Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01929

 

 

 

 

 

 

 

 

 

Ү.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03453 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ү.Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х-ХХК, Н.Д нарт холбогдох,

Барьцааны эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Т-, хариуцагч Х-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга:

1.1.Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Х-ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг нэмж, нийт 45,000,000 төгрөгийг 9 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар буюу 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эргүүлэн төлөх нөхцөлтэй зээлдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Н.Д-тай фидуцийн гэрээ байгуулж, 000000 арлын дугаартай, 0004УНӨ улсын дугаартай, Лэндровер Рэнжровер /Landrover Rangerover/ загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг надад шилжүүлж өгсөн. Тээврийн хэрэгслийг Н.Д ашиглаж байгаа.

1.2.Мөн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 00000 хаягт байрлах 000000улсын дугаарт бүртгэлтэй, 250 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/00120 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 790 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/00848 дугаартай тогтоолоор хариуцагч Х-ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 158,550,000 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Ү.Т-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад фидуци болон барьцааны гэрээгээр дээрх төлбөрийг хангуулахаар шийдвэрлээгүй байна гэх үндэслэлээр одоог хүртэл дээрх төлбөр барагдаагүй байгаа болно.

1.3.Иймд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Н.Д-тай байгуулсан фидуцийн гэрээний зүйл буюу 000000 арлын дугаартай, 0004УНӨ улсын дугаартай Лэндровер Рэнжровер /Landrover Rangerover/ маркийн тээврийн хэрэгсэл, мөн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Хасуу цамхаг" ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо. Богины ам гудамж. 00000 хаягт байрлах 000000 улсын дугаарт бүртгэлтэй. 250 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс тус тус зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Х-ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Ү.Т-тай фидуцийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийн зээл авсан 'Х-ХХК-аас Ү.Т-д 158,550,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тус нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч өмнөх 3 шатны шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусах учиртай, гэтэл зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Н.Д-ы татгалзал, тайлбарын агуулга: Ү.Т-тай фидуцийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийн зээл авсан. Тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/00120 дугаартай шийдвэрээр барьцаа хөрөнгөөр бус төлбөрөөр хангуулахаар шийдвэрлүүлсэн. Гэтэл үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан хариуцагч Х-ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 00-04 УНӨ улсын дугаартай Landrover Rangerover маркийн автомашинаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо. Богины ам гудамж. 00000 хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн000000дугаартай, 250 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага, хариуцагч Н.Дд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төграгийг гаргуулж нэхэмжпэгч Ү.Т-д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а.Барьцааны гэрээг байгуулах үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 00000 хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн000000дугаартай, 250м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барилгын ажил бүрэн дуусаагүй байсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалт нь бүрэн ашиглалтанд орсон үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хамааралтай гэж ойлгогдохоор байна. Мөн бидний байгуулсан нэмэлт барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээнд оролцогч талуудын гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, сайн дурын үндсэн дээр байгуулсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 00000 хаягт байрлах, Y-2206040717 улсын дугаарт бүртгэлтэй, 250 м.кв талбай бүхий дутуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгөөр нэмж хангуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч Х-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. У.Тунгалагтуяа нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 5 дугаар байр, 5 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан. Гэтэл зохигчид тус гэрээг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон. Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх тул энэхүү үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Иймд У.Тунгалагтуяа нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 5 дугаар байр, 5 тоотыг шаардах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

2.Нэхэмжлэгч Ү.Т- нь хариуцагч Х-ХХК, Н.Д нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

3.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

3.а.Тодруулбал, Х-ХХК, Ү.Т- нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1хх-148-167/

3.б.Дээрх шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах үйл баримтын талаар шийдвэрлээгүй байх тул хариуцагч Х-ХХК, Н.Д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ү.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

3.в.Ү.Т-, Н.Д нар 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр фидуцийн гэрээгээр 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Л- маркийн 0004 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ү.Т-гийн эзэмшил /өмчлөл/-д шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч эд хөрөнгийг ашиглах, үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд дээрх эд хөрөнгийг Ү.Т- буцааж өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх-157/

3.г.Гэрээний нэг тал болох Н.Д нь тухайн хугацаанд Х-ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, гэрээний дагуу дээрх тээврийн хэрэгслийн эзэмшлийг Ү.Т-гийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Улмаар нэхэмжлэгч Ү.Т- нь фидуцийн зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Л- маркийн 00-04 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшилдээ шилжүүлж өгөхийг хариуцагч Х-ХХК-аас шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч Н.Дд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт нийцсэн байна. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохигч талууд гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлээс барьцааны хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

4.а.Хэргийн баримтаас үзвэл, Х-ХХК, Ү.Т- нар 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нэмэлт гэрээ нэртэй гэрээ байгуулсан байх ба гэрээний 1.5-д Тус зээлийн барьцаанд нэмж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 5 байр 5 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж байна гэж тусгажээ. Уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

4.б.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт заасан тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгч Ү.Т- нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 5 байр 5 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Х-ХХК-аас шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймээс дээрх хуулийн заалт нь бүрэн ашиглалтад орсон үл хөдлөх эд хөрөнгөд хамааралтай, тухайн үед барилгын ажил бүрэн дуусаагүй байсан, талууд хуулийн хүрээнд гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх арга журам тодорхой байх шаардлагад нийцүүлэн өөрчлөн найруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03453 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасныг баримтлан фидуцийн зүйл болох Л- маркийн 0004 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ү.Т-гийн эзэмшилд бодитоор шилжүүлэхийг хариуцагч Х-ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 000 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 000000дугаартай бүртгэлтэй 250 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг, хариуцагч Н.Д-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД