| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2021/00658/И |
| Дугаар | 210/МА2022/01974 |
| Огноо | 2022-11-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2022/01974
| 2022 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2022/01974 |
“ШУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02755 дугаар шийдвэртэй,
“ШУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Г.Ц, Н.Г нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг, чиргүүлт тавцанг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Гэрээнээс татгалзаж, 519,181,480 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Н.Г, хариуцагч Г.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, гуравдагч этгээд С.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
1.1. “ШУ” ХХК-ийн захирал С.А- нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хьюндай R800LC-7A маркийн, ****** арлын дугаартай экскаваторыг 556,000,000 төгрөгөөр Н.Г, Г.Ц нарт худалдахаар амаар харилцан тохиролцсон.
“ШУ” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Хөтөлт Номгон ББСБ” ХХК-аас 150,000,000 төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэл хангуулахаар хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцын гэрээгээр экскаваторыг 250,000,000 төгрөгт тооцож барьцаанд тавьсан байсан тул Г.Ц, Н.Г нар нь 161,479,000 төгрөгийг “Хөтөлт Номгон ББСБ” ХХК-д төлж, экскаваторыг барьцаанаас чөлөөлж өөрсдийн өмчлөлд авсан. С.А-эд 94,521,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 300,000,000 төгрөгийг төлөөгүй.
Экскаватор нь чанарын болон эрхийн ямар нэгэн доголдолгүй, хариуцагч нараас гомдол, шаардлага гаргаж байгаагүй. Иймд экскаватор худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 300,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.
1.2. “ШУ” ХХК-ийн эзэмшлийн ******* арлын дугаартай 1970 онд үйлдвэрлэсэн шар өнгийн чиргүүлт тавцанг С.А- нь Сонгинохайрхан дүүрэг, Эмээлтэд байх эмээгийнхээ хашаанд тавьсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эмээгийндээ ирэхэд чиргүүл нь байхгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж тус чиргүүлийг Н.Гийн эзэмшилд байгааг олж тогтоосон. Хариуцагч Н.Г нь энэ асуудлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх баримт гаргасан тул прокурор иргэний маргаан гэх үндэслэлээр хэргийг хаасан тул “ШУ” ХХК-ийн өмчлөлийн чиргүүлт тавцанг хариуцагч Н.Г, Г.Ц нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ.
1.3. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл тухайн экскаваторыг өмчлөлдөө шилжүүлснээс хойш хэвийн ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа бөгөөд экскаваторын доголдлын тухай өмнө нь шаардлага гаргаагүй. Биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт “гэрээнд албан ёсоор эд хөрөнгийн доголдлын талаар хугацаа заагаагүй бол өмчлөлд шилжүүлж авснаас хойш 6 сарын хугацаанд гомдол, шаардлага гаргах эрхтэй” гэж заасан. Н.Г, Г.Ц нар нь экскаваторыг хэвийн ажиллагаатай байгааг шалгаж үзээд худалдан авсан ба өөрсдөө ашиглаж байх явцад эд ангийн гэмтээсний дараа засвар үйлчилгээ хийсэн зардлаа бид нараас нэхэмжлэх нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Н.Г нь “ШУ” ХХК болон С.А-ээс 2010 оны Хьюндай R800LC-7 маркийн экскаваторыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аман гэрээ хийж 250,000,000 төгрөгөөр тохиролцож, “Хөтөлт Номгон ББСБ” ХХК-д сарын 2.5 хувийн хүүтэй барьцаанд байхад нь 161,479,453 төгрөг төлж, мөн С.А-ийн дансанд 94,521,000 төгрөгийг шилжүүлж нэр дээрээ авсан. Тухайн үед С.А- нь “9911.... дугаараа барьцаанд тавьсан алдах гээд байна, нэмээд 6,000,000 төгрөг өгчих” гэж гуйсаар 256,000,000 төгрөгөөр экскаваторыг авсан.
2.2. Г.Ц нь “ӨОМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилтай. Тус компани нь уул уурхай, зам барилга, хүнд машин механизм түрээс, тээвэр, хүнд машин механизмын засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. С.А- нь “экскаваторыг худалдаж аваач” гээд бүтэн сарын турш гуйсан, экскаваторыг барьцаанаас чөлөөлөхөд насос нь гэмтэлтэй, ямар ч ажил хийх боломжгүй байсан.
2.3. Экскаваторт 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 61,390,150 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 31,694,500 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14,520,000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн, уг экскаватор манай засварын хашаанд одоог хүртэл байгаа. С.А-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг экскаваторыг буцаан өгч, гаргасан бүх зардлаа хүүгийн хамт буцаан авна. Ломбард болон С.А-эд төлсөн мөнгө, хүү 481,722,100 төгрөг, чиргүүлийн шаланд зориулсан 37,459,380 төгрөг, нийт 519,181,480 төгрөгийг “ШУ” ХХК-аас гаргуулж, экскаваторыг буцаах эрхтэй.
Чиргүүлт тавцанг “ШУ” ХХК-ийн хашаанаас хулгайлж авсан гэж нэхэмжлэгч гүтгэж байгаа бөгөөд тавцанг экскаваторын урамшуулал болгон 2 000 000 төгрөгийн төлбөрт авсан. Нэхэмжлэгч нь чиргүүлт тавцанг хулгайд алдсан гэж цагдаад гомдол гаргасныг хэрэг нээн шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан тул чиргүүлт тавцан гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Гуравдагч этгээд С.А-ийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нар экскаваторыг 256,000,000 төгрөгөөр авсан гэдэг нь үндэслэлгүй. “Хөтөлт Номгон ББСБ” ХХК тухайн техникийг барьцаанд авахын тулд механикийн мэргэжлийн хүнээр бүх үзүүлэлтийг шалгуулж, бүрэн ажиллагаатай шаардлага хангасан техникийг зах зээлийн үнийн 20 хувиас хэтрэхгүйгээр барьцаалсан. Н.Гийн хүмүүс очиж үзээд болж байна гэж худалдаж авсан.
Чиргүүлт тавцанг Н.Г, Г.Ц нарт бэлэглэж, борлуулаагүй. Тухайн үед хулгайд алдсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулахад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болсон үндэслэл нь Н.Г, Г.Ц нар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд ажиллагаа хийгдэж буй экскаваторын асуудалтай хольж тайлбарласнаар цагдаа буруу ойлголттой болсон юм шиг байсан. Бэлэглэсэн гэж төөрөгдүүлсэн тул хэргийг хаасан гэж прокурор нь тайлбарласан. Тухайн чиргүүлийг худалдаж, бэлэглээгүй гэх баримт хэрэгт байгаа. Учир нь өмнө худалдаж авсан, бэлэглэсэн бол гаалийн бичиг дээрх арлын дугаараар надаас шилжүүлж авч, тухайн арлын дугаараар бүртгүүлж, шинээр тээврийн хэрэгслийн дугаар авах ёстой боловч тийм зүйл байхгүй. Арлын дугаарыг цахилгаан зүлгүүр, гагнуураар арилгаж хуурамч дугаар хийсэн байсан нь тогтоогдсон. Хариуцагчийн ярьсан 9911-тэй дугаар барьцаалж алдах гээд байна, 6,000,000 төгрөг нэмж өгөөч гэх зүйл огт болоогүй. 9911-тэй дугаар 6,000,000 төгрөгийн үнэлгээгүй, доод тал нь 70,000,000 төгрөгөөс дээш байдаг.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ц, Н.Г нараас 300,000,000 төгрөг, ******* арлын дугаартай, шар өнгийн чиргүүлт тавцанг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ШУ” ХХК-д олгож, “ШУ” ХХК-аас 519,181,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,728,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц, Н.Г нараас 1,728,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ШУ” ХХК-д, шинжээчийн зардал 300,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005014 дугаар дансанд тус тус олгож, хариуцагч Г.Ц, Н.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,753,857 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг зөрчиж анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболдыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж 2022 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Ю.Батболд нь 2022 оны 09 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих 461 дүгээр ангид яллагдагч О.Ш өмгөөлөгчийн хувьд хойшлуулшгүй ажиллагаа буюу мэдүүлэг өгөх ажиллагаанд Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, дэслэгч Ц.Бы хамт оролцож байсан ба энэ тухай шүүгчийн туслах, нарийн бичигт утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд танилцуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн байх боловч шүүхийн шийдвэрт энэ тухай огт тусгаагүй байна.
4.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нарын тайлбар татгалзал, түүнд дурдсан нотлох баримтуудыг үнэлэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар үнэлж, дүгнэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.3. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно" гэж заасан ба талууд экскаваторын үнийг 256,000,000 төгрөг гэж тохиролцон төлбөрийг тухайн үед шууд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэйгөөр, Хьюндай R800LC-7A маркийн тээврийн хэрэгслийг огт үзээгүйгээр үнэлсэн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж гэрээний зүйлийн үнийг тогтоож байгаад гомдолтой байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчин үнэлж буй хөрөнгийн шинж байдал, онцлогийг биет байдлаар үзэхгүйгээр зөвхөн цахим орчин дахь үнийн судалгаагаар дүгнэлт гаргаж түүнийг нь шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр давхацсан хурал, ажил төрөл байхгүй гэж шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
5.2. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн 4 дэх хуудсанд тухайн автомашинд үзлэг хийх үед түлхүүр байхгүй, асааж үзэх боломжгүй бөгөөд мотор болон бусад эд ангиудыг хэвийн гэж тусгасан. Мөн 5 дугаар талд нь хөрөнгийн байдлын зураг гэж тухайн газарт очиж дарсан зургууд хэрэгт авагдсан. Тухайн экскаваторт шинжээч нар нь биет байдлаар очиж үзэн судалсан болох нь нотлогддог. Нэхэмжлэгч талын зүгээс тухайн экскаваторыг хариуцагч нарт худалдах үеийн зах зээлийн үнийг тодорхойлох зорилготой байсан. Шүүхэд шинжээчийн дүгнэлт ирснээс хойш хариуцагч талаас уг дүгнэлттэй холбоотойгоор маргаагүй.
Мөн экскаваторыг 608,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд гэрч н.С гэх хүн нь талуудын хооронд төлбөрийн үлдэгдэлтэй болон 556,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримтыг шүүхэд ирж тайлбарласан. Тухайн экскаваторыг нэхэмжлэгч нь “Хөтөлт Номгон ББСБ” ХХК-д барьцаалсан. “Хөтөлт Номгон ББСБ” ХХК-д тухайн зээлээ төлөхгүй нэхэмжлэгч нь төлөөгүй тохиолдолд 250,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдлийг нь С.А-эд өгнө гэдэг. Манай зүгээс хариуцагч нарт 250,000,000 төгрөгөөр худалдах байсан бол “Хөтөлт Номгон ББСБ” ХХК-аас чөлөөлүүлэх шаардлагагүй. Мөн 9911-тэй дугаарыг 6,000,000 төгрөгөөр худалдаж авсан зүйл байхгүй.
5.3. Тухайн чиргүүлт тавцанг хулгайд алдсан талаар цагдаагийн байгууллагад С.А- гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, хариуцагч нарын эзэмшилд байгааг тогтоосон. Прокурорын байгууллагаас мэдүүлгүүдийг хариуцагч нарт ашигтай байдлаар дүгнэж, тогтоол гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан тул үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтаар 60,000,000 төгрөгөөр иргэн н.Алтанхуягаас худалдаж авсан үйл баримт байна. Тухайн чиргүүлийг 2,000,000 төгрөгөөр худалдах ямар ч тохиролцоо гэрээ байхгүй.
5.4. Тавцанг хуурамч баримтаар 60,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэрээ хэлцэл хийсэн, гаалийн баримт нь хуурамч гэж үзсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй. Хуурамч гэж үзсэн тохиолдолд цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой. Хэрэгт цагдаагийн байгууллагаар шалгуулсан үйл баримт авагдаагүй. Гуравдагч этгээд нь нэхэмжлэл гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нэмэгдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “ШУ” ХХК нь хариуцагч Г.Ц, Н.Г нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг, чиргүүлт тавцанг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзаж, 519,181,480 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Талууд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр **** УБ улсын дугаартай, Хьюндай R800LC-7A маркийн экскаваторыг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож гэрээг амаар байгуулсан, энэ талаар маргаагүй.
4. Зохигч худалдах-худалдан авах гэрээний үнийн талаар маргажээ.
5. Нэхэмжлэгч талаас экскаваторт үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар шинжээчээр “Ашид билгүүн” ХХК-ийг томилсон, шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтэд “уг автомашинд биет үзлэг хийх үед түлхүүр байхгүй, асааж үзэх боломжгүй байсан ба мотор болон бусад эд ангиудыг хэвийн” гэснээс дүгнэвэл тус шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчимд нийцээгүй байна.
Үүнээс гадна шинжилгээний явцад хэргийн оролцогчийг байлцуулах боломжоор хангасан гэх байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй байна.
6. Харин анхан шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболдод 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх ба хариуцагч тал 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч талын холбогдох гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.
7. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,728,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Э.ЗОЛЗАЯА