Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/95

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул ,

Прокурор  Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Ж.Ж.М-,

Хохирогч Ж.Ж.М-ийн өмгөөлөгч Д.Бурмаа, Б.Батбаяр,

Шүүгдэгч Э.Э.Х-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч Ж.Ж.М-, түүний өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Э.Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Ж.М-, Э.Х- нарт,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Н-т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918000000598 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э.Х-  

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ХХК-д уурхайн хүнд механизмын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг 3 хугацаагаар тэнссэн, Ж.М-

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э.Н-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Ж.М-, Э.Э.Х- нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн 07 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14-р цэцэрлэгийн баруун талын автобусны зогсоол дээр иргэн Ж.Ж.М-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан.

Яллагдагч Ж.Ж.М-, Э.Э.Х- нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 17- ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 12-р байрны 28 тоотод байрлах иргэн Э.Э.Т-ийн гэрээс иргэн З.З.Т-ын морин хуурыг нууцаар хууль бусаар авч 320000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Э.Э.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 12-р байрны 28 тоотод байрны иргэн Э.Э.Т-ийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Э.Э.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 06:40 цагт утсаа асаахад 2 дуудлага, 1 зурвас ирсэн байсан. Ж.Ж.М-ээс “Би Шарын голд шөнө ирсэн, залгаарай” гэсэн байсан. Тэгээд Ж.Ж.М- рүү залгахад төвд байна гэхээр нь Ж.Ж.М- бид хоёр сууж явсан такситайгаа Ж.Ж.М- дээр очиход согтуу байсан. Юу болсон талаар асуухад Ж.Ж.М- нь “Намайг согтуу болохоор такси авахгүй байна. 08:00 цагийн автобусаар Улаанбаатар хот руу явна” гэж байсан. Тэгээд таксинаас буугаад халааснаасаа тамхи авч өгөх хооронд Ж.Ж.М- нь нүүрээрээ газар унасан. Би урагшаа нэг том баруун мөрнөөс татсан. Тэгээд хацар луу нь зөөлөн алгадаж сэрээгээд, хажуугийн саравч руу оруулан суулгаж салфетка өгөөд  шуудай, цүнхтэй ачааг нь аваачиж өгсөн. Тухайн үед Л.Д- гэх жолооч машинаасаа буууж ирээд зүгээр эсэхийг асуусан. Би Ж.Ж.М-ийг зодсон зүйл байхгүй. Намайг гүтгэж байна. Хэрвээ надад тухайн үед мэдэгдсэн бол найзын хувьд туслах байсан. Би гомдолтой байна” гэв.

     Шүүгдэгч Ж.Ж.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Ж.Ж.М- бид нар хамт ажилладаг байсан. Э.Э.Х- нь миний машиныг Шарын голд орхисон тул бид 3 авахаар хамт очсон. 2019 оны 07 дугаар сарын 02-ний өглөө Ж.Ж.М- дуудсаны дагуу Э.Э.Х- бид хоёр такситай очсон. Гэтэл Ж.Ж.М- нь гэнэт унасан. Цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед эрүүл мэндийн байгууллагад мэддэггүй нь л бидний буруу байх. Шүүхээс үнэн зөвийг шийдэж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Э.Э.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

            Хохирогч Ж.Ж.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06:30 цагийн орчим би Шарын гол сумаас Улаанбаатар хот руу явахаар таксинд суусан. Би өмнөх өдөр нь архи уусан тул жолооч нь надаас архи үнэртээд байна гээд авч яваагүй. Тэгээд би Э.Э.Х- луу залгахад, Ж.Ж.М-тай хамт такситай ирсэн. Э.Э.Х- нь миний баруун гар талд, Ж.Ж.М- нь миний зүүн гар талд зогсож байсан. Намайг тамхиа асаах хооронд Э.Э.Х- нь намайг элэгдээд миний толгой эргээд доошоо хэвтэхэд чулуугаар цохисон. Би газарт нүүрээрээ биш, өвдөглөөд мөрөөрөө унасан. Тэгээд нэг ухаан ороход намайг нүүр нүдгүй өшиглөж байсан. Тэр үед Л.Д- гэдэг хүний машин байхгүй байсан. Тэгээд буцаад ухаан алдаад нэг сэрэхэд намайг саравчны хажууд суулгасан байсан. Ухаан орсон даруйдаа Б.Б- руу залгаж, түргэн дуудуулсан. Эмнэлэгт очоод даралт унаж, 2-3 удаа ухаан алдсан. Гэмт хэргийн улмаас миний эрүүний хоёр яс хугарсан, нүүр гажигтай болж, хоол идэж, ярьж чадахгүй, байнга өлсдөг болсон. Эхнэр хүүхдээ ч үнсэж чадахгүй, хааяа нүд бүрэлзэн, чих шуугьж, толгой өвддөг. Тухайн үед шоконд ороод өвдөлт мэдрээгүй байсан. Би энэ хүмүүстэй тийм сайн найзууд биш, зүгээр энгийн мэнд устай хамт ажилладаг хүмүүс. Нэг өдөр Э.Э.Х-, Ж.Ж.М- нар нь архи уугаад манай кампид орж ирээд ахын дүү гэх зэрэг зүйл ярихаар нь би ахаа гээд хүндлээд харьцсан. Гэтэл Э.Э.Х- нь “Намайг битгий даапаалаад бай. Чамайг цус, нөжтэй чинь холино” гэсэн. Урьдын энэ өс санаснаасаа болж л зодсон байх. Хүнийг ийм болтол нь зодож гэмтээгээд юу ч болоогүй юм шиг зогсож байх юм. Би 73 кг жингээс 60 кг жин хүртлээ турсан. Эмнэлэгт эмчлэгдэж байхдаа 54 кг хүрсэн. Би 2 сар орчим хүнтэй ч ярьж, хоол идэж чадаагүй” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1.Шүүгдэгч Ж.Ж.М-, Э.Э.Х- нарыг бүлэглэн хохирогч Ж.Ж.М-ийн эрүүл мэндэд ххүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан бүлэглэж үйлдсэн бол гэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж зүйлчлэхээр байх ба давхардуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Э.Ж.М-, Э.Э.Х- нар хохирогч Ж.Ж.М-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй, хохирогч өөрөө унасан, түүний биед учирсан гэмтэл нь уналтаас нь үүссэн гэж мэдүүлсэн.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай, Л.Оюунсувд нар “шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдээгүй, цагаатгаж өгнө үү” гэж улсын яллагчтай мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь: хохирогч Ж.Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг даруйд эмнэлэг, цагдаад хандаж тусламж авч байсан ба түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг бус удаа үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хохирогч өөрийн жингээр хатуу талбай бүхий газарт унахад эрүүний ооч болон хоёр талын үений сэртэн дайрсан зөрөөтэй ил хугарал, эрүүний хоёр талын үений мултрал, хоншоор ясны хугарал, үүдэн дээд баруун, зүүн дээд тус тус 1,2-р шүднүүдийн хоншоор ясны түүшингийн хугарал, үүдэн таван шүдний булгарал, хамрын далд ясны хугарал, уруул, тархи доргилт, эрүүнд няцарсан шарх гэмтлүүд үүсэх боломжгүй гэдгийг шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нотолж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ж.Ж.М-, Э.Э.Х- нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн 07 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14-р цэцэрлэгийн баруун талын автобусны зогсоол дээр иргэн Ж.Ж.М-ийг “шалтаг шалтгаангүйгээр” зодож түүний биед эрүүний ооч болон хоёр талын үений сэртэн дайрсан зөрөөтэй хугарал, эрүүний хоёр талын үений мултрал, хоншоор ясны хугарал, дээд үүдэн голын дөрвөн шүдний хоншоор ясны түүшингийн хугарал, үүдэн таван шүдний булгарал, хамрын далд ясны хугарал, уруулд няцарсан шарх, тархи доргилт, эрүүнд няцарсан шарх гэмтлүүд учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 17- ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 12-р байрны 28 тоотод байрлах иргэн Э.Э.Т-ийн гэрээс иргэн З.З.Т-ын морин хуурыг нууцаар хууль бусаар авч 320000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Э.Э.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 12-р байрны 28 тоотод байрны иргэн Э.Э.Т-ийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Э.Х-, Ж.Ж.М- бүлэглэн хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд халдаж хохирол учруулсныг, шүүгдэгч Э.Э.Н-ийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон байрны халдашгүй байдалд халдаж дураар авирласан үйлдлийг, шүүгдэгч Э.Э.Х-, Ж.Ж.М- нарын бүлэглэн бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдлийг Эрүүгийн 1918000000598 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

 

Хохирогч Ж.Ж.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 сарын 02-ны өглөө би 07 цагийн үед Шарын гол сумаас УБ хот руу явах гээд автобусны зогсоол дээр зогсож байгаад хамт ажилладаг Э.Э.Х-, Ж.Ж.М- нартай таарч уулзсан энэ үед Ж.М- миний баруун мөр рүү түлхэж Э.Х- миний гэдэс рүү цохисон. Энэ үед би доошоо тонгойж дугарч чадахгүй та хоёр яаж байна гэхэд Э.Х- нь гартаа чулуу бариад миний эрүүний орчим маш чанга нэг удаа цохисон. Энэ үед би ухаан балартаж нэг сэргээд хартал Ж.М- Э.Х- нар миний нүүр рүү өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /1-р хх 21-22/,

 

Гэрч Л.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...автобусны буудлын саравчин доор 1 залуу сууж байсан ба миний машинд сууж явсан 2 залуу бууж очоод тэр залуутай гар хөл бариад тэр залуугийн ачаа болох цагаан шуудайтай эд зүйл цүнхтэй зүйл зэргийг нь авч миний машины багажинд хийсэн. Намайг машиныхаа голын толинд харахад тэр 2 залуу замын хашлаган дээр зогсож байсан ба нөгөө залуу нь машины ард байсан. Би тамхи асаах зуур түг хийх чимээ гарахаар нь машинаасаа буугаад та хоёр хүн зодоод байгаа юм уу гэхэд тэр 2 залуу “ахаа бид хоёр ерөөсөө гар хүрээгүй шүү энэ өөрөө уначихлаа та энэ хавийн камер шүүж үзээрэй” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх 36-37/,

Гэрч А.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б- гэх хүнээс 10-р байрны гадна хүнд зодуулж цус алдсан хүн байна гэх дуудлагын дагуу жолоочийнхоо хамт яваад очиход Ж.М- гэх хүн хамраас нь цус гарч хагас суусан байдалтай очоод юм асуухад хариулах чадваргүй согтуу байсан ба Б- гэх хүнээс юу болсон талаар асуухад хоёр хүн зодсон, тэр хоёр хүний машин нь цагдаагийн журмын хашаанд байгаа нь та харсан юм уу гэхэд би хараагүй юм Ж.М- өөрөө надад тэгж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 40/,

 

Гэрч И.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б- Ж.М- гэх хүмүүс надад хэлэхдээ бид 2 маргааш өглөө эрт УБ хот руу явна гэж хэлж байсан бөгөөд би өглөө 07 цагт нийтийн автобус явдаг харин хувь хүмүус 06 цагт явдаг талаар хэлсэн. Тэгээ нөгөө 2 залуу манайд хэсэг юм ярьж сууж байгаад газраар унтаад өгсөн бөгөөд маргааш өглөө нь эрт гараад явсан байна лээ Би гэртээ унтаад үлдсэн” гэх мэдүүлэг /1-р хх 52/,

 

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 сарын 02-ны өглөө би хамт ажилладаг Ж.Ж.М-ийг УБ хот руу гаргаж өгөхөөр Шарын гол сумын автобусны буудал хүргэж өгөөд тэндээ танил С- гэрт буцаж очсон. Тэгээд С- гэрт сууж байтал удалгүй гаднаас Ж.М- иргэж орж ирсэн ба хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Энэ үед юу болсон талаар өөрөөс нь асуухад намайг автобусны буудал дээр Э.Х-. Ж.М- нар зодчихлоо гэж хэлэхээр нь би түүнийг эмнэлэг дуудаж өгч явуулсан” гэх мэдүүлэг /1-р хх 34/,

           

            Шинжээч эмч Д.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн :”... Би 2019 оны 07 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн өвчний түүх, ГССҮТ-ийн толгойн КТГ-н тэмдэглэл, Улсын 1-р төвийн эмнэлгийн толгойн КТГ-н тэмдэглэл болон Ж.Ж.М-ийг өөрийн биеэр үзэж гэмтлийн зэргийг тогтоож 570 дугаартай дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтэд тусгагдсан нүүрний болон олон ясны хугарал гэмтэл нь газар унахад үүсэх боломжгүй, хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл. Тухайлбал чулуу тоосго зэрэг хатуу мохоо зүйлээр цохиулах үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /1-р хх 53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Ж.Ж.М-ийн биед эрүүний ооч болон хоёр талын үений сэртэн дайрсан зөрөөтэй хугарал, эрүүний хоёр талын үений мултрал, хоншоор ясны хугарал, дээд үүдэн голын дөрвөн шүдний хоншоор ясны түүшингийн хугарал, үүдэн таван шүдний булгарал, хамрын далд ясны хугарал, уруулд няцарсан шарх, тархи доргилт, эрүүнд няцарсан шарх гэмтлүүд учирчээ.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Ж.Ж.М-ийн биед учирсан таван шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулна.

6.Ж.Ж.М-ийн хазах зажлах үйл ажиллагаа нь дунд зэргээр алдагдсан байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.49.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулна.

7.Өмнө гаргасан 2019 сарын 07 сарын 04-ний өдрийн 570 тоот дүгнэлт, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 957 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

 

 

Шүүгдэгч Ж.Ж.М-, Э.Э.Х- нар бүлэглэн хохирогч Э.Э.Т-ийн гэрээс З.З.Т-ын эзэмшлийн морин хуурийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бүлэглэн авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

 

 

Шүүгдэгч Э.Н- бусдын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

 

Хохирогч Э.Э.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Н- урьд өмнө манай гэрт миний зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүй намайг байхгүй хойгуур дур мэдэн хонож байгаагүй ээ. Миний бие Э.Н-т манайд дуртай үедээ хонож байгаарай гэж хэлж байсан удаа байхгүй ээ. Хэрэг болдог өдрийн урд өдөр нь Э.Н- манай гэрт надтай хамт хоноод нэг шил архи хамт хувааж уусан юм. Тухайн үедээ Э.Н- надад маргааш танай гэрт хононо шүү гэж хэлээгүй хэлсэн ч би зөвшөөрөхгүй байх байсан. Тухайн хэрэг болдог өдөр би ээлжийн ажилтай ажил дээрээ байсан намайг байхгүй хойгуур манай гэрт Э.Н- орсонд гомдолтой байна. ...манай гэрээс морин хуураас гадна өөр алга болсон зүйл байхгүй харин манай гэрт хоорондоо зодолдсон бололтой хана цус болсон самсунг маркийн 24-25 орчим инчийн хэмжээтэй зурагтын наад талын шилийг хагалсан, хоёр суурийн хөлийг хугалсан байсан”” гэх мэдүүлэг /2-р хх 101-102/,

 

Хохирогч З.З.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...найз Э.Т- хүрч ирээд ажил дээр урлагийн наадам бэлдэх хэрэгтэй байна. Морин хуур байвал өгч байгаач байхаар нь би ажил дээрээ хэрэглэдэг морин хуурыг өгөөд явуулсан. Э.Т- надаас морин хуур авахдаа 1 өдөр буцаагаад өгнө гээд авсан. Гэтэл Э.Т- өчигдөр орой над руу утсаар яриад чамаас авсан морин хуураа гэртээ байлгаж байсан чинь гэрт хулгай ороод чиний хуурыг алдчихлаа гэсэн” гэх мэдүүлэг /2-р хх 113/,

 

Гэрч Х.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд хүү Э.Э.Т-ийнд ирсэн. Миний хүү гэртээ ганцаараа амьдардаг. Тэгээд би 2019 оны 12 сарын 17-ны өглөө эмнэлэг явсан. ...Эмнэлгээр явж байгаад 16 цагийн орчимд хүүгийндээ ирсэн чинь хаалга нь онгорхой, гэрэл нь асаалттай байхаар нь яваад орсон шалан дээр архины шил аяга тавьчихсан, цонхны доор байсан морин хуур байхп/й байхаар нь хүү рүүгээ залгаж ярьчихаад хүлээгээд сууж байсан чинь гартаа шар тортой хувцас барьчихсан өндөрдүү шар царайтай, махлагдуу шар ноолууран малгай өмссөн, бор саарал куртик өмссөн 40 гаран насны эрэгтэй согтуу хүн орж ирсэн. Тэгээд сандраад чи яагаад хаалга эвдсэн юм бэ гэсэн би биш ээ манай нөгөө надтай цуг явсан залуу эвдсэн гэхээр нь камер шүүж үзсэн гээд худлаа хэлсэн чинь манай нөгөө цуг явсан залуу гэж хэлсэн. ...тэгсэн тэр залуу нойл ороодохьё гэж хэлээд гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 106-107/,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Л.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хуучин Дарханд Биржийн хашаан дотор чингэлэгтэй дотуур хувцас зардаг юм. 2019 оны 12 сарын 17-ны өдөр 16 цагийн үед 2 эрэгтэй хүн ирээд морин хуур авах уу гэж асуусан. Би ямар морин хуур гэсэн чинь 1 морин хуур үзүүлсэн. Тэр морин хуур нь дугарч байсан. Би хэдээр өгөх юм гэсэн чинь 60000 төгрөг гэж тэр 2 хүний арай залуу нь хэлсэн. Би тэр залуугаас хулгайн юм биш биз гэж асуусан чинь үгүй гээд байхаар нь 50000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг /2-р хх 111/,

 

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 120/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 5, 2-р хх 75/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх хх 7-10, 2-р хх 76-83/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх 11-17/,

Дуудлага хүлээн авсан бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 18-19/,

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографи дүгнэлт /1-р хх 74-79/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын  сарын 04-ний өдрийн 570 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

“1.Ж.Ж.М-ын биед доод эрүүний гурвалсан хугарал, доод эрүүний 2 талын үений мултрал, дээд эрүүний зүүн талын ба хамар яс, гайморын урд болон ар хана, дээд үүдэн шүдний сэртэнгийн хугарал, тархи доргилт, доод уруул, доод эрүүний шархнууд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх  боломжгой.

3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Ж.Ж.М-ын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй. /1-р хх 55-56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 997 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Ж.Ж.М-ын биед эрүүний ооч болон хоёр талын үений сэртэн дайрсан зөрөөтэй ил хугарал, эрүүний хоёр талын үений мултрал, хоншоор ясны хугарал, үүдэн дээд баруун, зүүн дээд тус тус 1,2-р шүднүүдийн хоншоор ясны түүшингийн хугарал, үүдэн таван шүдний булгарал, хамрын далд ясны хугарал, уруул, тархи доргилт, эрүүнд няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Таван шүдний булгарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.3-д ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдуулна.

6.2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 570 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. /1-р хх 66-68/,

 

Шүүгдэгч Ж.Ж.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 115/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 129-136/, шүүгдэгч Э.Э.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 155/,  арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 166-172/, шүүгдэгч Э.Э.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 167-168/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /2-р хх 187-197

 

Хохирогч Ж.Ж.М-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт /1-р хх 204-223/, өвчний түүх /2-р хх 52-60/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх 90/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх 96-97/,

“Капитал зууч” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх 126/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Иймд шүүгдэгч Ж.Ж.М-, Э.Э.Х- нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн 07 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14-р цэцэрлэгийн баруун талын автобусны зогсоол дээр иргэн Ж.Ж.М-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг,

Мөн бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 17- ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 12-р байрны 28 тоотод байрлах иргэн Э.Э.Т-ийн гэрээс иргэн З.З.Т-ын морин хуурыг нууцаар хууль бусаар авч 320000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн  шинжийг,

 Шүүгдэгч Э.Э.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн Э.Э.Т-ийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иймд шүүгдэгч Ж.Ж.М-, Э.Э.Х- нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Э.Э.Н-ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч Ж.Ж.М- эм, эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, шатахууны зардал зэрэг нийт 40.394.515 төгрөг, сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан буюу эм, эмчилгээний зардал 1.294.700 төгрөгийг гаргуулж шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 647.285 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Ж.Ж.М-ийн эм эмчилгээнд зарцуулагдаагүй хоол хүнс, ахуйн хэрэглээнд зарцуулагдсан 3.472.545 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Шатахууны зардал гэх 527.400 төгрөгийн баримт нь хэний эзэмшлийн ямар тээврийн хэрэгсэлд хийж байсан нь тодорхойгүй, 22.500.000 төгрөгөөр имплант шүд хийлгэнэ гэж байх боловч холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалин гэх 12.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхэд ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн хөлс авч байсан гэх нотлох баримтыг ирүүлээгүй байх тул  нийт 35.627.400 төгрөг, сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Харин хохирогч З.З.Т-, иргэний нэхэмжлэгч Л.Л.Б- нарын хохирол төлбөрийг төлж бардуулсан болох нь 2-р хавтаст хэргийн 96-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний нэхэмжлэгчээс ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй эх тайлбар зэргээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э.Х-, Ж.Ж.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Э.Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүгдэгч Э.Э.Н-т оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.Э.Х-, Ж.Ж.М- нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 75 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гарын мөр, 1 ширхэг  CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Э.Х-, шүүгдэгч Ж.М- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Э.Н-ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Э.Х-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ж.М-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э.Н-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э.Х-, Ж.Ж.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Х-, Ж.Ж.М- нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Э.Х-, Ж.Ж.М- нарын цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.Э.Х-, Ж.Ж.М- нараас тус бүр 647.285 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ж.М-эд олгосугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.Ж.М-ийн иргэний нэхэмжлэлээс 3.472.545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол болон шүүхээс хэлэлцэгдээгүй 35.627.400 төгрөгийг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Шүүгдэгч Э.Э.Х- иргэний нэхэмжлэгч Л.Л.Б-д 50000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсныг дурдсугай.

 

            10.Хохирогч Ж.Ж.М- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            11.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гарын мөр, 1 ширхэг  CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

            12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.Х-, Ж.Ж.М-, нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Э.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ