Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/01823

 

 

 

 

 

 

 

 

 

Г.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/02437 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.У-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н-газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 0000 тоот хаягт байрлалтай газрыг үүргийн гүйцэтгэл хангуулахаар Н-газар үнэлгээ хийлгэж дуудлага худалдаанд оруулах гэж байгаа. Үнэлгээний компани нь 10,000,000 төгрөгөөр газрыг хэт бага үнээр үнэлсэн. Иймд би хашаа байшингаа зарахаар зар тавьж үнийн судалгаа хийхэд 20,000,000 төгрөгөөр үнэлүүлэх боломжтой гэж үзэж байна. Миний бие Д.Ш-гийн мөнгийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор зээлээ барагдуулахаар тохиролцсон. Иймд газраа дуудлага худалдаанд оруулах хүсэлгүй байх тул хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 184/ШШ2021/02660 дугаартай захирамжаар Г.У-гоос 9,330,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0000000 тоот гүйцэтгэх тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүссэн. Төлбөр төлөгч Г.У-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх эрх өгсөн боловч биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 00тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай хххххххх улсын бүртгэлийн дугаартай, 000 гэрчилгээний дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгийг хурааж авсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/42 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийг 10,500,000 төгрөгөөр үнэлж, тогтоосон. Төлбөр төлөгч Г.У- нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч, өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4/4646 дугаартай бие даан худалдан худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан. Үнэлгээг тухайн шинжээч нь зах зээлийн үнэлгээтэй нь харьцуулж тогтоосон тул ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гараагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Н-газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Н-газраас барьцаа хөрөнгөд үнэлгээний тогтсон зах зээлийн үнэ болох 10,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн тайланг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан. Барьцаа хөрөнгийн уг тайланг зах зээлийн харьцуулан жиших аргаар үнэлгээг гаргахдаа 1 дэхь харьцуулалт нь төв зам болон нийтийн үйлчилгээний авах давуу талыг тооцоолоогүй 2 буюу 3-р харьцуулалт зуслан буюу нийтийн тээвэр явдаггүй, 4 улиралд хүн оршин суудаггүй газруудтай харьцуулсан байна. Миний өмчлөлийн 700 мк газар нь төв замын хажууд байрладаг, сургууль, цэцэрлэг болон нийтийн үйлчилгээний газруудын хажууд байрладаг болно. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хэт багаар үнэлж өмчлөгч миний эрхийг ноцтой зөрчсөн байна. Манай газартай ойролцоо газруудын зах зээлийн үнэлгээ байршлаас хамаарч 30,000,000-50,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад шүүх бодит байдалд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдож байна.

2.Нэхэмжлэгч Г.У- нь хариуцагч Н-газарт холбогдуулан Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ. /хх-20/

3.Н-газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2021/02660 дугаар захирамж, гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцсэн байна. /хх-4-5, 22, 23-25/

4.Талууд барьцаа хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаангүй, шинжээчийн үнэлгээ нь хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

5.а.Тодруулбал, шинжээч нь маргааны зүйл болох хөрөнгөд үнэлгээ хийхдээ зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглан, хандлага тус бүрийн ач холбогдлыг тодорхойлон хамгийн өндөр ач холбогдол бүхий зах зээлийн хандлагын аргаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 13 гудамж, 4 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбай бүхийхххххххх улсын бүртгэлийн дугаартай, 000555098 гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнийг 10,500,000 төгрөгөөр тогтоож, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна. /хх-40-57/

5.б.Хариуцагч Н-газар нь шинжээчийн үнэлгээг Г.У-д 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-88/4326 дугаар мэдэгдлээр тогтоогдсон, /хх-62/ хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 заасан журмыг зөрчөөгүй байна.

 

5.в.Нэхэмжлэгч Г.У- өөрийн өмчлөлийн газрын зах зээлийн үнэ цэнэ 20,000,000 төгрөг, мөн шинжээчийн үнэлгээ бодит бус зах зээлээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Н-газраас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр барьцаа хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай төлбөр төлөгч Г.У-гийн хүсэлтийг үндэслэн түүнд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгож байжээ. /хх 64, 65/

6.Иймд шинжээчийн дүгнэлт бодитой бус, хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Н-газарт холбогдох Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай Г.У-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/02437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД