Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 1063

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 28 өдөр

  Дугаар 101/ШШ2017/01063

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Батцэцэг, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 хороо, Баатархайрхан 1525 тоотод оршин суух Хундалайн Баатаржавын /ПК76020111/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 хороо, 19-45 тоотод оршин суух Нанжидын Дамдинбаатарт /ФД80051915/ холбогдох,

 

Хохиролд 4,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Баатаржав, өмгөөлөгч Д.Барсүрэн, иргэдийн төлөөлөгч М.Амараа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Баатаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хундалай овогтой Баатаржав миний бие хариуцагч Н.Дамдинбаатарт залилан мэхлэх гэмт хэргийн улмаас нийт 4,350,000 төгрөг залилуулж хохирсон бөгөөд дээрх асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгч шалгуулахад Баянзүрх дүүргийн прокурорын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3470 дугаар тогтоолоор хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Н.Дамдинбаатар нь анх надтай Япон улс руу виз гаргаж өгнө гэж танилцаж байсан бөгөөд 5 удаагийн үйлдлээр нийт 4,350,000 төгрөгийг залилан мэхэлж авсан. Миний бие Н.Дамдинбаатарт залилуулж хохирсондоо маш их гомдолтой байгаа бөгөөд хариуцагч өнөөдрийг болтол надад нэг төгрөгийн ч хохирол барагдуулаагүй байна.

Иймд миний бие Иргэний хуульд заасан үндэслэлээр Эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4,350,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрхийг сэргээж, хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Баатаржав, хариуцагч Н.Дамдинбаатарт холбогдуулан хохиролд 4,350,000 зээлийн гэрээний үүрэгт 74,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 4,350,000 төгрөг нэхэмжилж, хариуцагч Н.Дамдинбаатар нь намайг Япон улс руу гаргаж өгнө гээд таван удаагийн үйлдлээр 4,350,000 төгрөг авсан боловч Япон улс руу ч явуулж өгөөгүй, мөнгийг ч буцааж өгөөгүй гэж үндэслэлээ тайлбарласан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч татгалзаж шүүхэд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2470 дугаартай Прокурорын тогтоол, хариуцагч Н.Дамдинбаатарын цагдаагийн байгууллагад сэжигтнээр байцаалт өгсөн мэдүүлэг, Р.Ганболдын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр хариуцагч Н.Дамдинбаатар нь нэхэмжлэгч Х.Баатаржаваас Япон улсын виз гаргаж өгнө хэмээн 4,350,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирол болох 4,350,000 төгрөгийн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна. /Хэргийн 5-6, 32-33 дахь тал/

Хариуцагч Н.Дамдинбаатар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нотлох баримтуудыг зөвшөөрсөн, үгүйсгэсэн болон нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй эсхүл төлсөн эсэх тухай тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Н.Дамдинбаатараас 4,350,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Баатаржавд олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 15, 20-ны өдрүүдэд хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Дамдинбаатараас 4,350,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Баатаржавт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Дамдинбаатараас 84,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Баатаржавт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

 

                 ШҮҮГЧИД                                      Д.БАТЦЭЦЭГ

 

 

                                                                        Н.САРАНГҮН