Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/0001

 

 П.Рын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                  Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                     Г.Банзрагч,

                                                М.Батсуурь,

                                                Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:            Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага:Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн П.Рт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн 3 дугаар заалтын И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, И ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Рт гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 5678 м.кв газрын гэрчилгээг П.Рт гаргаж өгөхийг хариуцагчид даалгах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11ий өдрийн 407 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 493 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11ий өдрийн 407 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.4, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн П.Рт болон И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, И ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Рт гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, И ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг иргэн П.Рт шилжүүлэн гаргаж өгөхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 493 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 407 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 14 дүгээр зүйлийн 14.7.3.б-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Рын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн П.Рт болон “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “И” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Рт гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 5678 м.кв газрын гэрчилгээг П.Рт гаргаж өгөхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 407 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 493 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;” гэж заасан үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/954 дүгээр захирамжаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад тусгагдсаны дагуу авто зам барихаар төлөвлөгдсөн хэсгийг хасч нэхэмжлэгч П.Рт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх хэсэгт заасны дагуу газрын хэмжээг өөрчлөн олгосон болно.

5. Анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэсэн бөгөөд 42 дугаар зүйл нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахтай холбоотой зохицуулалт тул газрын хэмжээ өөрчилсөнтэй холбоотойгоор үүссэн маргаан шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэхдээ “анхан шатны шүүхээс нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн газрын хэмжээг багасган, өөрчлөн эзэмшүүлсэн гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу байна гэж үзээд маргааны тохиолдлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа дараах төрөлтэй байна. 12.1.5-д “нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах гэсэн нөхцөл байдалтай адилтган үзэж болохоор байна” гэж дүгнэсэн.

7. Магадлалын тогтоох хэсэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 407 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 14 дүгээр зүйлийн 14.7.3.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Рын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

8. Давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуульд заасан нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг хуульд заасны дагуу дүгнэсэн нь үндэслэл бүхий боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн тухайн маргааныг шийдвэрлэсэн. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж заасан тул газрын хэмжээ өөрчилсөнтэй холбоотойгоор үүссэн маргаан шийдвэрлэхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль хэрэглэх нь үндэслэлгүй байна. Мөн Газрын тухай хууль 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно гэж заасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгч П.Рын эзэмшил газрыг “нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах” гэсэн нөхцөл байдалтай адилтган үзэж тухайн маргааныг шийдсэн нь хуульд нийцэхгүй юм.

9. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 407 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 493 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн; гэж заасан үндэслэлээр шалгуулан хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар “И” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10520 м.кв  газрыг “автобус бааз”-ын зориулалтаар ашиглаж байгаад өөрийн эзэмшлийн 12 автомашины гараж, контор, оффисын зориулалттай байр, ажилчдын орон сууцыг “Н” ХХК-д худалдсантай холбогдуулан эдгээр обьектод хамаарах  4130 м.кв газрыг тус компанид шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455, 2005 оны 55 дугаар захирамжаар 4072 м.кв газрыг эзэмшиж байсан. Улмаар тус компани 2012 онд  “газрын кадастрын бодит хэмжээг хэмжүүлэхэд 5677.5 м.кв байх тул энэ хэмжээгээр кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулж, захирамж гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр захирамжаар “И” ХХК-ийн газрын хэмжээг нэмэгдүүлэн, 5678 м.кв газрыг “аж ахуйн зориулалтаар” эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжаар газрын зориулалтыг “орон  сууц”-ны  болгон  өөрчилж газар эзэмшүүлсэн, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

12. Харин, “И” ХХК-ийн захирал П.Р нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн газрын албанд тус компанийн эзэмшлийн 5678 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар шийдвэрлэхдээ П.Рын эзэмшил газрын хэмжээг багасгаж, түүнд 4052 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

13. Нэхэмжлэгч П.Р нь “...газрын эрхийг шилжүүлэхдээ хууль зөрчиж талбайн хэмжээг багасган, миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн” гэж марган, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн П.Рт холбогдох хэсэг болон уг захирамжийн 3 дугаар заалтын И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, И ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Рт гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 5678 м.кв газрын гэрчилгээг П.Рт гаргаж өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

14. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг “...Нийслэлийн Газрын албаны Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж, тухайн газрын зарим хэсэгт Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад тусгагдсаны дагуу авто зам төлөвлөгдсөн байх тул авто зам төлөвлөгдсөн хэсгийг хасч эзэмшүүлэх дүгнэлт гарсан. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд П.Рын эзэмшил газраас авто зам төлөвлөгдсөн хэсгийг хасч, А/954 дүгээр захирамжийг гаргасан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

15. Учир нь, Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч П.Рын эзэмшил газарт авто зам тавихаар төлөвлөж буй тохиолдолд түүнтэй урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болохоор зохицуулсан байхад хариуцагч нь И ХХК-ийн газрыг П.Рын нэр дээр шилжүүлж шийдвэрлэхдээ газрын хэмжээг шууд багасгасан захирамж гарган хууль зөрчжээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн П.Рт холбогдох хэсэг болон уг захирамжийн 3 дугаар заалтын И ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан, дээрх байдлаар хариуцагч нь “И” ХХК-ийн 5678 м.кв газрын эзэмших эрхийг П.Рт шилжүүлэхдээ газрын хэмжээг үндэслэлгүйгээр багасган, улмаар түүнд 5678 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас, “И ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Рт гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 5678 м.кв газрын гэрчилгээг П.Рт гаргаж өгөхийг хариуцагчид даалгасан шийдэл мөн зөв болжээ.

17. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 493 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                                                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Ч.ТУНГАЛАГ

                                                     ШҮҮГЧ                                                       Б.МӨНХТУЯА