Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 778

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Б.Батнасанд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

ялтан Б.Батнасангийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Оюунгэрэл, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Батнасан, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Батнасанд холбогдох 201625012148 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нарт овогт Батбаярын Батнасан, 1989 оны 12 дугаар сарын 2-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Ажнай трейд” ХХК-д мужааны ажил эрхэлж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 4 дүгээр багт орших суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЙВ89120211/;

 

Б.Батнасан нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 11 тоотод оршин суух Н.Оюунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

мөн 2016 оны 6 дугаар сарын 8-ны шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны 11 тоотод оршин суух иргэн Н.Оюуны гэрт цонхоор орж Н.Оюун, О.Очмандах нарыг үл ялих зүйлээр шалтаглан хутгаар зүсэж, скочоор гарыг нь хүлэн зодож цохих, гарыг нь мушгих зэргээр хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Батнасанд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нарт овогт Батбаярын Батнасанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэг хэрэглэж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Батнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Батнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Батнасанд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Батнасангийн 2016 оны 6 дугаар сарын 8-наас эхлэн цагдан хоригдсон 141 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Батнасан нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Оюун, О.Очмандах нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Батнасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогч Н.Оюунтай 2015 оны 7 дугаар сард танилцаж хайр сэтгэлтэй болж хамтран амьдарсан. Н.Оюун аялал жуулчлалын чиглэлээр суралцахын хажуугаар ажил хийдэг байсан. Энэ байдлаас болж оройтож ирэх, найз нөхдүүдтэйгээ зугаалах асуудлаас болж хардах, хэрүүл маргаан хийх тохиолдол гарч байсан. Н.Оюуныг зодох, гэмтээх, хутгалах, зовоон тарчлаах ямарч санаа зорилго байгаагүй. 2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 21-22 цагийн үед Н.Оюуныг гэр лүүгээ эрэгтэй хүнтэй хамт орохыг хараад уулзахгүй, гэртээ оруулахгүй байх гэж бодож цонхоор нь орсон. Н.Оюун нөгөө залуутайгаа пиво ууж байхыг хараад маш их бухимдсан. Н.Оюун, О.Очмандах нарыг хутгалаагүй, айлгах зорилгоор хутгаа савчих үедээ гарын хуруу нь зүссэн. Н.Оюуныг янз бүрийн үгээр хэлж айлган сүрдүүлсэн. О.Очмандахыг Н.Оюунтай хардаж, түүнийг зодсон. Миний бие өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байна. Надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Батнасангийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Батнасан нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 11 тоотод оршин суух Н.Оюунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн 2016 оны 8 дугаар сарын 8-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны 11 тоотод оршин суух Н.Оюуны гэрийн цонхоор орж Н.Оюун, О.Очмандах нарыг үл ялих зүйлээр шалтаглан хутгаар зүсэж, гарыг нь скочоор хүлэн зодож цохих, гарыг нь мушгих зэргээр хүч хэрэглэн танхайрсан гэм буруутайд тооцогдож, ял шийтгэл хүлээгээд байгаа билээ.

Б.Батнасан нь Өвөрхангай аймагт эцэг эх, ах дүү нарын хамт амьдарч байгаад цэргийн албанд татагдаж, уг албаа хаасны дараа хотод үлдэж, өөрийн гарын ур дүй, цэрэгт байхдаа сурсан мэдлэгийг үндэслэн ажил хийж, амьдралаа авч явж байхдаа гэр бүл, үр хүүхэдтэй болсон юм. Эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймагт хадмындаа амьдарч байсан, энэ үед эхнэр нь амьдралын хэвшил, зан харьцааны хувьд түүнийг илт дарангуйлж, өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоох зэргээр хууран мэхэлж, дээрэлхэх, дарангуйлах байдал гаргаж байснаас гэр бүл салах хэмжээнд хүрсэн байдаг. Энэ үедээ Н.Оюунтай таарч хайр сэтгэлийн холбоотой болж хамт амьдарсан юм. Б.Батнасангийн хувьд анхны амьдрал, хань ижил үр хүүхдээсээ холдон, сэтгэл санааны хувьд маш хүнд зовлонтой амьдарч байх үедээ Н.Оюунтай таарч, түүнийг хайрлах, халамжлах, насан туршдаа амьдрах сэтгэлтэй байсан ч өмнөх амьдрал давтагдах вий гэсэн түгшүүр болгоомжлол өөрт нь байнга байсан, энэ байдалд гутрах, сэтгэл санаа нь хямрах, бусадтай хардах байдал байнга үүсч байсан байдал харагддаг. Хохирогч Н.Оюун энэ талаар мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд оролцохдоо тодорхой мэдүүлсэн, мөн ямар нэг гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүх Б.Батнасанг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй нь түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжийг үгүйсгэсэн гэж үзэж байна.

Б.Батнасан нь 2016 оны 6 дугаар сарын 8-ны шөнө Н.Оюун, О.Очмандах нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож танхайрсан гэх үйлдэл нь тодорхой сэдэлттэй, Н.Оюуныг эрэгтэй хүн дагуулаад гэрлүүгээ орж явахыг харсан, ороход нь хоёул пиво уугаад сууж байсан зэргээс шалтгаалан хувийн таарамжгүй харьцаа эр эмийн хардлагаас үүдэлтэй гэмт хэрэг болох нь тогтоогдсон байна. Б.Батнасангийн хувьд хохирогчийн зүгээс гаргаж байгаа дээрх үйлдэл нь түүний санаа сэтгэлд хүчтэй нөлөөлж, өмнө үүсээд байсан салчих вий, дахиад хаягдаж орхигдох вий гэсэн айдас түгшүүрийг баталсан улам их хардалт, харамлах сэтгэл төрүүлсэн асуудал болсон бөгөөд энэ байдлаараа түүний хувьд үл ялих зүйл огтхон ч биш гэж үзэх үндэстэй юм.

Б.Батнасан нь тэднийг айлгах, энэ үндсэн дээр ямар нэг дотно харьцаа холбоогүй гэдгийг нь хэлүүлэх, Н.Оюунтай эвлэрэх санаа зорилготой байсан энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хутга булаацалдах, айлгах сэдлийн үед үүсгэгдэж үүссэн, санаатайгаар хутгалж бие эрхтнийг нь гэмтээгээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, тэдний зүгээс ямар нэг гомдол саналгүй, Б.Батнасан нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Б.Батнасанд оногдуулсан хорих ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд ялтан Б.Батнасан, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

1. Б.Батнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон боловч Б.Батнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь яллагдагчаар байцаагаагүй /хх-ийн 146 тал/ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дугаар зүйлийн 204.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед сонсгосон ялыг өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулах үндэслэл гарвал яллагдагч энэ хуулийн 199, 201 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шинээр ял сонсгох бөгөөд шинээр сонсгосон ялын талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулах үүрэгтэй.” гэж заасныг зөрчжээ.

 

2. Б.Батнасангийн “...О.Очмандахын гар утсыг эвдэлсэн...” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тусад нь зүйлчилж, яллагдагчаар татаж /хх-ийн 74 тал/, яллагдагчаар байцаасан /хх-ийн 75-76 тал/, мөрдөн байцаагч уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байхад /хх-ийн 113 тал/ энэ талаарх асуудлыг прокурор хянан шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

3. Хохирогч О.Очмандахыг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хохирогчоор тогтоогдож, уг өдөртөө мэдүүлэг /хх-ийн 38 тал/ авснаас өөрөөр тус хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулаагүй байна. “Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл” гэх баримт /хх-ийн 114 тал/-д  хохирогч О.Очмандах гарын үсэг зурсан байгаа ч огноо нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байх тул уг баримтыг үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Батнасанд холбогдох хэрэгт магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Батнасанд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин прокурорт очтол Б.Батнасанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

 

                                               

ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Л.ДАВААСҮРЭН

 

                       ШҮҮГЧИД                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                     Д.ОЧМАНДАХ