Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00662

 

Г.Ганбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/06969 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 487 дугаар магадлалтай,

Г.Ганбаярын нэхэмжлэлтэй,

Г.Мөнхбат, С.Бавуудовжий нарт холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 10.341.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт автомашины аваарт орж биедээ хүндэвтэр гэмтэл авсан.Тухайн үед эрүүгийн хэрэг үүсч 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Тээврийн прокурорын 400 дугаартай тогтоолоор  хэргийг  хэрэгсэхгүй болсон. Намайг мөргөсөн 28-90 УБЕ тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Бавуудовжид ба тухайн үед түүний хүргэн болох Г.Мөнхбат машиныг жолоодож явсан. Авто ослын улмаас миний баруун хөлийн дунд чөмөг хугарсан, хүзүүний С-5 гэх нугалам шахагдаж хугарсан, баруун гарын алга бяцарсан. Ингээд би хагалгаанд орж эмчилгээний зардалд Г.Мөнхбатын зүгээс 3.263.000 төгрөг төлсөн. Энэ төлбөр нь 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Гэмтлийн Эмнэлэгт хагалгаанд орсон төлбөр болно. Хагалгаанд дунд чөмөгт төмөр орлуулж хийсэн байсан ба уг төмрийг 2016 оны 1 сард солих шаардлагатай болж 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр "Монгол Хьюндай " эмнэлэгт дахин хагалгаанд орж сүүжний яснаас авч дунд чөмөгний ясыг зохих хэмжээгээр нөхсөн. Хагалгааны зардалд 5.770.000 төгрөг, эмчилгээ, үзлэг, зурагны төлбөрт 338.500 төгрөг, ясны бэхжилтийн эмийн төлбөрт 96.000 төгрөг, нотариатын зардалд 7.000 төгрөг, архиваас материал хуулбарласны төлбөрт 10.000 төгрөг,1 жилийн дараа дунд чөмөгний ялтас,түгжээ авах мэс заслын төлбөрт 4.040.000 төгрөг, шатахуунд 80.000 төгрөг тус тус зарцуулсан. Одоо биеийн байдал тааруу 2015-03-17-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувь тогтоолгож группт орсон. Миний хувьд залуугаараа хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон ба тэр тусмаа эзэмшсэн циркийн мэргэжлээрээ ажиллах ямар ч боломжгүй болж эдийн засаг болон, сэтгэл санааны хохирол амсаж байна.Иймд хариуцагч нараас дээрх зардалд 10.341.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 6-р сарын 2-ны өдөр би 2890 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхад хохирогч Г.Ганбаяр нь маш хурдтай мотоциклтой гарч ирж мөргөлдсөн юм. Намайг 3.263.000 төгрөг төлсөн гэж худлаа бичжээ. Тухайн үед Г.Ганбаярт эмчилгээний зардалд 4.248.000 төгрөгийг өгсөн ба мотоциклийг 800.000 төгрөгөөр засуулж өгсөн. Г.Ганбаяр гомдол саналгүй гээд эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон тул би дахин мөнгө нэхэмжлэхгүй гэж ойлгож байсан.Мөн тухайн үед 2013 оны 6-р сард хагалгаа болон хадаас эмчилгээний зардалд нийт 1.343.000 төгрөг өгсөн. Би нийтдээ 4.248.000 төгрөг өгсөн. Иймд 2.905.000 төгрөг илүү өгсөн байна.Тухайн үед Г.Ганбаяр нь хагалгаанд орсон зүгээр болсон гээд мотоциклоо унаад явдаг байсан ба мотоциклчдын цуглаанд хүртэл оролцоод мотоциклоо унаад явдаг байсныг гэрчлэх хүн байгаа.Нотариатын зардал, архивын материал, шатахууны төлбөр, 1 жилийн дараа хийх мэс заслын төлбөр гэснийг зөвшөөрөхгүй байна. Манай хадам аавд дээрх ослын төлбөр огт хамааралгүй юм. Би тухайн үед өвчтэй эцгийгээ сахиж байсан, ажлаасаа гараад сэтгэл санааны байдал хэцүү байсан үед осол гарсан. 2015 онд эцгээ алдаад одоо түр ажил хийж байгаа, эхнэр маань төсвийн байгууллагад ажилладаг. Миний амьдралын гачигдалтай, төлбөрийн чадвар муутай байдлыг харгалзан үзэхийг хүсье гэжээ.

Хариуцагч С.Бавуудовжий шүүхэд гаргасан тайлбартаа: хүргэн Г.Мөнхбат нь 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр миний эзэмшлийн 2890 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явж байгаад осол гаргасан. Ослыг би гаргаагүй байхад надаас эмчилгээний зардал нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Надад эмчилгээний зардлыг төлөх төлбөрийн чадвар байхгүй, ажилгүй, бие муутай, саажилттай нэг охинтой, эхнэрийн цалингаар амьдарч байгаа тул төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/06969 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Мөнхбатаас 8.076.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганбаярт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.265.000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч С.Бавуудовжийд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Г.Мөнхбатаас 144.174 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 487 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/06969 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 79 590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06969 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 487 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т хэсгийн тайлбарт хохирогч этгээд шаардагдах зардлыг эхний ээлжинд өөрөө гаргана гэсэн ба мөн эмнэлгийн журмаар хохироосныг хийсвэрээр тогтоосныг үндэслэн даруй шаардах, шаардлагыг хангаж болохгүй гэсэн байдаг.Гэтэл давж заалдах шатны шүүхээс мэс заслын төлбөр одоогийн мөрдөж байгаа үнийн дүнгээр 4.040.000 төгрөг болно гэснийг хариуцагч нар баримтаар няцааж чадаагүй гэсэн нь үндэслэлгүй ба хавтаст хэрэгт байгаа 2016-10-28-ны өдрийн шинжээчийн 1343 дугаартай дүгнэлтэд ГССҮТ- ийн захирлын 2016-08-08-ны өдрийн 200/а тушаалд Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлсэн дүн 612.000 төгрөг, хувь хүнээр төлүүлэх 209.500 төгрөг болно гэснээс үзэхэд 4.040.000 төгрөг нь зөвхөн “Монгол Хюндай” эмнэлгийн тодорхойлолт байхад зайлшгүй гарах зардал гэж дүгнэж урьдчилж төлүүлж байгаа нь Иргэний хуулийн 228-р зүйлийн 228.4-д хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт бодитоор хийгдээгүй мэс заслын төлбөрийг урьдчилж гаргуулахаар шийдвэрлэсэн 4.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.  

Нэхэмжлэгч Г.Ганбаяр нь хариуцагч Г.Мөнхбат, С.Бавуудовжий нараас 10.341.500 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зам тээврийн ослын улмаас учирсан хохирол гэж тодорхойлжээ.

Хариуцагч Г.Мөнхбат нь 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр С.Бавуудовжийгийн өмчлөлийн Toyota RAV4 маркийн 28-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Ганбаярын баруун хөлний дунд чөмөгт ясны далд зөрөөтэй хугарал ...бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, тэрээр эмчилгээний зардалд 4.248.000 төгрөг төлж, нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, энэ талаар маргаагүй байна.  

Дээрх ослын улмаас нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр сүүжний яснаас авч дунд чөмөгт нөхөх хагалгаанд орж, хагалгааны зардалд 5.770.000 төгрөг, эмчилгээ, үзлэг, зурагны төлбөрт 338.500 төгрөг, мөн ясны бэхжилтийн эмэнд 96.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ. Түүнчлэн дээрх хагалгааны улмаас жилийн дараа дунд чөмөгний ялтас, түгжээ авах мэс засал хийлгэх шаардлагатай, энэхүү хагалгааны зардал 4.040.000 төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Дээрх төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч С.Бавуудовжий нь осол гаргаагүй, орлогогүй, төлбөрийн чадваргүй гэсэн бол хариуцагч Г.Мөнхбат эмчилгээний зардалд илүү төлбөр төлсөн, нэхэмжлэгч хагалгааны дараа гам бариагүй,  нэхэмжилж буй зардал бодит байдалд нийцээгүй гэх тайлбарыг тус тус гаргажээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардал нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Хариуцагч Г.Мөнхбат гэм буруутай болох нь тогтоогдсоноос гадна нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэлт өгч, хариуцагч Г.Мөнхбатаас 8.076.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн зарим хэсэг буюу хариуцагч С.Бавуудовжийд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь жилийн дараа дунд чөмөгний түгжээт ялтас авах мэс засал хийлгэх шаардлагатай тул энэхүү хагалгааны зардлыг хариуцагчаас шаардсан нь хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг зөрчөөгүй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/06969 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 487 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтүвшингийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 79.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ