Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

Р.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Баярхүү,

хохирогч Д.Оргилмаагийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

шүүгдэгч Р.О- ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.О- , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор Р.О-д холбогдох 201726030250 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц овгийн Р-ийн О, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр ........... ............. ........... .........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

 

Р.О-  нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, “Дрийм ланд” хотхоны 2-3 тоотод оршин суух иргэн Д.Оргилмаагийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа 18 кратын, 1,5 гр жинтэй, 750 сорьцтой, алмазан шигтгээтэй алтан бөгж, 18 кратын, 0,8 гр жинтэй, завь хэлбэртэй алтан кулон, 2,9 гр жинтэй, цулгуй алтан бөгж, 18 кратын, сүлжиж ороосон алтан бугуйвч, 14 кратын, 4.7 гр жинтэй, алмазан шигтгээтэй цагаан болон шар алтан гинж, мушгиа хэлбэртэй, алтан шармал зүүлт, мушгиа хэлбэртэй, алтан шармал бугуйвч, циркон шигтгээтэй монетон ээмэг, 4.8 гр жинтэй, мушгиа хэлбэртэй, шар монетон ээмэг, 18 кратын, 1.6 гр жинтэй, завь хэлбэртэй ээмэг, 18 кратын, сувдан алмазан шигтгээтэй алтан гинж, кулоны хамт, 18 кратын 2.5/24 хэмжээтэй, шар, цагаан, улаан 3 алтан хос бөгж, шар алтан, 4 алмазан шигтгээтэй бөгж, ногоон мана шигтгээтэй бөгж, бага гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 15,549,718 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Р.О- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овгийн Р-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р-ийн О-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О- ээс 10,375,000 /арван сая, гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.О /РД: ..........., Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, .. дугаар хэсэг, ............... тоотод оршин суух хаягтай/-д 9,470,200 /есөн сая, дөрвөн зуун далан мянга, хоёр зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбат /РД:У394031614, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-9 тоотод оршин суух хаягтай/-д 904,800 /есөн зуун дөрвөн мянга, найман зуу/ төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О- ийн цагдан хоригдсон 59 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эрүүгийн 201726030250 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.О-  давж заалдах гомдолдоо: “...Р овогтой О миний бие өөрийн санамсар болгоомжгүй байдлаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Р.О-  миний бие хохирогч Д.О-д төлөгдөөгүй үлдсэн 9,470,200 төгрөгийг хөдөлмөрлөн төлж барагдуулахаа амлаж байна. Р.О-  миний үйлдсэн гэмт хэргийг хянан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Р.О- ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.О-  нь иргэн Д.О-ийн гэрт амьдарч байхдаа түүний эд зүйлийг хулгайлан, бусдад хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байгаа. Хэргийн зүйлчлэл болон гэм бурууд маргаан байхгүй.

Анхан шатны шүүх Р.О-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, Р.О-д ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Р.О-  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол 6,079,518 төгрөгийг Д.О-д, иргэний нэхэмжлэгч “Өнө Оюу Эрдэнэ” ХХК-нд 378,000 төгрөг, “Халиун” ХХК-нд 214,000 төгрөг, “Гүүд” ХХК-нд 215,000 төгрөгийг тус тус төлсөн. Хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, Р.О-  нь ам бүл 6, эцэг, эх, ах, дүү, охиныхоо хамт амьдардаг. Хохирогчийн эд зүйлийн ихэнх хэсгийг биет байдлаар нь буцааж өгсөн. Шүүх Р.О-д ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг биетээр болон мөнгөөр төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг дүгнээгүй.

Иймд дээрхи нөхцөл байдлыг хянан үзэж, Р.О-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.О-ийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Оргилмаа нийт 40,000,000 гаруй төгрөгийн эд зүйл алдсан. Мөрдөн байцаалтын шатанд 15,000,000 гаруй төгрөгийн эд зүйлийг Р.О-  хулгайлсан нь тогтоогдсон гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Энэ асуудалд ямар нэгэн гомдол гаргаагүй. Шүүх 3 жилийн ял оногдуулсан нь хуульд нийцсэн, оногдуулсан ял тохирсон. 6,079,518 төгрөгийн хохирлыг Р.О-  төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй. Учир нь, цагдаагийн байгууллагын идэвхтэй үйл ажиллагаагаар ломбарднаас хураан авсан эд зүйлүүд л эзэндээ буцаагдсан. Гэмт хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл 2 жил гарангийн хугацаанд биет байдлаар миний үйлчлүүлэгчид 1 төгрөгийн ч хохирол төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.О-  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлнө гэж мэдүүлдэг боловч өнөөдрийг хүртэл хохирогч Д.О-д хохирол төлбөр төлөөгүй. Хохирлын хэмжээнээс тодорхой зүйлийг биет байдлаар төлөгдсөн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ломбарднаас эд зүйлийг биет байдлаар хураан авч буцаан хүлээлгэн өгсөн. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Р.О-  нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, “Дрийм ланд” хотхоны 2-3 тоотод оршин суух иргэн Д.Оргилмаагийн гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа 18 кратын, 1,5 гр жинтэй, 750 сорьцтой, алмазан шигтгээтэй алтан бөгж, 18 кратын, 0,8 гр жинтэй, завь хэлбэртэй алтан кулон, 2,9 гр жинтэй, цулгуй алтан бөгж, 18 кратын, сүлжиж ороосон алтан бугуйвч, 14 кратын, 4.7 гр жинтэй, алмазан шигтгээтэй цагаан болон шар алтан гинж, мушгиа хэлбэртэй алтан шармал зүүлт, мушгиа хэлбэртэй алтан шармал бугуйвч, циркон шигтгээтэй монетон ээмэг, 4.8 гр жинтэй мушгиа хэлбэртэй шар монетон ээмэг, 18 кратын, 1.6 гр жинтэй завь хэлбэртэй ээмэг, 18 кратын, сувдан алмазан шигтгээтэй алтан гинжийг кулоны хамт, 18 кратын 2.5/24 хэмжээтэй шар, цагаан, улаан 3 алтан хос бөгж, шар алтан, 4 алмазан шигтгээтэй бөгж, ногоон мана шигтгээтэй бөгж, бага гарын мөнгөн аяга зэргийг хулгайлж, нийт 15,549,718 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Д.О-ийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа, эд зүйлийг нь авсан талаар Р.О-  /1 хх 80, 82-83, 158-159/ нь тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгч Э.Чулуунцэцэг /1 хх 141/, Д.Батсайхан /1 хх 50/, гэрч П.Сүхбаатар /1 хх 57/, Б.Алтанцэцэг /1 хх 144/, А.Гантөмөр /1 хх 54-55/, Б.Золзаяа /1 хх 52/ нарын мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 26-33/, хулгайлагдсан зарим эд зүйлүүдийг ломбарднаас хураан авч, хохирогч Д.Оргилмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 34-37, 39-42, 149-150/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 154-156/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 14-25, 2 хх 46-47/ зэргээр нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Р.О- ийн бусдын гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Р.О- ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Р.О-  “...хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлж шийтгэж өгнө үү..., түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ. 

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.О-д сонгон оногдуулсан хорих ял, хорих ялын хэмжээ нь Р.О- ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруу, түүний хувийн байдалд тохирчээ.

 

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульд заасан бөгөөд шүүгдэгч Р.О- ийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал нь хэрэгжих боломжгүй байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Р.О- , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.О- , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ