Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02011

 

 

 

 

 

 

 

2022 11 21 210/МА2022/02011

 

 

 

К банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/02079 дугаар шийдвэртэй,

К банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж ХХК, Н.З нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 224,194,946 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Ж ХХК, Н.З нар нь К банк ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 160,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 20.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нарын зээлийн гэрээний үүргийн баталгаанд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Ж ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүлийн гудамж 0 байр, 5 давхрын 0 тоот хаягт байршилтай 50 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүд 25,778,883.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,500,335.34 төгрөг нийт 27,279,219.26 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 160,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 61,236,568 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,958,378 төгрөг нийт 224,194,946 төгрөгийг гаргуулна.

2.1. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ж ХХК нь К банк ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 160,000,000 төгрөгийг эргэлтийн зориулалтаар 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүлийн гудамжинд байрлах Сөүл Плаза барилгын 50м.кв үйлчилгээний талбайтай, 600,000,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

2.2. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай компанийн үйл ажиллагаа тасалдаж, бизнес доголдсон. Талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсноос зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулж, биелүүлэх боломжгүй байдалд хүрсэн.

Иймд зээлийн үндсэн төлбөрийн хэсгийг хангаж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК, Н.З нараас 219,736,232.66 /хоёр зуун арван есөн сая долоон зуун гучин зургаан мянга хоёр зуун гучин хоёр төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,458,713.42 /дөрвөн сая дөрвөн зуун тавин найман мянга долоон зуун арван гурван мянган төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК, Н.З нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 0 байр, 5 давхрын 0 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, Ж ХХК-ийн /РД:00000/ өмчлөлийн үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч К банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,349,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК, Н.З нараас 1,326,831 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. МҮХАҮТ-ын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/192 дугаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр хариуцагчийн К банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаанд үүрэг хүлээсэн этгээдийн хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн болохыг тогтоосон.

Гэтэл шүүх уг гэрчилгээ олгогдсоноор талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх, уг гэрчилгээ нь гэрээний үүрэгт хэрхэн нөлөөлөх талаар тайлбарлаагүй, үндэслэл бүхий нотолгоог хэрэгжүүлээгүй тул зөвхөн гэрчилгээнд үндэслэн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй гэснийг зөвшөөрөхгүй.

4.2. Гэрчилгээний үндэслэлийг шүүхэд нотлох зорилгоор Г.Ариунчимэгийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгчид удаа дараа мэдэгдэж, шүүгчээс татгалзах үндэслэлээ тайлбарлахад татгалзлыг хэлэлцэхгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 4 сарын дараа гэрч асуулгах хүсэлт гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулах зорилготой байсан.

Өмнө нь гэрч асуулгах хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан бөгөөд эрхээ эдлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж чадаагүй.

5.2. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гэрчилгээнд гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг компанид хамаарахгүй гэж бичсэн. Хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа гэж заасан.

Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын талаар талууд хугацааг сунгаж нэмэлтээр гэрээ байгуулахаар заасан бөгөөд зээлийн хүүгээс чөлөөлнө гэсэн зохицуулалт байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч Ж ХХК, Н.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 224,194,946 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Ж ХХК нь үндсэн зээл 160,000,000 төгрөгийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н.З зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй тул хариуцахгүй гэж тус тус тайлбарлаж талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. К банк ХХК нь Ж ХХК, Н.З нартай 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 160,000,000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх10-13/

 

4.а. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 0 байр, 5 давхрын 0 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, Ж ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх14-17/

 

4.б. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба тэдний хүсэлтийг үндэслэн талууд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн жилийн хүүг 19,20 хувь болгон багасгаж, гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан. /хх20-21, 22/

 

Мөн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, 2020 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны хүүд 18,046,041.09 төгрөг төлөх үүргийг мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулахаар харилцан тохиролцсон, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлжээ. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх24-25, 26-28/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

4.в. Хариуцагч Н.З зээлийн мөнгөн хөрөнгийг Ж ХХК авсан, надад хүлээлгэн өгөөгүй тул үүрэг хүлээхгүй гэж маргасан.

 

К банк ХХК, Ж ХХК, Н.З нар зээл болон барьцааны гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн, уг хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч Н.З зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан учир Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Ж ХХК, Н.З нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

 

Иймд нэхэмжлэгч Капитрон ХХК нь хариуцагч Ж ХХК, Н.З нарын хэн алинаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж, харин ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон гэх үндэслэлээр зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

5.а. Зээлийн гэрээний 11.1-д гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн үед гэрээний талууд гагцхүү харилцан тохиролцож, тухайн нөхцөл байдалд тохирсон нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр үүрэг биелүүлэхийг түр хугацаагаар хойшлуулж болон бусад нөхцөлийн талаар шийдвэрлэнэ гэж заасан байна.

 

Мөн гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөлийг гэрээний 14.5 дахь заалтаар харилцан тохиролцжээ.

 

5.б. Талууд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон гэх үндэслэлээр харилцан тохиролцож үндсэн төлбөр, хүү, хэтэрсэн хугацааны хүү зэргийг багасгаж өөрчилсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Өөрөөр хэлбэл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас Ж ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр олгосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл-ийн гэрчилгээг үндэслэн зээлдэгч нар нь зээлийн гэрээний 11.1, 14.5-д заасны дагуу гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргасан, зээлдүүлэгчтэй харилцан тохиролцож зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар өөрчлөлт оруулсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд тус гэрчилгээ нь хариуцагч нарыг гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

5.в. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй зөрчлийг анхан шатны шүүх зөв тогтоож, зээл, хүүгийн шаардах эрхийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

 

Хэргийн баримтыг үндэслэн хариуцагч нарын төлсөн 27,279,219.26 төгрөгийг зээлийн хүү болох 87,015,452 төгрөгөөс хасаж, үндсэн үүрэг 160,000,000 төгрөг, хүү 59,736,232.66 төгрөг нийт 219,736,232.66 төгрөгийг тэдгээрээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

6. Мөн нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйл, түүнд нийцүүлэн гарсан Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хэрэглэсэн нь зөв, нэхэмжлэгч шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргаагүй байна.

 

7. Нэхэмжлэгч К банк ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нарыг төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 0 байр, 5 давхрын 0 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, Ж ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шийдвэрийн энэ хэсэгт хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээнэ.

 

8. Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас Ж ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон үйл баримтыг гэрчийн мэдүүлгээр нотлох шаардлагагүй тул Г.Ариунчимэгээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гэх хүсэлт нь гэрч асуулгах хүсэлтийг шүүгч хангаагүй эс зөвшөөрсөн агуулгатай байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй нөхцөл байдлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт хамааруулах нь мөн зүйлийн 91.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчээс татгалзсан татгалзлыг хэлэлцээгүй гэх гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/02079 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,326,831 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ