Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0011

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0072 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0072 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын №БСШУСЯ/201801104 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг, захиалагчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар мэдэгдлийг, мөн аймгийн Засаг дарга болон “Ч-У” ХХК-ийн захирал Б.М нарын байгуулсан “Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож, “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч буюу аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: “... 1. Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201801104 дугаар тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээлттэй тендер зарлах журмаар зарлаж 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нээлтийг нь хийж анхны үнэлгээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хийж тухайн үед “К” ХХК-ийг шалгаруулж 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1-01/788 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу гэрээ байгуулах тухай мэдэгдэл өгсөн ба уг шийдвэрийг “Ч-У” ХХК эс зөвшөөрөн Сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яам уг гомдлыг хянан үзэж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6-1/4346 дугаар албан бичгээр уг тендерийн материалыг дахин хянаж үзэх тухай хариу ирүүлсэн үүний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж “Ч-У" ХХК-ийг шалгаруулж 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу гэрээ байгуулах тухай мэдэгдэл өгсөн ба уг мэдэгдлийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Ч-У” ХХК-тай гэрээ байгуулж 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажил эхлэх зөвшөөрлөө авч ажлаа эхлүүлэн хуулийн хүрээнд барилгыг барьж дуусган ашиглалтад өгсөн юм.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлд тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасан тул 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүчинтэй байх хугацаа дуусаж байсан ба хүчинтэй байх хугацаанд нь багтааж гэрээг байгуулсан болно. Гэрээ байгуулах үед Сангийн яаманд гомдол гарсныг мэдээгүй ба гэрээ байгуулсны дараа “К” ХХК Сангийн яаманд гомдол гаргаж түүнийг Сангийн яам хянан үзэж үнэлгээний хорооны “Ч-У” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт үндэслэлтэй байх тул “Ч-У” ХХК-тай гэрээ байгуулах нь зүйтэй гэсэн хариуг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/5244 дугаар албан бичгээр ирсэн үед гомдол гарсныг мэдсэн урьд өмнө Сангийн яаманд гомдол гарсан тухай Орон нутгийн өмчийн газраас мэдэгдээгүй ба анхан шатны шүүх хурлын үед орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн буюу үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Сангийн яамны 3 албан бичгийг гаргаж өгсөн нь хэзээ ирсэн бичиг гэдэг нь тодорхойгүй байна. Маргаан гарснаас хойш гурван сарын хугацаанд байхгүй гэсэн бичиг гарч ирсэн нь эргэлзээтэй байна.

2. “К” ХХК нь ТОӨЗ 5.3 “г” гэрээнд заасан ажилтай төрөл, дүнгээрээ дүйцэх ажил дээр ТШӨХ-д зааснаас доошгүй хугацаанд нь гэрээг хариуцаж ажилласан туршлага бүхий ерөнхий инженертэй байх гэснийг зөрчсөн байна. Учир нь тус компани хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан Камен овогтой Нурахметийн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан сертификат нь хуурамч байна. Уг сертификатад Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.М 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэж гарын үсэг зурсан сертификатыг хавсаргасан байна. Х.М гэдэг хүн 2015 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм.

3. “К” ХХК нь ТОӨЗ 5.3 “и”-д ТШӨХ-д тусгайлан зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувьтай тэнцэх ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх бол түүнийг түншлэл гэж үзэж, түншлэгч компани талаарх мэдээллийг мөн ирүүлнэ. Туслан гүйцэтгүүлэх ажлын талаарх мэдээллийг тендерийн саналд тусгаж ирүүлнэ. Туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох ажлын нийт өртгийн дээд хязгаарыг ТШӨХ-д тодорхойлно гэж заасныг зөрчиж “А” ХХК нь түншлэлээр орох ёстой байсныг зөрчиж туслан гүйцэтгэгчээр орсон байна.

4. ТОӨЗ/Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа/ 5.2 (г)-д: Хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай жилийн тоог-Сүүлийн 3 жил-гэж заасан байхад “К” ХХК нь зөвхөн 2015 онд хийсэн ажлын жагсаалтыг ирүүлж, 2016, 2017 онуудад ямар ч ажил хийгээгүй гэдгийг өөрсдөө нэхэмжлэлийн тайлбар хэсэг дээр хүлээн зөвшөөрчээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.3.4, 15.4-д заасан Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хангахгүй байх тул энэ хуулийн 27.1.1, 27.1.3-д заасан шаардлагыг биелүүлэхгүй байна гэж үзээд “хуулийн 27.4-д зааснаар захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасан.

5. “Ч-У” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй мэтээр тайлбарлажээ. Тус компани ТОӨЗ 4.4 (в)-д заасан бүх тусгай зөвшөөрлийг хангаж байгаа ба үүнийг ТОӨЗ 5.2-т зааснаар хуулбарлан тендерийн баримтад хугацаанд цахимаар оруулсан байна.

6.“К” ХХК-ийн ерөнхий инженер А.С-ны мэргэжлийн диплом, ажил байдлын тодорхойлолтыг ирүүлсэн боловч гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан байхыг нотлох баримтыг ирүүлээгүй тул тендерийн баримтыг ирүүлээгүй тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (г)-д заасныг хангаагүй байна гэж үзэж үнэлгээний хороо үзсэн тул “К” ХХК-ийн маргаж байгаа зүйл нь огт үндэслэлгүй юм. Мөн “Ч-У” ХХК нь захиалагч тал болох аймгийн Засаг даргатай хуулийн хугацаанд нь гэрээг байгуулж ажил эхлүүлэх зөвшөөрөл авсаны үндсэн дээр үйл ажиллагаагаа эхлүүлэн барилгыг барьж ашиглалтад өгсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлэн зөвшөөрөх боломжгүй юм.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга давж заалдах гомдолдоо: “...Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 ажлын тендерийн үнэлгээний хороо 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн аймгийн Засаг даргын А/238 тоот захирамжаар Х.Т, С.А, К.С, Х.Х, Б.Б гэдэг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Уг үнэлгээний хороо 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тендерийн баримт бичиг боловсруулан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 30 хоног цахим хэлбэрээр зарлан 5 дугаар сарын 28-ны өдөр 10 цагт хуулийн хугацаанд нээсэн. Нээлтийн үеэр “Ч-У” ХХК, “К” ХХК болон “К” ХХК-иуд материалаа ирүүлснээс “К” ХХК тендерийн баталгаа ирүүлээгүй тул үнэлгээнд оруулахаас үнэлгээний хорооны бүх гишүүдийн шийдвэрээр татгалзсан. Үнэлгээний хорооны дарга 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн А/419 тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтын дагуу үнэлгээний хорооноос татгалзаж оронд нь ТЗУХэлтсийн дарга Д.Е томилогдон үнэлгээний хорооны 5 хүний бүрэлдэхүүнтэй 6 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээ хийсэн.

Үнэлгээний хороо Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын тендерийн материалаа ирүүлсэн дээрх компаниудын тендерийн материалыг үнэлж үзэхийн тулд Тендерийн өгөгдлийн хүснэгтэн дэх хуулийн 14-16 дугаар заалтын дагуу тавьсан шалгуур үзүүлэлтийг үнэлэх хүснэгт зохиож, хүснэгтийн дагуу үнэлгээний хорооны гишүүд нэгэн зэрэг үнэлгээ өгөөд явсан. Үнэлгээний явцад ТОӨЗ-ны 5.2-т Тусгай зөвшөөрлийн хавсралт хуудас болох гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй, ТОӨЗ 5.3(в)-д өргөгч подьёмын гэрчилгээний хуулбар байхгүй, ажлын гүйцэтгэх үе шатны ажлын хуваарь нь алдаатай, төсөвт зураг төсөл зохиогчийн хяналтын зардлыг тусгаагүй, техникийн тодорхойлолтын хаяг буруу, түншлэгч “Б б” ХХК-ийн ТОӨЗ 5.2/а/-д заасны дагуу итгэмжлэл байхгүй, 2017 онд (73883511) төгрөгийн алдагдалтай ажиллаж түншлэлийн гишүүн тус бүр ньТОӨ3 5.3/е/-г хангасан байх ёстой гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн шалтгаанаар Тендерт оролцогч “Ч-У” ХХК, /түншлэгч “Б б” ХХК/-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу татгалзаж “К” ХХК /туслан гүйцэтгэгч “А” ХХК/-ийн ирүүлсэн тендер нь шаардлагад нийцэж байгаа гэж үзэж гэрээ байгуулахаар шийдвэрлэн аймгийн Засаг даргад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д зааснаар гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр захиалагч байгууллагын албан бичгээр тендерт оролцогч “Ч-У” ХХК, /түншлэгч “Б б” ХХК/ болон “К” ХХК /туслан гүйцэтгэгч “А” ХХК/-иудад мэдэгдэл хүргүүлсэн. “Ч-У” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан тухай 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 01/3928 тоот албан бичиг ирсэн. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ОНӨГ-ын албан бичгээр тендертэй холбоотой бүх материалыг Сангийн яаманд хүргүүлэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4346 тоот албан бичгээр гомдлын хариу ирсэн болно. Уг албан тоотод үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийх тухай мэдэгдэл ирсэн болохоор үнэлгээний хорооны бүх гишүүд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 13:30 цагт 210 тоот өрөөнд дахин хуралдуулав. Тендерийн материалаа ирүүлсэн 2 компанийн тендерийн материалыг үнэлж үзэхийн тулд (ТӨХ) Тендерийн өгөгдлийн хүснэгтэн дэх хуулийн 14-16 дугаар заалтын дагуу тавьсан шалгуур үзүүлэлтийг үнэлэх хүснэгтийн дагуу үнэлсэн.

Үнэлгээний явцад үнэлгээний хорооны дарга, гишүүд нар ТОӨЗ 5.2/г/-д Сүүлийн гурван жилд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалтыг үнэлгээний хороо дахин нягталж үзээд уг компанийн ирүүлсэн жагсаалтын дотор 2016, 2017 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт байхгүй, ямар ажил хийсэн нь тодорхой бус, ТОӨЗ 5.2/д/-д Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн талаар туршлагын мэдээлэлд Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 30 дугаар тушаалын 3.2 дахь шаардлагыг хангахгүй, ТОӨЗ 5.3/г/-д Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр 2 жил ажилласан туршлагатай байх гэсэн шалгуур үзүүлэлт дээр тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар болон ажил хүлээлцсэн акт байхгүй байгаа ба компанийн тодорхойлолт болон инженерийн дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн нь уг ажлыг хийсэн гэж үзэх боломжгүй, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын дүн нь ТОӨ3 5.3/е/-д заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн шалтгаанаар “К” ХХК-иас хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу татгалзаж, “Ч-У” ХХК нь инженерийн хувьд бидний санал болгосон үнийн дүнтэй дүйцэхүйц ажлын дүнтэй ажилласан нь акт болон захиалагч байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байгаа, урьд нь карказан барилга барьж байсан туршлагатай компани гэж үзэж хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д зааснаар гэрээ байгуулахаар захиалагч байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. Харин үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь “Ч-У” XXX нь ТОӨЗ-ны 5.2-т Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчин төгөлдөр байх ёстой байтал гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй, он, сар, өдөр, дугааргүй мөн захирлын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй байгаа нь тусгай зөвшөөрлийн бүрдлийн шаардлага хангахгүй, Ажлыг гүйцэтгэх үе шатны ажлын хуваарьт тусгасан хүн цаг төлөвлөлтөөс зөрүүтэй ирүүлсэн, Төсөвт одоо мөрдөгдөж байгаа Сайдын 2012 оны 181 тоот тушаал, Сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаалын дагуу төсөвт зураг төсөл зохиогчийн хяналтын зардалд 9448103 төгрөгийг тусгаагүй, Эд хогшил нийлүүлэх төсөвт өртгийн тооцоонд НӨАТ-ыг оруулж тусгаагүй г.м алдаануудыг гаргасан тул шаардлагыг хангахгүй. Мөн “К” ХХК-ийг Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4346 тоот албан тоотод ТШӨХ-ийн 5.2-ын /г/ болон ТШӨХ-ийн 5.3-ын /г/ заалтын шаардлагыг хангахгүй гэж явуулсан тул уг тендерт оролцогч хоёр компани хоёулаа шаардлага хангахгүй байгаа гэж үзэж хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу тендерт оролцогч хоёр компаниас татгалзсан болно. Аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 31-ийн өдрийн 1-01/977, 978 тоот албан бичгээр тендерт оролцогч 2 компанид мэдэгдэл хүргүүлсэн. Сангийн яаманд бичгээр “К” ХХК нь гомдол гаргасан тухай 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/5144 тоот албан бичиг ирсэн тул 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ОНӨГ-ын 215 тоот албан бичгээр тендерт холбоотой бүх материалыг Сангийн яаманд хүргүүлэн уг тендертэй холбоотой 08 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/5244 ОНӨГазарт гомдол хянасан тухай албан бичиг ирүүлсэн байна. Уг албан тоотод “К” ХХК-ийг ТОӨЗ 5.2/г/ болон ТОӨЗ 5.3/г/ заалтын шаардлагыг хангахгүй гэсэн захиалагч байгууллагын шийдвэр үндэслэлтэй байна. Тус тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн болно. Иймд үнэлгээний хороо эрх хэмжээний хүрээнд Засаг даргад мэдүүлгийнхээ төслийг хүргүүлэн ажилласан юм. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холболттой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээд “Ч-У” ХХК-ийн захирал давж заалдах гомдолдоо: “...Нэг: Нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн талаар: “К” ХХК нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Үнэлгээний хорооны даргаар томилогдсон X.Т-ний төрсөн ах дүүсийн байгуулсан аж ахуйн нэгж байсан бөгөөд X.Т нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Тендер нээх” үйл ажиллагаа эхэлснээс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Үнэлгээний хорооноос анхны үнэлгээ хийх хүртэл Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийг (ТШӨХ) өөрийн хамаарал бүхий “К” ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн боловсруулж, улмаар Тендер сонгон шалгаруулалтын нарийн бичгийн даргаар өөрсдийн бэр болох Ботакөзийг давхар томилсон байдаг.

Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” (цааш нь ТБОНӨХБАҮ-ээ Худалдан авах тухай) хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2-т заасан “Тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг, эх, хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, ах эгч, дүү, хүүхэд биш байх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн Захиргааны акт гаргах, удирдах, хяналт тавих, шалгалт хийх, гэрээ байгуулах, эдгээрийг бэлтгэх, хэлэлцэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг ноцтой зөрчиж, Тендер сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТСШӨХ), Тендер сонгон шалгаруулалтын зааварчилга (ТСШЗ) зэргийг боловсруулж. “К” ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн тендерийн бүх материалыг боловсруулсан байгаа юм.

Тухайн “К” ХХК нь Тендерийн үнэлгээний хорооны дарга хамаарал бүхий компани болох нь түүний өөрийгөө татгалзан гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Энэ нь хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д заасныг үндэслэж Тендерийн үнэлгээний хорооны дарга нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тендер нээх өдөр өөрийгөө хамаарал бүхий этгээдийн хувьд татгалзах ёстой байтал 2018 оны 05 дугаар 28-наас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал тухайн тендерт үнэлгээний хорооны даргаар ажиллаж тендерийн бүх материалыг өөрийн бэр Б-тэй хамтарч “К” ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн боловсруулсан нь хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн нь илт байхад анхан шатны шүүхээс нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй гэж гомдол гаргаж байна.

2. Тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь өөрийн шүүхэд гаргасан тайлбарт: “Миний хадам ээж У-ны У-ын” гэж тайлбарласан бол Тендерийн Үнэлгээний хорооны дарга нь У-ны Х-ны хүү өөрөөр хэлбэл Б-ийн хадам У-ын X.Т-ний төрсөн эцэг Х нар У-ны хүүхэдүүд буюу төрсөн ах дүүс болох нь хавтаст хэргээр нотлогдсоор байхад анхан шатны шүүх тухайн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.

3. Үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны анхны үнэлэлт дүгнэлт гарахад “К” ХХК-ийг шалгаруулах талаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б нь шууд нөлөөлж, “К” ХХК-ийг шалгаруулах талаар “Санал дүгнэлт” гаргахыг бидэнд зөвлөсөн, тийм учраас бид “К” ХХК-ийн анхны саналыг өгсөн гэж Сагсай сумаас ирж Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон X.Х, К.С нар мэдүүлсэн байхад тэдний мэдүүлгийг анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй явдал нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн байна.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-д “Тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил, төстэй бараа ажил үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл” гэж, Тендерт оролцогчдод өгөх Зааварчилгааны (ТОӨЗ)-ны 5.2 (г)-д хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсанд тооцох жилийн тоо 3 жил гэж заасан байхад “К” ХХК нь зөвхөн 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан ирүүлж. сүүлийн 2016, 2017 онд ямар ч ажил хийгээгүй гэж ижил төстэй ажил хийсэн талаар материал ирүүлээгүй, энэ талаар өөрснөө 2016, 2017 онд ажил гүйцэтгээгүй гэж нэхэмжлэлд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Энэ нь “К” ХХК-ийг хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-д заасан үндэслэлээр болон, (ТОӨЗ)-ны 5.2 (г)-д заасныг зөрчсөн тул татгалзах үндэслэл болж байна.

5 “К” ХХК-ийг 2014 онд А гэгч худалдаж аваад дахин 2018 оны 03 дугаар сард одоогийн эзэн болох Ш.А-т худалдсан болох нь “К” ХХК-ийн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “К” ХХК-ийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Бодит байдал дээр “К” ХХК-ийн тендерийн материалд өгсөн 2015 онд хийж гүйцэтгэсэн гэх, шүүхийн шийдвэрт нотлох баримтаар үнэлсэн 390.7 сая өртөгтэй Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн спорт заалны барилгын ажил. 438.7 сая төгрөгийг өртөгтэй Өлгий сумын 4 дүгээр багийн 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлууд нь 2015 онд хийж гүйцэтгээд ашиглалтад өгсөн, “К” ХХК-ийн X.А захиралтай байсан үеийн хийж гүйцэтгэсэн ажил байгаа юм.

Харин одоогийн нэхэмжлэгч Ш.А нь “К” ХХК-ийг 2018 оны 03 дугаар сард худалдан авсан тул Ш.А тухайн “К” ХХК-ийг худалдан авсанаас хойш ямар ч ажил хийгээгүй, ажлын туршлагагүй, урьд өмнө барилга барьсан түүх туршлага байхгүй, ажилтнууд барилгын ажил гүйцэтгэж байсан талаар ямар ч нотлох баримт алга байна.

Энэ нь 2018 оны 03 дугаар сард “К” ХХК-ийг сүүлийн 3 жилд байтугай амьдралд барилгын ажил хийгээгүй байхад нь 2015 оноос өмнөх 3 жилд барилгын ажил хийсэн мэтээр шүүх дүгнэлт хийсэн нь хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэснийг илтгэж байна.

Хоёр: “Ч-У” ХХК-ийн талаарх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0072 тоот шийдвэрийн үндэслэл хэсэгт:

Хуулийн 16.1.4-д заасан болон ТШӨХ, ТОӨЗ 5.3 (е) хэсэгт заасан “өргөгч подьем” 1-ш гэсэн “тоног төхөөрөмжийн гэрчилгээг хавсаргана” гэснийг зөрчсөн, хятад хэлээр бичигдсэн баримт бичиг хавсаргасан гэж буруутгажээ.

Гэтэл тухайн хятад хэлээр бичигдсэн бичиг нь “Өргөгч подьем” машины гарал үүслийн гэрчилгээ учраас үүнийг анхан шатны шүүхээс “Зааварчлаг” гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Мөн “Өргөгч подьем”-ийн гарал үүслийн гэрчилгээнд монгол хэлээр бичиж, зориулалт, тухайн тоног төхөөрөмжийн мэдээллийг бүрэн тусгасан байсныг шүүх буруу тайлбарласан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх: Зураг төсөл зохиогчийн хяналтын зардалд тусгагдсан 9.448.104 төгрөгийг нийт өртөгт оруулаагүй, болох нь төсөвт өртгийн товчоо, төсөвт өртгийн нэгдсэн товчоонд оруулаагүй гэж буруутгажээ.

Гэтэл төсөл зохиогчийн хяналтын зардлыг тухайн компани өөрөө хариуцах тул зураг төсөл зохиогчтой тусгай гэрээ байгуулж, уг зардлыг гэрээний дагуу зураг төсөл зохиогчтой тооцоо нийлсэн болно.

Энэ талаар зураг төсөл зохиогч гомдол гаргаагүй тул энэ хэрэгт тухайн асуудал огт хамааралгүй болно.

ТОӨЗ 5.2-т: “Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлэх” гэж, шаардлага тавьсныг “Ч-У” ХХК нь биелүүлсэн ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч болон олгогч нарын хооронд байгуулсан гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн тул тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй гэсэн хуулийн шаардлагад нийцэж байна Хавсралт болон гэрээнд огноо, дугаар тавиагүй явдалд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ч-У” ХХК-ийг буруутгах боломжгүй юм.

Харин “К” ХХК нь хугацаа дуусаж, хүчингүй болсон тусгай зөвшөөрөл хавсаргасан, “К” ХХК нь тусгай зөвшөөрлийн хавсралт, зөвшөөрлийн гэрээ ирүүлээгүй байхад анхан шатны шүүх нэг талыг баримталж “К” ХХК-ийн тусгай зөвшөөрөл байгаа эсэх, тусгай зөвшөөрөл нь хүчинтэй эсэх, тухайн компани тусгай зөвшөөрлийн хавсралт, гэрээ зэргийг шалгаагүй энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь нэг талыг баримталж шийдвэрлэснийг илтгэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 2.3-д: “К” ХХК нь барилга угсралтын тусгай зөвшөөрлийн 2.1.2-т заасныг хангаж байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн юм.

Учир нь “К” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БУ12-982/14 тоот тусгай зөвшөөрөл авсан байх ба уг тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаагаар олгосон тул 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуулийн хүчинтэй байх хугацаа дууссан байна.

Тусгай зөвшөөрөл авсан үед “К” ХХК-ийн эзэн нь А гэгч байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сард “К” ХХК-ийг одоогийн нэхэмжлэгч Ш.А худалдан авсанаас хойш өөрийн компанийн ажиллах хүчний болон техникийн хүчин чадал болон Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “журам шинэчлэн батлах тухай” 1.1-р тушаалаар баталсан журмын хоёр дугаар бүлгийн 2 дахь хэсэгт заасан “холбогдох материалыг” бүрдүүлж, шинээр авах ёстой байтал одоо хүртэп яваагүй байна.

Тусгай зөвшөөрөлд дурдсан “хавсралт болон гэрээний хамт хүчинтэй” гэж заасан байтал “К” ХХК-д тусгай зөвшөөрлийн хавсралт болон гэрээ байхгүй байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь илт хууль зөрчсөн явдал болжээ.

Гурав: “К” ХХК-ийн тендер сонгон шалгаруулалтад хууль зөрчиж оролцсон, анхан шатны шүүхээс “К” ХХК-ийн үйл ажиллагааны талаар буруу дүгнэлт хийсэн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 194 тоот тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшилийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох” дүрмийн ангилал төрөл хэсгийн 3 дугаар баганы 4.9-т “101-ээс дээш хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга” мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 30 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшилийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох" (одоогийн хүчин төгөлдөр) дүрмийн 4.6-д 100-аас дээш хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга”-ыг мөн дүрмийн 4-д “Өндөр төвөгшилтэй барилга байгууламж” гэсэн ангилалд хамааруулсан байна.

Энэ нөхцөлд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01дүгээр сарын 19-ний өдрийн “журам шинэчлэн батлах тухай” 11 тоот тушаалаар баталсан “Барилгын ажил гүйцэтгэх үйлчилгээ, эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын 5.1-д Барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд барилгын тухай хуулийн 10.1-д заасан ангиллын дагуу барилга байгууламжийн төвөгшлөөр” нь тусгай зөвшөөрлийг ялгамжтай олгохоор заасан ба Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “журам шинэчлэн батлах тухай” 11 тоот тушаалаар баталсан суурь нөхцөл шаардлагын дагуу Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33-р тушаалын хавсралтын хоёр дахь хэсгийн Барилгын угсралтын ажлын хүрээнд гэх хэсгийн 2.1.2-т заасан Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба орогт бүтээцэн барилгын угсралт өргөтгөл шинэчлэлийн ажил” (1-5 давхар) гэж тодорхой заасан тул энэ нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “журам шинэчлэн батлах тухай” 11-р тушаалын хавсралтаар баталсан “хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нө*цөл шаардлага” хэсгийн 2-т зааснаар “Бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт” гэх хэсэгт хамаарч байна.

Эдгээр нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11-р тушаалын хавсралтаар баталсан “хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”, мөн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33-р тушаалаар баталсан журмын хоёр дугаар бүлгийн барилгын угсралтын ажлын хүрээнд гэх хэсгийн тусгай зөвшөөрлийн харьцуулсан журмын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89-р тушаалаар баталсан журмын 2.1.2 дахь нөхцөл, сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11-р тушаалаар баталсан суурь нөхцөл шаардлагын 2.1-д нөхцөлд зааснаар “К” ХХК нь зөвхөн бага төвөгшилийн барилга байгууламж барих эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байна.

Харин сургуулийн өмнөх боловсрол 100-аас дээш хүүхдийн барилга нь сайдын 2017 оны 30-р тушаалаар баталсан “барилга байгууламжийн төвөгшилийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэм”-ийн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга” хэсгийн 4.6-д “Өндөр төвөгшилтэй барилга байгууламж” учраас сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33-р тушаалын хоёр дугаар бүлгийн (Барилгын угсралтын ажлын хүрээнд) харьцуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 тоот тушаалаар баталсан журмын 2.1.4, сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11-р тушаалаар баталсан суурь нөхцөл шаардлагын 4.1-д заасан тусгай зөвшөөрөл буюу “өндөр төвөгшилтэй барилга” барих тусгай зөвшөөрөл шаардаж байна. Энэ нөхцөлд “К” ХХК-д зөвхөн 2.1.2-т заасан буюу “бага төвөгшилийн барилга барих” зөвшөөрөлтэй тул тухайн сонгон шалгаруулалтад орох эрхгүй юм. Харин “Ч-У” ХХК-д бүх төвөгшилийн барилга барих тусгай зөвшөөрөл байгаа болох нь хавтаст хэргээр нотлогдож байна.

Анхан шатны шүүх Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйл Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 30 дугаар тогтоолоор баталсан “Төвөгшилийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадал тогтоох дүрэм” мөн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 11-р тушаалаар баталсан “тусгай зөвшеөреп олгох журам”, түүний хавсралт, 2018 оны 02 дугаар 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33-р тушаалаар баталсан журмын хавсралтын 2-р бүлэгт заасан “Барилгын угсралтын ажлын хүрээнд” тогтоосон журмуудыг тус тус судалж шүүхийн шийдвэрт үндэслээгүй тул хууль бус шийдвэр гаргасан гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх дээрх эрхийн актыг сайтаар судлахыг хүснэ.

“К” ХХК-ийн одоогийн захирал Ш.А нь 2018 оны 03 дугаар сард уг компанийг Аманжол гэдэг хүнээс худалдан авсан болох нь “К” ХХК-ийн гэрчилгээнд бичигдсэн өөрчлөлтөөр нотлогдож байна. Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “...тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих” журмын найм гэсэн бүлгийн 8.1-д тусгай зөвшөөрлийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-д заасан дагуу бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэж заасан А захиралтай “К” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Ш.А нь худалдан авч ашиглаж байгаа нь дээрх журмыг ноцтой зөрчсөн явдал юм.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс “Ч-У” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус ба үнэлгээний хороо нь сонгон шалгаруулах үйл ажиллагаандаа хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “...өрсөлдөх тэгш боломжтой байх, ...хариуцлагатай байх” зарчмыг баримтлаагүй, үүний улмаас нэхэмжлэгчээс шаардлагад нийцсэн тендер ирүүлсний хувьд ажил гүйцэтгэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг, уг дүгнэлтийг үндэслэн “Ч-У” ХХК-д хүргүүлсэн захиалагчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар мэдэгдлийг, мөн аймгийн Засаг дарга болон “Ч-У” ХХК-ийн захирал нарын байгуулсан “Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож, “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч буюу Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хууль бус үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Нэг. “Ч-У” ХХК-ний хувьд Баян-Өлгий аймгийн Засаг даргатай хуулийн дагуу ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч ажлаа эхлүүлсэн бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед барилгын ажил дууссан, гал тогооны тоног төхөөрөмжийг суурилуулах ажил үлдсэн байдалтай байсан.

Энэ талаарх нотлох баримтууд болох барилгын ажлын гүйцэтгэл, фото зураг зэргийг шүүх хуралдаан эхлэх үед шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзан, нотлох баримтаас хасаж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа.

Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэхээр хуульчилсан байна. Шүүхийн шийдвэр нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, биелэгдэх боломжгүй хууль бус үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой маргааны барилгын ажил нь бүрэн баригдаж дууссан байхад “К” ХХК-тай барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр юм.

Гурав. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байдаг. Захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1-01/978 дугаартай мэдэгдлийг “Ч-У” ХХК-д хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “...Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заасан эрх үүргийнхээ дагуу гаргасан шийдвэр юм. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар Засаг даргын мэдэгдэл нь заавал биелэгдэх шинжийг агуулаагүй тул захиргааны акт биш гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Засаг даргын 1-01/978 дугаартай мэдэгдэл нь нийтийн эрх зүйн хэм хэмжээнд үндэслэсэн, эрх зүйн үйлчлэлээрээ гадагш чиглэсэн, засагласан буюу заавал биелэгдэх шинж чанартай байх, шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэх, эрх зүйн үр дагавар шууд бий болгох зэрэг захиргааны актын үндсэн шинжүүдийг өөртөө агуулаагүй шийдвэр юм.

Гэтэл уг мэдэгдлийг захиргааны акт гэж үзэн захиргааны хэрэг үүсгэн, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.

Дөрөв. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал Ш.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг дурдсан байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т нэхэмжлэлд тусгах зүйлийг хуульчилсан ба 53 дугаар зүйлийн 53.3-д “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” мөн зүйлийн 53.4-д “Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгч буцаана” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчаар Тендерийн үнэлгээний хороог заагаагүй байхад шүүх өөрийн санаачлалаар Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0072 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/201801104 дүгээр тендер сонгон шалгаруулалт зарлажээ.

Уг тендер сонгон шалгаруулалтад “К” ХХК нь туслан гүйцэтгэгч “А” ХХК-тай хамтран, “Ч-У” ХХК нь “Б б” ХХК-ийг түншлэгч компаниар тодорхойлон тендерийн материалаа ирүүлснийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаар захирамжаар байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тендерийн үнэлгээний хорооны хуралдаанаар “К” ХХК болон “Ч-У” ХХК-ийн тендерийн материалыг үнэлж, нэхэмжлэгчийн тендерийг ялагчаар тодруулан, “К” ХХК-тай гэрээ байгуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1-01/727 дугаар албан бичгээр мэдэгджээ.

“К” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/201801104 дугаар тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч “Ч-У” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сангийн яаманд гомдол гарсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу “Ч-У” ХХК-ийн гомдлоор “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/201801104 дугаар тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр”-ийг Сангийн яам хянаад “...хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу оролцогчийн тендерээс татгалзах үндэслэлтэй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг үүргээр мэдэгдэж байна” гэсэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-01/4346 дугаар албан бичгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.

Сангийн яамны дээрх шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/201801104 дугаар тендерийн сонгон шалгаруулалтыг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин явуулж, тус өдрийн тендерийн үнэлгээний хорооны хуралдаанаар “К” ХХК болон “Ч-У” ХХК-ийн тендерийн материалыг үнэлж, гуравдагч этгээд “Ч-У” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлж, БСШУСЯ/201801104 дугаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгчийг “Ч-У” ХХК шалгарсан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 1-01/978 дугаар албан бичгээр “гэрээ байгуулах”-ыг “Ч-У” ХХК-д мэдэгджээ.

Харин 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин явуулсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/201801104 дугаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, “Ч-У” ХХК-тай гэрээ байгуулахаар мэдэгдсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 1-01/978 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахаар “К” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “К” ХХК нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэр, уг тендер сонгон шалгаруулалтыг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин явуулсан захиалагчийн үйл ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

Тиймээс шүүх 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин явуулсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/201801104 дугаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, “Ч-У” ХХК-тай гэрээ байгуулахаар мэдэгдсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар мэдэгдэл нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

1. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/201801104 дугаар тендерт оролцогч “К” ХХК, “Ч-У” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзэхэд нэхэмжлэгч “К” ХХК нь 1,204,038,898 төгрөг, “Ч-У” ХХК нь 1,094,720,718 төгрөгийн үнийн саналыг тендер ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан тендерийн бичиг баримт, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заажээ.

Тиймээс нэхэмжлэгч “К” ХХК-ийн тендерт ирүүлсэн үнийн саналаас 109,318,180 төгрөгөөр бага үнийн саналыг гуравдагч этгээд “Ч-У” ХХК нь ирүүлсэн байгаа нь “Ч-У” ХХК-ийг ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүх “Ч-У” ХХК-иас өргөгч подьёмын гэрчилгээ хуулбар гэж ирүүлсэн Хятад хэлээр бичигдсэн 1 хуудас бүхий баримт нь уг машин механизмын гэрчилгээ биш, харин өргөгч крантай холбогдолтой заавар болох нь хэрэгт авагдсан орчуулгаар тогтоогдож байгаа бөгөөд үүнийг гэрчилгээ хуулбар гэж үзэх боломжгүйгээс гадна Хятад хэлээр бичигдсэн баримт бичиг ирүүлсэн нь ТОӨЗ-ны 14.1-д заасан “тендерийн хэл Монгол хэл байна” гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хууль бус гэж үзжээ.

Гэтэл ТОӨЗ-ны 5.2 /г/-д “хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай жилийн тоо /сүүлийн 3 жил/ гэж заасан, мөн “5.3 /б/-д “Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого нь сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй борлуулалт хийсэн байх” гэсэн заалтаас үзэхэд нэхэмжлэгч “К” ХХК нь 2016, 2017 онд гүйцэтгэсэн ажил байхгүй, гуравдагч этгээд “Ч у” ХХК-ийн хувьд 2015, 2016, 2017 онд буюу сүүлийн 3 жилд ижил төрлийн барилгын ажил гүйцэтгэсэн зэргээс үзэхэд ТОӨЗ-ны 5.2, 5.3-д заасан шаардлагыг илүү сайн хангаж байсан болох нь тендерт оролцогчдын баримт бичгээр тогтоогдож байна.

Тиймээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/201801104 дүгээр тендерт “Ч-У” ХХК-ийг сонгон шалгаруулахдаа Тендерийн үнэлгээний хорооны ТОӨЗ-ны 14.1-д заасан “тендерийн хэл Монгол хэл байна” гэснийг зөрчсөн нь сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоход нөлөөлөхүйц биш үндэслэл бөгөөд анхан шатны шүүх энэ үндэслэлээр Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

3. Анхан шатны шүүх “...зураг төсөл зохиогчийн хяналтын зардалд төсөвлөсөн 9,448,104 төгрөг нь нэгдсэн өртгийн товчоонд тусгаагүй нь, мөн гүйцэтгэх ажлын хуваарьт заасан хөдөлмөр зарцуулалтын хүн /өдрийн тоо нь цалингийн нэгтгэлд тусгагдсан хүн/ цагтай тохирохгүй байгаа зэрэг нь санал болгож буй гэрээний ажлын нийт үнийн дүнд нөлөөлж болзошгүй” гэж дүгнэж, ТОӨЗ-ны 17.2-т “тендерийн үнэ нь ТОӨЗ-ны 1.1-д тодорхойлсон гэрээт ажлын нийт дүн өртгийг хамрах ба тендерт оролцогчийн үнэлж ирүүлсэн үе шатны ажлын хуваарьт үндэслэнэ” гэж заасантай нийцээгүй” гэх дүгнэлт нь үндэслэлгүй болжээ.

Учир нь нэгдсэн өртгийн товчоонд тусгаагүй гэх зураг төсөл зохиогчийн хяналтын зардалд төсөвлөсөн 9,448,104 төгрөгийг “Ч-У” ХХК-ийн тендерт ирүүлсэн 1,094,720,718 төгрөгийн үнийн санал дээр нэмж тооцоход нийт 1,104,168,822 төгрөг болох бөгөөд энэ нь мөн тендерийн хамгийн бага үнийн саналыг илэрхийлж байх тул “гэрээний ажлын нийт үнийн дүнд нөлөөлж болзошгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

4. “Ч-У” ХХК-иас БУ17-868/16 дугаартай тусгай зөвшөөрлийн бүрдэл хэсэг болох “Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ”-г нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн маргаж байгаа нь үндэслэлтэй” гэсэн анхан шатны дүгнэлт буруу юм.

ТОӨЗ-ны 5.2-т заасныг зөрчөөгүй болох нь Барилга хот байгуулалтын яамнаас Барилга угсралтын БУ17-868/16 дугаартай тусгай зөвшөөрлийг “Ч-У” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон болох нь хэрэгт хавсаргасан тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан баримтаар нотлогдож байна.

Гэтэл ТОӨЗ-ны 5.2-т “Тусгай зөвшөөрлийг эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх” гэж заасан байхад “Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ”-г нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй” гэж ТОӨЗ-ны 5.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мөн ТОӨЗ-ны 5.2 /г/ “хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалтыг сүүлийн 3 жил”, 5.3 /г/ “ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх” гэснийг нэхэмжлэгч хангаагүй гэсэн Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлтэй болох нь тендерт оролцогчдын баримт бичгээр нотлогдож байна.

Тиймээс тендерт оролцогчдоос хамгийн бага үнийн санал буюу 109,318,180 төгрөгийн үнийн санал ирүүлсэн гуравдагч этгээд “Ч-У” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн хариуцагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4-д заасантай нийцсэн тул уг шийдвэрийг хууль бус гэж үзэхээргүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, захиалагчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар мэдэгдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШШ2018/0072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, захиалагчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар мэдэгдлийг, мөн аймгийн Засаг дарга болон “Ч-У” ХХК-ийн захирал Б.М нарын байгуулсан “Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч буюу аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээд “Ч-У” ХХК-ийн захирал Б.М, түүний өмгөөлөгч Д.Х нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР