Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01924

 

 

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01924

 

 

Я.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02935 дугаар шийдвэртэй,

 

Я.Ггийн нэхэмжлэлтэй

“***” ТӨХК-д холбогдох,

 

“***” ТӨХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/139 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Г, өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Я.Г нь ***ын “Эрчим зоог” цайны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд уг компанид 30 гаруй жил ажилласан.

Компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/139 дугаар тушаалаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн удирдлагад байдаг ахлах тогооч Х.Эийн эсрэг хүчирхийлэл үйлдэж зодсон зөрчил гаргасан, мөн энэхүү үйлдлийг нь “***” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлөөс “***” ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 5.3.7 дахь заалтыг зөрчсөн ёс зүйн зөрчил мөн гэж дүгнэсэн бөгөөд “сахилгын зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Я.Гг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус зааснаас үзвэл хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааны хүрээнд гаргасан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн нөхцөлд сахилгын зөрчилд тооцохоор зохицуулсан байна.

Ажил олгогчтой байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12239 тоот хөдөлмөрийн гэрээний 1.1, ажлын байрны тодорхойлолтын 7, “***” ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 1.1-д зааснаас үзвэл “***” ТӨХК-ийн ажилтан албан хаагч “***” ТӨХК-ийн ажлын байранд хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд үүссэн сахилгын зөрчлийг гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохыг хууль тогтоомжоор тодорхойлсон байна.

1.3. Ахлах тогооч Х.Э бидний дунд болсон үйл явдал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны бус хүрээнд ажлын байрнаас гадуур, ажлын бус цагаар үйлдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч энэхүү үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээсэн.

Гэтэл дээрх үйлдлийг *** ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 5.37-д “Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах доромжлох, хясан боогдуулах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэх, хавчин гадуурхахгүй байх” гэж заасныг зөрчиж хууль бусаар ёс зүйн зөрчилд хамаатуулсанд гомдолтой байна.

1.4. Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1.1, 7.6 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь буруу. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, нийгмийн харилцаанд ажлын бус чөлөөт цагаар Х.Этэй маргалдсаны улмаас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн.

1.5. Иймээс “***” ТӨХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/139 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Я.Г нь тус байгууллагын “Эрчим зоог” цайны газрын даргаар ажиллаж байгаад “***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дүгээр сарын 24-ний өдрийн Б/139 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл хүлээж ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг Б/139 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.6, 43 дугаар зүйлийн 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, “***” ТӨХК-ийн ажилтнуудын Ёс зүйн дүрмийн 5.5.5 дахь заалт, “***” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүгнэлт зэргийг үндэслэн “Эрчим зоог” цайны газрын дарга Я.Г нь их хэмжээний буюу 38,700,000 төгрөгийн бараа материалыг өмнө нь зарлагадсан гэж худал тайлагнан зарцуулалгүй хадгалж, эд хөрөнгө ашиглан шамшигдуулах нөхцөл бий болгосон зөрчил гаргасан нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хийсэн тооллогоор тогтоогдож, гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар орын 09-ний өдрийн Б/234 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн удирдлагад байдаг ахлах тогооч Х.Эийн эсрэг хүчирхийлэл үйлдэж зодсон зөрчил гаргасан, мөн энэхүү үйлдлийг нь “***” ТӨХК-ийн ёс зүйн зөвлөлөөс “***” ТӨХК-ийн ажилтнуудын Ёс зүйн дүрмийн 5.3.7-д заасныг зөрчсөн ёс зүйн зөрчил мөн гэж дүгнэсэн байх тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Я.Ггийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан.

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан “***” ТӨХК-ийн ажилтнуудын Ёс зүйн дүрмийн дагуу компанийн Ёс зүйн зөвлөл Х.Эийн гомдлыг шалгаж үзээд Я.Г нь Ёс зүйн дүрмийн 5.3.2, 5.3.3, 5.3.7, 5.3.15, 5.3.21, 5.3.27-д заасныг зөрчсөн байх тул ёс зүйн 6 зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэх 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 03 дугаартай дүгнэлт гаргасан. 

Х.Эийн биед халдаж үсдэж зодсон Я.Ггийн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1.1-д заасан, зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг хориглосон хориглолтыг зөрчсөн. Мөн хуулийн 7.1.2-д бусдыг хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаахыг хориглосон байдаг бөгөөд Х.Эийн гомдолд Я.Г түүнийг хэл амаар доромжилсон, түүний нэр төр, алдар хүндийг гутаасан талаар дурдагдсан боловч цагдаагийн байгууллага зөвхөн Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг зөрчсөн үйлдлийг тогтоож, торгох хариуцлага хүлээлгэсэн байсан тул ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.6 дахь хэсэгт заасан үүргийн дагуу Я.Гд хариуцлага тооцсон.. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасныг баримтлан “***” ТӨХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/139 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт, бичилт хийхийг даалгах тухай Я.Ггийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ” гэсний агуулга, хамрах хүрээг тайлбарлах ёстой байтал тайлбарлаагүй. Ямар үндэслэлээр “Соёл” караокед гаргасан нэхэмжлэгчийн үйлдлийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамааруулсан гэдэг нь ойлгомжгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Ажил олгогчтой байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 12239 тоот хөдөлмөрийн гэрээний 1.1-дЯ.Г нь “***” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын дарга”, ажлын байрны тодорхойлолтын 7-д “Эрчим зоогийн газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ борлуулалтын үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, чанарын баталгаатай тэнцвэртэй хоол, хүнсээр ажиллагсдад үйлчлэх үйл ажиллагааг удирдах зохион байгуулах” ажлын байрны зорилгыг хэрэгжүүлнэ, мөн “***” ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 1.1-д “***” ТӨХК-ийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, урьдчилан сэргийлүүлэх, түүнийг зөрчсөн мэдээ, мэдээлэл, гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” гэж тус тус заажээ.

Дээрхээс үзвэл “***” ТӨХК-ийн ажилтан албан хаагч “***” ТӨХК-ийн ажлын байранд хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд үүссэн сахилгын зөрчлийг гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохыг хууль тогтоомжоор тодорхойлсон байна. Ахлах тогооч Х.Этэй холбоотой үйл явдал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны бус хүрээнд, ажлын байрнаас гадуур, ажлын бус цагаар буюу 23 цагт үйлдэгдсэн бөгөөд Я.Г энэхүү үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээсэн болно. Гэтэл дээрх үйлдлийг “***” ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 5.3.7-д “Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, доромжлох, хясан боогдуулах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэх, хавчин гадуурхахгүй байх гэж заасныг зөрчсөн хэмээн хууль бусаар ёс зүйн зөрчилд хамаатуулсанд гомдолтой байна.

***” ТӨХК-ын 1500 орчим ажилчдын “Эрчим зоог” цайны газрын эрэгтэйчүүд болон 10 орчим хүний зохион байгуулсан үйл ажиллагаанд зарим ажилчид оролцож баяр тэмдэглэснийг ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тухайн газрын эрэгтэйчүүдийг ажил олгогч гэж үзэхгүйн дээр “***” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын зарим ажилчид баяр тэмдэглэсэн нь “***” ТӨХК-ийн бүх ажилчид, олон нийтийг хамарсан арга хэмжээ биш юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамааруулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой хугацаагүй байгуулсан байдаг. Хугацаагүй гэдэг нь талуудын харилцан тохиролцсон хугацаа гэж үзэх тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх нь хуульд нийцнэ.

4.3. Мөн анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан шинэчлэгдсэн хөдөлмөрийн дотоод журмын 6.11.2.1-ийг үндэслэсэн. Энэхүү дотоод журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Я.Гд танилцуулж гарын үсгээр баталгаа аваагүй, нэхэмжлэгчийн үзэж, танилцаагүй дотоод журмыг үндэслэж шийдвэр гаргасан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл юм. Үүнээс гадна, шүүх хуралдаанд хариуцагчид Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэж шийдвэрээ гаргаагүй гэсээр атал шүүх хэрэглээгүй хэм хэмжээг хэрэглэн шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

4.4. Ажилтнуудын ёс зүйн дүрэм нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т нийцсэн байх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамаарахгүй асуудалд ажилтнуудын ёс зүйн дүрмийн дагуу ёс зүйн зөрчилд хамааруулах нь үндэслэлгүй юм. Ийнхүү “***” ТӨХК-ийн ёс зүйн зөвлөлийн хууль бус дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг сахилгын зөрчил мөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

4.5. Мөн ёс зүйн хороонд Х.Э болон бусад ажилчдын өгсөн материал, өргөдлүүд нь хоорондоо зөрчилтэй. Нэхэмжлэгч нь Х.Эийг зодож, ёс бус үйлдэл гаргаж, хөдөлмөрийн харилцаанд ёс зүйн зөрчил гаргасан болохыг шалгуулах өргөдөлд наадмаар хуушуур хийж талбай дээр зарахгүй хүмүүсийн гарын үсэг цуглуулж байна хэмээн буруу ойлголт төрүүлж цуглуулсан гарын үсэг хавсаргасан нь нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл шүүхээс энэ үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үзэж, үнэлээгүй.

4.6. Нэхэмжлэгчээс бүрдүүлж өгсөн баримт буюу Хөдөлмөрийн дотоод журам түгээлтийн бүртгэл байгаа уг бүртгэлээр нэхэмжлэгч Я.Г уг дотоод журмыг аваагүй, танилцаагүй баримт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлд зааснаар ажилтанд танилцуулж баталгаажуулаагүй дотоод журмыг үндэслэж шүүх шийдвэр гаргасан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэж маргасан байхад энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зүйлийг бүхэлд нь зөрчсөн буюу хууль ёсны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаа нэхэмжлэгч үнэлүүлж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв дүгнэсэн. Сахилгын шийтгэлтэй нэхэмжлэгч өөрөө маргахгүй гэж тайлбарласан.

5.2. Мөн 2 дахь зөрчил бодит буюу тогтоогдсон эсэх нь чухал. Нэхэмжлэгчийн хувьд байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн гаргасан үйлдэл нь өөрийн удирдлагад ажилладаг Х.Эийн биед халдсан. Энэ үйлдэл нь цагдаагийн байгууллагаар шалгагдаад Зөрчлийн тухай хуулийн дагуу бусдыг зодсон гэх үндэслэлээр торгуулийн шийтгэл оногдуулсан. Х.Эийн гаргасан өргөдлийн дагуу ёс зүйн зөвлөл хуралдаж талуудаас тайлбар авч дүгнэлт гаргасан. Тухайн ёс зүйн дүгнэлт болон Х.Эийн гаргасан өргөдлөөс харахад ажлын байрны дарамт үүсгэсэн шинжтэй бөгөөд тухайн дарамт нь даамжирсаар Х.Эийн биед халдсан үйлдлээр илэрсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хориглосон үйлдэл мөн гэж ажил олгогч үзсэн.

5.3. Мөн гомдлын агуулга нь ажлын байранд, ажлын цагаар дээрх үйл явдал болоогүй учраас ажил олгогчид хамааралгүй гэсэн утгыг агуулсан. Гэтэл тухайн арга хэмжээнд цайны газрын бүх ажилчид албан ёсоор оролцсон. Энэ үйл ажиллагааг ажлын өдөр ажлын цагаар зохион байгуулсан бөгөөд ажлын байрнаас өөр газар буюу Соёл караокед тэмдэглэсэн. Соёл караокед болсон үйл ажиллагаа дуусаагүй байхад Х.Эийн биед халдсан үйлдэл илрээд байгууллагын ёс зүйн хурлаар хэлэлцэгдсэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн.

5.4. Хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан учраас шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлд хамаарагдана.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

2. Нэхэмжлэгч Я.Г нь хариуцагч “***” ТӨХК /цаашид “***” ТӨХК гэх/-д холбогдуулан тус компанийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/139 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын захирлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/139 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.6, 43 дугаар зүйлийн 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, “***” ТӨХК-ийн ажилтнуудын Ёс зүйн дүрмийн 5.5.5 дахь заалт, “***” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүгнэлтийг тус тус баримталж ажилтан Я.Гг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн удирдлагад байдаг ахлах тогтооч Х.Эийн эсрэг хүчирхийлэл үйлдэж зодсон зөрчил гаргасан, уг үйлдлийг “***” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлөөс компанийн ажилчдын ёс зүйн дүрмийн 5.3.7 дахь заалтыг зөрчсөн ёс зүйн зөрчил гэж дүгнэсэн тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

5. “***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/234 дугаар тушаалаар “Эрчим зоог” цайны газрын №0, №1 агуулахад 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хийсэн тооллогын тайлангаар их хэмжээний буюу 38,700,000 төгрөгийн эд хөрөнгийн илүүдэл илэрсэн зөрчил гаргасан тул нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах үүрэг хариуцлага сулруулсан, хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Я.Гд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан энэ тушаалд гомдол гаргаагүй тул түүнийг сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэнэ.

 

6. “Эрчим зоог” цайны газрын ажилчид 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Соёл караокед эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэсэн, тус арга хэмжээний үеэр нэхэмжлэгч Я.Г ахлах тогтооч Х.Эийг зодсон, уг үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар талууд маргаагүй.

 

7. “***” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр “Эрчим зоог” цайны газрын дарга Ч.Г нь өөрийн удирдлагад ажилладаг ахлах тогооч Х.Эийг зодсон үйлдэл нь “***” ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрэмд заасан зөрчил мөн” гэж дүгнэсэн, энэ дүгнэлтэд Я.Г гомдол гаргаагүй байна.

 

8. Ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг олж тогтоосон байна.

 

9. Анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Соёл караокед эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэснийг байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээ бөгөөд ажлын байрнаас өөр газар байгааг ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хамаарна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасныг өргөжүүлэн тайлбарласныг буруутгахгүй.

Тодруулбал, “Эрчим зоог” цайны газар нь “***” ТӨХК-ийн нэгж бөгөөд нэхэмжлэгч нь тус нэгжийн даргын албан тушаалыг хөдөлмөрийн гэрээний дагуу эрхэлж шууд харьяалах ажилтнуудыг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байна. Иймд тус цайны газрын ажилчид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гэх “Мартын 8” баяр тэмдэглэн өнгөрүүлснийг байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээ буюу ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа гэж ойлгоно.

 

11. *** ТӨХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/215 дугаар тушаалаар баталсан *** ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрэм нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд хамаарч байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т ““Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ” гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичгийг хэлнэ” гэж заасантай нийцжээ.

 

12. Ажилтан Я.Г нь 38,700,000 төгрөгийн бараа материалыг ашиглан шамшигдуулах нөхцөл бий болгосон зөрчилд сануулах сахилгын шийтгэл хүлээсэн ба ахлах тогооч Х.Эийг зодсон нь сахилгын давтан зөрчилд хамаарах бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн байна.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

14. Ажил олгогчийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гарсан тул хөдөлмөрийн эрхийн маргаан нь 2021 оны Хөдөлмөрийн тухай хуульд хамаарна.

 

15. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо ажлаас үндэслэлгүй халагдсан үр дагаврыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, мөн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг буруу тодорхойлсныг хуульд нийцүүлэн зөвтгөх нь зүйтэй.

 

16. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул “***” ТӨХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/139 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай Я.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ЦЭНД

                                           

         ШҮҮГЧИД                                             С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА