Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01523

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Ү ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяаг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01575 дугаар шийдвэртэй, Ш.Ү ын нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох, талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2С/24 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 316,863,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Талууд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2С/24 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч Ш.Ү нь гүйцэтгэгч М ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 2С байр 604 тоот хаягт байрлах 83.88 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 2с-21, 22 тоотод байрлах автомашины зогсоолыг нийт 491,312,000 төгрөг /НӨАТ 44,664,727/-өөр захиалж, үнийг гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг барьж, хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 103,900,000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 201,950,000 төгрөгийн үнийн дүн бүхий /115,000 ам.доллар х 1,650/ Лексус 570 маркийн 4092532 арлын дугаартай, 99-00 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Б.Г ын У ХХК-аас М ХХК-д нийлүүлж байгаа бараа материалын тээврийн зардалд 11,368,000 төгрөг, нийт 316,863,000 төгрөг төлсөн. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М ХХК-ийн захирал Б.Б , У ХХК-ийн захирал Б.Г , Ш.Ү нар уулзсан. Энэ уулзалтаар Ш.Ү ын дээрх гэрээний дагуу М ХХК-д төлөх төлбөрт олгох автомашиныг У ХХК-ийн захирал Б.Г М ХХК-аас авах төлбөртөө тооцож авахаар аман хэлбэрээр тохиролцсон. Гэвч орон сууц тухайн үед тохиролцсон хугацаандаа ашиглалтад ороогүй нь гадна гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанд доголдол үүсч, орон сууцны барилгын ажил зогссон. Иймд гэрээний төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгө болон автомашиныг буцаан авах талаар хүсэлт гаргахад М ХХК-ийн захирал Б.Б одоогоор мөнгө байхгүй байна гэдэг. Харин автомашины тухайд Б.Г од залилуулсан гэж ойлгоод Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл гаргасан. Б.Б , Б.Г нарын оршин суугаа хаяг олдохгүй байсан учраас цагдаагийн байгууллага олж, тогтоосон. Цагдаагийн газраас Б.Б ыг дуудахад ирэхгүй байсан тул цагдан хорьсон. Энэхүү эрүүгийн хэрэг бүртгэлт 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 265 дугаартай тогтоолоор хаагдсан. Үндэслэл нь уг ажиллагаанд гэрчээр оролцсон Б.Б ын Б.Г од өгсөн 570 маркийн автомашиныг өгсөн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байна гэсэн агуулгатай мэдүүлгээр хаагдсан. Гэтэл энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ асуудлыг мэдэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгосноор 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ цуцлах мэдэгдлийг хүчингүйд тооцуулах хууль зүйн үндэслэл гэж үзэж байна. Дээрх гэрээний зүйл болох орон сууц хэзээ ашиглалтад орох нь мэдэгдэхгүй байдаг. Ш.Ү ын хувьд гэрээний үлдэгдэл төлбөрөө төлж, орон сууцаа авах хүсэлттэй байдаг. Иймд ашиглалтад орох хүртэл хугацаанд төлбөр төлөгдөж байгааг шүүхээр тогтоолгож, орон сууцыг гуравдагч этгээдэд худалдахаас урьдчилан хамгаалж байна. Гэрээний төлбөрт төлсөн 316,863,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэл нь гэрээний 2.2-т бартераар төлбөр төлөх тухай тохиролцсон бөгөөд дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М ХХК-ийн захирал Б.Б , У ХХК-ийн нягтлан бодогч, М ХХК-ийн нягтлан зэрэг 3 хүний гэрчийн мэдүүлгээр тухайн У ХХК нь М ХХК-д бараа бүтээгдэхүүн буюу чулуу нийлүүлсэн гэдэг нь тогтоогддог. Чулууны төлбөрт Ш.Ү ын төлбөрт төлсөн автомашины үнийг хасаж тооцох акт үйлдсэн гэдгийг 3 гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн талуудын хооронд үйлдсэн актаар хийсэн ажлын үнийн дүнгээс автомашины үнийг хасаж тооцсон гэдэг нь тогтоогдож байгаа тул энэ нь М ХХК-ийн зүгээс автомашиныг гэрээний дүнд төлөөгүй гэсэн тайлбарыг няцаана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги гаргуулах болон уг алдангийг төлбөрт тооцуулж, орон сууцыг хүлээн авахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ирээдүйд гарах үр дүнг шүүх шийдвэрлэхгүй гэсэн тул уг шаардлагуудаас татгалзаж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2С/24 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, уг гэрээний төлбөрт нийт 316,863,000 төгрөг төлсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ш.Ү нь 2С/23 тоот гэрээний дагуу нийт 491,312,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлж дуусгах үүргээ биелүүлээгүй. Тэрээр урьдчилгаа төлбөр 103,900,000 төгрөгийг М ХХК-д төлж, үлдэгдэл 387,412,000 төгрөгийг огт төлөөгүй. Ш.Ү аас 103,900,000 төгрөг хүлээн авсан тухай акт үйлдэж, компанийн орлогоор орж ирсэн төлбөрийг цааш У ХХК-д дамжуулж өгсөн үйл баримт л бий. 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Лексус 570 маркийн автомашиныг 115,000 ам.доллар буюу 201,595,000 төгрөгөөр тооцож, худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг Б.Г од шилжүүлсэн. Энэ гэрээний дүнг М ХХК хүлээн аваагүй. Б.Г болон Ш.Ү нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 2 иргэний хоорондын харилцаа үүссэн байдаг. Мөн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11,360,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх гараар бичсэн тэмдэглэл нь хэн хүлээн авч, хэрхсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй баримт байгаа. Гэрчээр Б.Г оос авсан 2 удаагийн мэдүүлэгт У ХХК, нэхэмжлэгч Ш.Ү ын Бармон ХХК-тай хамтран ажилладаг гэрээтэй холбоотой төлбөр тооцооны асуудал байдаг гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд автомашин болон 11,360,000 төгрөг нь Бармон ХХК-тай холбоотой төлбөр тооцоо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Эдгээр төлбөрийг М ХХК-ийн төлбөр тооцоотой холбон тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа. М ХХК болон У ХХК-ийн хооронд үйлдэгдсэн бараа материал хүлээн авсан тухай акт байдаг. Ш.Ү нь дээр дурдсан 201,595,000 төгрөгийн үнийн дүн бүхий автомашиныг Б.Г ын өмчлөлд шилжүүлэх үед М ХХК нь У ХХК-аас 9,367,808 төгрөгийн авлагатай байсан гэдэг нь тооцоо нийлсэн акт болон хавтаст хэргийн 126 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актаас харагдана. Гэрээний 5.2, 3.1.9-д зааснаар захиалагч Ш.Ү гэрээгээр тохиролцсон ёсоор төлбөрийг төлөөгүй тул гүйцэтгэгч тал захиалагчид 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, Ш.Ү тай байгуулсан захиалгаар орон сууц, барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний төлбөрийн үлдэгдэл 387,412,000 төгрөгийг төлөөгүй, учраас гүйцэтгэгч тал уг гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Үнэнбат нь 2013 оны 11 сарын 12-ны өдрийн 2С/24 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт М ХХК-д 103,900,000 төгрөг төлснийг тогтоож, 212,963,000 төлснийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,527,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 677,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

4.а. Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 260 тоот Хэрэг бүртгэлтийг хаах тухай тогтоол болон 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 821 тоот Гомдлын хариу өгөх тухай мэдэгдэлд гэрээний төлбөрт автомашины үнэ болон чулууны тээврийн зардал нийт 212,963,000 төгрөгийг хариуцагч компанийн захирал Б.Б ын зөвшөөрлөөр гуравдагч этгээд У ХХК-д шилжүүлсэн болох нь нотлогддог. Анхан шатны шүүх эдгээр баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

4.а. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь орон сууц захиалах гэрээний төлбөрийн тодорхой хэсгийг гуравдагч этгээдэд төлснөөр М ХХК нь У ХХК-д төлөх төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн. Энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хувьд уг өөрийн захиалсан орон сууцны төлбөрийг хариуцагчийн өмнөөс түүний өртэй этгээдэд төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр У ХХК-ийг оролцуулж тайлбар, нотлох баримт гаргуулснаар уг хэрэг үнэн, зөв шударга шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн гомдол гаргасан атлаа одоо шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх тухай гомдол тайлбарлаж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

5.а. Автомашины тухайд, Б.Г , Ш.Ү нар хоорондоо худалдах, худалдан авах гэрээ байгуулж автомашиныг шилжүүлсэн. 2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар талд М ХХК болон Уорлд стөүр ХХК-ийн тооцоо нийлсэн акт авагдсан. Уг тооцоо нийлсэн актын огноо нь автомашин шилжүүлэх гэрээ байгуулсан өдрөөс өмнө 9,367,808 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь тодорхой харагддаг. Мөн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11,368,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх Голомт банк гэсэн дэвтэрт бичсэн гар бичмэлээр тус төлбөрийг хэнд төлсөн нь тодорхой бус бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байдаг. Гэтэл энэ талаар холбоотой баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Мөн 103,900,000 төгрөгийг манай компанид хүлээлгэж өгсөн талаар бид зөвшөөрдөг. Харин үлдэгдэл төлбөрийг манай компанид аливаа байдлаар шилжүүлээгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэх үндэслэлээр бид уг хэргийг 3 удаа хэлэлцүүлсэн тул дахин хэлэлцүүлэх шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч нь Ш.Ү нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 5 удаа өөрчилсөн байна. Анхан шатны шүүх хуралдаанд талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2С/24 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 316,863,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцжээ. Хариуцагч тал уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна. /2хх42-43, 50-51, 203-206/

3. Анхан шатны шүүх гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бие даасан шаардлага бус харин уг нэхэмжлэлийн үндэслэл гэж зөв дүгнэжээ. Харин гэрээний үүргийн гүйцэтгэлийг тодорхойлох шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан дүгнэх замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

4.а.Талуудын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2С/24 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ нэртэй гэрээгээр гүйцэтгэгч М ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 2С байрны 604 тоот 4 өрөө орон сууц, 2С-21, 22 тоот авто зогсоол барих ажлыг захиалагчийн хөрөнгөөр барьж, хүлээлгэн өгөх, захиалагч Ш.Ү нь захиалгын төлбөрт 491,312,000 төгрөгийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

4.б.Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 103,900,000 төгрөг Ш.Ү төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй. Харин гэрээний үүргийн гүйцэтгэлд тээврийн зардалд төлсөн 11,368,000 төгрөг, Лексус 570 маркийн 0000УНП улсын дугаартай автомашиныг 201,595,000 төгрөгт тус тус тооцсон эсэх талаар маргажээ.

4.в.Гэрээнд энэ талаар заагаагүй, харин гэрээний нэг тал захиалгын гэрээний төлбөрт 316,863,000 төгрөг буюу 103,900,000 төгрөг бэлнээр, Лексус 570 маркийн 0000УНП улсын дугаартай автомашиныг 201,595,000 төгрөгт тооцож, бараа материал тээвэрлэлтийн зардалд 11,386,000 төгрөгийг тус тус төлсөн гэж тайлбарлаж байна. Ийнхүү нэг талын тодорхойлсон үүргийн гүйцэтгэлийн талаар нөгөө тал маргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмын талаар шүүхэд хандах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч Ш.Ү шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5.Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.а.Хариуцагч М ХХК нь У ХХК-д өглөгтэй байсан, тус компанийн захирал Б.Г од Ш.Ү нь өөрийн өмчлөлийн Лексус 570 маркийн 0000УНП улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгсөн үйл баримт зохигчдын тайлбар, гэрч Б.Г ын мэдүүлгээр нотлогдсон.

5.б.Хэргийн 13 дахь талд Ш.Ганбат, Б.Г нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээ авагдсан байна. Уг гэрээнд маргааны зүйл болох Лексус 570 маркийн 0000УНП улсын дугаартай автомашиныг худалдагч Ш.Ү аас худалдан авагч Б.Г од 201,595,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон агуулга тусгагдсан байна. Энэ гэрээний талуудын үнийн тохиролцоог нэхэмжлэгч Ш.Ү , хариуцагч М ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцон, үүргээс 212,963,000 төгрөг гүйцэтгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй.

5.в.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоос үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч М ХХК-ийн захирал Д.Болдын ...Ш.Ү ын захиалга хүчинтэй, байр байгаа, ... тооцооны хувьд эхлээд 103,900,000 төгрөг өгсөн, дараа нь Ганболдод Лексус 570 маркийн автомашин өгсөн байсан гэж мэдүүлсэн байна. Уг автомашиныг 201,950,000 төгрөгт тооцсон талаар мэдүүлэгт тусгагдаагүй байна. /хх-16/

5.г.Талууд Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээний 2.2-т орон сууцны төлбөр хийх хуваарийг баталсан байх бөгөөд уг хуваарийн явцын төлбөр гэсэн хэсэгт У ХХК бартерийн хэлбэрээр төлөх дүнг 73,552,000 төгрөг гэж, үлдэх төлбөрийг мөнгөн хэлбэрээр тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зуржээ. /1хх7/

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан нэхэмжлэгч Ш.Ү нь У ХХК-ийн захирал Б.Г од автомашин шилжүүлэх замаар хариуцагч М ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд 73,552,000 төгрөг төлсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 177,452,000 /103,900,000 төгрөг+73,552,000 төгрөг/ төгрөг гэж тодорхойлох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

5.д.Харин тээврийн зардалд 11,368,000 төгрөг төлсөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг анхан шатны шүүх зөрчөөгүй байна.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

6. Тодруулбал, уг автомашины үнээс 73,552,000 төгрөгийг энэхүү гэрээний бартерын төлбөрт тооцсон нь автомашины үнийг тодорхойлж буй явдал биш юм. Ш.Ү , Б.Г нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-ний автомашины үнэ төлөх үүрэгтэй холбоотой үлдэх хэсгээр шаардлага гаргах эрхийг энэхүү шийдвэр хөндөөгүй болохыг дурдах нь зүйтэй..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01575 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Үнэнбат нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2С/24 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний гүйцэтгэлд М ХХК-д 177,452,000 төгрөг төлсөн болохыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 139,411,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 677,450 гэснийг 1,110,210 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас урьдчилан төлсөн 1,222,765 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД