Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 493

 

М.С, Б.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Д.Халзан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 761 дүгээр магадлалтай, М.С, Б.Н нарт холбогдох 1906053521941 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

 

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-ийн С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Б-н Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч М.С-ийг хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч Б.Н-г бусдын  туслалцаа шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял, шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С эс 3,393,100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Б.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, прокуророос Б.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол тогтоох хэсгийн бусад заалтын М.С-д холбогдох хэсгүүдийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ “...магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан хохирогч Д.Э-н мэдүүлэг, /хх-ийн 50-51/, гэрч О.Д, Д.Э, Б.Г, Я.Э нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь талийгаач Д.Э-той найз нөхдийн харилцаатай байсан, хэрэг учрал болсон Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 16-6-205 тоот хашаанд талийгаач нь гэр бүлийн хамт амьдардаг байсныг мэддэг байсан үйл баримт тогтоогдсон. Мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр Б.Н-ын өмсөж байсан хос пүүз хураагдсан, мөн өмсөж байсан цамц, өмд зэрэг хувцас дээр талийгаач Д.Э-ын цус илэрсэн зэрэг үйл баримтуудаар шүүгдэгч М.С-ийг бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж буйг мэдэж байсан, уг үйлдлийг хараад өөрийгөө хамгаалахаар гутлаа өмсөхгүй гарч, харин талийгаач Д.Э-ыг орхин зугтаж буй үйл баримт хэрэгт авагдсан байхад шүүх түүний үйлдлийг хохирогчийн үхэлтэй ямар нэгэн үүрэг зориуд биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Хувь хүний субъектив санаа зорилгоор хэрэгжиж буй тухайн нөхцөл байдалд тохироогүй, нэн тэргүүнд өөрийн амь насыг тэргүүнд тавьж бусдын эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэхгүй зугтаж буйг зөвтгөх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тунхаглан зарласан “амьд явах, халдашгүй байх” зэрэг иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг зөрчиж иргэний журамт үүргийг биелүүлэхгүй байж болох боломжийг нээж буй Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн шүүхийн шийдвэр гэж үзэхээр байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос хоёр шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон. Давж заалдах шатны шүүх прокуророос Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтууд хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогчийг цус алдаж байхад нь орхиж явсан нөхцөл байдал, хэргийн үйл баримт тогтоогдсон байхад үндэслэлгүй дүгнэлт хийж Б.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Д.Халзан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.С, Б.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Прокуророос Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч М.С-д оногдуулсан 12 жилийн хорих ялыг хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй хэдий ч удамшдаг сэтгэцийн өвчний үр нөлөө, хэргийн талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан 10 жил болгон хөнгөрүүлэн шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объект нь өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэл, өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд бөгөөд хохирогчийг аюултай нөхцөлд орхисон тэр үеэс энэ гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

Ингэхдээ тусламж үзүүлэхээс зайлсхийсэн этгээдийн хувьд тухайн агшинд хохирогчийг авран хамгаалж, туслалцаа үзүүлэхэд байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл эсхүл халдагч этгээдийн довтолгоог зогсоох, аюулын түвшинг бууруулах нөхцөл бүрдсэн байсан эсэх буюу боломжит, бодит байдлын харьцааг зөв үнэлсний эцэст өөрийн амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй байх боломжийг тооцон дээрх гэмт хэрэгт буруутган эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэгтэй этгээд нь хохирогчид аюул учирсныг мэдсэн, мэдэх боломжтой байсан хэдий ч аюултай нөхцөл байдал бодитой бий болсон тохиолдолд хүлээсэн үүргийн хүрээнд өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулан хохирогчид зайлшгүй тусламж үзүүлэх үүргийг хууль шаардаагүй болно.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.С нь амь хохирогч Д.Э-ын цээжин тус газар архины хагархай шилээр олон тооны гэмтэл учруулах явцад Б.Н сэрж М.С-н гэмт үйлдлийг зогсоох зорилгоор амаар шаардлага тавьсан боловч өөрт нь халдаж довтолсны улмаас айж эмээн гэрээс зугтаж гарсан Б.Н-ын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй.

 

Тэрээр харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэгтэй этгээдэд ч хамаарахгүй юм.

 

Иймд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн Б.Н-г цагаатгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 761 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                ДАРГАЛАГЧ                                   Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН