Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 492

 

И.И-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар магадлалтай, И.И-д холбогдох 1925007300492 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Буян овогт Ивгээлийн Итгэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  “... И.И ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.И эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.И  нь тэнсэгдсэн 1 жилийн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар И.И эд оногдуулсан тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар И.И ээс хураан авсан 1.55 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал, Б.Шагжбямбын цүнхнээс хураан авсан 39.69 грамм өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, яллагдагч, гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан бичлэгтэй, цэнхэр өнгийн  2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцэлд дурдсан “... шийтгэх тогтоол зөрүүтэй дүгнэсэн, шүүх бодитой дүгнэлгүй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь буруу ...” гэсэн хэргийг хүлээн авч, “... шүүх хүндрүүлэх нөхцөлд тооцоогүй, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч И.И эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч өмгөөлөгч Х.О гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг үндэслэн гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчлийг анхан шатны шүүх гаргасан гэх үндэслэлээ тодорхойлох хэсэг болон тогтоох хэрэгт зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж буруутгасан. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, тогтоох хэсэг нь зөрүүгүй байх хууль зүйн үндэслэлийг хуулиар тодорхойлоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-т шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хуульзүйн дүгнэлтийг тодорхойлох хэсэгт дурдахыг хуульчилсан. Харин тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг заахаар хуульчилсан ба хуульчилсан зохицуулалт нь өөр хоорондоо нэг ижил байхыг хуульчлаагүй ба анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтын ... хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт буруутай гэж шийтгэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

2. Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч И.И ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгч байсан нь гэрч Э.Шинэтөр, Б.Орхонтулга нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч И.И  өөрийн мэдүүлгийг нотолж чадаагүй болохоос бусдыг гүтгэсэн, үндэслэлгүй буруутгасан гэх баримт хэрэгт авагдаагүй. Гэрч Б.Орхонтулга нүүрэлдүүлэн байцаалт авах үед шүүгдэгчид сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн өвс өгснөө мэдүүлсэн боловч дахин мэдүүлэг авахад өөрийн мэдүүлгээсээ буцсан ба гэрч Шинэтөр худал мэдүүлэг өгснийг Фэйсбүүк хаягийн мессенжерээр харьцсан цахим баримтыг нотлох баримтаар шүүгдэгч өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нотлогдохгүй байна гэж дээрх гэрч нарын гэм буруутай байдлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байдлыг шүүгдэгч худал мэдүүлэг өгсөн гэж буруутган хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

3. Шүүгдэгч И.И ийг мөрдөн байцаалтын шатанд Шагжбямбын цүнхэнд 39.69 грамм өвс хийсэн гэх үйлдэлд буруутгагдсан ба энэхүү өвс нь сэтгэцэд нөлөөлөх бодис мансууруулах төрлийн ургамал биш болох нь шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд энэхүү үйлдлийг хийгээгүй гэх шүүгдэгчийн мэдүүлэг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгагдсан гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт биш бөгөөд уг үйлдэлд нь прокурор буруутгаж яллаагүй. Гэм буруугаа хүлээсэн гэмт хэрэгт хамааралгүй болох нь хэрэгт нотлогдсон байхад хамааралтай гэж үзэн буруутгаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх нь И.И ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хор уршгийн хэр хэмжээ үр дагаврын талаар огт дүгнэлт хийгээгүй ... шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн гэж дүгнэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэсэн нь буруу гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж хор уршгийн хэр хэмжээ, үр дагаврын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын жагсаалтад багтсан өвс мэт зүйл нь хэрэглэсэн хүний сэтгэцэд хүчтэй нөлөөлж, донтуулж улмаар хүний амь насанд аюул учруулдаг тул...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх анхаараагүй, дүгнэлт хийгээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөнгөн гэмт хэргийн ангиллыг заасан бөгөөд энэхүү ангилалд багтах гэмт хэрэг И.И  үйлдсэнийг анхан шатны шүүх дүгнэсэн хуульзүйн үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Шүүгдэгч И.И  нь төрөлхийн хоёр түнхний мултрал оноштойгоор олон удаагийн хүнд хагалгаанд орж, хэвтрийн дэглэмд байнга байхдаа нь өвчний зовиур, байнгын хэвтэр, хөдөлгөөний хязгаарлалтын хатуу дэглэмийг бага насны хүүхэд тэвчиж өнгөрүүлэх явцдаа удаан хугацаагаар ном унших, компьютер, утасны тоглоом тоглох зэргээс донтох өвчтэй болсон бөгөөд энэ нь анх 12 настай байхад нь оношлогдон одоогоор Сэтгэхүйд сэтгэл хөдлөл ихэссэн шинж, цэцэрхэх сэтгэхүй болон зан төлөвийн өөрчлөлтийн шинж буюу F60.3 өвчний оноштойгоор 50% хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон. Шүүгдэгч И.И  нь төрөлхийн хоёр түнхний мултрал өвчний хүндрэлийн улмаас одоо ч хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмтэй. Дээрх өвчнүүдийн байдал, эрүүл мэндийн байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэж шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтыг судлан шийдвэрлэсэн ба Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... тэнсэж болно гэх заалтыг хэрэглэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байх тул Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч И.И эд холбогдох хэргийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цэцэрлэгийн хашаанд хүүхдүүд мансуурсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Шүүгдэгч И.И  нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй хоёр хүүхдэд, 10 дугаар сарын 09-ний өдөр 3 хүүхдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэж, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж прокурор эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүх тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн шинжийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй, шүүх бодит байдалд дүгнэлт хийгээгүй, ял оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч И.И эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч И.И  нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, насанд хүрээгүй Б.Шагжбямба, Х.Эрхэмбаяр нарт өгсөн, мөн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэ, Б.Пүрэвзагд нарт өгсөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх И.И ийн үйлдсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдлыг харгалзсан гэсэн үндэслэлийг л иш болгосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Тэнсэх” арга хэмжээг авахдаа “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” байх шаардлагыг хангахаас гадна үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хэрэглэхээр хуульчилсан болно.

Шүүгдэгч И.И  нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг, хэрэглэсэн, бусдад өгснөө зөвшөөрсөн хэдий ч түүнийг хаанаас, хэрхэн олж авсан талаараа удаа дараа худал мэдүүлэг өгдөг, өөрөөр хэлбэл гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрдөггүй, хувийн байдал (тодруулбал, насанд хүрээгүй Б.Шагжбаяр, Х.Эрхэмбаяр нарт мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамал өгсөн байдал, хэрэгт хянан шалгагдаж байхдаа Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэ, Б.Пүрэвзагд нарт мөн дахин өгсөн байдаг ба энэ нь гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцдаа гэмшихгүй байгаа дээр нийгэмд учирч болох хор уршгийг цар хүрээг улам нэмэгдүүлэхийн тулд хийсэн идэвхтэй үйлдэл) гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлээгүй байхад анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэсэн нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг буруутгах, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно. Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг чанд баримтлах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.И эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.И , түүний өмгөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт “... 39.69 грамм өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж ...” гэж заасан ч үүнийг хэн хариуцуулж байгаа нь тодорхой бус байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг, түүний үндсэн шинж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам зэрэг нийтлэг үндэслэлийг, харин  Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хуульчилсан учир анхан болон давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн” гэж бичих нь зохистой.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Хууль тогтоомжийн тухай хууль”-д заасан шаардлагыг хангаж, тодруулбал, тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “28.1.2 ... бүтцийн үндсэн нэгж болох зүйл, 28.1.3. зүйлийн доторх хэсэг, 28.1.4. хэсгийн доторх заалт ...” гэсний дагуу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1” эсвэл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт” гэж бичиж байх нь зүйтэй болно.

 Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд үг, үсгийн алдаа байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН