Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00982

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Мобиком корпораци ХХК

Хариуцагч: Орхон аймгийн Өмчийн харилцааны газар

539 870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгондаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Идэрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30495343 тоот Интернэтийн байнгын холболтын үйчлилгээ үзүүлэх, түрээсийн шугам ашиглуулах гэрээ байгуулан Интернэтийн үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн Интернэтийн үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас Интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөрт 539 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

      Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Орхон аймгийн Өмчийн харилцааны газар нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 30495343 дугаартай гэрээгээр Интернетийн үйлчилгээ авч эхэлсэн. Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанаас хамаарч интернетийн үйлчилгээг цуцалж VPN үйлчилгээ авахаар 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 75 дугаар албан бичгийг Мобиком ХХК-д хүргүүлсэн болно. Тус интернетийн үйлчилгээ хаалгах бичиг явуулснаар Миком компанитай гэрээ байгуулан интернетийн үйлчилгээ авч эхэлсэн. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар албан бичгийг менежер Отгоннямд хүргүүлсэн байхад манай гэрээг цуцлаагүй бөгөөд 2015 оны 6,7 дугаар сард интернетийн үйлчилгээ ашиглаагүй байхад 486 200 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн болно. Энэхүү төлбөрийг төлж тухайн гэрээ цуцлагдсанд тооцож хариуцсан менежерт албан тоотыг дахин хүрүүлсэн. 30495343 тоот гэрээ дуусгавар болгож VPN үйлчилгээг Улсын бүртгэлийн хэлтэстэй шинээр гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлэхээр тогтсон. Улсын бүртгэлийн хэлтэс нь VPN үйлчилгээ авахаар холболт хийлгэсэн боловч Тагнуулын байгууллагын зөвлөмжийн дагуу агаараар холболт хийх нь нууцлал хамгаалалтын асуудалтай тул тус үйлчилгээг ашиглаагүй болно. Мөн 30495343 дугаартай гэрээгээр хийгдсэн холболтын хураамж 900 000 төгрөг болсон бөгөөд үүнд холболт хийхэд ашигласан төхөөрөмжүүд орсон байдаг. Улсын бүртгэлийн хэлтэст шилэн кабелиар холболт хийх нэрийдлээр анх ашиглагдаж байсан Өмчийн харилцааны өмч болох NanoBridge M5 төхөөрөмжийг Мобиком корпораци нь буцаан авсан болно. Иймээс нэхэмжлэлийн дагуух мөнгийг төлөх үндэслэл байхгүйгээс гадна холболтын хураамжид орсон NanoBridge M5 төхөөрөмжийг буцаан өгөх нь зүйтэй байна. Өмчийн харилцааны газартай байгуулсан гэрээ, явуулсан албан тоот, уг тоотыг хүлээн авсан хүний гарын үсгийн хуулбар, нэхэмжлэл, төлбөрийн баримт, Микомтой байгуулсан интернэтийн гэрээ нийт 14 хуудас материалыг нотлох баримтаар ирүүлсэн гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Орхон аймгийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан 539 870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Орхон аймгийн Өмчийн харилцааны газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 30495343 дугаартай интернэтийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх, түрээсийн шугам ашиглуулах гэрээнд үндэслэн үйлчилгээний төлбөр болох 539 870 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Орхон аймгийн Өмчийн харилцааны газар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанаас хамаарч интернетийн үйлчилгээг цуцалж VPN үйлчилгээ авахаар 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 75 дугаар албан бичгийг Мобиком ХХК-д хүргүүлсэн болно. Тус интернетийн үйлчилгээ хаалгах бичиг явуулснаар Миком компанитай гэрээ байгуулан интернетийн үйлчилгээ авч эхэлсэн. 2015 оны 6,7 дугаар сард интернетийн үйлчилгээ ашиглаагүй байхад 486 200 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн тул төлбөрийг төлж, гэрээ цуцлах албан тоотыг хүргүүлсэн болно. 30495343 тоот гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Мобиком ХХК, Орхон аймгийн Өмчийн харилцааны газар 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Интернэтийн байнгын холболтын үйлчилгээ үзүүлэх түрээсийн шугам ашиглуулах LL30495343 дугаартай, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан холбогдох үйлчилгээг авсан болох нь зохигчдын тайлбар, гэрээгээр /хх 4-5/ тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Мобиком ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 539 870 төгрөгийг хариуцагч байгууллагын интернэтийн үйлчилгээ авсны төлбөр гэж тайлбарлаж байгаа ба хариуцагчийн төлөх ёстой төлбөр нь яагаад өмнөх төлбөрүүдээс өөр гарсан эсэх талаар болон төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх, эсхүл алданги нэмж нэхэмжилсэн эсэх, мөн үйлчилгээний төлбөр нэмэгдсэн эсэх талаар тодорхой тайлбарыг гаргаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох үүргээ нэхэмжлэгчийн төлөөлөгч гүйцэтгээгүй гэж үзнэ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Мобиком ХХК-тай байгуулсан гэрээ цуцлах саналаа өгсөн тул уг төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа боловч 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Мобиком ХХК-н Орхон салбарт гаргасан хүсэлт нь LL30495343 дугаартай гэрээг 2015 оны 05 дугаар сарын 01-нээс цуцлан Улсын бүртгэлийн үйлчилгээнд зориулан VPN үйлчилгээгавах гэрээг шинээр байгуулж холбож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийн дагуу талууд 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр VPN 30495343 дугаартай тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын үйлчилгээний гэрээ байгуулсан болох нь хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хариуцагч байгууллагаас 2015 оны 11 дүгээр сарын үйлчилгээний төлбөр болох 486 200 төгрөгийг гаргуулан 53 669.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Зохигч байгууллагууд шүүхэд төлөөлөх эрхийг Р.Отгондаваа, Ж.Идэрбаяр нарт олгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч байгууллагын урьдчилан төлсөн 16 846 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 15 236 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Өмчийн харилцааны газраас 486 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мобиком ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53 669.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 16 846 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Өмчийн харилцааны газраас 15 236 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мобиком ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг  хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ