Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 511

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

                                                                                                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Б.Баярхүү, хохирогчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Р.О, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030250 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 000000000000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Р.О /РД: 0000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.О нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, “Д Л” хотхоны 00000 тоотод оршин суух иргэн Д.Огийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа бөгж /18 кратын, 1,5 гр жинтэй, 750 сорьцтой, алмазан шигтгээтэй, алтан/, кулон /18 кратын, 0,8 гр жинтэй, завь хэлбэртэй, алтан/, бөгж /2,9 гр жинтэй, цулгуй алтан/ бугуйвч /18 кратын, сүлжиж ороосон алтан/, гинж /14 кратын, 4.7 гр жинтэй, алмазан шигтгээтэй, цагаан болон шар алтан/, зүүлт /мушгиа хэлбэртэй, алтан шармал/, бугуйвч /мушгиа хэлбэртэй, алтан шармал/, ээмэг /циркон шигтгээтэй, монетон/, ээмэг /4.8 гр жинтэй, мушгиа хэлбэртэй, шар монетон/, ээмэг /18 кратын, 1.6 гр жинтэй, завь хэлбэртэй/, гинж /18 кратын, сувдан алмазан шигтгээтэй, алтан кулоны хамт/, бөгж /18 кратын 2.5/24 хэмжээтэй, шар, цагаан, улаан 3 алтан хос бөгжний, шар алтан, 4 алмазан шигтгээтэй/, бөгж /ногоон мана шигтгээтэй бөгж/, аяга /бага гарын мөнгөн/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 15,549,718 төгрөгийн хохирол учруулсан  гэмт  хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Р.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хохирогчид ажил хийж хохирлоо барагдуулна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сард Р.О хөлөө эдгэртэл манай гэрт баймаар байна гэхээр нь Булган аймгийн Баяннуур сумаас авчирч гэртээ байлгасан. Р.О манай гэрт байх хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн үед нөхөр бид хоёр Тэрэлж рүү амрахаар яваад 2017 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед гэртээ ирэхэд Р.О“хөл өвдөөд байна” гэж хэлэхээр нь эмнэлэг рүү авч явахдаа ээмэг бөгжөө зүүх гээд үзэхэд байхгүй байсан. Тухайн үед сандраад анзаараагүй өнгөрсөн ба замдаа явж байхдаа “эгчийнх нь хуримын ээмэг, бөгж байхгүй байна, гэртээ ирээд олоорой” гэж хэлэхэд “олчихоод хэлье” гэж хэлсэн. Тэгээд намайг ажилдаа яваад орой гэртээ ирэхэд Р.О манай гэрт байгаагүй, хувцасаа аваад явчихсан гэрийн түлхүүрийг үүдний хэсэгт үлдээгээд явсан байсан. Тэгэхээр нь хамгаалалтын албаны камер шүүлгэх гээд ороход хамгаалагч “танай үйлчлэгч болон приус машинтай гурван залуу танайх руу орсон” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Би анх цагдаагийн байгууллагад хандахад манай гэрийн 3 дугаар давхарын ариун цэврийн өрөөний тавцан дээр байсан 9 ширхэг алмазан шигтгээтэй хуримын бөгж 1 ширхэг, алмазан шигтгээтэй эмэгтэй загварын бөгж 1 ширхэг, сувд болон алмазан шигтгээтэй гинж 1 ширхэг, хос ээмэг, эмэгтэй загварын алтан шаргал өнгийн бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсныг өргөдөл дээрээ тусгаж бичсэн. Тэрнээс хойш гэрийн эд зүйлээ шалгахад олон төрлийн ээмэг бөгж алдагсан байсныг мэдээд үнэлгээ хийлгэсэн. Би эд зүйлийн үнэлгээнд нь тусгагдсан 24 нэр төрлийн эд зүйлсээс 1, 2, 3, 6, 7, 10, 11, 15 дугаарт тусгагдсан эд зүйлийг бүрэн хүлээн авсан.

1. 4 дугаарт тусгагдсан 18 кратын орцтой монетон бугуйвчийг 2007 онд АНУ-д явж байхдаа үнэт эдлэлийн дэлгүүрээс тухайн үедээ 3,500 ам.долларын үнэтэй байсныг хямдрал зарласан гээд 1750 ам.доллараар худалдаж авсан. Уг эд зүйл нь миний унтлагын өрөөний үнэт эдлэлийн шүүгээнд байсан. Би уг бугуйвчийг 2016 оны 04 дүгээр сараас хойш зүүж хэрэглээгүй байсан. Худалдаж авсан баримт байхгүй.

2. 5 дугаарт тусгагдсан 14 кратын орцтой 4.7 граммтай цагаан болон шар алтан кулонтой гинжийг 2010 эсвэл 2011 оны үед АНУ-д явж байхдаа үнэт эдлэлийн дэлгүүрээс 50% хямдрал зарласан гээд 2000 ам.доллар арай хүрээгүй 1000 ам.доллараар худалдаж авсан. Би уг бугуйвчийг байнга хэрэглэдэг хамгийн сүүлд ариун цэврийн өрөөний тавиур дээр тайлж үлдээсэн байсан нь алдагдсан байгаа.

3. 8 дугаарт тусгагдсан мушгиа хэлбэртэй алтан шармал бугуйвч 1 ширхэгийг хулгайлсан байсныг барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьсан байсан.

4. 12 дугаартай тусгагдсан завь хэлбэртэй хос ээмэгний 1 ширхэгийг нь буцаан хүлээн авсан. 1 ширхэг нь хаана байгаа нь тодорхойгүй байна.

5. 13 дугаартай тусгагдсан 18 кратын шар гинжийг 2000 онд АНУ-д явж байхдаа 300 ам.доллараар худалдаж авсан, одоо худалдаж авсан талаар ямар нэгэн баримт байхгүй.

6. 14 дугаарт тусгагдсан эмэгтэй загварын цулгуй 18 кратын алтан кольцон бөгжийг 2005 онд АНУ-д явж байхдаа 200 ам.доллараар худалдаж авч байсан. Авсан баримт байхгүй.

7. 16 дугаарт тусгагдсан цагаан сувдан шигтгээтэй алтан бөгж Солонгос улсад явж байхдаа 350 ам.доллараар худалдаж авсан ямар нэгэн баримт байхгүй.

8. 17 дугаарт тусгагдсан 18 кратын 4 алмазан шигтгээтэй алтан эмэгтэй загварын бөгжийг 2008 онд АНУ-д явж байхдаа 3 хос бөгжийг 3000 гаруй ам.доллараар худалдаж авч байснаас алдагдсан бөгжийг нь 1,713,800 төгрөгөөр үнэлсэн байгаа. Р.О уг бөгжийг Булган аймгийн Баяннуур суманд архи ууж байхдаа алга болгосон гэж хэлсэн.

9. 18 дугаарт тусгагдсан церкон шигтгээтэй бүрмэл алтан хүзүүний зүүлтийг 2015 оны 7 сард АНУ-д явж байхдаа Монгол мөнгөөр 195,200 төгрөгөөр худалдаж авсан.

10. 19 дугаарт тусгагдсан эд зүйлсээс ногоон шигтгээтэй бүрмэл алтан бөгжийг хүлээн авсан бусад эд зүйлийг хүлээн аваагүй.

11. 20 дугаарт тусгагдсан бага гарын мөнгөн аягыг Р.Охулгайлж архи ууж явахдаа хаясан гэдгээ хэлсэн.

12. 21 дугаарт тусгагдсан 18 кратын 9.2 граммтай алмазан шигтгээтэй хуримын бөгж 1 ширхэгийг 2006 онд АНУ-аас 12,000 орчим ам.доллараар худалдаж авсан.

13. 22 дугаарт тусгагдсан сувдан шигтгээтэй алтан ээмэг /хос/-ийг 2008 онд АНУ-д явж байхдаа 4,655,000 төгрөгөөр худалдаж авсан.

14. 23 дугаарт тусгагдсан 18 кратын 6.5 граммтай гинжийг 2014 онд АНУ-д явж байхдаа 1600 ам.доллараар худалдаж авсан. Баримт байхгүй.

15. 24 дугаарт тусгагдсан Майкл Корс брэндийн эмэгтэй загварын алтан шармал бугуйн цагийг 2015 онд АНУ-ын онгоцны буудалд байрлах дэлгүүрээс 560 ам.доллараар худалдаж авсан.  

16. 25 дугаартай тусгагдсан эмэгтэй загварын Швейцарь бугуйн цагийг Швейцарь улсад явж байхдаа 250 ам.доллараар худалдаж авсан. Ямар нэгэн баримт байхгүй. ...Би Дамно үнэлгээний газар өөрийн алдагдсан эд зүйлүүдийг зүүчихсан байдалтай фото зураг аваачиж өгсөн. Уг зургуудад тулгуурлан үнэлгээ гаргаж  өгсөн байгаа...” /1-р хх-ийн 45, 151-153, 2-р хх-ийн 8-9/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын урд талд байрлах “Г” барьцаалан зээлдүүлэх газар Р.О гэх эмэгтэй монетон кулон 0.8 граммтай 1 ширхэг, алтан бөгж 1.5 граммтай 750 сорьцтой 1 ширхэгийг 100.000 төгрөгний барьцаанд тавьж зээл авсан. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2.9 граммтай 585 сорьцтой монетон бөгж 1 ширхэгийг 115,000 төгрөгний барьцаанд тавьж зээл авсан. Тэгээд хэд хоногийн дараа Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мөрдөн байцаагч Р.Оийг дагуулан ирж хулгайн эд зүйл барьцаанд тавьсан байна гээд хураан авсан. Энэ хүний үйлдлээс манай байгууллагад 215,000 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 48/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тунелийн автобусны буудлын хойд талд байрлах “С” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар Р.О гэдэг хүн орж ирээд 63.6 граммтай монетон гинж барьцаанд тавьж 300,000 төгрөг зээлж аваад дараа нь дахиад 500,000 төгрөг, 10,000 төгрөг, 20,000 төгрөг гэж зээл авсаар 830,000 төгрөг зээлж авчихаад одоог хүртэл ирж уулзаагүй хүү нь өссөөр 904,800 төгрөгний төлбөр гарчихсан байгаа...” /1-р хх-ийн 139/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд “Ө” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байхад 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаднаас эмэгтэй хүн орж ирээд монетон ээмэг 2 хос, кулоны хамт барьцаанд тавьж 350,000 төгрөг бодуулж авсан. Уг эмэгтэй Р.Огэсэн жолооны үнэмлэхээр бүртгэл хийлгэж байсан. Тэрнээс хойш Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс хүмүүс ирж хулгайн эд зүйл барьцаанд тавьсан байна гээд хурааж авсан. Одоо манай байгууллага 378,000 төгрөг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 141/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай барьцаалан зээлдүүлэх газар Р.О гэсэн бичиг баримтаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр монетон ээмэг 1 хос, кулон 1 ширхэг, 4,5 граммтай гинж 1 ширхэг зэрэг эд зүйлийг 200,000 төгрөгөөр барьцаанд тавиад нийт 214,000 төгрөг болсон боловч Р.О эд зүйлээ ирж аваагүй. Тэгээд хугацаа нь хэтэрчихсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсээс цагдаа нар ирж уулзаад хулгайн эд зүйл барьцаанд тавьсан гээд хураан авсан байгаа. Манай байгууллагын хувьд 214,000 төгрөг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 50/ гэсэн,

 

Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 9 дүгээр сараас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 4 дүгээр дэлгүүрийн урд талд байрлах А нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг хариуцан ажиллаж байгаа. Намайг ажиллаж байх хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Р.Огэх эмэгтэй 26 граммтай эмэгтэй бугуйвч барьцаанд тавьж, 300,000 төгрөг авсан байгаа. ...2017 оны 03 дугаар сард Р.Отэй хамт Д.О гэх эмэгтэй ирж уулзахаар нь монетон бугуйвч нь байгаа “мөнгөө төлөөд ав” гэж хэлэхэд цагдаагийн байгууллагад хандчихсан байгаа гэж хэлээд аваагүй явсан. Тэгээд удаагүй Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ярихаар нь бугуйвчаа аваачиж өгөх гээд куртикныхаа халаасанд хийчихсэн байсан ба тэр куртиктайгаа хөдөө яваад машин шаварт суучихаар нь курткигээ тайлж өмсөөд яваад байсан, хаяснаа мэдээгүй. Улаанбаатар хотод ирсэн хойноо мэдээд машинд хайгаад олохгүй байгаа. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, тэр бугуйвч хуурамч бугуйвч байсан...”/1-р хх-ийн 57/ гэсэн,

 

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, зурагт 000000тоотод  байрлах С барьцаалан зээлдүүлэх газарт ...2016 оны 10 дугаар сард монетон бугуйвч С Р.Огэдэг эмэгтэй барьцаанд тавьж 335,000 төгрөг авсан, тэрнээс хойш зээлийн гэрээнд заасан хугацаанд барьцааны эд зүйлийг ирж аваагүй, утас нь холбогдохгүй байсан. Улмаар зээл авснаас хойш гурван сарын хүлээлгэнд байж байгаад төв салбар луу барьцааны эд зүйл зарагдахаар шилжсэн...” /1-р хх-ийн 144/ гэсэн,

 

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Д Л хотхоны харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг. ...2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай хотхоны 00000-т оршин суух иргэн Д.Огийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байсан Р.О нь шөнө ирэхдээ гаднаас хоёр залуу дагуулж орж ирсэн. Тухайн үед хамгаалагчаар ажиллаж байсан Г хэлэхдээ “би гэр рүүгээ найзыгаа дагуулж орох гэсэн юм” гэж гуйсаар байгаад авч орсон байдаг. Тэрнээс хойш 2017 оны 02 дугаар сарын 19-ны өдөр гадуур явж байгаад 21 цаг 40 минутын үед дотогшоо орохдоо хамгаалагчид “машинтай орох гэж байна” гэж хэлээд Тоёота приус 10 маркийн 0000УНЭ улсын дугаартай автомашинтай ороод буцаж гарсныхаа дараа уг автомашинтайгаа ирээд нэг залууг дотогшоо юм авхуулна гээд дахин оруулсан. Тэр Д.Огийн гэрт орчихоод 20 орчим минут болоод гарч ирэн машинтайгаа гражийн үүдэнд хэсэг байсан. Тэр үед нь би ...өөрийн биеэр албаны машинтай очиж харахад урд талд нь хоёр залуу ...Р.Охойно нь нэг залуутай тэврэлдээд сууж байхад нь шаардлага тавьж хашаанаас гаргачихаад ажил дээр байж байхад удаагүй Р.О нэг залуутай бууж ирээд “энэ хүнээр түшүүлж орьё” гэж хэлэхээр нь “та хэн гэдэг хүн бэ” гэж асуухад би 00000 тоотод суудаг “Д.О гэдэг хүн байна” гэхээр нь нэрсийн жагсаалт шүүж харахад Д.О гэдэг хүний нэр байхаар нь ганцааранг нь дотогшоо оруулаад нөгөө залууг нэвтрүүлээгүй. Тухайн үед манай хамгаалагч бид 2 тэр эмэгтэйг Р.Огэж мэдээгүй Д.О гэдэг эмэгтэй л юм байх гэж бодож байсан. Би Р.Оийг гэр лүү нь оруулж өгөхөөр явж байхдаа “гэрийн эзэн мөн үү” гэж асуухад би Р.Огэдэг хүн Д.О нь манай төрсөн эгч минь байгаа юм энэ хүмүүс манай найзууд, хөдөөнөөс ирсэн юм гэж хэлсэн...” /1-р хх-ийн 53/ гэсэн,

 

Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 19-ний орой …21 цаг 40 минутын үед Р.О постын цонхон дээр ирээд “гэрээсээ юм авах гэсэн юм, машинаа оруулаадахья” гэхээр нь Тоёота Приус 10 маркийн бараан өнгийн машиныг нь оруулсан. Тэгээд 22-оос 23 цагийн үед буцаж гарч яваад шөнийн 01 цагийн үед Р.О өмнө ирсэн машинтайгаа хашааны гадна ирж зогсоод, жолоочийн хажууд сууж байсан О...хашаа руу орох гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд “айл руу орох гэж байгаа юм” гэж хэлэхэд оруулсан. ...Тэгээд 10 гаруй минутын дараа О дотроос гарч ирээд машинтайгаа 00000 тоот хашааны үүдэнд зогссон. ...Тэр үед С ...ахлах машинтайгаа очиж гэрлээрээ дохиж машиныг хашаанаас гаргасан. Тэгээд ...нөгөө машин цааш явахгүй зогсож байгаад С, Р.О хоёр ирээд хашаагаар орох гэхэд С тэр хоёрт хандаж “та хоёр хаашаа орох гээд байгаа юм бэ” гэж асуухад “00000 тоотод Д.О гэж байгаа” гэхээр нь шалгахад 00000 тоотод Д.О гэдэг нэр байсан. ...Тэгэхэд Р.О манай ахлагчийг “манай гэрийн үүд хүргээд өг, миний хөл муу байгаа” гэж хэлээд Сзаяатай хамт 00000 тоот руу орсон. Тэгээд 30-40 минутын дараа С ахлах орж ирээд “энэ хүүхэн гэрийн эзэн гээд байсан биш болж таарлаа, гэрийн эзэн Д.О нь Тэрэлж рүү амрах гээд явчихсан байгаа юм байна, би орж кофе хийж өгөөд камерийн бичлэгийн үзэж болох уу, устгаж болох уу” гэж асууж байна гээд намайг эргүүл гаргаж, 00000 тоотын машиныг битгий оруулаарай гэж хэлсэн...” /1-р хх-ийн 58-59/ гэсэн,

 

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед ...Зайсанд Д ахын байсан газар очиход Д ах машиндаа нэг эмэгтэйтэй архи ууж байсан. ...Эмээ дуудаад байхаар нь Д ахад “явья” гэж хэлэхэд “одоохон” гэж хэлээд От нөгөө эгчийн гэрийн хаалганы түлхүүрийг өгч явуулаад “аль хаалга байна мэдчихээд ир” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа О гарч ирээд байрыг нь олчихолоо гэхээр нь  хамгаалагчаас нь асууж байгаад хашаа руу орж нөгөө эгчийн байрны гадна очоод удаагүй байхад ...хамгаалалтын албаны хүн машинтай ирж хашаанаас гарахыг шаардахаар нь хашаанаас гараад хажуу талд нь зогсоод тэр эмэгтэй оруулах гэхэд сэрэхгүй байхаар нь татаж босгоод машинаас гаргаад хашаа руу орох гэхэд хамгаалагч нь “хаашаа орох гэж байгаа” гэх асуухаар нь “энэ эгчийг гэрт нь оруулж өгөх гэсэн юм” гэж хэлэхэд нөгөө эгч намайг “хамт оръё гэхээр нь би хамгаалагчид нь үлдээчихээд машин руугаа явсан...” /1-р хх-ийн 60/ гэсэн,

 

Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сард ...найз найртайгаа уулзахад Р.О, З нар хамт байсан, бид нар архи уугаад буудлын өрөөнд хоносон. Тэгээд маргааш өглөө нь Р.О миний цүнхэнд байсан бэлэн 100,000 төгрөг, мөнгөн аяга байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэр өдрөө Р.О тэй хамт архи уух гэсэн боловч мөнгө байхгүй байсан болохоор Р.О хүзүүндээ зүүчихсэн байсан алтан гинжээ Сансарын тэнд байсан барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавихаар үзүүлэхэд “5 сая төгрөг болно” гэж хэлсэн ба тухайн үед 500.000 төгрөг аваад, караоке орж дуулж архи ууж байгаад нөгөө зочид буудалдаа хоносон. Тухайн үед З, Р.О бид 3 ломбард руу яваад үргэлжлүүлэн шоудсан. Тэгээд маргааш нь ...шөнийн 03 цагийн үед Р.О над руу залгаад ...”мөнгөө алдчихлаа” гэж хэлж байсан. ...Тэгээд 2017 оны 02 дугаар сард ...Р.О 23 цагийн үед залгаад “хүрээд ир” гэхээр нь Д гэдэг найзын хамт очиход хамт явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэйгээ архи уугаад сууж байхаар нь хүлээж байгаад шөнийн 01 цагийн үед ...Р.Отэй гурвуулаа гарч ...Зайсанд байх гэрийг нь заалгаж ирэхэд “манай гэрт хамт орьё, манайхан бүгд хөдөө амралтанд явчихсан гэж” хэлэхээр нь “орохгүй” гэхэд “муу санаатай юм бэ” ороод гар гээд ятгаад байхаар нь найзын хамт орж 1 давхарын гал тогооны хэсгийн сандал дээр сууж байхад бид хоёрт кофе чанаж өгөөд гэрээ танилцуулья гээд бид хоёыг дагуулж гурван давхар байраа танилцуулж, “хамт хоноё” гэж хэлээд гражийн хаалгаа хаачихаад онгойлгохгүй зогсоод байхаар нь түлхүүрийг нь булааж авч гарахад Р.О...”машинд чинь байгаа архийг ууя” гээд дагаад байхаар нь машиндаа суугаад тэр чигээрээ явсан...” /1-р хх-ийн 54-55/ гэсэн,

 

Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын дундуур Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн автобусны буудлын хажууд байрлах “Х” зочид буудалд ажиллаж байхад манай ажил дээр Р.О охинтойгоо орж ирээд “хөдөөнөөс ирсэн чинь айлын хүмүүс байхгүй, цоожтой байна, танай буудалд хонох гэсэн юм” гэж хэлээд охиныхоо хамт манай буудалд хоёр хоносон. ...Хэсэг холбоогүй байж байгаад миний зүс таних Г гэдэг залуутай хамт ирж буудалд хонохдоо архи уусан. Тэр үед мөнгө байхгүй гээд хүзүүндээ зүүж явсан алтан гинжийг ломбарданд тавьж 200,000 төгрөг авч, бид гурав гадуур караокедож байгаад буудалд очиж хоносон. Тэгээд хэд хоногийн дараа Р.О манай ажил дээр ирж уулзахад нь манай найз Н, Д нар байсан ба Р.О ломбард руу явж 500,000 төгрөг аваад надад 50,000 төгрөг зээлүүлсэн. Манай найз нартай Р.О нийлээд буудлын өрөөнд архи уугаад хоносон. ...Үүний дараа Р.О хэсэг алга болчихоод 2017 оны 02 дугаар сарын дундуур манай ажил дээр ирж хальт уулзаад 130,000 төгрөг хадгалуулчихаад явсан...” /1-р хх-ийн 52/ гэсэн,

 

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хүснэгтээс 4 дугаарт байрлах 18 кратын сүлжиж ороосон алтан бугуйвч манай найзад байдаг боловч ихэвчлэн зүүдэггүй. Мөн 5 дугаарт бичигдсэн 14 кратын алмазан шигтгээтэй цагаан болон шар алтан кулонтой алтан хүзүүний зүүлт нь манай найзад байдаг, заримдаа зүүж хэрэглэж байхыг мэднэ. Харин 8 дугаартай мушгиа хэлбэртэй алтан шармал бугуйвчийг С мэдэхгүй байна. Мөн 13 дугаарт байрлах зүрхэн хэлбэртэй зураг хийх зориулалттай кулонтой хүзүүний зүүлтийг маш С санаж байна. Тэр АНУ руу явж ирэхдээ авч ирж байсан. 14 дугаарт байрлах 18 кратын цулгуй алтан бөгжийг С санаж байна заримдаа зүүдэг хэрэглэдэг. 15 дугаарт байрлах 18 кратын дундаа сувдан шигтгээтэй сувдаа тойруулсан жижигхэн алмазан шигтгээнүүдтэй алтан хүзүүний зүүлтийг  санаж байна. 16 дугаарт бичигдсэн цагаан сувдан шигтгээтэй монетон бөгж манай найзад байдгийг санаж байна. Харин 17 дугаарт байрлах 2 хос цагаан болон шар ягаан хос бөгжнүүдийг шар алтан бөгж нь алдагдсан гэж байна. Манай найзад 3 хос алтан бөгж байдаг байсан. 18, 19, 20 дугаарт байрлах эд зүйлийг С санахгүй байна. Харин 21 дугаарт байрлах 18 кратын 10 ширхэг алмазан шигтгээтэй хуримын бөгжийг маш С мэдэж байна. Манай найз уг хуримын бөгжийг байнга зүүж хэрэглэдэг байсан. Мөн 22 дугаарт байрлах 18 кратын 8,6 грамм жинтэй алмазан тойрсон сувдтай алтан ээмэг нь дээр дурдсан 16 дугаартай байрлах бөгжний хос байх гэж бодож байна. Харин 23 дугаарт байрлах гинж, 22 дугаарт байрлах ээмэгний хослол байна. Харин 24 дугаарт байрлах Майкл Корсын алтан шармал том эмэгтэй загварын цагийг манай найз АНУ руу явж ирэхдээ худалдаж авч ирсэн. Харин 25 дугаарт байрлах Швейцарь бугуйн цагийг яг нарийн С мэдэхгүй байна...” /2-р хх-ийн 37-38/ гэсэн,

 

Гэрч А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би алдагдсан эд зүйлсийн жагсаалттай нэг бүрчлэн уншиж танилцлаа. Уг жагсаалтанд заагдсан эд зүйлс бүгдээрээ манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн байна. Жагсаалтын 21 дүгээр зүйлд заагдсан 18 кратын 9,2 грамм жинтэй алмазан шигтгээтэй хуримын бөгжийг би эхнэртэйгээ гэр бүл болохоосоо өмнө АНУ-с хосоор нь 20,000 доллараар худалдаж авч байсан. ...Мөн жагсаалтын 24 дүгээрт заасан Майкл корсын цагийг 4 жилийн өмнө АНУ руу явахдаа 1,114,400 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн 23 дугаарт байгаа 18 кратын 6,5 граммын жинтэй сувд болон алмазан шигтгээтэй хүзүүний зүүлтийг АНУ-с үнэлгээнд заагдсан үнээр худалдаж авсан. Мөн 13 дугаарт заагдсан 18 кратын зүрхэн хэлбэртэй зураг хийх зориулалттай хүзүүний зүүлтийг 7-8 жилийн өмнө худалдаж авсан. Мөн 14 дугаарт заасан 18 кратын 4,3 грамм жинтэй алтан кольцо бөгжийг АНУ руу яваад ирэхдээ худалдаж авсан. 17 дугаарт заагдсан 3 хос нарийхан загвартай бөгж байдаг ба тус тусд нь болон цугт нь зүүж болдог. Мөн 4 дугаарт заагдсан сүлжмэл бугуйвч мөн байна...” /2-р хх-ийн 40-41/ гэсэн,

 

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Үнэлгээг гаргахдаа нүдээр харах боломжгүй, хөрөнгийн талаар тодорхойлж өгсөн тодорхойлолтонд үндэслэн түүнтэй ижил чанарын хөрөнгийн зах зээлийн хамгийн доод нөхцлөөр үнэлж гаргадаг. Уг үнэлгээний хувьд цагдаагийн байгууллагаас ирүүлсэн 24 ширхэг эд зүйлийг тодорхойлолтод үндэслэж гаргаж өгсөн. ...Хохирогчийн үзүүлсэн гэрэл зургуудын ихэнхи нь эд зүйлийн онцлог содон шинжийг харуулж чадахгүй байсан тул цагдаагийн байгууллагаас гаргаж өгсөн хүснэгтэнд байгаа тоо ширхэгийг зах зээлийн үнэлгээгээр дүгнэлтийг гаргаж өгсөн...” /2-р хх-ийн 11-12/ гэсэн,

 

Шүүгдэгч Р.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би эд зүйлийн үнэлгээнд авагдсан эд зүйлсээс 1 дугаартай алмазан шигтгээтэй алтан бөгжийг 2017 оны 02 дугаар сард Д.О эгчийн гэрээс  ...авч гараад Өргөө кино театрийн хажууд Г барьцаалан зээлдүүлэх газар 100,000 төгрөгний барьцаанд тавьж мөнгөөр нь нэгж архи авч уугаад үрээд дуусгасан. Мөн үнэлгээний 2, 3 дугаартай бичигдсэн завь хэлбэртэй алтан кулон 1 ширхэг болон цулгуй алтан бөгжийг 2017 оны 2 дугаар сард хулгайлж Өргөө кино театрын хажууд Г барьцаалан зээлүүлэх газар 110,000 төгрөгний барьцаанд тавьж мөнгөөр нь архи ууж найз нөхөдтэйгөө уулзаад үрээд дуусгасан. Үнэлгээний 4 дүгээрт бичигдсэн алтан бугуйвчийг 2016 оны 10 дугаар сард хулгайлж Долоон буудалд байрлах С нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 350,000 төгрөгөөр тавьсан. Дараа нь хохирогчтой хамт очих үед барьцаанд тавьсан хугацаа нь дуусаад зарагдсан байсан. Үнэлгээний 5,6 дугаарт бичигдсэн алмазан шигтгээтэй цагаан алтан гинж, шар алтан кулон хамт 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр авч Дамбадаржаад байрлах Х ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар 200,000 төгрөгөөр, 7 дугаарт бичигдсэн мушгиа хэлбэртэй алтан гинж 1 ширхэгийг 2016 оны 10 дугаар сард хулгайлж аваад Долоон буудлын С барьцаалан зээлдүүлэх газар 300,000 төгрөг, 500,000 төгрөг, 30,000 төгрөг цувуулж нийт 830,000 төгрөгний барьцаанд тавьж мөнгийг үрээд дуусгасан. Үүнийг ломбарднаас хураан авч Д.О эгчид өгсөн. 8 дугаарт бичигдсэн алтан шармал бугуйвчийг 2017 оны 02 дугаар сарын дундуур хулгайлж хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд байрлах барьцаалан зээлдүүлэх газар 350,000 төгрөгний барьцаанд тавьсан, 10 дугаарт бичигдсэн мушгиа хэлбэртэй ээмэг, 12 дугаарт бичигдсэн завь хэлбэртэй ээмэг 1 хос ээмэг зэргийг 2017 оны 02 дугаар сард хулгайлж аваад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд байрлах Ө барьцаалан зээлдүүлэх газарт 350,000 төгрөгний барьцаанд тавьж хүү 28,000 төгрөг нийт 378,000 төгрөг төлөх ёстой мөнгийг үрээд дуусгасан. 12 дугаарт бичигдсэн завь хэлбэртэй ээмгийг өрөөснийг хаягдсан байх нэгийг нь Д.О эгч авсан гэж байсан. Мөн 17 дугаарт бичигдсэн 18 кратын 4 алмазан шигтгээтэй алтан бөгжийг 2016 оны 10 дугаар сард Булган аймгийн Дашинчилэн сум руу зүүж очоод архи ууж байхдаа хаячихсан. Мөн 19 дүгээрт бичигдсэн ногоон мана шигтгээтэй бөгж бугуйвчны хослолоос бөгжийг нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хулгайлж аваад барьцаалан зээлдүүлэх газарт өгөх гэхэд хуурамч байна гээд байхаар нь би зүүж яваад Д.О эгчтэй уулзах үед айгаад ариун цэврийн өрөөний суултуурын ард талд нь нуусан, тэгээд гаргаад өөрт нь өгсөн. Харин ээмэг нь алдагдаагүй гэрт нь байна гэсэн, бугуйвчийг би аваагүй. ...20 дугаарт бичигдсэн мөнгөн аягыг хулгайлж аваад 2016 оны 10 дугаар сард найз нартайгаа архи ууж байгаад алдчихсан. Харин үнэлгээний 13 дугаарт бичигдсэн зүрхэн хэлбэртэй зураг хийх зориулалттай гинж, 14 дугаарт бичигдсэн цулгуй алтан бөгж, 15, 16 дугаарт бичигдсэн цагаан сувдан шигтгээтэй шар алтан бөгж, гинж, 18 дугаарт бичигдсэн церконон шигтгээтэй гоёлын зүүлт, 21 дугаарт бичигдсэн 10 ширхэг алмазан шигтгээтэй гоёлын бөгж, 22 дугаарт бичигдсэн алмаз тойрсон сувдан алтан ээмэг, 23 дугаар бичигдсэн алтан тойрсон сувдан кулонтой алтан гинж, 24 дугаарт бичигдсэн алтан шаргал бугуйн цаг, 25 дугаарт бичигдсэн Швейцарь бугуйн цагийг би аваагүй...” /1-р хх-ийн 82-83, 158-159/ гэсэн мэдүүлГ,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-27, 28-33/

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 34-37, 39-40, 41-42,149-150/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 154-156/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 14-25, 2-р хх-ийн 46-47/,

- Шүүгдэгч Р.Оийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 119-120, 125/

- Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай /2-р хх-ийн 65-67/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Р.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.О нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, “Д Л” хотхоны 00000 тоотод оршин суух иргэн Д.Огийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа бөгж, кулон, гинж, зүүлт, бугуйвч, ээмэг, аяга зэрэг 14 нэр төрлийн эд зүйлсийг хүч хэрэгэлэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 15,549,718 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Д.О-гийн “...2016 оны 12 дугаар сард Р.О хөлөө эдгэртэл манай гэрт баймаар байна гэхээр нь Булган аймгийн Баяннуур сумаас авчирч гэртээ байлгасан. Р.Оманай гэрт байх хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн үед нөхөр бид хоёр Тэрэлж рүү амрахаар яваад 2017 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед гэртээ ирэхэд Р.О“хөл өвдөөд байна” гэж хэлэхээр нь эмнэлэг рүү авч явахдаа ээмэг бөгжөө зүүх гээд үзэхэд байхгүй байсан. Тухайн үед сандраад анзаараагүй өнгөрсөн ба замдаа явж байхдаа “эгчийнх нь хуримын ээмэг, бөгж байхгүй байна, гэртээ ирээд олоорой” гэж хэлэхэд “олчихоод хэлье” гэж хэлсэн. Тэгээд намайг ажилдаа яваад орой гэртээ ирэхэд Р.О манай гэрт байгаагүй, хувцасаа аваад явчихсан гэрийн түлхүүрийг үүдний хэсэгт үлдээгээд явсан байсан. Тэгэхээр нь хамгаалалтын албаны камер шүүлгэх гээд ороход хамгаалагч “танай үйлчлэгч болон приус машинтай гурван залуу танайх руу орсон” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Хулгайд алдсан эд зүйлсээс зарим эд зүйлсээ буцааж авсан, маш их гомдолтой байна...” /1-р хх-ийн 45, 151-153, 2-р хх-ийн 8-9/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч А.А-гийн “...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ...Р.О гэх эмэгтэй монетон кулон 0.8 граммтай 1 ширхэг, алтан бөгж 1.5 граммтай 750 сорьцтой 1 ширхэгийг 100.000 төгрөгний барьцаанд тавьж зээл авсан. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2.9 граммтай 585 сорьцтой монетон бөгж 1 ширхэгийг 115,000 төгрөгний барьцаанд тавьж зээл авсан...” /1-р хх-ийн 48/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Б.Э-ын “...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...Р.Огэдэг хүн орж ирээд 63.6 граммтай монетон гинж барьцаанд тавьж 300,000 төгрөг зээлж аваад дараа нь дахиад 500,000 төгрөг, 10,000 төгрөг, 20,000 төгрөг гэж зээл авсаар 830,000 төгрөг зээлж авчихаад одоог хүртэл ирж уулзаагүй, хүү нь өссөөр 904,800 төгрөгний төлбөр гарчихсан байгаа...” /1-р хх-ийн 139/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Э.Ч-ийн “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаднаас эмэгтэй хүн орж ирээд монетон ээмэг 2 хос, кулоны хамт барьцаанд тавьж 350,000 төгрөг бодуулж авсан. Уг эмэгтэй Р.Огэсэн жолооны үнэмлэхээр бүртгэл хийлгэж байсан...” /1-р хх-ийн 141/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Д.Б-ы “...Манай барьцаалан зээлдүүлэх газар Р.О гэсэн бичиг баримтаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр монетон ээмэг 1 хос, кулон 1 ширхэг, 4,5 граммтай гинж 1 ширхэг зэрэг эд зүйлийг 200,000 төгрөгөөр барьцаанд тавиад нийт 214,000 төгрөг болсон боловч Р.О эд зүйлээ ирж аваагүй...” /1-р хх-ийн 50/ гэсэн, гэрч П.Сын “...2016 оны 9 дүгээр сараас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 4 дүгээр дэлгүүрийн урд талд байрлах А нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын хариуцан ажиллаж байгаа. Намайг ажиллаж байх хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр  Р.О гэх эмэгтэй 26 граммтай эмэгтэй бугуйвч барьцаанд тавьж, 300,000 төгрөг авсан...”/1-р хх-ийн 57/ гэсэн, гэрч Б.Аийн: “...2016 оны 10 дугаар сард монетон бугуйвч С.Р.Огэдэг эмэгтэй барьцаанд тавьж 335,000 төгрөг авсан...” /1-р хх-ийн 144/ гэсэн, гэрч А“...Жагсаалтын 21 дүгээр зүйлд заагдсан 18 кратын 9,2 грамм жинтэй алмазан шигтгээтэй хуримын бөгжийг ...20,000 доллараар, ... 24 дүгээрт заасан Майкл корсын цагийг 4 жилийн өмнө, ...23 дугаарт байгаа 18 кратын 6,5 граммын жинтэй сувд болон алмазан шигтгээтэй хүзүүний зүүлт зэргийг АНУ-с ...худалдаж авсан. Мөн 13 дугаарт заагдсан 18 кратын зүрхэн хэлбэртэй зураг хийх зориулалттай хүзүүний зүүлт, 14 дугаарт заасан 18 кратын 4,3 грамм жинтэй алтан кольцо бөгж зэргийг бас АНУ руу яваад ирэхдээ худалдаж авсан...” /2-р хх-ийн 40-41/ гэсэн, шүүгдэгч Р.Оийн “...Алмазан шигтгээтэй алтан бөгжийг 2017 оны 02 дугаар сард, ...завь хэлбэртэй алтан кулон 1 ширхэг болон цулгуй алтан бөгжийг 2017 оны 2 дугаар сард, ...алтан бугуйвчийг 2016 оны 10 дугаар сард, ...алмазан шигтгээтэй цагаан алтан гинж, шар алтан кулон хамт 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, ...мушгиа хэлбэртэй алтан гинж 1 ширхэгийг 2016 оны 10 дугаар сард, ...алтан шармал бугуйвчийг 2017 оны 02 дугаар сарын дундуур, ...мушгиа хэлбэртэй ээмэг, завь хэлбэртэй ээмэг 1 хос ээмэг зэргийг 2017 оны 02 дугаар сард, ...завь хэлбэртэй ээмэг, ...18 кратын 4 алмазан шигтгээтэй алтан бөгжийг 2016 оны 10 дугаар сард, ...ногоон мана шигтгээтэй бөгж бугуйвчны хослолоос бөгжийг нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, ...мөнгөн аягаы зэрэг эд зүйлсийг хулгайлсан...” /1-р хх-ийн 82-83, 158-159/ гэсэн мэдүүлГ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч А.Сзаяа /1-р хх-ийн 53/ гэсэн, Д.Ж /1-р хх-ийн 58-59/, Б.Б /1-р хх-ийн 60/, А.Г/1-р хх-ийн 54-55/, Б.З /1-р хх-ийн 52/ нарын мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-27, 28-33/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 34-37, 39-40, 41-42,149-150/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 154-156/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 14-25, 2-р хх-ийн 46-47/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Р.Од 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд хуульд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Р.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Р.О-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-гийн эд хөрөнгөд нийт 15,549,718 төгрөгийг хохирол учирсан /1-р хх-ийн 21-23, 2-р хх-ийн 46-47/-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,079,518 төгрөгийн эд зүйлсийг хураан авч, хохирогчид буцаан өгсөн, зарим иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлөгдсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /1-р хх-ийн 34, 141, 146, 150, 173-174/ байх тул гэм буруутай этгээдээс 10,375,000 төгрөг гаргуулж  9,470,200 төгрөгийг хохирогч Д.О-д, 904,800 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Э-ад тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Р.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн Р.О-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж,   гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирол бүрэн төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн ажил эрхлэлт, нийгэмд биеэ авч явж буй байдал, ар гэрийн нөхцөл зэрэг хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгчид хуульд зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасныг дээр дурдсан үндэслэлээр шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Р.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр 2017 оны 03 дугаар сарын 27-ноос 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нийт 59 хоног цагдан хоригдсоныг /1-р хх-ийн 75-77, 167/ түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 201726030250 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа шүүх хуралдаанд “Р.О нь олон удаагийн үйлдлээр тухайн эд зүйлсийг хулгайлж, ломбарданд тавьж мөнгөөр нь архи ууж, наргиж дуусгасан. Түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинжтэй, энэ зүйл хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй” гэсэн саналыг гаргажээ.

Эрүүгийн хуульд байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэсэн шинж нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр орж ирсэн бөгөөд шүүгдэгч Р.О-ийн үйлдэл нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдэгдсэн байх тул хуулийн энэ зүйл хэсгээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн, хохирогчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р,Оийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Од оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-ээс 10,375,000 /арван сая, гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.О /РД: 0000000000, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Д хотхон 00000 тоотод оршин суух хаягтай/-д 9,470,200 /есөн сая, дөрвөн зуун далан мянга, хоёр зуу/ төгрөгийг, ,  иргэний нэхэмжлэгч Б.Э/РД: 00000000000, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 000000 тоотод оршин суух хаягтай/-д 904,800 /есөн зуун дөрвөн мянга, найман зуу/ төгрөгийг  тус тус олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оийн цагдан хоригдсон 59 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн 201726030250 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР