Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2020/0219/З |
Дугаар | 001/ХТ2020/0429 |
Огноо | 2020-12-21 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/0429
“Д” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн
зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын
газрын улсын байцаагчид холбогдох зөрчлийн
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч,
Х.Батсүрэн,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0055554 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0473 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 527 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Н нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0473 дугаар шийдвэрээр: 1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3-т заасныг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0055554 шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0055554 шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 527 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 473 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Д” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Ны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0055554 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Нд холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 527 дугаар магадлалыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...энэ тохиолдолд мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй учир энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй...” гэж шийдвэрлэжээ.
5. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэг “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”-т гэж хуульчилсан ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрчил үйлдсэн цаг хугацааг тодорхойлж, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар тухайн зөрчилд 10 сая хүртэлх төгрөгөөр торгох шийтгэвэр ногдуулахаар хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, зөрчилд арга хэмжээ авах талаар дурдаж шийдвэрлэсэн нь зөв юм.
6. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд хуулийг буцаан хэрэглэх, үл хэрэглэх талаар дээрх байдлаар зохицуулах бөгөөд зөрчил үйлдэгдсэн буюу эхэлсэн, төгссөн үед тухайн үеийн үйлчилж, мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор шийтгэвэр ногдуулах талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн шийдвэр бөгөөд дээрх хуулийн зохицуулалт ба хууль буцаан хэрэглэх талаар зөв дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх зөвхөн зөрчил үйлдэгдэж дууссан үеэр торгууль ногдуулах талаар гэж шийдвэрлэсэн Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой буюу хууль буцаан хэрэглэж, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэглэх ёстой байтал буруу тайлбарлаж байна.
7. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”-т зааснаар Зөрчлийг Санхүүгийн зохицуулах хороо хэзээ мэдсэнээс бус зөрчил үйлдэгдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хариуцлага тооцох тул салбарын үйл ажиллагааг нээсэн үйлдэл нь хугацааны хувьд зөрчлийн хариуцлага тооцох хугацаа дууссан юм.
8. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүхээс, тухайн маргаанд хамаарах Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Гомдол гаргагч “Д” ХХК нь “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0055554 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байх бөгөөд гомдол гаргагчийн маргаж буй 0055554 дугаартай шийтгэлийн хуудсаар, тус компанийг “банк бус санхүүгийн байгууллагын салбар зөвшөөрөлгүй нээсэн” зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
11. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ” гэж заасан бол, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д “Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, ...бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж ...,хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.
12. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гомдол гаргагч “Д” ХХК нь зохих зөвшөөрөлгүй, 2016 оноос Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, Найман шарга төвийн 8 дугаар байрны 14, 19 дүгээр павильоныг түрээслэн, салбарын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон, гомдол гаргагчаас уг үйл баримттай маргаагүй, харин зөрчилд хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн байхад шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулж хууль зөрчсөн гэж маргасан нь үндэслэлгүй.
13. Учир нь, гомдол гаргагч “Д” ХХК нь 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй салбарын үйл ажиллагаа явуулсан, уг зөрчлийг 2019 онд улсын байцаагчаас илрүүлж таслан зогсоох хүртэл хугацаанд үргэлжилсэн нь тогтоогдсон, иймд хариуцагчаас тус компанийн “зөрчил үйлдсэн хугацаа”-г тухайн зөрчил хяналт шалгалтаар илэрч, таслан зогсоогдсон хугацаагаар тооцож, шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасантай нийцсэн байна.
14. Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтад Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, “...Д ХХК-ийг зөрчил үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар тухайн зөрчилд 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байхад хариуцагчаас тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэж, торгууль оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д заасантай нийцээгүй, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй байна” гэсэн дүгнэлт хийж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг зөрчсөн, буруу шийдвэр болжээ.
15. Иймд магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 527 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА