Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 506

 

Э.Х, Ж.М, Э.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Д.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр магадлалтай, Э.Х, Ж.М, Э.Н нарт холбогдох 1918000000598 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Зэвэг овогт Э-гийн Х.

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мөнхнаран-Од” ХХК-д уурхайн хүнд механизмын жолооч ажилтай, Харчин овогт Ж-ы М.

урьд: 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг 3 хугацаагаар тэнссэн,

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Шарнууд овогт Эрдэнэбатын Нямхишиг.

Шүүгдэгч Ж.М, Э.Х нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт,

Шүүгдэгч Э.Ннь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч Зэвэг овогт Эрдэнэчимэгийн Хишигбаяр, шүүгдэгч Харчин овогт Жаргалсайханы Мөнхбаяр нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Нямхишигийг бусдын орон байранд бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Хыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 2 жилийн хугацаагаар ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Нямхишигийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Х, Ж.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Х, Ж.М нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.Ннь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.Х, Ж.М нарын цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.Х, Ж.М нараас тус бүр 647.285 төгрөг гаргуулан хохирогч Ж.Муххамедэд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаар хохирогч Ж.Муххамедийн иргэний нэхэмжлэлээс 472.545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол болон шүүхээс хэлэлцэгдээгүй 35.627.400 төгрөгийг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч Э.Х иргэний нэхэмжлэгч Л.Б-д 50.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсныг дурдаж,

Хохирогч Ж.М-д нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтыг: Шүүгдэгч Ж.М, Э.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2.1-д зааснаар тус тус 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1-т зааснаар тус тус 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Э.Нямхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.М, Э.Х нарт оногдуулсан 2 жил хорих ял, мөн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Х, Ж.М нарт тус бүрт нь оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Л.О-д гаргасан гомдолдоо “... Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 44 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Э.Хыг Ж.Мтай нийлж хохирогч Ж.Муххамедийг Шарын гол суманд 2019 оны 07-р сарын 02-ны өдрийн 07 цагийн үед бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, бусдын эд зүйлийг хууль бусаар авсан гэх хэргүүдэд гэм буруутайд тооцож ЭХТА-ийн 11.4-р зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, мөн иргэн Э.Түшигийн гэрээс морин хуурыг хууль бусаар авсан гэх үйлдэлд нь ЭХТА-ийн 17.1-р зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тус тус оноож, ялуудыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар шийтгэсэн байсныг давж заалдах шатны шүүх хянаад /шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хэрэгт нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэсэн/ давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хохирогч Ж.М-д мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлэгтээ ... Ж.М миний мөр рүү түлхсэн... Э.Х нь намайг элэгдээд, толгой эргээд доошоо хэвтэхэд чулуугаар цохисон, том чулуугаар цохисон ... нэг сэртэл Ж.М, Э.Х хоёр нүүр рүү өшиглөж байсан ... анх цохиулахад машин зогсож байсан, газар унасны дараа машин нь явсан байсан гэх мэтийн мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Хохирогчийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заан мэдүүлж чадаагүй байхад анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгүүдийг үндэслэн нэг талыг барьж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тогтоол гаргасанд гомдолтой байна.

Хохирогчийн мэдүүлгээр мөрдөн байцаалтын үед хэргийн газар дээрхи үзлэгийг 5 метрийн радиусаар хийхэд хүн цохиж гэмтээсэн байх том хэмжээний ямар нэгэн чулуу илрээгүй. Хохирогчийн мэдүүлсэн шиг шүүгдэгч нар ээлжлэн нүүр нүдгүй түүнийг өшиглөөд цохиод байсан юм бол түүний нүүрэнд ямар нэгэн хавдар, ил шарх, хөхрөлт учраагүй байдаг. Тэгээд ч цаг хугацааны хувьд ээлжилж зодоод, ухаан алдуулаад, сэргэхээр нь нүүр нүдгүй дахин дахин ээлжлээд зодоод байсан байх боломжгүй ба энэ тухай энэ хэрэг гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Доржготов тодорхой хэлдэг.

Д ... миний машинд сууж явсан 2 залуу машинаас буугаад нөгөө залуутай тэврэлдэж нэлээд дотно найзууд юм уу гэж харагдсан. ... тамхи асаах зуур 2-3 секундийн дараа пэд хийх шиг дуу гарсан. Зодолдоод унав уу гэж бодоод буутал машины ард зогсож байсан Ж.Мухамед залуу засмал зам дээр чанх доошоо нүүрээрээ унасан байсан... нөгөө 2 залуу байрандаа зогсож байсан. Үнэхээр тэр залуу өөрөө унасан шинжтэй байсан ... гэсэн мэдүүлгээр хохирогчийн өгсөн мэдүүлгүүд үгүйсгэгддэг.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт 3 удаа гарсан ч эдгээр дүгнэлтүүд нь эргэлзээтэй, ялангуяа 2020 оны 01-р сарын 05-ны өдрийн 89 тоот дүгнэлтийн 2 дахь заалтанд дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэсэн атлаа 7-р заалтаараа өмнө гарсан 570, 997 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй байна. Учир нь 570, 997 тоот дүгнэлтүүдэд Ж.Муххамедийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл гэж дүгнэсэн байх юм. Зөрүүтэй энэ дүгнэлтийн алийг шүүх барьж хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байгаа юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Э.Х нь Ж.Мтай бүлэглэж иргэн Муххамедийг зодсон гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байгаа учраас ЭХШХШТХ-ийн 1.15-р зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.Хт ашигтай байдлаар шийдвэрлэж үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Э.Х нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлан ойлгож, хохирол төлбөрөө төлсөн болно” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Тухайн үед хохирогч Ж.М-ийн нүүрэнд маш олон тооны хугарал, гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Д.Бурмаа өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна, нэмж хэлэх зүйлгүй” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, нотлох баримтуудыг үнэлж шүүгдэгч нарт ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг үйл баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Ц.Оюунсувдын гаргасан гомдлыг үндэслэн Э.Х, Ж.М, Э.Ннарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.М, Э.Х нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14-р цэцэрлэгийн баруун талын автобусны зогсоол дээр иргэн Ж.Муххамедийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.М, Э.Х нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 12-р байрны 28 тоотод байрлах Э.Түшигийн гэрээс иргэн З.Төгсбаярын морин хуурыг нууцаар хууль бусаар авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Ннь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 12-р байрны 28 тоотод байрны иргэн Э.Түшигийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн   17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Мыг 2 жилийн хугацаагаар ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Н-ийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Л.Оюунсувд “... Э.Х нь Ж.Мтай бүлэглэж иргэн Муххамедийг зодсон гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байгаа учраас ашигтай байдлаар шийдвэрлэж үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Гэтэл шүүгдэгч Ж.М, Э.Х нар бүлэглэн хохирогч Ж.Муххамедийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргаж байхад давж заалдах шатны шүүхээс хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хорих ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсвэл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох” эрхгүй гэж тодорхой заасан.  

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Л.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН