Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/00848

 

Ү.Тунгалагтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/00120 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 790 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хасуу цамхаг” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 213 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би “Хасуу цамхаг” ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Дэлгэрсайхантай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, мөн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг нэмж зээлэн, нийт 45 000 000 төгрөгийг 9 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр эргүүлэн төлөхөөр тохиролцож гэрээ хийсэн.

Зээлийн барьцаанд Range Rover 00-04 УНӨ улсын дугаартай машиныг фидуцийн гэрээгээр миний өмчлөлд шилжүүлж барьцаалсан. Гэрээнд зааснаар үндсэн мөнгө, хүү алийг нь ч өгөөгүй, удахгүй мөнгө орж ирнэ гэсээр 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл дахин 1 жилээр сунгаж, барьцаанд нэмж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, 5 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай Ү-2206040717 улсын бүртгэлийн дугаартай 250 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч “Хасуу цамхаг” ХХК нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна.

Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 71 100 000 төгрөг, үндсэн зээлийн 45 000 000 төгрөг, түүний 2 жилийн хүү болох 97 200 000 төгрөгийн хамт, нийт 213 300 000 төгрөгийг хариуцагч “Хасуу цамхаг” ХХК-иас барьцаа хангуулан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяагаас 2014 оны 01 дүгээр сарын 27-нд 30 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай Land rover, rengerover маркийн 230 000 000 төгрөгийн өртөг бүхий автомашиныг барьцаалан зээл авсан.

Зах зээлийн хямралт нөхцөл байдлаас шалтгаалан төлж чадахгүй байсан бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг сунгахдаа 600 000 000 төгрөгийн өртөг бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 5 байрны 5 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй таун хаусыг компани зээл авах нөхцөлд буцаан өгөхөөр тохирч түр барьцаалсан. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах нөхцөл бүрдэн иргэн Ү.Тунгалагтуяагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах гэтэл тохирсон тохиролцооноосоо буцан, зээлээ төлж ав гэсэн шаардлага тавьж манай компанийн зээл авах боломжийг хаасан. Бид зээлээ аваад иргэн Ү.Тунгалагтуяагийн зээлийг төлж үлдэгдлээр нь үйл ажиллагаагаа явуулахаар тооцоолж байсан ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ү.Тунгалагтуяа өгөөгүйгээс болоод манай компани ихээхэн алдагдалтай болсон.

Иймд манай компани иргэн Ү.Тунгалагтуяагийн нэхэмжлэлийн 93 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл жилийн зээлийн хүү 48 600 000 төгрөг, алданги 71 100 000 төгрөг, нийт 119 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/00120 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Хасуу цамхаг” ХХК-иас 109 950 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 103 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 1 224 450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Хасуу цамхаг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 707 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяад олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 790 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/00120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232.4” гэснийг “186.1”, “109 950 000” гэснийг “129 244 000”, “103 350 000” гэснийг “84 056 000” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “707 700” гэснийг “804 170” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674 700 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

 

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх 790 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн заалтыг өөрчилж, зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн нөхцөлд л гэрээний зүйлийг, гэрээгээр тохирсон хүү, алдангийн хамт буцаан шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн.

Зээлийн гэрээг сунгахдаа зээлдэгч тал анх гэрээ хийж зээлсэн мөнгөний эхлээд хүүг барагдуулж дууссан нөхцөлд цааш хууль зүйн дагуу гэрээ сунгагддаг тул 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь үндсэн зээлээ огт төлөөгүй бөгөөд зөвхөн ашигласан сарынхаа хүүнд 2-р сард 2 100 000 төгрөг, 3-р сард 2 100 000 төгрөг, 4-р сард 2 100 000 төгрөг төлж зээлдэгч талын хүсэлтээр зээлдүүлэгч зөвшөөрч 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр дахин 2 cap сунгаж, нэмж ашигласан 2 сарынхаа хүүг тухайн cap бүрт нь буюу 5-р сард 2 100 000 төгрөг, 6 сард 2 000 000 төгрөг төлж, нийт 10 400 000 төгрөг төлснийг зээлдүүлэгч миний 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдер бодитоор шилжүүлэн өгсөн 30 000 000 төгрөгийн үндсэн зээлээс хасаж тооцон 25 900 000 төгрөг болгож, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бодитоор шилжүүлэн өгсөн 15 000 000 төгрөгийн зээлийн дүнг нэмж зээлийн гэрээний үндсэн үүргийн 45 000 000 төгрөгийг 40 900 000 төгрөг гэж үзэж, энэ дүнгээс гэрээний бусад үүргийг тооцох нь зүйтэй. 2 дахь гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дууссаныг мөн өдрөөс 12 сараар сунгасан байх тул хариуцагч нь үндсэн зээл 40 900 000 төгрөг, 24 сарын хүү 88 344 000 төгрөг, нийт 129 244 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөөр зааж, гэрээнд заагдсан зээлийн гэрээний нийтлэг заалт болох гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-ийн алдангийг тооцоогүй нь “зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн нөхцөлд л гэрээний зүйлийг, гэрээгээр тохирсон хүү, алдангийн хамт буцаан шаардах эрхтэй” гэж дүгнэсэн дүгнэлтээ дутуу хангасан нь “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын хүү, алданги тооцох хэсгийг гүйцэд хангуулан өөрчилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хариуцагч “Хасуу цамхаг” ХХК гүйцэтгэх захирал Н.Дэлгэрсайхан хариу тайлбартаа зээлийн гэрээний хугацааг буруу заасан. Барьцаа болох Ланд-ровер, ренж-ровер машиныг 230 000 000 төгрөгийн өртөгтэй гэж хэт өндөр үнэлж шүүгчид үнийн ташаа ойлголт төрүүлсэн. Фидуцийн гэрээг тухайн үед 50 000 000 төгрөгөөр хийсэн. Одоо бодит байдлаар 25 000 000 төгрөг орчим байгаа, 2015 оны 6 дугаар сарын 16-нд “Зээлийн гэрээг” нэмж сунгахдаа Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах 5-р байрны 5 тоот Таун хаусын гэрчилгээг 90% гүйцэтгэлтэй, 600 000 000 төгрөгийн өртөгтэй гэж шүүгчид ташаа ойлгуулсан.

Тухайн үед “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ” гарч барьцаалсан боловч гүйцэтгэл нь бодит байдлаар 50% ч хүрээгүй байсан. Тухайн үед гэрээ хийхдээ “тэр байр баригдсан хойноо ямар үнэтэй зарагдах вэ?” гэж асуухад 250 000 000 төгрөгнөөс 350 000 000 төгрөг хүрнэ гэж байсан. Энэ үнийн талаар гэрээнд ч тусгагдаагүй. Энэ талаар шүүхэд тайлбарлах бололцоо олгоогүй. Зээлийн гэрээнд үндсэн зээл, хүүгээ бүрэн төлж барьцааг буцаан олгоно гэж тусгасан атал уг барьцаалсан эд хөрөнгө хаана байгаа нь тодорхойгүй байна.

Зээлийн гэрээнд заахдаа үндсэн мөнгө, хүүгийн хамт зээлдэгч эргүүлэн төлснөөр барьцааг буцаан авах эрх үүснэ гэж заасан атал зээлдэгч үндсэн зээл, түүний хүү, барьцаалсан хөрөнгүүдээ төлөөгүй нэг үгээр хэлбэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ буцаан авах оролдлого хийсэн нь дахин залилах санаагаа Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өгөөгүйгээс болоод “Хасуу цамхаг” ХХК зээл авч чадахгүй үйл ажиллагаа доголдсон мэтээр тайлбартаа дурдаж буруу ойлголт төрүүлсэн.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д заасны дагуу хоёр тал харилцан тохиролцож зөвшилцсөний үндсэн дээр 2014.6.16-ны өдөр зээлийн гэрээг урьд авсан 30 000 000 төгрөгийг сунгаж дээр нэмж 15 000 000 төгрөг авч нийт зээлийг 45 000 000 төгрөгөөр тогтоосон юм.

Давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгч Ү.Тунгалагтуяа, “Хасуу цамхаг” ХХК нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-нд байгуулсан зээлийн гэрээ буюу түүний хугацаа сунгасан нэмэлт гэрээнүүдэд уг гэрээний 1.3.4-т “Хугацаа хоцорсон хоног тутамд 05 хувийн алданги төлөхөөр” гэж заасан нь ойлгомжгүй, алдангийг ямар үүргээс тооцох нь тодорхой биш байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбогдох хариуцлагыг шаардах эрхгүй байна гэж үзээд алдангийг хасаж тооцсон явдал нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрлэхдээ гэрээ сунгагдах хүртлэх авсан хүү болох 10 400 000 төгрөгийг үндсэн зээлийн 30 000 000 төгрөгнөөс хасаж тооцсон явдал нь хуулийн заалтыг мэргэжлийн хувьд алдаатай ашигласан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хуульд нийцуүлэн бидэнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас эрх зүйн маргаан үүссэн болохыг  тодорхойлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т  заасныг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгосон нь зөв боловч зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн тооцооллыг алдаатай хийжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяа нь хариуцагч “Хасуу цамхаг” ХХК-д холбогдуулан зээлийн төлбөрт 213 300 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Хасуу цамхаг” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, заримыг нь татгалзсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, мөн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус тус зээлийн болон нэмэлт гэрээ байгуулжээ \хх-ийн 10-14 дүгээр тал\.

 

2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээгээр Ү.Тунгалагтуяа нь 30 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор “Хасуу цамхаг” ХХК-д зээлүүлсэн байна. Уг гэрээний дагуу Ү.Тунгалагтуяа 30 000 000 төгрөгийг “Хасуу цамхаг” ХХК-ийн дансанд шилжүүлжээ \хх-ийн 11 дүгээр тал\. Хариуцагч “Хасуу цамхаг” ХХК уг гэрээний үүрэгт 10 400 000 төгрөг төлжээ.

 

2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр Ү.Тунгалагтуяа нь 15 000 000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлүүлсэн ба мөнгийг бэлнээр “Хасуу цамхаг” ХХК-ийн кассанд тушаажээ \хх-ийн 13 дугаар тал\.

 

 Харин 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр дээрх зээлүүлсэн 45 000 000 төгрөгийг төлөх хугацааг үндсэн зээлийн нөхцлөөр 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгаж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

Анхан шатны шүүх эхний хоёр гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаа, хүүгээр тогтоож, алданги тооцсон нь зөв боловч хугацаа сунгасан нэмэлт гэрээний нөхцлийг зөвхөн хоёр дахь гэрээнд хамааруулсан нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох нэмэлт гэрээний нөхцлийг дээрх хоёр гэрээнд адил хамааралтай гэж үзсэн боловч зээлдэгчийн төлсөн мөнгийг нэмэлт гэрээний үндсэн зээлээс хасч бодсон нь алдаатай болжээ.

Нэхэмжлэлд алданги гаргуулах тухай шаардлага байгаа бөгөөд шүүх уг шаардлагыг шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан зохицуулалтыг шийдвэрээс хасч өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй болжээ.

Алдангийн талаархи эхний хоёр гэрээний заалт ойлгомжтой бөгөөд тодорхой тусгагдсан, нэмэлт гэрээнд урьд гэрээний нөхцлийг хэвээр үлдээнэ гэж заасан байх ба эдгээр заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д заасан агуулгад нийцсэн байхад алданги тооцох үндэслэлгүй гэж үзсэн, мөн үүргийн гүйцэтгэлийг шаардах ерөнхий үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. дэх заалтыг  нарийвчилсан зохицуулалт бүхий эрх зүйн хэм хэмжээний оронд хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

 

Хариуцагч “Хасуу цамхаг” ХХК нь

-2014 оны 01 дүгээр сарын 27-ны зээлийн гэрээгээр үндсэн зээлд 30 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 300 000 төгрөг нийт 36 300 000 төгрөг төлөхөөс 10 400 000 төгрөг төлсөн тул энэ гэрээгээр 25 900 000 төгрөг төлөх

-2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 16 200 000 төгрөг, нийт 31 200 000 төгрөг төлөх

-2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт гэрээгээр хүү 48 600 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Гурван гэрээний аль алин нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги тооцох нөхцөлтэй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангид 52 850 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлбөл зохих нийт төлбөр 158 550 000 төгрөг болж байна.

 

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 790 дүгээр магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/00120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “109 950 000 \нэг зуун есөн сая есөн зуун тавин мянган\” гэснийг “158 550 000 \нэг зуун тавин найман сая таван зуун тавин мянга\” гэж, “103 350 00 \нэг зуун гурван сая гурван зуун тавин мянга\” гэснийг “54 750 000 \тавин дөрвөн сая долоон зуун тавин мянга\” гэж, 2 дахь заалтын “707 700” гэснийг “950 700” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 578 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН