Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

    Нарийн бичгийн дарга А.Болор,

    Иргэдийн төлөөлөгч Б.Отгонжаргал,

    Улсын яллагч А.Сайнбаяр,

          Хохирогч Н.Оюун,

          Шүүгдэгч Б.Батнасан, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батнасанд холбогдох 2016 2501 2148 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Ажнай Трейд” барилгын компанид цахилгаанчин, мужааны ажил эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Баянгол сум, 4-р багт оршин суух, улсаас авсан шагналгүй,ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Нарт овогт Батбаярын Батнасан /Регисртийн дугаар: ЙВ89120211/,

         

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Б.Батнасан нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18-р байрны 11 тоотод оршин суух Н.Оюунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

          Мөн 2016 оны 06 сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3-р хороо 18-р байрны 4-н давхрын 11 тоотод оршин суух иргэн Н.Оюуны гэрт цонхоор орж Н.Оюун, О.Очмандах нарыг үл ялих зүйлээр шалтаглан хутгаар зүсч, скочоор гарыг нь скочоор хүлэн зодож цохих, гарыг нь мушгих, зэргээр хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батнасангийн өгсөн: “2015 оны 07 дугаар сард би Оюунтай Хөвсгөл аймагт жуулчны баазанд танилцаж, үерхсэн. Бид хоёр 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод орж ирээд цуг амьдарсан. Хэрэг болдог өдрийн өмнөх өдөр нь намайг Отгонсүрэн байцаагч нь дуудаж, хохирогч нь хохирол, гомдолгүй гэвэл хэрэг чинь хаагдана. Тэгээд ломбардны шаардах хуудас тараагаад ир гэхээр нь шаардах хуудсыг нь тарааж дуусаад, хохирол гомдлын талаар Оюунтай уулзах гэж очсон. Оюуны байрных нь гадаа очиход Оюун нь 21 цагийн үед Очмандахын хамт гэр рүүгээ орж байсан. Намайг орох гэхээр хоёулаа байгаа болохоор хаалга онгойлгож өгөхгүй байх гэж бодоод явсан. Би буцаж яваад архи уугаад шөнийн 23 цагийн үед Оюуны гэрийн цонхоор нь орсон. Би уг нь эв зүйгээр ярина гэж бодож орсон боловч Очмандах над руу дайрсан. Дайрахад нь би санаандгүй хутгатай гараараа саваад гарыг нь зүсчихсэн байсан. Би Оюунд хайртай байсан болохоор өөр хүнтэй байхыг нь хараад цочирдсон. Би Очмандахын гар дээр нь тамхины цог унтраагаагүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Оюуны өгсөн: “Би Батнасантай хамт амьдрахад намайг алгаддаг болсон. Нэг удаа намайг боож унагаагаад амьсгаа боогдуулж, хэл амаар доромжилж, ална гэж байсан. Намайг салах гэхээр хүлээн зөвшөөрдөггүй. Над руу байнга зурвас илгээж, гэрт ирж уулздаг байсан. Би хоёр хоног хөдөө яваад гэртээ ирэхэд архи үнэртэж байсан. Намайг утсаар яриад 00-ийн өрөөний хаалгыг онгойлгоход Батнасан согтуу зогсож байсан. Миний утсыг булааж хана руу шидэж, намайг унтлагын өрөө рүү чирж оруулаад, хаалга хаагаад зодсон. Миний найз охин тэр орой нь дуудлага өгч, цагдаа нар ирж цагдаагийн хэлтэс рүү дагуулж явсан. Би цагдаагийн хэсэг дээр очоод өргөдөл гаргасан. Очмандах манайд түр хугацаагаар байсан. Яагаад гэвэл надад хамгаалалт хэрэгтэй байсан болохоор би хамт байгаач гэж хэлсэн юм. 06 дугаар сарын 07-ны өдөр би караокед цагийн ажил хийж байгаад орой 24 цаг үед тараад гэр рүүгээ явахад Очмандах намайг тосч авсан. Гэртээ ороод байж байхад Батнасан нь цонхоор орж ирсэн. Очмандах Батнасан руу дайраагүй харин тайвшруулах гэж хичээсэн. Очмандахыг унтлагын өрөөнд хүлж зодсон мөн намайг ч зодсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол ,мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх.3-26/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Оюуны өгсөн: “... 2016 оны 05 сарын 23 ны өдөр орой 21 цаг орчим найз охинтойгоо утсаар ярьж байгаад гэр рүүгээ ороход гэрээс архи үнэртэж байсан. Тэгээд унтлагын өрөөг шалгачихаад 00-н өрөөний хаалга онгойлгоход тэнд хамтран амьдарч байсан Батнасан зогсож байсан.Тэгэхээр нь би наанаа юу хийж байгаа юм бэ гэхэд нэг юм хэлээд намайг унтлагын өрөө рүү чирсэн. Тэгээд намайг алгадаад толгой руу цохиод ална гэж айлгаад байхаар нь би түүнийг болиулахын тулд би жирэмсэн гэж хэлэхэд тэр зодохоо больсон. Батнасан эхлээд намайг алгадаад шанаа руу цохиод хоолой боох гэж оролдсон, толгой руу цохьсон. Батнасан намайг цохисноос болоод баруун чамархайн хэсэгт хөндүүр болоод хөхөрсөн байсан. Зүүн хацар бас хавдаад хөхөрсөн, баруун гарын шуу болон зүүн гарын бугалганы хэсэгт хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.91-93/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Оюуны өгсөн: “... 2016 оны 06 сарын 08-ны шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэндэгээд хоол хийж идчихээд сэрүүн зурагт үзээд сууж байсан юм. Тухайн үед гэр маань их бүгчим байсан тул том өрөөний цонхоо онгойлгоод байж байсан юм. Надтай хамт миний найз Очмандах гэдэг залуу байсан юм. Энэ хэргээс өмнө Батнасан намайг зодож байсан. Тэр явдлаас хойш би айгаад гэр лүүгээ орж чадахгүй хүнээр хүргүүлдэг байсан. Тэгсэн шөнө зурагт үзээд сууж байхад манай том өрөөний цонхны тэндээс чимээ гараад байсан, би шувуу юм болов уу гэж тухайн үед бодсон. Тэгсэн чинь манай хөшиг хөдөлсөн, тэгээд Батнасан манай том өрөөний цонхоор ороод ирсэн. Хөлөндөө хутга хийдэг гэртэй байсан, гартаа хутга барьчихсан байсан. Батнасан гэрт орж ирээд хутгаа чичээд бид хоёр луу дайрсан, дайрч байхдаа “Энэ хэн бэ? Юун хүн бэ ?” гээд Очмандахыг надаас асуугаад байсан, Очмандах Батнасанг “Хутгаа буулгачихаа, эвээр ярилцъя” гэж зөндөө гуйсан, тэгээд ойртох гэхээр Батнасан хутгаа савчаад ойртуулахгүй байсан, тэгж байхдаа Очмандахын гарыг хутгаараа зүсчихсэн. Очмандах, Батнасан хоёр ингээд байж байх хооронд нь би гэрийнхээ хаалга руу гарахаар гүйсэн, уг нь би хажуу айлаас тусламж гуйх бодолтой байсан юм, тэгсэн хаалгандаа хүрч чадалгүй Батнасанд гүйцэгдсэн, тэгээд намайг хаалганаас түлхэж холдуулаад манай хаалгыг түлхүүрээр нь түгжээд түлхүүрийг сугалж аваад кармалчихсан. Энэ үеэр миний баруун гарын эрхий хуруу Батнасангийн барьж байсан хутганд зүсэгдсэн. Батнасан тэгээд хайруулын таваг аваад над руу шидсэн, таваг миний зүүн талын шанаа хэсэгт оносон, энэ үед Очмандахын гарнаас маш их цус гарч байсан, Очмандах “түргэн дуудаад өгөөч” гэсэн, би түргэн дуудах гэсэн чинь Батнасан намайг түргэн дуудуулаагүй. Очмандах гар утсаа авсан чинь Батнасан Очмандахаас утсыг нь булааж аваад хана руу шидээд утсыг нь юу ч үгүй эвдэлсэн. Очмандахыг цус алдаад байна шүү дээ гэхэд Батнасан огт тоогоогүй ээ. Батнасан Очмандах бид хоёрыг том өрөөнд өмнөө сөхөрч суулгаад “та хоёр миний амьдралаар ингэж тоглохгүй шүү” гээд байсан, тэгээд намайг болохоор том өрөөнд бай, Очмандахыг жижиг өрөө рүү ор гэж хэлсэн, энэ үед бид хоёрыг цохиж зодож байсан. Тэгээд хэлсэнийх нь дагуу Очмандах жижиг өрөө рүү орсон, тэгээд Батнасан нэг жижиг өрөө рүү ороод Очмандахыг янз бүрээр хэлж доромжилж байсан, тэгээд жижиг өрөөнөөс гарч том өрөөнд байсан намайг бас доромжилж загнаж байсан, тэгээд бас цээж рүү цохиж авч байсан, жижиг өрөөнд Очмандахыг яг яагаад байгааг нь би харах боломжгүй байсан, загнаад байгаа нь сонсогдож байсан. Очмандахыг хөдлөөд байхаар нь Батнасан манай гэрийн скочоор хоёр гарыг нь хооронд холбож өөрөөр нь скочдуулсан, сайн болохгүй болохоор нь хоёр гарыг нь алдалж паартай хамт скочдсон, бас Очмандахын хөлийг нь нийлүүлж скочдсон, тэгээд бид хоёроос бид хоёрыг ямар харилцаатай юм бэ гэж асууж нилээн зовоосон, би анх цонхоор орж ирэх үед нь Очмандахыг “миний үеэл” гээд хэлчихсэн байсан, дараа нь би Батнасанд Очмандахыг “зүгээр найз” гэдэгээ хэлсэн чинь Батнасан огт итгээгүй тэгээд бид хоёрыг ална гэж сүрдүүлж байсан, Батнасан хэлэхдээ “Би угаасаа шийдсэн хүн энд ирэхдээ шийдсэн байсан, угаасаа жилээ нэмүүлнэ ээ” гэж ярьж байсан. Манай ээж дүү хоёрыг өргөдлөө цагдаагаас авахгүй бол зүгээр байлгахгүй оролдоно гэж сүрдүүлсэн. Миний амьдралыг цаашдаа яаж амьдрахыг заах болно гэж ярьж байсан. Батнасан шоронд явлаа ч манай ах нар байгаа гэж яриад байсан. Дамбын Хишгээ гэдэг ах нь байгаа тэр хүний хүмүүс танайд ирнэ, чамайг тайван байлгахгүй гэх зэргээр зөндөө намайг доромжилсон” гэх мэдүүлэг /хх.31-34/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Очмандахын өгсөн: “... 2016 оны 06 сарын 07 ны орой 22 цаг өнгөрч байхад Оюуны гэрт ирсэн. Ингээд Оюун бид хоёр юм яриад пиво уугаад сууж байсан чинь шөнийн 00 цаг 30 минутын орчим гэнэт цонхоор хүн ороод ирсэн. Би нэрийг нь Батнасан гэж мэддэг болсон. Ингээд Батнасан цонхоор орж ирээд шууд хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би ухраад, наад хутгаа далд хийчихээ гэж гуйсан чинь ална хоолойг чинь хэрчинэ гээд дахиж дайраад зүүн гарын алганы гадна хэсэгт хутгаараа 1 удаа зүссэн. Тэгэхээр нь би болохгүй шүү дээ хөгшөөн гээд гуйгаад утсаа аваад 103-луу залгах гэсэн чинь утас булааж аваад хана руу шидсэн. Оюун цаашаа үүд рүүгээ гарах гээд гүйсэн чинь араас нь хөөж очоод Оюуныг зодоод түлхүүрийг нь булаагаад авсан. Би яг зодохыг нь хараагүй. Оюун ёооё гээд л хашгираад байсан. Ингээд Оюуныг чирээд том өрөөнд оруулж ирээд бид гаднаас орж ирэхдээ тэр баруун хөлийнхөө шилбэнд хутганы хуй уячихсан, бид 2-ыг өвдөг дээрээ сөгдөөд суу гэж хэлж суулгаад жаахан хөдөлгөөн гаргахаар шууд зодоод байсан. Ойролцоогоор 1 цаг гарны хугацаанд өвдөг дээр суулгаад хөдлөхөөр зодоод байсан. Эхлээд том өрөөнд суулгаж байгаад дараа нь хажуугийн жижиг өрөөнд суулгаж байгаад скоч өгөөд намайг өөрөө өөрийнхөө гарыг скочдоод паарнаас боо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батнасанд одоо хэрэггүй шүү дээ. Хөгшөөн наадах чинь хэтэрч байна гэсэн чинь хутгаа бариад над руу дайраад чамайг боо гээд байгаа юм биш үү гэж тушаахаар нь би баруун гараа эхлээд паартай холбож скочдсон. Тэгтэл зүүн гарыг Батнасан өөрөө нөгөө булангийн пааранд скочдоод гараараа дандаа нүүр эрүү рүү цохиж зодсон. Тэгснээ Оюуныг том өрөө рүү оруулаад гарыг нь бас ард нь скочоор боосон. Оюуны гарыг боочихоод эргээд над руу ороод ирэхээр нь би Батнасангаас зүүн гарын цус боогдоод гар чинэрээд мэдээгүй болоод байна. Ядаж зүүн гарыг минь суллачихаач гэж гуйсан чинь чамайг 72 цаг цусыг чинь юүлж ална. Чамд цус ямар хэрэгтэй юм бэ гэж хэлээд тамхи асааж татаад цогоо гарын хутгалсан шархан дээр унтраагаад байсан. Тамхины цогоо унтрааж дуусчихаад гэнэт уурлаад чамайг ерөөсөө алчихъя гээд толгой, нүүр битүү скочидсон. Би амьсгаа давхцаад амь тэмцээд толгойгоороо тийчилж байгаад амьсгаа авах завсар гаргаад амьсгаа авсан. Миний толгойг скочдчихоод цаад өрөө рүүгээ орж Оюуныг бас орилуулаад байсан. Тэгээд над руу орж ирэх болгонд л би ингэж болохгүй ээ хөгшөөн гээд аль болох аргадах байдлаар гуйхад чи муу дуугүй бай, чамаар амьдралаа заалгахгүй гээд л зодоод хутгаараа духны дээд хэсэгт үзүүрээр нь хатгаад зураад байсан. Мөн чамайг хоолойг чинь хэрчээд алаад өгье л дөө гэсэн. Тэгээд тамхи татаад бас плитка цахилгаан хэрэгслүүдийг чинь залгаад та 2-ыг шатаагаад алчихъя гэснээ өмд рүү хутгаараа сийчсэн. Би ер нь шоронд орсон ч гэсэн та 2 луу хүн явуулж хоолойг чинь хэрчүүлнэ, шоронгоос гарч ирээд олон уулзана гэж байсан. Ингээд байж байтал үүр цайгаад гадаа гэгээ орсон. Ингээд би Батнасангаас намайг тавичихаач ээ би цагдаа шүүх гэж явахгүй ээ гэж нэлээд гуйсан чинь скочнуудаа хутгаараа зүсч тавиулаад одоо зайл хэрвээ цагдаа дуудаж ирэх юм бол Оюуныг ална чи дахиж харахгүй шүү гэсэн. Тэгээд би гараад шууд цагдаа руу биеээрээ ирээд хүн барьцаалчихлаа гэж дуудлага өгөөд эргээд цагдаагийн албан хаагч нартай ирээд цагдаа нар дээд давхарт гараад хаалгыг нь бас манасан. Тэгээд Оюуныг түрүүлээд гаргачихсан байсан. Энэ хооронд түргэний машин ирээд би цэргийн эмнэлэг рүү явсан. Гаднаас орж ирэхдээ баруун хөлийнхөө шилбэнд хутганы хуй уячихсан байсан. Тэрэндээ хутгатай орж ирсэн. Хутга нь мөнгөлөг өнгөтэй, 30 орчим см-ын урттай хутга байсан. Мөн Оюуны гэрт байсан том хутгыг авч дайрсан. Үндсэндээ гэрт орж ирснээс хойш 2 гартаа хутгатай байсан...” гэх мэдүүлэг /хх.36-38/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч М.Жаргалмаагийн өгсөн: “... Би Оюунтай хамаатан юмаа. Оюун бол ээжийн дүүгийн хүүхэд нь. Би Оюунтай ойр дотно харилцаатай байдаг. Оюун намайг үерхэж байгаа найз залуу Батнасантай танилцуулсан, анх уулзаж байхад их дуугуй залуу байсан, дуугарч ядаад байсан. Тэгээд 2016 оны 02 сарын 14 нд бид 2 Тэрэлж рүү морин аялалд хамт явсан. Тэгсэн Батнасан байнга л Оюунтай утасаар яриад байсан, над руу хүртэл залгаад миний утсаар Оюунтай яриад байсан. Оюун Батнасантай ярьсныхаа дараа айгаад байсан. Оюуныг утасны цаанаас хараагаад загнаад байх шиг байсан. Тэгсэн маргааш нь 2016 оны 02 дугаар сарын 15-нд Оюун над руу утсаар залгаад Батнасанд зодуулсан тухайгаа хэлсэн, тэгэхээр нь би гэрт нь яваад очсон. Оюун ганцаараа байсан, Батнасан нь байхгүй байсан. Оюун надад ярихдаа Батнасан байрны орцонд зодлоо гэж ярьсан. Намайг харахад Оюуны хүзүү гар, цээж хөхөрчихсөн байсан. Оюуныг тэр багалзуурдаж авсан, зодож цохьсон гэж байсан. Цагдаад хандаач гэж Оюунд хэлэхэд тэр үед хэлэлгүй өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх.43-45/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8085 дугаартай үзлэг хийсэн акт /хх.47/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8046 дугаартай үзлэг хийсэн акт /хх.51/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 4089 дугаартай дүгнэлт /хх.55/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7228 дугаартай дүгнэлт /хх.96/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 5458 дугаартай дүгнэлт /хх.128/,

 

- Мөрдөн байцаалтанд гэрч Б.Номин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх.41-42/,

- Мөрдөн байцаалтанд Б.Батнасанг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх.71/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.111/,

- Хохирогч О.Очмандахын шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

          Б.Батнасан нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18-р байрны 11 тоотод оршин суух Н.Оюунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

   Мөн 2016 оны 06 сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3-р хороо 18-р байрны 4-н давхрын 11 тоотод оршин суух иргэн Н.Оюуны гэрт цонхоор орж Н.Оюун, О.Очмандах нарыг үл ялих зүйлээр шалтаглан хутгаар зүсч, гарыг нь скочоор хүлэн зодож цохих, гарыг нь мушгих, зэргээр хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх.3.26/, мөрдөн байцаалтанд /хх.31-34/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Оюуны өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч О.Очмандахын өгсөн мэдүүлэг /хх.36-38/, мөрдөн байцаалтанд гэрч М.Жаргалмаагийн өгсөн мэдүүлэг /хх.43-45/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8085 дугаартай үзлэг хийсэн акт /хх.47/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8046 дугаартай үзлэг хийсэн акт /хх.51/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 4089 дугаартай дүгнэлт /хх.55/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7228 дугаартай дүгнэлт /хх.96/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 5458 дугаартай дүгнэлт /хх.128/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Б.Батнасангийн үйлдэл нь танхайн сэдэлтгүй, эр эмийн хардалт буюу хувийн таарамжгүй харьцаанаас болсон учир хэргийн зйүлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилвөл зохино” гэсэн тайлбар нь:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Оюуны өгсөн: “... 2016 оны 06 сарын 08-ны шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэндэгээд хоол хийж идчихээд сэрүүн зурагт үзээд сууж байсан юм. Тухайн үед гэр маань их бүгчим байсан тул том өрөөний цонхоо онгойлгоод байж байсан юм. Надтай хамт миний найз Очмандах гэдэг залуу байсан юм. Энэ хэргээс өмнө Батнасан намайг зодож байсан. Тэр явдлаас хойш би айгаад гэр лүүгээ орж чадахгүй хүнээр хүргүүлдэг байсан. Тэгсэн шөнө зурагт үзээд сууж байхад манай том өрөөний цонхны тэндээс чимээ гараад байсан, би шувуу юм болов уу гэж тухайн үед бодсон. Тэгсэн чинь манай хөшиг хөдөлсөн, тэгээд Батнасан манай том өрөөний цонхоор ороод ирсэн. Хөлөндөө хутга хийдэг гэртэй байсан, гартаа хутга барьчихсан байсан. Батнасан гэрт орж ирээд хутгаа чичээд бид хоёр луу дайрсан, дайрч байхдаа “Энэ хэн бэ? Юун хүн бэ?” гээд Очмандахыг надаас асуугаад байсан, Очмандах Батнасанг “Хутгаа буулгачихаа, эвээр ярилцъя” гэж зөндөө гуйсан, тэгээд ойртох гэхээр Батнасан хутгаа савчаад ойртуулахгүй байсан, тэгж байхдаа Очмандахын гарыг хутгаараа зүсчихсэн. Очмандах, Батнасан хоёр ингээд байж байх хооронд нь би гэрийнхээ хаалга руу гарахаар гүйсэн, уг нь би хажуу айлаас тусламж гуйх бодолтой байсан юм, тэгсэн хаалгандаа хүрч чадалгүй Батнасанд гүйцэгдсэн, тэгээд намайг хаалганаас түлхэж холдуулаад манай хаалгыг түлхүүрээр нь түгжээд түлхүүрийг сугалж аваад кармалчихсан. Энэ үеэр миний баруун гарын эрхий хуруу Батнасангийн барьж байсан хутганд зүсэгдсэн. Батнасан тэгээд хайруулын таваг аваад над руу шидсэн, таваг миний зүүн талын шанаа хэсэгт оносон, энэ үед Очмандахын гарнаас маш их цус гарч байсан, Очмандах “түргэн дуудаад өгөөч” гэсэн, би түргэн дуудах гэсэн чинь Батнасан намайг түргэн дуудуулаагүй. Очмандах гар утсаа авсан чинь Батнасан Очмандахаас утсыг нь булааж аваад хана руу шидээд утсыг нь юу ч үгүй эвдэлсэн. Очмандахыг цус алдаад байна шүү дээ гэхэд Батнасан огт тоогоогүй ээ. Батнасан Очмандах бид хоёрыг том өрөөнд өмнөө сөхөрч суулгаад “та хоёр миний амьдралаар ингэж тоглохгүй шүү” гээд байсан, тэгээд намайг болохоор том өрөөнд бай, Очмандахыг жижиг өрөө рүү ор гэж хэлсэн, энэ үед бид хоёрыг цохиж зодож байсан. Тэгээд хэлсэнийх нь дагуу Очмандах жижиг өрөө рүү орсон, тэгээд Батнасан нэг жижиг өрөө рүү ороод Очмандахыг янз бүрээр хэлж доромжилж байсан, тэгээд жижиг өрөөнөөс гарч том өрөөнд байсан намайг бас доромжилж загнаж байсан, тэгээд бас цээж рүү цохиж авч байсан, жижиг өрөөнд Очмандахыг яг яагаад байгааг нь би харах боломжгүй байсан, загнаад байгаа нь сонсогдож байсан. Очмандахыг хөдлөөд байхаар нь Батнасан манай гэрийн скочоор хоёр гарыг нь хооронд холбож өөрөөр нь скочдуулсан, сайн болохгүй болохоор нь хоёр гарыг нь алдалж паартай хамт скочдсон, бас Очмандахын хөлийг нь нийлүүлж скочдсон, тэгээд бид хоёроос бид хоёрыг ямар харилцаатай юм бэ гэж асууж нилээн зовоосон, би анх цонхоор орж ирэх үед нь Очмандахыг “миний үеэл” гээд хэлчихсэн байсан, дараа нь би Батнасанд Очмандахыг “зүгээр найз” гэдгээ хэлсэн чинь Батнасан огт итгээгүй тэгээд бид хоёрыг ална гэж сүрдүүлж байсан, Батнасан хэлэхдээ “Би угаасаа шийдсэн хүн энд ирэхдээ шийдсэн байсан, угаасаа жилээ нэмүүлнэ ээ” гэж ярьж байсан. Манай ээж дүү хоёрыг өргөдлөө цагдаагаас авахгүй бол зүгээр байлгахгүй оролдоно гэж сүрдүүлсэн. Миний амьдралыг цаашдаа яаж амьдрахыг заах болно гэж ярьж байсан. Батнасан шоронд явлаа ч манай ах нар байгаа гэж яриад байсан. Дамбын Хишгээ гэдэг ах нь байгаа тэр хүний хүмүүс танайд ирнэ, чамайг тайван байлгахгүй гэх зэргээр зөндөө намайг доромжилсон” гэх мэдүүлэг /хх.31-34/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Очмандахын өгсөн: “... 2016 оны 06 сарын 07 ны орой 22 цаг өнгөрч байхад Оюуны гэрт ирсэн. Ингээд Оюун бид хоёр юм яриад пиво уугаад сууж байсан чинь шөнийн 00 цаг 30 минутын орчим гэнэт цонхоор хүн ороод ирсэн. Би нэрийг нь Батнасан гэж мэддэг болсон. Ингээд Батнасан цонхоор орж ирээд шууд хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би ухраад, наад хутгаа далд хийчихээ гэж гуйсан чинь ална хоолойг чинь хэрчинэ гээд дахиж дайраад зүүн гарын алганы гадна хэсэгт хутгаараа 1 удаа зүссэн. Тэгэхээр нь би болохгүй шүү дээ хөгшөөн гээд гуйгаад утсаа аваад 103-луу залгах гэсэн чинь утас булааж аваад хана руу шидсэн. Оюун цаашаа үүд рүүгээ гарах гээд гүйсэн чинь араас нь хөөж очоод Оюуныг зодоод түлхүүрийг нь булаагаад авсан. Би яг зодохыг нь хараагүй. Оюун ёооё гээд л хашгираад байсан. Ингээд Оюуныг чирээд том өрөөнд оруулж ирээд бид гаднаас орж ирэхдээ тэр баруун хөлийнхөө шилбэнд хутганы хуй уячихсан, бид 2-ыг өвдөг дээрээ сөгдөөд суу гэж хэлж суулгаад жаахан хөдөлгөөн гаргахаар шууд зодоод байсан. Ойролцоогоор 1 цаг гарны хугацаанд өвдөг дээр суулгаад хөдлөхөөр зодоод байсан. Эхлээд том өрөөнд суулгаж байгаад дараа нь хажуугийн жижиг өрөөнд суулгаж байгаад скоч өгөөд намайг өөрөө өөрийнхөө гарыг скочдоод паарнаас боо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батнасанд одоо хэрэггүй шүү дээ. Хөгшөөн наадах чинь хэтэрч байна гэсэн чинь хутгаа бариад над руу дайраад чамайг боо гээд байгаа юм биш үү гэж тушаахаар нь би баруун гараа эхлээд паартай холбож скочдсон. Тэгтэл зүүн гарыг Батнасан өөрөө нөгөө булангийн пааранд скочдоод гараараа дандаа нүүр эрүү рүү цохиж зодсон. Тэгснээ Оюуныг том өрөө рүү оруулаад гарыг нь бас ард нь скочоор боосон. Оюуны гарыг боочихоод эргээд над руу ороод ирэхээр нь би Батнасангаас зүүн гарын цус боогдоод гар чинэрээд мэдээгүй болоод байна. Ядаж зүүн гарыг минь суллачихаач гэж гуйсан чинь чамайг 72 цаг цусыг чинь юүлж ална. Чамд цус ямар хэрэгтэй юм бэ гэж хэлээд тамхи асааж татаад цогоо гарын хутгалсан шархан дээр унтраагаад байсан. Тамхины цогоо унтрааж дуусчихаад гэнэт уурлаад чамайг ерөөсөө алчихъя гээд толгой, нүүр битүү скочидсон. Би амьсгаа давхцаад амь тэмцээд толгойгоороо тийчилж байгаад амьсгаа авах завсар гаргаад амьсгаа авсан. Миний толгойг скочдчихоод цаад өрөө рүүгээ орж Оюуныг бас орилуулаад байсан. Тэгээд над руу орж ирэх болгонд л би ингэж болохгүй ээ хөгшөөн гээд аль болох аргадах байдлаар гуйхад чи муу дуугүй бай, чамаар амьдралаа заалгахгүй гээд л зодоод хутгаараа духны дээд хэсэгт үзүүрээр нь хатгаад зураад байсан. Мөн чамайг хоолойг чинь хэрчээд алаад өгье л дөө гэсэн. Тэгээд тамхи татаад бас плитка цахилгаан хэрэгслүүдийг чинь залгаад та 2-ыг шатаагаад алчихъя гэснээ өмд рүү хутгаараа сийчсэн. Би ер нь шоронд орсон ч гэсэн та 2 луу хүн явуулж хоолойг чинь хэрчүүлнэ, шоронгоос гарч ирээд олон уулзана гэж байсан. Ингээд байж байтал үүр цайгаад гадаа гэгээ орсон. Ингээд би Батнасангаас намайг тавичихаач ээ би цагдаа шүүх гэж явахгүй ээ гэж нэлээд гуйсан чинь скочнуудаа хутгаараа зүсч тавиулаад одоо зайл хэрвээ цагдаа дуудаж ирэх юм бол Оюуныг ална чи дахиж харахгүй шүү гэсэн. Тэгээд би гараад шууд цагдаа руу биеэрээ ирээд хүн барьцаалчихлаа гэж дуудлага өгөөд эргээд цагдаагийн албан хаагч нартай ирээд цагдаа нар дээд давхарт гараад хаалгыг нь бас манасан. Тэгээд Оюуныг түрүүлээд гаргачихсан байсан. Энэ хооронд түргэний машин ирээд би цэргийн эмнэлэг рүү явсан. Гаднаас орж ирэхдээ баруун хөлийнхөө шилбэнд хутганы хуй уячихсан байсан. Тэрэндээ хутгатай орж ирсэн. Хутга нь мөнгөлөг өнгөтэй, 30 орчим см-ын урттай хутга байсан. Мөн Оюуны гэрт байсан том хутгыг авч дайрсан. Үндсэндээ гэрт орж ирснээс хойш 2 гартаа хутгатай байсан...” гэх мэдүүлэг /хх.36-38/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдана.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд хэдийгээр шүүгдэгч Б.Батнасангийн уг гэмт үйлдэл нь эр эмийн хардалтын шинжтэй мэт боловч тэрээр хутга мэсийг хэрэглэхээр зориуд урьдчилан бэлтгэж авчран, зэвсгийн чанартай хэрэглэж, эрээ цээргүй догшин авирлаж, бусдыг зовоон тарчлааж, басамжлан доромжилж, элдвээр заналхийлж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны шаналалд оруулан, эд зүйлийг нь эвдэн гэмтээж, тус балмад үйлдлээ шөнөжин удаан хугацаагаар шаргуу үргэлжлүүлсэн нөхцөл байдлаас дүгнэхэд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч Б.Батнасанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэг хэрэглэж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт тус тус заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Батнасангийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч нь Б.Батнасангийн 2016 оны 06 дугаар сарын 08-наас эхлэн цагдан хоригдсон 141 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Батнасан нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Оюун, О.Очмандах нар нь  нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нарт овогт Батбаярын Батнасанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэг хэрэглэж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Б.Батнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Батнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх хорих ялыг нь 6 /зургаан/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Батнасанд оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Батнасангийн 2016 оны 06 дугаар сарын 08-наас эхлэн цагдан хоригдсон 141 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч Б.Батнасан нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Оюун, О.Очмандах нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Батнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                               ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ

 

                                               ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР