллаж байсан. Хохирол 4.680.000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх хохиролгүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялтны хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. Мөн хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “П.Э- нь амь хохирогч А.Ононгийн цээжин тус газар өшиглөсний улмаас хохирогч нас барсан буюу прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Э-, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгдэгч П.Э-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн    40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос П.Э-ыг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш орон сууцны 64 тоотод өөрийн гэртээ 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “хоол хийсэнгүй” гэж иргэн А.Ононгийн цээжин тус газар нь өшиглөсөн, мөн 2019 оны  6 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөсөн өргөө” ХХК-ийн баригдаж буй барилга дээр иргэн А.Ононг “байнга утсаараа оролдлоо” гэж зодож алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “... П.Э- нь 2019 оны 06 дугаар сарын 06 болон    07-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд талийгаач Г.Ононг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчимд учирсан гэмтлийн хүндрэлээс эмнэлгийн яаралтай тусламжаар УКНТЭ-д хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 08 цаг 23 минутанд зүрх нь зогсож нас барсан үйл баримт тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч П.Э-ын дээрх үйлдэлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан” гэсэн дүгнэлт хийж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч П.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн сэдэл, санаа зорилго, үйлдлийн шинж чанарт хууль зүйн зөв дүгнэлт хийж, П.Э-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хуульд нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 739 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч П.Э-ад оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хянан үзвэл тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүний “хорих ял эдлэх дэглэмийг өөрчлөхийг хүссэн” болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” гаргасан гомдлуудыг хүлээн авч, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 739 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “П.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй”,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Э-ад оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллага эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч О.Ц нарын гаргасан гомдлуудыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН