Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00443

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/00987 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдох,

Мөнгөн хадгаламжийн үндсэн төлбөрт 800 000 000 төгрөг, мөнгөн хадгаламжийн хүүд 290 399 999 төгрөг, гэрээний дагуу алданги 384 266 666 төгрөг, нийт 1 474 666 666 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн “Капитрон банк” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн тухай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбат, Т.Батжаргал, Э.Жаргал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Капитрон банк нь Улаанбаатар хотын банктай MM 12085 тоот Мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулж, 3 000 000 000 төгрөгийг жилийн 11 хувийн хүүтэйгээр хадгалуулсан юм.2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ММ12085 тоот “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-нд өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 03 дугaap сарын 20-ны өдрийг хүртэл 13 хоногийн хугацаагаар сунгасан.Улаанбаатар хотын банкнаас 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 200 000 000 төгрөгийн үндсэн хадгаламж, 66 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламжийн хүү, нийт 2 266 000 000 төгрөгийг Капитрон банкинд шилжүүлсэн бөгөөд 800 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламж үлдсэн юм. Гэтэл 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Капитрон банкны мөнгөн хадгаламжийн 834 222 222.22 төгрөгийн үлдэгдлээр бусдын зээлийг үндэслэлгүй төлүүлсэн байна. Капитрон банкны зүгээс удаа дараа хандаж үндэслэлийн талаар шаардсан боловч тодорхой хариу өгөөгүй юм.Улаанбаатар хотын банк нь энэхүү үйлдлээрээ Банкны тухай хуулийн 16 дугаар 16.1.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг тус тус зөрчсөн байна. 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Капитрон банкны мөнгөн хадгаламжаар бусдын зээлийг төлүүлснээр хадгаламж эзэмшигч болох Капитрон банкны эрх зөрчигдсөн бөгөөд тухайн өдрөөс мөнгөн хадгаламжаа буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. ММ12085 тоот гэрээний 4.2.1-т гэрээний 2.2 дахь хэсэгт заасан мөнгөн хадгаламж түүний хүүг бүтнээр буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд мөнгөн хадгаламжийн хүүг 50 хувиар нэмэгдүүлэн (жилийн 16.5 хувь)-г шилжүүлж тооцсоноор алдангийг хадгалуулагчид төлөх гэж тус тус заасны дагуу Капитрон банкны мөнгөн хадгаламжаа буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон өдөр Капитрон банкны эрх зөрчигдсөн өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу алданги тооцох эрх үүссэн байна.Иймд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.2, 454.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу мөнгөн хадгаламжийг гэрээний дагуу төлөх үндсэн хадгаламж болох 800 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бодогдсон мөнгөн хадгаламжийн хүү 290 399 999 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 384 266 666 төгрөг, нийт 1 474 666 666 төгрөгийг гаргуулж өгнө үү. Капитрон банкны зүгээс мөнгөн хадгаламж, түүний хүү, алдангийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тооцож анх нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдаан гагцхүү хариуцагч талаас хамаарсан шалтгааны улмаас удаа дараа хойшилсон бөгөөд энэ хугацаанд бодогдсон мөнгөн хадгаламжийн хүү, алдангийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх шаардлага нэхэмжлэгч талд үүсээд байгаа юм.Шүүх хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдахаар товлогдсон байх тул 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хүү болох 30 800 000 төгрөг, алданги болох 46 200 000 төгрөг, нийт 77 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээр Капитрон банкны нэхэмжлэлийн нийт шаардлага 1 551 666 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Капитрон банкны нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын банкинд холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулагдсан Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусч, хадгалагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсэхгүй юм.Улаанбаатар хотын банк нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Капитрон банктай ММ12085 дугаар Мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулж, 3 000 000 000 төгрөгийг жилийн 11 хувийн хүүтэйгээр 31 хоногийн хугацаатайгаар хадгалсан. 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талууд мөнгөн хадгаламжийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, гэрээний хугацааг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 13 хоногийн хугацаатай байхаар тохиролцсон. Улмаар Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусч, хадгалуулагч Капитрон банк нь 2 200 000 000 төгрөгийн үндсэн хадгаламж, 66 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламжийн хүү, нийт 2 266 000 000 төгрөгийг авах шаардлага гаргасны дагуу мөнгийг шилжүүлсэн.Үлдэх 800 000 000 төгрөгийн мөнгөн хадгаламжийг хугацаагүй хадгаламжид шилжүүлсэн байсан бөгөөд хадгалуулагч Капитрон банкны 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 683 тоот албан бичгийн дагуу 800 000 000 төгрөгийг “Мфикс капитал” ХХК-ийн зээлийн төлбөрт тооцон шилжүүлэн авснаар талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг дуусгавар болсон юм. Капитрон банкнаас 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 683 тоот албан бичгээр “Мфикс капитал” ХХК-тай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулсан. Дээрх гэрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ банкны нэр дээр гармагц банк “Мфикс капитал” ХХК-ийн өмнөөс 2 300 000 000 төгрөгийг танай Улаанбаатар хотын банк дахь зээлд төлөх нөхцөл тусгагдсан.Иймд дээрх төлбөр төлөгдсөний дараа үлдэх “Мфикс капитал” ХХК-ийн зүгээс зээлийн үлдэгдлийг байршуулсан мөнгөн хөрөнгөөр батлан даах нөхцөлтэйгөөр дахин 3 сарын хугацаагаар сунган хамтран ажиллах хүсэлтийг ирүүлснийг бид хүлээн авсан. Капитрон банкны дээрх 683 тоот албан бичиг нь тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Мөнхсайханы гарын үсэг болон Капитрон банкны тамгаар баталгаажсан байсан. Капитрон банкийг төлөөлөх бүрэн эрхтэй тул Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т “хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх” гэж заасны дагуу Улаанбаатар хотын банк нь хадгалуулагч Капитрон банкны даалгавраар, хадгаламж дахь мөнгөн дүнгийн хэмжээгээр “Мфикс капитал” ХХК-ийн зээлийн төлбөрийн үлдэгдлээс хасалт хийсэн.Иймд Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Капитрон банкны зүгээс батлан дааж, өөрийн мөнгөн хадгаламжаар бусдын үүргийг төлж барагдуулах үүрэг үүсээгүй гэж маргаж байгаа тул Улаанбаатар хотын банк болон Капитрон банкны хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн тухай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байна.Улаанбаатар хотын банк, Капитрон банкны хооронд зээлийн батлан даалтын гэрээ байгуулагдсан тухайд Капитрон банк буюу түүнийг төлөөлж тус банкны Гүйцэтгэх захирал асан П.Мөнхсайхан нь анх 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 683 тоот албан бичгээр Улаанбаатар хотын банкинд Батлан даалтын гэрээ байгуулах саналыг ирүүлсэн. Капитрон банкнаас бичгээр ирүүлсэн гэрээ байгуулах саналд Капитрон банк нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Мфикс капитал” ХХК-тай Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ банкны нэр дээр гармагц банк /Капитрон банк/ “Мфикс капитал” ХХК-ийн өмнөөс 2 300 000 000 төгрөгийг танай банкин дахь зээлд төлөх нөхцөл тусгагдсан. Капитрон банкнаас ирүүлсэн гэрээ байгуулах санал нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын банк саналыг хүлээн авснаар тус санал хүчин төгөлдөр болсон. Тус саналыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа Улаанбаатар хотын банкнаас Капитрон банкинд тодорхой илэрхийлсэн бөгөөд Капитрон банкинд хүргүүлсэн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1776 тоот, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5/2436 “Тодорхой арга хэмжээ авахуулж, мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4/2476 тоот албан бичгүүдээр тус тус нотлогддог.Тухайн албан бичгүүдэд “Мфикс капитал” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул хуримтлагдсан төлбөрийг барагдуулах талаар анхаарч, зохих арга хэмжээ авахыг хүсч, арга хэмжээ авагдаагүй тохиолдолд Капитрон банкны Улаанбаатар хотын банкин дахь хадгалуулсан мөнгөн хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авах бөгөөд Капитрон банкны зүгээс батлан даахаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан.Талуудын хооронд Батлан даалтын гэрээг бичгээр байгуулаагүй байх боловч Иргэний хуулийн 459.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээ бичгээр хийнэ.”, 459.2 дахь хэсэгт “Ажил үүргийнхээ хүрээнд батлан даалт гаргасан бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулахгүй байж болно” гэж тус тус заасан. Гүйцэтгэх захирал асан П.Мөнхсайханы зүгээс “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний дагуу “Мфикс капитал” ХХК-ийн Улаанбаатар хотын банкин дахь зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн хэмээн ойлголт өгч бидэнд итгүүлэн, “Мфикс капитал” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг батлан даах саналыг тавьсан бөгөөд тус саналыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, батлан даалтын гэрээний харилцаа үүссэн байдаг.Харин Капитрон банкны зүгээс Улаанбаатар хотын банк нь үндэслэлгүйгээр Капитрон банкны Улаанбаатар хотын банкин дахь мөнгөн хадгаламжийн үлдэгдлээр бусдын зээлийг төлүүлсэн гэж маргаж байх тул Капитрон банк болон Улаанбаатар хотын банкны хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн тухай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хэрэгт авагдсан баримт болон хууль тогтоомжид нийцэхгүй байна. Хариуцагч нь дээрх байдлаар үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул Капитрон банкны зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч талаас 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 683 тоот албан бичгийг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/00987 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Улаанбаатар хотын банк" ХХК-иас гэрээний дагуу төлөх үндсэн хадгаламж 800 000 000 төгрөг, хүү 321 199 999 төгрөг, алданги 430 466 666 төгрөг, нийт 1 551 666 666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 -д заасныг баримтлан Капитрон банк ХХК болон Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн тухай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Капитрон банк ХХК-иас 8 074 234 төгрөг, хариуцагч "Улаанбаатар хотын банк" ХХК-иас 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Улаанбаатар хотын банк" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8 074 234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар магадлалаар Чингэлтэй дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 182/ШШ2016/00987 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь 7 986 483 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл, жинхэнэ эх бус хуулбар баримтуудыг анхан шатны шүүх үнэлсэн бол хууль зөрчихөөс бус Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д “Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ.” 49.3.-т “Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ” гэж заасны дагуу гэрчилсэн, баталгаажуулсан баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.Нотариатч нь аливаа бичмэл баримтын хуулбарыг гэрчлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийн дагуу Капитрон банкны “Хуулбар үнэн” гэсэн тэмдэгтэй баримтын хуулбарыг эх хувьтай нь харьцуулсны үндсэнд гэрчилсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн зохицуулалт нь давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн дүгнэлтээс эрс зөрүүтэй байхаас гадна дээрх баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд уу гэдэг талаар дүгнээгүй байна.Магадлалд “Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтыг нөгөө талд нь танилцуулаагүй” гэсэн боловч хэргийн материалд авагдсан баримтаар тухайн өдрийн хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдаан дээр шинээр гаргасан баримттай мөн танилцсан, талууд хуралдааны явцад энэ талаар мэтгэлцсэн, нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан баримттай танилцаагүй гэж хэлээгүй байхад мэтгэлцэх зарчим зөрчигдлөө гэж үзэх үндэслэлгүй.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээр хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг буруу тодорхойлжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх хоёр үндэслэлийг магадлалдаа заажээ:

-хэргийн 6-22, 142-157 дугаар талд авагдсан нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д заасан шаардлагыг хангаагүй, улмаар нэхэмжлэгч нотлох баримтын зөвшөөрөгдсөн хэлбэрийг зөрчсөн

-шүүх хуралдаанд хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгчид танилцуулсан эсэх нь тодорхойгүй.

Хэргийн 1 дүгээр хавтасны 6-22, 142-157 дугаар талд авагдсан 33 хуудас бичгийн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.-.-т заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэх шаардлагыг зөрчөөгүй байна. Эдгээр нотлох баримтын хуулбарууд үнэн зөв болохыг нотариатч гэрчилж, тамга, тэмдгээрээ баталгаажуулсан байна. Нотариатчийн баталгаажуулсан баримт дээр нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн эх баримтын үнэн зөв хуулбарыг олгосон гэх тэмдэг дарагдсан байх нь баримтын хуулбарыг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан зохицуулалт нь хэргийн оролцогчид хамааралгүйгээс гадна нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтад хамааралгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК нь 1 хуудас тодорхойлолт гаргаж өгсөн ба шинэ баримт гаргаж өгч буй талаар нэхэмжлэгч ямар нэг хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд уг нотлох баримтыг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагджээ \хх-ийн 45, 51, 62 дугаар тал\. 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл бодит биш болсноос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д заасан шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх маргааны зүйл, үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээг зөв тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас мөнгөн хадгаламжийг хүү, алдангийн хамт гаргуулахаар шаардлагаа тодорхойлжээ. Хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр хадгаламжийн мөнгөөр “МФИКС капитал” ХХК-ийн зээлийн төлбөрийг төлсөн гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр №ММ12085 дугаартай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан байх ба энэхүү гэрээгээр нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь “Улаанбаатар хотын банк” ХХК-д 3 000 000 000 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл жилийн 11 % хүүтэйгээр  31 хоногийн хугацаатай  хадгалуулжээ \хх-ийн 8-9 дүгээр тал\. Зохигчид 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “мөнгөн хадгаламжийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр хадгаламжийн гэрээний хугацааг 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 13 хоног болгожээ. \хх-ийн 10 дугаар тал\.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2 200 000 000 төгрөгийн үндсэн хадгаламжийг хүү 66 000 000 төгрөгийн хамт бүгд 2 266 000 000 төгрөг авсан талаар зохигчид маргаагүй байна.

Харин үлдэх 800 000 000 төгрөгийн хадгаламжийн хугацааны талаар зохигчид гэрээ байгуулаагүй буюу хугацааг өөрчилж, сунгаагүй байна.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1.-д зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 455 дугаар зүйлийн 455.3.-т зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлд мөнгөн хадгаламжийн хугацааг зохицуулжээ. Хуульд зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээг Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болох ба тодорхой хугацаа зааж хадгалуулсан мөнгөн хадгаламжийг хугацаатай, тодорхой бус хугацаагаар хадгалуулсан мөнгөн хадгаламжийг хугацаагүй мөнгөн хадгаламжид тооцдог. Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй бол мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй байна. Гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах тухай, эсхүл гэрээг дахин сунгуулах шаардлага тавиагүй бол уг мөнгөн хадгаламжийг хугацаагүй мөнгөн хадгаламжид тооцож, хүүг хугацаагүй мөнгөн хадгаламжийн адил хэмжээгээр бодох ёстой байна. Хадгалуулагч нь хадгалагчаас үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болон гэрээнд заасан бол анз төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-д 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаартай албан бичиг хүргүүлсэн байна \хх-ийн 17 дугаар тал\. Энэхүү албан бичиг дараахь агуулгатай байна:

-“Капитрон банк” ХХК нь “Мфикс капитал” ХХК-тай зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний дагуу “Мфикс капитал” ХХК-ийн зээлийн төлбөрт уг компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч,  улмаар “Улаанбаатар хотын банк” ХХК-д төлөх зээлийн төлбөрөөс нь 2 300 000 000 төгрөгийг төлж,  “Мфикс капитал” ХХК-ийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д төлөх зээлийн төлбөрийг бууруулах. Харин дээрх төлбөр төлөгдсөний дараа “Мфикс капитал” ХХК-ийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д төлөх зээлийн үлдэгдлийг “Капитрон банк” ХХК-ийн мөнгөн хадгаламжийн хөрөнгөөр батлан даах нөхцөлтэйгээр дахин 3 сарын хугацаагаар сунган хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.

Дээрх албан бичгийн агуулгаас үзвэл, “Капитрон банк” ХХК нь нэгдүгээрт, мөнгөн хадгаламжийн үлдэгдэл болох 800 000 000 төгрөгийн хадгаламжийн хугацааг 3 сараар сунгах \хугацаатай болгох\, хоёрдугаарт, хугацаатай хадгаламжийн хөрөнгөөр “Мфикс капитал” ХХК-ийн зээлийн үүргийн үлдэгдлийг батлан даах хүсэлт гаргасан байна.

Гэвч зохигчдын хооронд 800 000 000 төгрөгийн хадгаламжийн хугацааг сунгах гэрээ, мөн “Мфикс капитал” ХХК-ийн зээлийн үүрэгт батлан даалтын гэрээ тус тус байгуулагдаагүй байна. Энэ тохиолдолд тухайн хадгаламжийг хугацаатай гэж үзэх үндэслэлгүйгээс гадна дээрх мөнгөн хөрөнгөөр “Мфикс капитал” ХХК-ийн зээлийн төлбөрийг барагдуулсан хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн ажиллагааг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй болно.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг байна. Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулах боловч ажил үүргийнхээ хүрээнд батлан даалт гаргасан бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулахгүй байж болохоор хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1., 459.2.-т заажээ.

“Бичгээр байгуулахгүй байж болно” гэдэг нь гэрээг угаас байгуулахгүй байж болно гэж ойлгох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, бусдын үүргийг батлан даах журмаар мөнгөн хадгаламжийнхаа хугацааг сунгах тухай нэхэмжлэгчийн хүсэлтэд хариуцагчийн зүгээс хариу өгөөгүй, хадгаламжийн хугацаа сунгагдсан эсэх нь тодорхойгүй, зээлийн үүрэг гүйцэтгэгчийн хэдий хэмжээний үүргийг ямар хугацаанд батлан дааж, хариуцлага хүлээх үүрэг хүлээж байгаа талаар талууд тохиролцоогүй байгаа тохиолдолд талуудыг батлан даалтын гэрээний харилцаанд орсон гэж үзэх боломжгүй юм. Батлан даалтын гэрээний харилцаа үүссэнийг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3., 459 дүгээр зүйлийн 459.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Нэг этгээд өөрийн  хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэдэг ба энэхүү саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байх учиртай. Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцлийг гэрээний гол нөхцөл гэдэг. Зохигчдын хооронд батлан даалтын гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг бөгөөд харин мөн зүйлийн 460.2.-т зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байна. Зохигчдын хооронд ямар нөхцөлтэйгээр батлан даалтын гэрээ байгуулагдсан болох нь тодорхойгүй буюу энэ талаар талууд харилцан тохиролцоогүй, гэрээ байгуулагдаагүй тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг тодорхойлох боломжгүй юм.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд мөнгөн хадгаламжийн хугацааг сунгасан гэрээ байгуулагдаагүй болохыг анхааралгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хадгаламжийн хүүг хугацаатай гэрээний хүүгээр тооцсон нь учир дутагдалтай болжээ.

“Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хугацаагүй хадгаламжийн хүүгийн хувь хэмжээ 2006 оноос хойш жилийн 1 хувийн хүүтэй болохыг тодорхойлсон лавлагааг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүйгээс гадна шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан уг баримттай танилцсан бөгөөд мэтгэлцэх эрх нь зөрчигдөөгүй талаар хяналтын гомдолдоо заажээ.

Иймд нэхэмжлэгчид мөнгөн хадгаламжийн үндсэн хөрөнгө 800 000 000 төгрөг, хүү 24 960 000 төгрөг, алданги 40 216 410 төгрөг, бүгд 865 176 410 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/00987 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “үндсэн хадгаламж 800 000 000 төгрөг, хүү 321 199 999 төгрөг, алданги 430 466 666 төгрөг, нийт 1 551 666 666 \нэг тэрбум таван зуун тавин нэгэн сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан\ төгрөгийг” гэснийг “үндсэн хадгаламж болон хүү, алдангид 865 176 415 төгрөг” гэж, 3 дахь заалтын “Улаанбаатар хотын банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8 074 234 төгрөгийг” гэснийг ““Улаанбаатар хотын банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 483 832 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 8 074 234 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН