Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00660

 

Б.Амангүлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00023 дугаар магадлалтай,

Б.Амангүлийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуульд холбогдох,

Бага ангийн багшийн ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Тойлыбайгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Амангүл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баяннуур сумын Цагаан арал бага сургуульд 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр багшаар ажилд орж, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны хүртэл 12 жил тасралтгүй ажиллаж байна. Аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/242 тоот захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдсон юм.Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх захирал Х.Тойлыбай нь аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/431 тоот захирамжаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилогдож, намайг чөлөөлсөн болно.

Өмнөх захирал ажилдаа эргэн томилогдсоноор би урьдын адил багшаар ажиллах ёстой гэж үзнэ. 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүүхэд төрүүлсэн, хүүхэд 4 сартай учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирал Х.Тойлыбай нь намайг тус сургуулийн бага ангийн багшийн ажилд томилох үүрэгтэй билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Х.Тойлыбай нь шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үндэслэлээр захирлын албан тушаалд томилогдсон нөхцөлд Б.Амангүл намайг урьд ажиллаж байсан бага ангийн багшийн албан тушаалд томилох нь захирал Х.Тойлыбайн үүрэг гэж үзэж байна.Түүнчлэн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Засаг даргын А/162 дугаар захирамжаар би 2016 оны 7 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 15-ны хооронд ээлжийн амралттай байсан билээ.Ээлжийн амралт эдэлж байхад намайг үүрэгт ажлаас ямар нэгэн ажил албан тушаал олгохгүйгээр чөлөөлсөн явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д заасныг давхар зөрчсөнийг нотолж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9-д заасныг үндэслэн намайг Баяннуур сумын Цагаан арал бага сургуульд бага ангийн багшийн ажилд томилон ажиллуулахыг сургуулийн захирал Х.Тойлыбайд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Тойлыбай шүүхэд гаргасан тайлбартаа:

1. Нэхэмжлэгч Б.Амангүл нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/242 дугаар захирамжаар Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын ажилд томилогдсон юм. Харин Х.Тойлыбай намайг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Баяннуур сумын Цагаан арал багийн бага сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн ба Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 414 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Х.Тойлыбайг Цагаан арал бага сургуулийн захирлаар эгүүлэн томилж. Б.Амангүлийг чөлөөлөх тухай Б/431 дүгээр захирамжаар Х.Тойлыбай намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон юм.

Иймд тухайн үед Б.Амангүл нь өмнө эрхэлж байсан ажил буюу тус сургуулийн бага ангийн багшийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн тус сургуулийн захирлаар томилогдсон юм. Б.Амангүлийг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг би гаргаагүй, энэ асуудлыг би мэдэхгүй юм.

2. Нэхэмжлэгч Б.Амангүл нь Цагаан арал бага сургуулийн захирлаар ажиллаж байгаа хугацаанд тус бага сургуулийн бага ангийн багшийн бүр орон тооны ажилд С.Айнурыг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01 тоот тушаалаар томилжээ. Ажилтан С.Айнур нь одоо хүртэл тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа, тэрээр тухайн үед уг орон тоонд хууль ёсоор томилогдсон учраас түүнийг ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч Б.Амангүл нь нэхэмжлэлдээ өөрийгөө ээлжийн амралтаа эдэлж байгаа хугацаанд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байгаа асуудлыг би хариуцахгүй юм. Б.Амангүл нь үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа бол аймгийн Засаг даргатай маргах учиртай гэж үзэж байна. Учир иь Б.Амангүлийг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Х.Тойлыбай би биш тус аймгийн Засаг дарга гаргасан.

4. Одоогоор тус сургуульд бага ангийн багшийн илүү орон тоо байхгүй, бага ангийн багш нар батлагдсан орон тооны дагуу хөдөлмөрийн хугацаагүй гэрээний үндсэн дээр багшлах үйл ажиллагааг эрхэлж байна. Би Б.Амангүлийг ажилтай болгохын тулд хууль ёсоор томилогдсон өөр багшийг ажлаас гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Амангүлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Б.Амангүлийн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн бага ангийн багшийн ажилд томилохыг тус сургуулийн захиралд даалгаж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Амангүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00023 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Жадик байхара овогт Баярын Амангүлийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас Б.Амангүлд буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн санхүүгээс 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж Б.Амангүлд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Тойлыбай хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00023 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн хууль зүйн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн “Х.Тойлыбайг Цагаан арал бага сургуулийн захирлаар эгүүлэн томилж, Б.Амангүлийг чөлөөлөх тухай” № Б\431 дүгээр захирамжаар Х.Тойлыбай намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, Б.Амангүлийг сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Б.Амангүл нь 3 ой хүрээгүй хүүхэдтэй байгаа үед Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Иймд тэрээр аймгийн Засаг даргатай маргалдах ёстой.Сургуулийн захирал нь удирдах албан тушаалтны хувьд бага ангийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэх боломжгүй, аймгийн Засаг дарга бага ангийн багшийг хавсран гүйцэтгэх талаар эрхийн акт гаргах эрх бүхий субьект биш, Б.Амангүл нь өөрөө хүсэж, асуудлын үр дагаврыг ойлгох чадвартай бөгөөд захирлын ажлыг сайн дурын үндсэн дээр гүйцэтгэж байсан, өмнө эрхэлж байсан бага ангийн багшийн орон тоонд өөрөө захирлаар ажиллаж байхдаа С.Айнурыг томилсон тушаал гаргасан. С.Айнур нь 2016 оны 05 дугаар сарын 02-наас одоо хүртэл байнгын ажлын байранд бага ангийн багшийн ажлыг эрхэлж байгаа, С.Айнурыг томилсон ажил олгогчийн тушаал нь хүчинтэй хэвээрээ байгаа, ажил олгогч нь ажилтан С.Айнуртай байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Б.Амангүл нь бага сургуулийн багшийн үүрэгт ажилд орох ёстой гэдгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр мэдсэн ба тэрээр ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийг шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчжээ. Нэхэмжлэгч Б.Амангүлийг Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж нь 2016 оны 07 дугаар сарын 29- ны өдөр гарсан. Тэрээр ажлаа 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Х.Тойлыбай надад хүлээлгэн өгсөн юм. Гэтэл Б.Амангүл нь шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212\МА2017\00023 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Б.Амангүл нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуульд холбогдуулан бага ангийн багшийн ажилд томилон ажиллуулахыг даалгах шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...өөрийн хүсэлтээр бага ангийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Амангүл нь тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан ба түүнийг  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/242 дугаар захирамжаар тус сургуулийн захирлаар түр томилжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 414 дугаар шийдвэрээр Х.Тойлыбайг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал бага сургуулийн  захирлын ажилд эгүүлэн тогтоосон байх ба дээрх шийдвэрийг үндэслэн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/431 дугаар захирамжаар түүнийг захирлын ажилд эгүүлэн томилж, Б.Амангүлийг захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн ба энэ талаар маргаагүй байна.

Харин Б.Амангүл бага ангийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Аймгийн Засаг даргын захирамжаас үзвэл нэхэмжлэгчийг бага сургуулийн захирлын ажилд түр томилсон байх ба түүнийг урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн түүний эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд С.Айнурыг түр томилсон, Б.Амангүл 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр охин Х.Айаруг төрүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар ажил олгогч нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглох бөгөөд нэхэмжлэгчийг бага ангийн багшийн ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй, энэ тохиолдолд ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халсантай адилтган үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангахдаа хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т “Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно” гэж заасан, нэхэмжлэгч амаржсаны амралттай байсан тул хариуцагчийн төлөөлөгчийн “...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00023 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Тойлыбайгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ