Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/0414

 

“У д о у д с” НҮТББ-ын гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн

хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын

хяналтын хэлтсийн улсын байцаагч Х.Ц

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч:        Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:           Х.Батсүрэн

                           Б.Мөнхтуяа

                                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

            Гомдлын шаардлага: “... улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0067082 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0330 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 541 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч Н.Ц нарыг оролцуулан,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/2020ШШ/0330 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0067082 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “У д о у д с” НҮТББ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 541 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

            Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д хяналтын гомдолдоо: “...Нэг: Анхан болон давж заалдах шатны шүүхээс сургалтын хөтөлбөр, хичээлийн жилийн бүтцийн талаарх хууль тогтоомжийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Боловсролын тухай хууль тогтоомж, О у д с-ийн дүрэмд заасан “сургалтын хөтөлбөр” гэдэг ойлголтыг хичээлийн жилийн бүтэц буюу хичээлийн хуваарь, агуулгаас ангид, тусдаа мэтээр тайлбарлаж, сургалтын хөтөлбөрийн өөр байхаас үл хамаараад Цөм хөтөлбөртэй /үндэсний хөтөлбөр/ сургуулиудын хичээлийн жилийн бүтцийг өөрчилсөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/03 тоот тушаалыг дагаж мөрдөх байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй бөгөөд Засгийн газар хоорондын хэлэлцээрээр олгогдсон нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан.
  1. О у д с-ийн эрх зүйн байдал нь 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагддаг. Уг хэлэлцээрийн оршил хэсэгт “Америкийн Нэгдсэн Улс болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын төлөвлөгөө бүхий боловсролын хөтөлбөрт оролцохыг хүссэн бүх суралцагсдад нээлттэй байх англи хэлний сургалттай олон улсын сургууль Монгол Улсад үйл ажиллагаа явуулахын ач холбогдлыг харилцан хүлээн зөвшөөрч” гэж заасан буюу О у д с нь Монгол Улсын үндэсний сургалтын хөтөлбөрөөр (Цөм хөтөлбөр) хичээллэдэг төрийн болон хувийн өмчийн бусад ерөнхий боловсролын сургуулиас тусдаа, өөрийн сонгосон сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхийг нь тодорхойлж өгсөн. Улмаар, тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд О у д с-ийн“...эрх хэмжээ, ажиллах арга барилыг уг сургуулийг үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно...” гэж заасны дагуу О у д с нь өөрийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу дүрэмдээ тус сургуулийн зорилго бол Олон улсын баклавриатын хөтөлбөрөөр, англи хэл дээр боловсрол олгох юм гэдгийг ч дахин баталгаажуулж маш тодорхой заасан (хх-11х, 2.1 дэх хэсэг).
  1. Түүнчлэн, О у д с нь Ерөнхий боловсролын тухай хуулийн 3.1.13-т заасан олон улсын хөтөлбөртэй сургууль бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 353 тоот тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлагын 1.4-д “Боловсролын тухай хуулийн 3.1.13 дахь заалтад заасан Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь олон улсын эрх бүхий ... IB-International Baccalaureate ... зэрэг байгууллагаар магадлан итгэмжлүүлж хүлээн зөвшөөрөгдснөөр баталгаажна” гэж тодорхойлсон. Улмаар энэ нөхцөл шаардлагын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас олгосон О у д с-ийнтусгай зөвшөөрөлд “Сургалт явуулах чиглэл - Олон улсын баклавриат хөтөлбөр”, “Эзэмшүүлэх боловсролын түвшинг - Олон улсын баклавриат хөтөлбөрийн РҮР, МҮР, DР (бага, дунд, дипломын буюу ахлах анги)”, “Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө хөтөлбөр - Олон улсын баклавриат хөтөлбөр” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь О у д с-ийнОлон улсын баклавриатын хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг хүлээн зөвшөөрчихсөн.
  1. Мөн Боловсролын тухай хуулийн 10.2-т зааснаар тухайн шатны боловсролын агуулгыг хөтөлбөрөөр зохион байгуулна гэж тодорхой заасан байдаг бөгөөд сургалтын хөтөлбөр гэдэг бол боловсролын сургалтын байгууллагын хувьд үйл ажиллагаагаа явуулдаг гол үндэслэл нь юм. Иймээс ч аливаа сургалтын байгууллага нь хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрөөсөө ангид, уялдаагүй хичээлийн жилийн бүтэц дагаж мөрдөх хууль зүйн хийгээд бодит нөхцөл боломж байдаггүй болно. О у д с-ийнхэрэгжүүлдэг Олон улсын баклавриатын хөтөлбөрийн тухайд энэ хөтөлбөрийн агуулга, хичээлийн хуваарийг магадлан итгэмжлэл олгодог Швейцарь Улсын Женев хотод байрлах Олон улсын баклавриатын байгууллагаас баталдаг ба О у д с нь ийнхүү зөвхөн батлагдаж ирсэн хөтөлбөрийн агуулга, хуваарь, танхимын сургалтын цагийн доод хэмжээнд нийцүүлж хичээлийн жилийн бүтцээ батлах боломжтой байдаг юм.
  1. Ийм учраас, сургалтын Олон улсын баклавриатын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургууль нь үндэсний Цөм хөтөлбөрт зориулж баталсан хичээлийн жилийн бүтцийг өөрчилсөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 тоот тушаалыг дагаж мөрдөх үүрэг анхнаасаа байгаагүй, үүнийг ч нэхэмжлэгч талаас тайлбарласаар ирсэн. Захиргааны акт ямар агуулгаар гарсан тэр агуулгаараа л хэрэгжих ёстой. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын уг тушаал үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Цөм хөтөлбөртэй сургуулиудад зориулж батлагдсан учир уг тушаалыг дагаж мөрдөхийг шаардах, дагаж мөрдөөгүй гэх үндэслэлээр О у д с-д шийтгэл оногдуулах үндэслэл байгаагүй. Мөн шүүхээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/4905 тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”, тус бүтцэд өөрчлөлт оруулсан мөн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 тоот тушаалыг үндэсний Цөм хөтөлбөрт үндэслэж батлагдсаныг хүлээн зөвшөөрсөн (шүүхийн шийдвэрийн 13-14 хуудас) боловч сургуулийн хичээлийн жилийн бүтэц бол сургалтын хөтөлбөртэй хамааралгүй мэтээр тайлбарлаж, Засгийн газар хоорондын хэлэлцээр, О у д с-ийн дүрэмд өөрөөр заагаагүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
  1. Хоёр: Шүүхээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/03 тоот тушаалын үндэслэл, үйлчлэлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/036 тоот тушаалыг Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.3-т нийцсэн бөгөөд “нийслэлийн нутаг дэвсгэрт томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаагаас нийт суралцагчдын эрүүл мэндэд эрсдэл учрахаас сэргийлж, өвчний дэгдэлтийг хязгаарлах зорилгоор гаргасан нутаг дэвсгэрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтын арга хэмжээ” гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж дүгнэсэн ба энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна.
  1. Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.3-т “Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ...хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болногэж тодорхой заасан.
  1. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг зөвхөн “онцгой дэглэм, хорио цээр тогтоосон” нөхцөлд л өөрчлөх эрхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгосон байна. Харин онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөл байдал нь хүний сурч боловсрох, чөлөөтэй зорчин явах зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах үр дагавартай байдаг учраас ийм шийдвэрийг зөвхөн хуульд заасан үндэслэл журмаар хязгаарладаг. Гэтэл тухайн үед буюу 2020 оны 01 дүгээр сард Монгол Улсын Онц байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг хуульд заасан онц байдал, онцгой дэглэм эсхүл хорио цээрийн дэглэм тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, хуульд заасан журмаар, эрх бүхий этгээдээс хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байсан болно.
  1. Харин 2020 оны 02 дугаар сараас хойш Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хуульд заасан журмаар гарч, хэрэгжиж байгаа эрх бүхий этгээдийн бүх шийдвэр, тушаалыг О у д смөрдөн ажиллаж байгааг мөн энд дурдъя. Харин ийм нөхцөлд шүүх Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/003 тоот шийдвэрийг Олон улсын гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг, Олон улсын баклавриатын хөтөлбөртэй О у д с-үйлчлэх ёстой байсан гэж дүгнээд зогсохгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын онцгой дэглэм, хорио цээр тогтоогоогүй байх үед гаргасан хууль зөрчсөн шийдвэрийг “нутаг дэвсгэрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтын арга хэмжээ” гэж тайлбарлаж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлгүй байна.
  1. Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Шүүхүүдийн шийдэл үндэслэл бүхий байна.
  1. Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно”, 15.3-т “Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно”, 15.4-т “Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг тогтоохын зэрэгцээ хуульд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан өөрчлөх эрхтэй; үүнээс өөрөөр өөрчлөхийг хориглосон бөгөөд зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр байна.
  1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг 7 хоногоор сунгаж, амралтын хугацааг сунгасантай холбогдуулан сургалтын хөтөлбөр хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд бүрэн хэрэгжсэн байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг, амралтын хугацаанд сурагчдыг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Боловсролын газар болон өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгаж шийдвэрлэсэн; Нийслэлийн Боловсролын газраас 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2/34 тоот албан бичгээр дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт тушаалын биелэлтийг хангуулах чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгасан; Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 02-02/120 тоотоор У д о у д сд салбарын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалаар нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгасан талаар, тушаалыг мөрдөж ажиллах, тушаалыг мөрдөөгүй тохиолдолд хяналт шалгалт хийж, хуульд зааснаар арга хэмжээ тооцох талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч тус сургуулиас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сургуулийн амралтыг сунгах боломжгүй талаар тайлбар ирүүлсэн; улмаар Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийхэд гомдол гаргагч “У д о у д с” НҮТББ нь сайдын тушаалаар тогтоосон хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулж байсан учир 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэн, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тогтоолоор тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг бүхэлд нь 01 дүгээр сарын 20-ныг хүртэл түр зогсоосон; улсын байцаагчаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр холбогдогчийн төлөөлөгчөөр дэд захирал А.Т-ыг тогтоож, мэдүүлэг авсан зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогджээ.
  1. Иймд, дээрх нөхцөл байдлыг үндэслэн боловсролын хяналтын улсын байцаагч Х.Цогоо 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 0067082 дугаартай шийтгэлийн хуудсаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл сурагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
  1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-аас “... У д о у д с нь Монгол Улсын олон улсын гэрээ болон түүнд нийцүүлэн баталсан баримт бичигт үндэслэж олон улсын сургалтын баклавриатын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа учраас үндэсний Цөм хөтөлбөрт зориулж баталсан хичээлийн жилийн бүтцийг өөрчилсөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/03 дугаар тушаалыг дагаж мөрдөх үүрэг анхнаасаа байгаагүй, ... хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг зөвхөн “онцгой дэглэм, хорио цээр тогтоосон” нөхцөлд л өөрчлөх эрхтэй атал энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй байсан тул сайдын тушаалыг дагаж мөрдөх үүрэг байхгүй” гэх үндэслэлээр хяналтын гомдол гарган маргасан байна.
  1. Боловсролын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж; Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын хооронд 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “У хот д  О у с-ийн тухай” хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд “... У х д О у с-ийн эрх хэмжээ, ажиллах арга барилыг уг сургуулийг үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно ... Сургууль нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээд байна. Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй тохиолдолд Сургуулийн үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана ...” гэж, У д О у д с-ийн дүрмийн 2.1-д “Олон улсын баклавриатын хөтөлбөрт үндэслэсэн хамгийн сайн боловсролыг англи хэл дээр доорхи хүүхдүүдэд санал болгох ...” гэж зааснаас өөрөөр хичээлийн жилийн бүтцийн талаар тусгайлан зохицуулаагүй тул хичээлийн жилийн бүтцийн хувьд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ гэж дүгнэсэн шүүхүүдийн дүгнэлт буруу биш.  
  1. Хэдийгээр ийм боловч баримтаас үзэхэд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/490 дугаар тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлахдаа уг тушаалын 2 дугаар хавсралтаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан; уг бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 1 дүгээр улирлын хичээл 10 дугаар сарын 08-нд, 2 дугаар улирлын хичээл 11 дүгээр сарын 09-нд эхэлж 12 дугаар сарын 16-нд, 3 дугаар улирлын хичээл 01 дүгээр сарын 20-нд эхэлж 03 дугаар сарын 29-нд дуусах зэргээр зохицуулсан бол I хавтаст хэргийн 34-35 дахь талд авагдсан О у д с-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн 1 дүгээр улирал нь 08 дугаар сарын 20-нд эхэлж 10 дугаар сарын 11-нд, 2 дугаар улирал нь 10 дугаар сарын 21-нд эхэлж 12 дугаар сарын 13-нд, 3 дугаар улирал нь 01 дүгээр сарын 06-нд эхэлж 03 дугаар сарын 27-нд дуусах зэргээр сургуулийн Удирдах зөвлөл сайдын дээрх тушаалаас өөрөөр хичээлийн жилийн бүтцийг баталсан; боловсролын хяналтын улсын байцаагчаас гомдол гаргагчийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/490 дугаар тушаалаар батлагдсан 2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг буюу хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг баримтлаагүй гэж буруутгаагүй байгаа нь ердийн нөхцөлд О у д сөөрийн онцлогт тохируулан тухайн хичээлийн бүтцээ сургуулийн дүрмийн 5.3-т зааснаар[1] (цөм сургалтын хөтөлбөртэй сургуулиудаас өөрөөр) тогтоохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
  1. Гэхдээ энэхүү тохиолдолд, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас бэлтгэсэн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцаж, үүнтэй холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг 7 хоногоор сунгах арга хэмжээ авахыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд, нийслэлийн Засаг даргад даалгасан; нийслэлийн Засаг даргаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01/73 тоот албан бичгээр нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн саналыг харгалзан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах талаарх саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад ирүүлсэн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар дээрх санал болон Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” гэж заасныг үндэслэж гарсан зэргээс үзэхэд, тухайн үед нийслэлийн хэмжээнд гарсан томуу, томуу төст өвчний дэгдэлтийг таслан зогсоох буюу хүүхдүүдийн эрүүл мэндэд учирч болох эрсдлийг зайлуулах, үүсч болох гамшгаас урьдчилан сэргийлэх зорилготой гарсан тул тухайн тушаалын үйлчлэлд аливаа сургуулийн өмчийн хэлбэр, сургалтын хөтөлбөрийн агуулга ямар байхаас үл хамааран нийт нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиуд бүгд хамрагдах юм.  
  1. Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 02-02/120 тоотоор У д о у д сд мэдэгдэл хүргүүлэхдээ дээрх сайдын тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж ажиллах талаар дурдсан, өөрөөр хэлбэл, зөрчлийг таслан зогсоож, өөр бусад хэлбэр (танхимын бус) -ээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж олгосоор байтал зөрчлийг гаргасаар байсан тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь хууль зөрчөөгүй, энэ талаар гомдол гаргагчийн “... сургалтын өдрүүд хасагдсан тохиолдолд ... /төгсөх ангийн/ сурагчид Олон улсын баклавриат хөтөлбөрийн шаардлагад заасан өдрийн тоог хангахгүй болж үүнээс шалтгаалан төгсөлтийн шалгалтаа өгч дипломоо авах боломжгүй болох зэрэг нөхцөл байдал үүсэх үр дагавартай ...” гэх гомдол няцаагдаж байна.    
  1. Дээрх үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0330 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 541 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 -д зааснаар хяналтын журмаар гомдол гаргагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

  ШҮҮГЧ                                                                       М.БАТСУУРЬ

 

 

 

 

 

 

 

 

[1] I дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал