Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2022/01855

 

 

 

 

 

 

 

 

2022 10 05 210/МА2022/01855

 

 

Б.Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/03425 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-н хариуцагч Т д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндсэн, 4,457,450 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Г нь Т ийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №2 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2019 оны 05 дугаар сард ар гэрийн шалтгаанаар чөлөө олгох хүсэлт гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас 6 сарын хугацаатай чөлөөлөгдсөн. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтээ өгсөн. Гэтэл хариу өгөлгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тогтоолыг надад өгсөн боловч тогтоолын үндэслэсэн аудитын дүгнэлтийг надад танилцуулаагүй. Энэ талаар шүүхэд хандсан боловч Т нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргаснаар иргэний хэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэрэгсэхгүй болсон. Улмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №484 дугаартай хяналтын прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэрийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, эрүүгийн процессын ажиллагаа дууссан гэж үзэн, Б.Г намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул зөрчигдсөн эрхийг сэргээж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн удирдах зөвлөлийн №02 тоот тогтоолоор Т ны гүйцэтгэх захирлаар томилогдож, 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т ийн ээлжит хуралдаанаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус аудитын шалгалт хийлгэж, уг дүгнэлтээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Г нь Т ны Төрийн банкны харилцах данснаас хувийн дансандаа мөнгө шилжүүлэн авч хувьдаа авч ашигласан, бэлэн мөнгөний зарлагын баримтаар кассад авч зарцуулсан гүйлгээнүүд нь төлбөрийн баримтгүй, төлсөн эсэх нь тодорхойгүй, хавсаргасан бараа материалын баримтууд нь хангалтгүй зэрэг санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б.Г нь Түмэннаст хотхонд орох хаалганы замын ажлыг хийлгэхээр 1,688,000 төгрөгийн гэрээ байгуулж, урьдчилгаа 869,000 төгрөгийг Б.Б ын данс руу шилжүүлсэн боловч энэхүү шилжүүлсэн дүнгээс 200,000 төгрөгийг бэлнээр иргэн Д.Б оос шаардаж авсан байна. Ингээд Б.Г нь Т нд урьдчилсан байдлаар нийт 6,189,429 төгрөгийн хохирол учруулсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 484 дүгээр тогтоолд ... 63,350 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжгүй... гэсэн үндэслэлээр гаргасныг эс зөвшөөрч дээд шатны прокурорын байгууллагад гомдол гаргасан. Мөн нөхөр Ш.Н ийг тус холбооны үндсэн ажилтнаар хууль бусаар 1,969,068 төгрөг олгож, нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг байгууллагаас үндэслэлгүйгээр төлүүлж, нийт сууц өмчлөгчдийн холбоонд 2,688,000 төгрөгийн хохирол учруулсан. Түүнчлэн, 1,600,000 төгрөгийг тус холбооны Төрийн банкны данснаас өөрийн Хаан банкны данс руу түр зарлага гаргаж, 1,200,000 төгрөгийг буцаан хийж, 400,000 төгрөгийг хувьдаа завшсан. Мөн сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөл болох а байрыг С.Б т түрээсэлж, түрээсийн төлбөр болох 140,000 төгрөгийг Б.Г нь нөхөр Ш.Н ийн дансаар авч хувьдаа завшсан зэрэг асуудал байгаа бөгөөд эдгээр хохиролтой холбоотой асуудлыг Улсын ерөнхий прокуророос хариу ирсний дараа хэрхэн Б.Г гаас гаргуулна.

Б.Г нь ажил олгогчийн итгэлийг алдаж, олон удаа буруутай үйлдэл гаргаж, Т ны мөнгөн хөрөнгийг шамшигдуулсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Иймээс Т Б.Г д дахин итгэл хүлээлгэж, гүйцэтгэх захирлаар томилох боломжгүй болсон тул түүнийг ажилд эгүүлэн томилох боломжгүй. Учир нь Т 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02 тогтоолоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 8.3.5 дугаар заалтуудыг тус тус үндэслэн Т ны гүйцэтгэх захирал Б.Г г үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болсон тул Б.Г-н ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Сөрөг нэхэмжлэл, түүний агуулга: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор тогтоогдсон 63,250 төгрөг, Б.Г нь 1,600,000 төгрөгийн 1,200,000 төгрөгийг буцаан хийж, 400,000 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөл болох а байрыг С.Б т түрээсэлж, түрээсийн төлбөр болох 140,000 төгрөг, тус холбоонд ажиллаагүй Ш.Н т цалин болон нийгмийн даатгалын шимтгэлд 2,688,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны а байрны зоорийн давхрын жижиг өрөөний хаалга 220,000 төгрөг, Хаан сэлэнгэ ХХК-аас засварын материал авч гэртээ засвар хийсэн 446,200 төгрөг, тус холбооны орц, гадна талын будаг тохижилтын ажлын зардал 500,000 төгрөг, нийт 4,457,450 төгрөгийн хохирлыг Т нд учруулсан байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна. Иймд Б.Г гаас 4,457,450 төгрөгийг Т нд гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 484 дугаартай тогтоолд заасан 63,250 төгрөгийг хувьдаа болон зориулалтын бусаар, баримтгүй зарцуулаагүй. Цалингийн урьдчилгаанд 400,000 төгрөг авсан бөгөөд нягтлан бодогчийн цалингийн тооцооллын улмаас орхигдсон байсан. 6 сарын хугацаатай хүүхэд харах чөлөө авсан болохоос албан ёсоор үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, тооцоо дуусгаагүй. 2018, 2019 онд ажиллах орон тооны бүтэц болон цалингийн хэмжээний хүрээнд менежер Ц.О-ийн цалинг олгохдоо нөхөр Ш.Н ийн нэрээр нийт 2,688,000 төгрөгийн цалингийн зардал гарсан бөгөөд холбоонд хохирол учруулаагүй. Ц.О-гийг ажилласан байдлыг тухайн үед хамт ажиллаж байсан ажилчид бүгд мэдэж байгаа. Т ны жижиг өрөөг түрээсэлж хувьдаа 140,000 төгрөг авч ажилчдын хангамжид зориулсан, гэрээний харилцаа үүсгээгүй. Тухайн хаалгыг авч яваагүй, ашиглаагүй, хаалганы мөнгө гэж хувьдаа аваагүй байтал надаас ямар үндэслэлээр нэхэж байгаа нь ойлгомжгүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 446,200 төгрөгийн материалаар сууц өмчлөгчдийн холбоонд засвар хийгээгүй. 500,000 төгрөгөөр гадна талбайн тохижилтын ажилд зарцуулах байсан боловч хийх хүмүүсээс шалтгаалж хийгээгүй хойшилсон тул мөнгө нь надад хадгалагдаж байгаа учраас ажлаа хүлээлгэн өгөх үед хүлээлгэн өгөх болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г г Т ны гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 7,323,557.6 төгрөгийг хариуцагч Т ноос гаргуулж, нэхэмжлэгч Б.Г д олгож, Б.Г-н нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Г гаас сууц өмчлөгчдийн холбоонд учруулсан хохиролд нийт 3,321,250 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ны сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1,136,200 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан татгалзлыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Т ноос улсын тэмдэгтийн хураамжид 132,127 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,269 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г гаас улсын тэмдэгтийн хураамжид 68,090 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т нд олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс дээрх тогтоолын үндэслэл болсон хуулийн заалт, хөдөлмөрийн гэрээ, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-т заасан үүргээ зөрчиж, холбооны эд хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж, хувьдаа завшиж, удирдах зөвлөлийн итгэлийг алдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн аудитын дүгнэлтээр ...мөнгөн хөрөнгийг хяналтгүй захиран зарцуулсан, хувьдаа завшсан байж болзошгүй үйлдлүүд байна гэж гарсан. Б.Г нь сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгийг баримтгүйгээр захиран зарцуулж, хувьдаа завшиж, хөдөлмөрийн гэрээний 8.3.5-д заасныг зөрчиж, удирдах зөвлөлийн итгэлийг алдаж, цаашид ажиллуулах боломжгүй болох нь эрх бүхий хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзээд түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.8.2-т заасантай нийцсэн. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэх захирлын давуу байдлаа ашиглаж үндэслэлгүйгээр нөхөртөө цалин бодож авсан, урьдчилгаа цалингийн зөрүүг буцаж төлөөгүй, баримтгүйгээр эд хөрөнгө захиран зарцуулсан буюу ажил олгогчийн итгэлийг алдсан болох нь хангалттай нотлогдсон байхад анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг тайлбарлаж хэрэглээгүй атлаа ...аудитын дүгнэлт үндэслэлгүй гарсан нь тогтоогдсон гэж ажлаас чөлөөлсөн тогтоолыг үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 484 дүгээр тогтоолд . ...тус холбоонд нийт 63,350 төгрөгийн хохирол учруулсан гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн боловч энэ нь Б.Г г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэдгийг нотлох баримт биш. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, цаашид холбооны гүйцэтгэх захирлаар сонгож ажиллуулах боломжгүй холбооны эд хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулж, итгэл алдсан хүнийг гүйцэтгэж захирлаар эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль бус юм. Мөн нэхэмжлэгчтэй 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний хугацаа дуусгавар болсон учир түүнийг ажилд эгүүлэн томилох боломжгүй байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Б.Г г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хяналаа.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт өгч чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Т д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 4,457,450 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1,136,200 төгрөгөөр багасгаж 3,321,250 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

4. Т ийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор Б.Г г Т ны гүйцэтгэх захирлын албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, тус холбооны удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/02 тоот тогтоолоор гүйцэтгэх захирал Б.Г г Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-т заасан үүргээ зөрчиж, холбооны мөнгийг баримтгүйгээр захиран зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж түүнийг Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1хх-3, 4, 27-30/

5. Нэхэмжлэгч Б.Г г ажлаас чөлөөлсөн, удирдах зөвлөлийн тогтоолын үндэслэл болсон Аудиторын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр ...Б.Г нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй зөрчил дутагдал гаргаж, тус холбоонд нийт 6,189,429 төгрөгийн хохирлыг урьдчилсан байдлаар учруулсан байж болзошгүй байна. гэж тусгасан байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд гарч, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаар дүгнэлтээр ...Нью капитал тэнцэл аудит ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай аудитын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.... ...Б.Г нь 43,253 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, 20,097 төгрөгийг анхан шатны баримтгүйгээр авч, Т нд нийт 63,350 төгрөгийн хохирол учруулсан. гэж дүгнэсэн /1хх180-186, 199-204, 2хх40-44/ үйл баримт тус тус тогтоогдож байна. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-т заасан үүргээ зөрчсөн гэж ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

6.а Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан дүгнэлгүйгээр ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тус холбооны удирдах зөвлөлийн тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь талууд хөдөлмөрийн гэрээний 8.3.5-т сууц өмчлөгчдийн холбоо нь эд хөрөнгө, мөнгө зэргийг удирдах зөвлөлийн тогтоосон хэр хэмжээнээс хэтрүүлэн зөвшөөрөлгүй ашигласан, хувьдаа завшсан бол гэрээ дуусгавар болох талаар тохиролцсон байх ба уг тохиролцоог ажил олгогч үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй.

6.б. Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Г нь холбооны мөнгөн хөрөнгийг хувьдаа завшиж, хяналтгүй захиран зарцуулсан, удирдах зөвлөлийн итгэлийг алдсан зэрэг зөрчил гаргасан болох нь нотлогдон тогтоогдсон учраас Т өөрийн эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний холбогдох зохицуулалтад нийцсэн байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-н Т ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

7.а. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 4,457,450 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,136,200 төгрөгөөр багасгасан байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан хэсгийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан гэх агуулгаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар татгалзлыг баталж шийдвэрлэсэн нь буруу байх тул уг заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

7.б Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/03425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хууль/1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Г-н хариуцагч Т нд холбогдуулан гаргасан Т ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай., 5 дах заалтыг 4 гэж, 6 дах заалтыг 5 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 132,127 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

\