Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01911

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01911

 

 

М.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02875 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Д-, Ч.М- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 93,264,000 төгрөг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 11,000,000 төгрөг, нийт 104,264,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-, хариуцагч Ч.М-, түүний өмгөөлөгч Б.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: М.Г-а нь С.Д-, Ч.М- нартай харилцан тохиролцоод 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл буюу 100,330,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 80,000,000 төгрөгийг бэлнээр хариуцагч Ч.М-т өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хариуцагч Ч.М-ын данс руу 20,330,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээнд заагдсан үндсэн зээлийг хариуцагч 2021 оны 04 дүгээр сард төлж барагдуулсан боловч зээлийн хүү, алданги огт төлөөгүй. 100,330,000 төгрөгийн 6 сарын 5 хувийн хүү нь 30,099,000 төгрөг, хуульд нийцүүлэн алданги тооцоход 50,165,000 төгрөг, нийт 80,264,000 төгрөг болсон. Уг мөнгийг гаргуулна.

Хариуцагч Ч.М- болон түүнтэй хамт ажилладаг байсан ажилтны данс руу ажилчдын цалин, хоолны мөнгө олгох зориулалтаар 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд 13,000,000 төгрөг шилжүүлж зээл олгосон.

Хариуцагч нар зээлээ төлөхгүй байсны улмаас нэхэмжлэгч түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болж, 11,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Иймд нийт 104,264,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч.М-ын тайлбарын агуулга: М.Г-а нь миний данс руу мөнгө шилжүүлж, би түүнийг нь бусад зээлтэй хүмүүс рүү шилжүүлдэг. Тухайн хүн зээлээ дараад удалгүй зээлсэн мөнгө, хүүгийн хамт шилжүүлэхээр нь би М.Г-ын данс руу шилжүүлдэг байсан. Бид бусдад түр хугацаатай мөнгө зээлж түүнээс хүү бодон ашиг олж ирсэн нь миний дансны хуулгаас харагдана.

Нэхэмжлэгч М.Г-а, хариуцагч С.Д- нар хамтран ажиллахаар болсон. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр барилга барих газрын эзэмшигч Г.М-тэй нэхэмжлэгч М.Г-а, хариуцагч С.Д- нар уулзаж газар, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах төлбөр тооцооны асуудлаа тохиролцож нийт 320,000,000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаанд 80,000,000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлөхөөр тохирсон. Тухайн үед би М.Г-а, С.Д- нартай хамт явж байсан. Нэхэмжлэгч нь бичиг баримт, иргэний үнэмлэхээ орхичихсон байна, чи иргэний үнэмлэхтэйгээ байгаа юм чинь гэрээ байгуулчих, ах нь мөнгө төгрөгийн асуудлыг нь болгочихъё гэж хэлсэн. Үүний дагуу миний бие Г.М-тэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 0000-0000ны хойд хэсэгт байрлалтай 536 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай 618 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэн авахаар үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч уг гэрээг байгуулагдсан өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Г.М-ийн хүү М.О-од гэрээний урьдчилгаа төлбөр 80,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Барилгын ажил удааширснаас шалтгаалан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Г.М-тэй байгуулагдсан гэрээ цуцлагдаж, Г.М- гэрээ цуцалсны төлбөрт бартераар 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 125,000,000 төгрөгөөр тооцон М.Г-ад шилжүүлэн өгсөн.

Хариуцагч С.Д- болон нэхэмжлэгч М.Г-аас нэг ч төгрөг зээлээр аваагүй буюу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч М.Г-ын гуйлтаар дүр үзүүлж уг гэрээг байгуулсныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Гэтэл миний хувьд нэхэмжлэгчээс мөнгө, эд хөрөнгө аваагүй тул зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд зээлийн хүү, алданги төлөх үүрэг хүлээхгүй. Иймд зээлийн хүү 30,099,000 төгрөг, алданги 50,165,000 төгрөг, нийт 80,264,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2021 оны 08 дугаар сард нэхэмжлэгч М.Г-атай хамтран Х- ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Хүннү 2222 хотхоны барилгад засварын ажил хамтран гүйцэтгэхээр тохиролцож, барилгын ажилчид авч ажиллуулан засварын ажил хийж эхэлсэн. Бидний хувьд ажилчдаа цалинжуулах, хоол хүнсний асуудлыг нь шийдвэрлэх зэргээр хамтран ажиллаж байсан. Нэхэмжлэгчээс мөнгө зээлж зарцуулсан зүйл байхгүй, миний Хаан банк ХХК-ийн дансны хуулгаар М.Г-ын шилжүүлсэн мөнгийг ажилчдын цалин, хоол хүнсэнд зарцуулсан болох нь тогтоогдоно. Иймд 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо,00-00 1 өрөө орон сууцанд оффис түрээслэх гэрээ байгуулан авто ломбардын үйл ажиллагаа явуулдаг байсан. Миний хувьд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй тул бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцан биелүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч М.Г-а, хариуцагч С.Д-, Г.М- нар хоорондоо утсаар яриад газрын нийт үнэ 300,000,000 гаруй төгрөг, урьдчилгаа 80,000,000 төгрөг гэж тохирсон. Маргааш өглөө нь нэхэмжлэгч М.Г-а 80,000,000 төгрөгийг аваад хариуцагч Ч.М-, түүний эхнэрийн хамт Г.М-ийнд очсон. Г.М- болон түүний хүүгийн хамт нотариат орж гэрээ байгуулсан. Тухайн үед С.Д- байгаагүй ба М.Г-а М.О-од мөнгө өгсөн бөгөөд дараа нь гэрээ дуусгавар болгохоор М.Г-а, Г.М-т 101,000,000 төгрөг өгч Ч.М-ыг гэрээнд гарын үсэг зураад өг гэж хэлээд дуудсан. Уг мөнгөний асуудалд хариуцагч Ч.М-, С.Д- нар огт оролцоогүй.

2019 оны 10 дугаар сард М.Г-а эхнэрт үзүүлэх баримт хэрэгтэй байна гэх гуйлтын дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. 2020 оны 08 дугаар сард хариуцагч нарын гараар бичсэн баталгааны баримт байгаа ба М.Г-а хүмүүсээс мөнгө авсангүй гээд уурлаад байна, цаг хугацаа хожих гээд байна гэсээр байгаад бичүүлж авсан.

Хариуцагч нарт зээлдүүлсэн гэх мөнгөнөөс болоод оффисын түрээсээ төлж чадахгүй болсон гэх баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.М-, С.Д- нарт холбогдох 104,264,000 төгрөг гаргуулах тухай М.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 679,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.Г-а, хариуцагч Ч.М-, С.Д- нар харилцан тохиролцож Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл заалтыг тус тус үндэслэн зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Ч.М- нь 80,000,000 төгрөгийг бэлэн авч, Г.М-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Энэ талаар гэрч М.О- тодорхой тайлбарлан хэлдэг.

20,330,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 09-өөс 07 дугаар сарын 28-ны хооронд дансаар шилжүүлэн өгсөн. Дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хариуцагч Ч.М-, С.Д- нар хүлээн зөвшөөрч өөрсдийн баталгаа хүртэл бичиж өгсөн, М.Г-ын зүгээс хүчээр болон эхнэртээ үзүүлэх зорилгоор гэрээ хийж, баталгаа бичүүлсэн зүйл огт байхгүй.

2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд Ч.М-т дансаар 13,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн нь дансны хуулгаар тодорхой харагддаг. М.Г-ын хувьд Хүннү-2222 барилга дээр Ч.М-тай хамтран ажилласан зүйл огт байхгүй, хамтран ажиллаж байсан эсэх талаар гэрээ, хэлцэл, нотлох баримт хэргийн материалд байхгүй байхад анхан шатны шүүх хамтран ажилласан гэж дүгнэсэн үндэслэлгүй. Ч.М- нь ажилчдын цалин, хоол унааны мөнгийг М.Г-аас зээлж авч байсан талаар нотлох баримт, гэрч Б.Бямбадоржийн мэдүүлэг, дансны хуулга, талуудын хооронд бичиж байсан зурвасаар тодорхой харагдсаар байтал анхан шатны шүүх зээлийн төлбөр шаардсан агуулга тусгагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Ч.М-, С.Д-, нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж М.Г-а нь иргэн Д.Д-тэй байгуулсан оффис түрээслэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж 11,000,000 төгрөгийн хохирол учирсан. Мөн анхан шатны шүүх дансны хуулгын зөрүүг бодитоор гаргаж, үнэлж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагч Ч.М-, С.Д- нараас 104,264,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Маргааны үйл баримтад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан тул үүргээ биелүүлэх ёстой гэж тайлбарласан. Уг үндэслэлээ гэрч н.О-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэсэн. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж үздэг. Уг асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. 13,000,000 төгрөгийг Ч.М- болон түүний эхнэрийн дансанд шилжүүлэн өгсөн гэж нэхэмжилсэн. Гэтэл хамтран үйл ажиллагаа явуулж байх хүрээндээ М.Г-аас Ч.М-ын дансанд мөнгө орж ирснийг үгүйсгээгүй. Харин Ч.М- тухайн мөнгийг ажилчдад болон М.Г-ын дансанд буцаан шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогддог. Уг асуудалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Хэрэгт авагдсан баримтаар иргэн М.Г-ад хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, оффисын түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Түрээслүүлэгч нь М.Г-аас 11,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бодит хохирол учирсантай холбоотой материал хэрэгт авагдаагүй. Ч.М-, С.Д- нарын үүргээ зөрчсөн үйлдлээс болж, М.Г-ад хохирол учирсан гэх үйл баримт тогтоогддоггүй тул хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч М.Г-а нь хариуцагч С.Д-, Ч.М- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93,264,000 төгрөг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 11,000,000 төгрөг, нийт 104,264,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

4.Нэхэмжлэгч ... үндсэн зээл 100,330,000 төгрөгийг төлсөн, хүү төлөөгүй учир 6 сарын хүүд 30,099,000 төгрөг, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул алданги 50,165,000 төгрөгийг тус тус гаргуулна. Ч.М- ажилчдын хоолны мөнгө хэрэгтэй гээд 13,000,000 төгрөг зээлсэн, зээлийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс түрээсийн төлбөрөө төлж чадаагүй, 11,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

5.Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ М.Г-ын хүсэлтээр гэрээ байгуулсан, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. М.Г-а миний данс руу мөнгө шилжүүлж хүмүүсийн зээлийг чөлөөлж, тухайн хүмүүс мөнгийг хүүгийн хамт шилжүүлснийг буцаан М.Г-а руу шилжүүлдэг байсан. 80,000,000 төгрөгийн хувьд газар худалдах-худалдан авахаар урьдчилгаанд шилжүүлсэн, уг гэрээ цуцлагдаж М.Г-а мөнгөө буцаан авсан, М.Г-атай хамтран Хүннү 2222 барилга дээр засварын ажил хийхээр ажилчид авч ажилласан, М.Г-ын шилжүүлсэн мөнгийг ажилчдын цалин, хөлс, хоол хүнсэнд зарцуулсан, бусдын өмнө хүлээсэн үүргийг хариуцахгүй учир 11,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлан, маргасан байна.

6.Талууд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч М.Г-а 100,330,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Ч.М-, С.Д- нар зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд буцаан төлөх, зээлдүүлэгч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх нөхцлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх-4/

7.Дээрх гэрээний дагуу хариуцагч нар зээлийн мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч, ашигласан эсэх өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

8.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

8а.Хариуцагч Ч.М-, С.Д- нар 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2019.06.28-нд М.Г-аас 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, бэлэн 80,000,000 төгрөг, дансаар бараа материалд 21,000,000 төгрөг, нийт 101,000,000 төгрөг зээлсэн нь үнэн гэсэн агуулга бүхий баримт бичгээр үйлдсэн байх боловч уг баримтыг үндэслэн тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна. /хх-5-6/

8б.Учир нь М.Г-а нь М.Мөнхдэлгэрээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах зорилгоор гэрээний урьдчилгаа төлбөрт 80,000,000 төгрөг түүнд шилжүүлсэн, гэрээнээс татгалзсантай холбогдон дээрх мөнгөн хөрөнгөө буцаан авсан байна. /хх-

8в.Мөн М.Г-а, Ч.М-тай хамтран зээл чөлөөлөх үйлчилгээ явуулж байсан, М.Г-аас шилжүүлсэн мөнгийг Ч.М- нь тухай бүр нь буцаан шилжүүлж байжээ. /хх-10-26/

8г.Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгчийг, хариуцагч нарын өмчлөлд зээлийн зориулалтаар мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг үндэслэн зээлийн хүүд 30,099,000 төгрөг, алдангид 50,165,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нараас шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

9.Хэргийн 46-48 дахь талд авагдсан баримтаас үзвэл, М.Г-аас 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд Ч.М- руу мөнгө шилжүүлсэн байна. Хариуцагч Ч.М- тухайн цаг хугацаанд М.Г-атай хамтран Х- ХХК-ийн Хүннү 2222 хотхоны барилгын засварын ажил хийх явцад мөнгийг ажилчдын цалин, хөлс, хоол унааны зардалд зарцуулсан гэж тайлбарлан, өөрийн ХААН банк дахь эзэмшлийн дансны хуулгыг шүүхэд гарган өгч, Б.Бямбадоржоос гэрчийн мэдүүлэг авахуулжээ. /хх-14138-141/ Нэхэмжлэгч уг нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна. Эдгээр нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд, нэхэмжлэгчийг 13,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцон хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.

10.Нэхэмжлэгч М.Г-а нь хариуцагч Ч.М-, С.Д- нарыг зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс түрээсийн төлбөр төлж чадаагүй, хохиролд 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Оффисын өрөө түрээслүүлэх гэрээ-г шүүхэд баримтаар гарган өгчээ. /хх-7-8/

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл баримтаар тогтоогдоогүй гэж дүгнээд дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн, хэргийн нотлох баримтыг цаг хугацааны хувьд харьцуулан үзвэл, зээлийн гэрээ гэж тодорхойлж буй мөнгөн хөрөнгийг хариуцагч тал буцааж өгөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр төлж чадаагүй гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД