Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01968

 

 

 

 

 

 

 

2022 11 07 210/МА2022/01968

 

 

 

Б.Г ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/01848 дугаар шийдвэртэй,

Б.Г ийн нэхэмжлэлтэй

Б ХХК-д холбогдох

61 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эдгээр орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргаж өгөхийг Б ХХК-д даалгуулах тухай үндсэн,

Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г , түүний өмгөөлөгч Б.Баян-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Б.Г нь Б ХХК-ийн захирал Д.З тай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г байгуулж, уг гэрээгээр захиалагч нь 3,000,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сард гүйцэтгэгчид төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээг байгуулахад гэрээт борлуулагч Х ХХК-ийг төлөөлж захирал Ж.Б байлцсан. Гэрээний зүйл нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Ц цогцолбор үйлчилгээний төвтэй байрны нийт 5,000 м.кв талбайтай 61 ширхэг орон сууц бөгөөд талууд гэрээний 1.1-д зааснаар орон сууцуудын байрлал, талбайн хэмжээ, өрөөний тоо, давхар, орц, хаалганы дугаарыг тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан.

Гэрээний 2.1-т талууд гарын үсэг зурж, баталснаар хүчин төгөлдөр болж, захиалагч төлбөрийг бүрэн төлж дууссан, барилга ашиглалтад орж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагчид гаргаж өгснөөр гэрээ дуусгавар болох, мөн гэрээнд орон сууцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг тус тус тохиролцсон.

1.2. Б.Г нь гэрээний хугацаанд гэрээний төлбөр 3,000,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хаан банк ХХК дахь Б ХХК-ийн захирал Д.З-ын 00000 тоот дансанд шилжүүлж, үүргээ бүрэн биелүүлсэн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний хавсралтаар тохиролцсон орон сууцууд захиалагчийн өмчлөлийн эд хөрөнгө болох бөгөөд гүйцэтгэгч эд хөрөнгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

1.3. Талууд гэрээний 4.3.3-т төлбөр төлөх хугацааг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон ба 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан.

Иймд гэрээний 4.3.3-т заасны дагуу нэмэлт нөхцөлийн хугацаа дуусгавар болсноор хавсралтад заагдсан орон сууцыг борлуулах, өмчлөгч байх эрх захиалагчид шилжих нөхцөл бүрдсэн.

1.4. Талуудын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулахдаа захиалагчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх, бий болсон үр дүнг хүлээлгэн өгөх хуулийн холбогдох заалтад нийцүүлэн гэрээ байгуулсан.

Иймээс гэрээт борлуулагч Х ХХК-ийг төлөөлж захирал Ж.Б г байлцуулж гэрээ байгуулагдсан тул тус компанитай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлд шилжих орон сууцуудыг Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд байршуулах, зуучлан борлуулахтай харилцааг зохицуулах гэрээ байгуулсан.

Гэтэл Б ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул дараах үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Үүнд:

1. Хан-уул дүүрэг, 00 дугаар хороо, Ц цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блокийн 1-р орц,

1-р давхрын 42.73 м.кв талбайтай 2 өрөө, 0 тоот, 39.87.м.кв. талбайтай 1 өрөө, 0 тоот, 49.68.м.кв. талбайтай 2 өрөө, 0 тоот, 42.73 м.кв. талбайтай 2 өрөө, 0 тоот,

2-р давхрын 42.73.м.кв. талбайтай 2 өрөө, 17 тоот, 39.87.м.кв. талбайтай 1 өрөө, 0 тоот,

В блокийн 2-р орц,

1-р давхрын 42.73.м.кв. талбайтай 2 өрөө, 0 тоот,

2-р давхрын 42.73.м.кв. талбайтай 2 өрөө, 26 тоот, 49.68.м.кв. талбайтай 2 өрөө, 0 тоот,

Б блокийн 1-р орц,

1-р давхрын 00 м.кв. талбайтай 2 өрөө, 0 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө, 0 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө, 0 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө, 0 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө, 0 тоот, 00.м.кв. талбайтай 2 өрөө, 0 тоот,

2-р давхрын 00.м.кв. талбайтай 2 өрөө, 0 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө, 0 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 00.м.кв. талбайтай 2 өрөө 0 тоот,

3-р давхрын 00.м.кв. талбайтай 2 өрөө 13 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 14 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 17 тоот, 00-м.кв. талбайтай 2 өрөө 0 тоот,

4-р давхрын 00.м.кв. талбайтай 2 өрөө 19 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 20 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 00.м.кв. талбайтай 2 өрөө 24 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 00.м.кв. талбайтай 2 өрөө 30 тоот,

6-р давхрын 00.м.кв. талбайтай 2 өрөө 31 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө 00 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 00тоот, 00.м.кв. талбайтай 2 өрөө 00 тоот,

7-р давхрын 00.м.кв. талбайтай 2 өрөө 37 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө 40 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 41 тоот, 00.м.кв. талбайтай 2 өрөө 0 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 00 тоот, 00м.кв. талбайтай 0 тоот,

10-р давхрын 00.м.кв. талбайтай 2 өрөө 55 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө 58 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот,

12-р давхрын 00.м.кв. талбайтай 2 өрөө 0 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 00.м.кв. талбайтай 2 өрөө 0 тоот,

13-р давхрын 00.м.кв. талбайтай 2 өрөө 73 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 77 тоот, 00.м.кв. талбайтай 2 өрөө 0 тоот,

14-р давхрын 00.м.кв. талбайтай 2 өрөө 79 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 80 тоот, 00.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот, 00.м.кв. талбайтай 2 өрөө 0 тоот,

15-р давхрын 00.м.кв. талбайтай 2 өрөө 85 тоот, 000.м.кв. талбайтай 3 өрөө 0 тоот орон сууцууд байна.

1.5. Нэхэмжлэгчийн дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргаж өгөхийг Б ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Б ХХК нь Хан Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн ажлыг хэрэгжүүлэх явцдаа Б.Г ээс 3,000,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлсэн.

Тухайн үед зээлийн гэрээний маягт байгаагүй тул манай компанийн орон сууц захиалагч нартай байгуулдаг гэрээний загварыг ашиглаж, гэрээний дөрөв, төлбөр төлөх нөхцөл гэсэн хэсэгт 3,000,000,000 төгрөгийн зээлийн талаар тусгасан.

Уг мөнгийг зээлэхдээ барьцаа болгож Ц цогцолбор хотхоны 61 ширхэг орон сууцыг гэрээний хавсралт 1-д жагсаалтаар хавсаргасан.

2.2. Зээлийн хугацааг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 3 сараар тохиролцож, сар бүр 6 хувийн хүү буюу 180,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Өнгөрсөн хугацаанд манай компани зээлийн хүү төлөх үүргээ биелүүлж 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Х банк ХХК дахь Б.Г ийн эзэмшлийн 00000 тоот дансанд 180,000,000 төгрөг, дараа нь 50,000,000 төгрөг нийт зээлийн хүүд 230,000,000 төгрөгийг төлсөн.

Манай улсад тархсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас авсан хөл хорионы дэглэм тогтоосноос компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, Ц цогцолборын барилгын ажил зогсонги байдалд орж Б.Г ээс авсан зээл болон зээлийн хүүг тохирсон хугацаанд төлж чадаагүй.

Барилгын ажил жигдэрч, орон сууц захиалагчдаас ирэх төлбөрийн мөнгөөр Б.Г ээс авсан зээлийг төлөх боломжтой ба энэ талаар Б.Г т мэдэгдсэн.

2.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ манай компанийг 61 ширхэг орон сууцыг барьцаалсан гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь зөв.

3,000,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан Цагаан хаалга хотхоны 61 ширхэг орон сууцны зах зэлийн борлуулалтын үнэ нь 10,000,000,000 төгрөг бөгөөд манай компани Б.Г ээс зээлсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээр алдагдал хүлээх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Манай компани Б.Г тэй зээлийн гэрээ байгуулж, түүнээс 3,000,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Б.Г нь манай компанийн барьж буй Ц хотхоны 4999,95 м.кв 61 ширхэг орон сууцыг захиалаагүй бөгөөд хавсралтад жагсаасан 10,000,000,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг худалдаагүй, орон сууцуудыг захиалан бариулах гэрээ хийгдээгүй болно.

Бидний хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг мөн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Б ХХК нь Б.Г тэй байгуулсан 3,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстойг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр 3,000,000,000 төгрөг буцаан төлөхгүй бол орон сууц захиалагч нь орон сууцуудыг эзэмших эрхтэй.

Б ХХК нь 2020 оны 2 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн.

Талууд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нэртэй гэрээ гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн гэрээ байгуулсан. Гэрээгээр Б.Г 3 тэрбум төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б ХХК-д төлөх, тус компани орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхой эрхтэй гэж заасныг хэрэгжүүлсэн. 3 тэрбум төгрөгийг шилжүүлж өгөөд 3 жил гаруй болж байна. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г ийн Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Ц цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999.95/дөрвөн мянга есөн зуун ерэн ес зууны ерэн тав/ метр квадрат талбай бүхий 61/жаран нэг/ ширхэг орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтооход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг Б ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-т заасныг баримтлан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Г ийн урьдчилан төлсөн 15,228,150 төгрөгийг, хариуцагч Б ХХК-ийн урьдчилан төлсөн 15,158,000 төгрөгөөс 15,157,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 15,157,950 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээний 1.1, 1.2, 1.3, 2.2, 3.1, 4.1-д гэрээний гол нөхцөлийг тодорхой тохиролцсон тул гэрээг тайлбарлахад эргэлзээгүй юм.

Гэрээний 4.3, 4.3.1, 4.3.3-т заасан тохиролцоог анхаарахгүйгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй, ноцтой төөрөгдсөн хэлцэл гэсэн нь ойлгомжгүй.

6.2. Сөрөг нэхэмжлэлийн агуулга, шаардлагад дүгнэлт өгөхгүйгээр өөр үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь тухайн гэрээг ноцтой төөрөгдөж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй ба гэрээнд Б.Г ийн мөнгийг хугацаанд нь буцаан өгөөгүй бол захиалсан орон сууцуудыг шилжүүлэх үүрэг хүлээхээр тохиролцсон.

Мөн уг гэрээ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт заасан ноцтой төөрөгдлийн агуулга, хуулийн урьдчилсан нөхцөлийг хангаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ холимог гэрээний шинжийг агуулсан тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан ажил гүйцэтгэх гэрээний агуулгаар дүгнэх байсан.

Иймд шийдвэрийг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

7.2. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна, харин Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж тайлбарласан нь хуулийг зөв хэрэглэсэн.

Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан бизнесийн 20-30 хувь бүтэлгүйтэж ковид-19 цар тахлын улмаас төлбөрөө төлж чадаагүй тул Б.Г зээлийн гэрээний үүргийг хангуулахын тулд Хаан банк ХХК, Хөгжлийн банк ХХК зэргээс захирал Д.З-т зээл олгуулахаар удаа дараа хөөцөлдөж байсан.

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн, 00 дугаар хороо, Ц цогцолбор үйлчилгээний төв дэх нийт 4999.95 м.кв талбайтай 61 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтооход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг Б ХХК-д даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, зээлийн гэрээний харилцаа үүссэнийг болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Б.Г , Б ХХК, Х ХХК-уудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу Б.Г нь Б ХХК-д мөн өдөр 3,000,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 8-10/

 

4. Мөн Б.Г нь Х ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зуучлалын гэрээг байгуулж, уг гэрээгээр зуучлагч Х ХХК нь маргааны зүйл болох 61 ширхэг орон сууцны 1 м.кв талбайг 1,800,000-2,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 198-201/

 

4.а. Нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлээ талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж 61 ширхэг орон сууцыг захиалан бариулсан тул эдгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж, хариуцагч Б ХХК татгалзлаа талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж, 3,000,000,000 төгрөг зээлэхдээ 61 ширхэг орон сууцыг барьцаалсан гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргасан.

 

Энэ тохиолдолд гэрээний талууд болон тэдгээрийн хүлээсэн эрх үүрэг, гэрээний агуулга шинжийг дүгнэх нь эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

4.б. Дээрх гэрээнүүдийн оролцогчид нь энэ хэргийн зохигч болох Б.Г , Б ХХК болон Х ХХК-ийн захирал Ж.Б нарын хооронд байгуулагдсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй байна.

 

Учир нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Ж.Б г гэрчээр оролцуулсан хэдий ч гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн биелэлттэй холбоотой маргааныг Х ХХК-ийн захирал Ж.Б г оролцуулалгүй шийдвэрлэх боломжгүй.

 

4.в. Иймд анхан шатны шүүх гэрээний нэг талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

5. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тогтоолгоно гэж тайлбарласан.

 

Гэтэл тус хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосны үр дагаварт хариуцагч юу шаардсан нь тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснийг буруу гэж үзнэ.

 

5.а. Өөрөөр хэлбэл, шүүх маргаан бүхий хэлцэл бүхэлдээ хүчин төгөлдөр бус эсэх, эсхүл хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр эсэхийг тодруулалгүйгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/01848 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,157,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ