Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар Дугаар 128/ШШ2020/0330

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 15 өдөр             Дугаар 128/ШШ2020/0330           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “У” сургууль

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагч Х.Ц,

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0067082 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, С.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Ц, хариуцагч Х.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Х.Цгийн манай “У” сургуульд холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, шийтгэл оногдуулсан үндэслэлийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч Х.Ц нь “У” сургуулийг Зөрчлийн тухай хуулийн 9.2.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба ингэхдээ Боловсрол, соёл. шинжлэх ухааны сайдын “Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацаа сунгах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 тоот тушаалыг биелүүлээгүй гэж үзэн шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. Харин “У” сургууль нь Монгол улсын олон улсын гэрээ болон түүнд нийцүүлэн баталсан баримт бичигт үндэслэж олон улсын сургалтын хөтөлбөр, түүндээ нийцсэн хуваарийн дагуу хичээллэдэг талаараа аман болон бичгэн хэлбэрээр удаа дараа тайлбар өгсөн хэдий ч харгалзан үзээгүй болно.

“У” сургууль нь 1992 онд анх АНУ, ИБУИНВУ-ын Монгол улс дахь элчин сайдын яам болон Нэгдсэн үндэстний байгууллагын ажилтнуудын хүүхдүүдэд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн боловсрол олгох зорилготойгоор байгуулагдсан бөгөөд улмаар 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “У” сургуулийн эрх зүйн байдлыг зохицуулах зорилгоор ““У” сургуулийн тухай Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан байдаг. Энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хууль (2016)-ийн 3.1.1 дэх хэсэгт заасан Монгол улсын олон улсын гэрээ мөн юм.

Уг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд заасны дагуу “У” сургуулийн эрх хэмжээ, ажиллах арга барилыг уг сургуулийг үүсгэн байгуулах тухай баримт бичгээр тодорхойлно гэж заасан ба хамгийн сайн боловсролыг англи хэл дээр олгодог юм. Өөрөөр хэлбэл “У” сургуулийн дүрмийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу “У” сургууль нь олон улсын баклавриат хөтөлбөрт үндэслэн хамгийн сайн боловсролыг англи хэл дээр олгодог юм.

Өөрөөр хэлбэл “У” сургуулийн сургалтын хуваарь нь Засгийн газар хоорондын хэлэлцээр буюу Монгол улсын олон улсын гэрээнд нийцүүлэн баталсан өөрийн дүрэмдээ заасны дагуу батлагдан мөрдөгддөг бөгөөд үүнийг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын дээрх А/03 тоот тушаалд хамааруулан ойлгож, шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Боловсролын тухай хуулийн 2.2 дахь хэсэг болон Олон улсын гэрээний тухай хууль тогтоомжийг зөрчиж байна.

Цаашлаад “У” сургууль нь олон улсын баклавриат хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хичээлийн жилийн бүтэц, хугацаагаа урьдчилан (өмнөх хичээлийн жилийн төгсгөлд) удирдах зөвлөлөөрөө баталж ажилладаг ба үүний шалтгаан нь олон улсын баклавриатын байгууллагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагад тухайн сургуулийн сурагчид тодорхой тооны хичээлийн өдөр хичээллэхээр тусгагдсан байдагтай холбоотой. Хэрэв уг танхимын сургалтын өдрүүд хасагдсан тохиолдолд одоо суралцаж байгаа 11 болон 12 дугаар ангийн сурагчид олон улсын баклавриат хөтөлбөрийн шаардлагад заасан өдрийн тоог хангахгүй болж үүнээс шалтгаалан төгсөлтийн шалгалтаа өгч дипломоо авах боломжгүй болох зэрэг нөхцөл байдал үүсэх үр дагавартай. Олон улсын баклавриатын байгууллага нь дэлхий даяар нэгэн зэрэг албан ёсоор бичгийн шалгалтуудаа жил бүр тогтсон хугацаанд авдаг ба энэ шалгалтын өдрийг олон улсын дунд сургуулийн зүгээс өөрчлөх ямар ч боломжгүй байдаг. Үүнээс гадна сурагчдын амралтын хугацааг сунгах тухай Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 тоот тушаал нь мөн сайдын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан А/490 тоот “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” захирамжид үндэслэсэн байх бөгөөд уг тушаалын үндэслэх хэсэгт зааснаар энэхүү хичээлийн жилийн бүтэц нь Бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиудад хамаарахаар байна. Гэтэл олон улсын баклавриатын хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын дунд сургуулийг дээрх тушаалын үйлчлэлд хамааруулж, хичээлийн жилийн бүтэц, хугацааг өөрчлөхийг шаардах үндэслэл байхгүй юм. Тус сургуульд нийт 28 улс орны сурагчид суралцдаг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, консулын газрын элчин сайд, өргөмжит консул болон бусад дипломат албан тушаалтнуудын хүүхдүүд байдаг. Тэр дундаа олон улсын дунд сургуулийн дүрмийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу сургууль нь АНУ-ын төрийн департментаас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг ба энэ хүрээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол улс дахь элчин сайдын яаманд томилогдон ирж ажиллаж байгаа дипломат ажилтнуудын хүүхдүүдийг олон улсын баклавриатын хөтөлбөр, хуваарийн дагуу сургах үүргийг олон улсын дунд сургууль мөн хүлээж байдаг юм. Цаашлаад Монгол улсын нэгдэн орсон 1964 оны Дипломат харилцааны тухай венийн конвенцийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу Дипломат төлөөлөгчийн гэр бүлийн гишүүд нь тус конвенцийн 29-36 дугаар зүйлд заасан эрх ямба, дархан эрхийг эдлэхээр заасан байдаг тул эдгээр сурагчдын сурч боловсрох нөхцөл бололцоог хууль бусаар хязгаарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын дээрх А/03 тоот тушаалын хувьд Монгол улсын Онц байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг хуульд заасан онц байдал, онцгой дэглэм эсхүл хорио цээрийн дэглэм тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслээгүй буюу тухайн үед хуульд заасан журмаар, эрх бүхий этгээдээс хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байсан болно. Олон улсын дунд сургуулийн хувьд олон улсад тархаад байгаа шинэ короновирусын халдвартай холбоотойгоор Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу Улсын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, тушаалыг биелүүлж, хуулийн дагуу хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл улсын болон нийслэлийн хэмжээнд хуульд заасан үндэслэл, журмаар хорио цээр тогтоогоогүй үед олон улсын дунд сургуулийн эрх зүйн байдлыг зохицуулсан баримт бичиг, Монгол улсын олон улсын гэрээг зөрчиж хичээлийн жилийн бүтэц, хуваариа өөрчлөх тухай хууль бус шаардлага тавьж, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж улмаар торгууль ногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Х.Цгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0067082 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”У” сургууль нь зөрчлийн хэрэг үүсгэгдээд явж байхад Монгол улсын олон улсын гэрээ болон түүнд нийцүүлэн баталсан баримт бичигт үндэслэж олон улсын сургалтын хөтөлбөр, түүндээ нийцсэн хуваарийн дагуу хичээллэдэг талаараа аман болон бичгэн хэлбэрээр удаа дараа тайлбар өгсөн хэдий ч харгалзан үзээгүй болно. “У” сургууль нь 1992 онд анх Монгол улсад оршин суугаа болон байрлаж байгаа гадаад улсын элчин сайдын яам, НҮБ-ын ажилтнуудын хүүхдүүдэд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн боловсрол олгох зорилготойгоор байгуулагдсан бөгөөд улмаар 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “У” сургуулийн  эрх зүйн байдлыг зохицуулах зорилгоор "“У” сургуулийн тухай Америкийн Нэгдсэн улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдаж 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан байдаг. Энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт заасан Монгол улсын олон улсын гэрээ мөн юм. Үүний дагуу “У” сургууль нь үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Уг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд заасны дагуу “У” сургуулийн эрх хэмжээ, ажиллах арга барилыг уг сургуулийг үүсгэн байгуулах тухай баримт бичгээр тодорхойлно гэж заасан ба “У” сургуулийн дүрмийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу “У” сургууль нь олон улсын баклавриатын хөтөлбөрт үндэслэн хамгийн сайн боловсролыг англи хэл дээр олгоно гэсэн зорилготой байгууллага юм.

Өөрөөр хэлбэл “У” сургуулийн сургалтын хуваарь нь Засгийн газар хоорондын хэлэлцээр буюу Монгол улсын олон улсын гэрээнд нийцүүлэн баталсан өөрийн дүрэмдээ заасны дагуу батлагдан мөрдөгддөг бөгөөд энэхүү Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дээрх А/03 тоот тушаал 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан А/490 тоот тушаалд өөрчлөлт оруулж байгаа. Гэтэл тэр бүтэц нь цөм хөтөлбөрийг баталсан хөтөлбөр, төлөвлөгөө, түүнд нийцүүлсэн хичээлийн жилийн хуваарь, бүтэц байгаа. Тиймээс олон улсын бүтцээр хичээллэдэг манай сургуульд энэ хамааралгүй, бид цөм хөтөлбөрийн дагуу энэ бүтцийг дагаж мөрдөх үүрэггүй байсан.

Цаашлаад “У” сургууль олон улсын баклавриат хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд магадлан итгэмжлэл олгож байгаа баклавриатынхаа шалгалтын хуваарь, хичээлийн хөтөлбөртөө нийцүүлж хичээлийн хуваариа тогтоож явдаг. Тухайлбал 11, 12 дугаар ангийн хүүхдүүдийн төгсөлтийн шалгалт дэлхий даяар нэгэн зэрэг 5 дугаар сард явагддаг. Тиймээс бид тэр хуваарьт тааруулж хичээлийн хуваарь, бүтцээ тогтоох боломжтой байдаг. Энэ сургуульд 28 улс орны сурагчид суралцдаг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, консулын газрын элчин сайд, өргөмжит консул болон бусад дипломат албан тушаалтнуудын хүүхдүүд байдаг. Тэр дундаа “У” сургуулийн дүрмийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу сургууль нь АНУ-ын Төрийн департментаас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг ба энэ хүрээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол улс дахь элчин сайдын яаманд томилогдон ирж ажиллаж байгаа дипломат ажилтнуудын хүүхдүүдийг олон улсын баклавриатын хөтөлбөр, хуваарийн дагуу сургах үүргийг “У” сургууль мөн хүлээж байдаг юм. Цаашлаад Монгол улсын нэгдэн орсон 1964 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу Дипломат төлөөлөгчийн гэр бүлийн гишүүд нь тус конвенцийн 29-36 дугаар зүйлд заасан эрх ямба, дархан эрхийг эдлэхээр заасан байдаг тул эдгээр сурагчдын сурч боловсрох нөхцөл бололцоог хууль бусаар хязгаарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дээрх А/03 тоот тушаалын хувьд Онц байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг хуульд заасан онц байдал, онцгой дэглэм эсхүл хорио цээрийн дэглэм тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслээгүй буюу тухайн үед хуульд заасан журмаар, эрх бүхий этгээдээс хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байсан болно.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Х.Цгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №0067082 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 1992 онд Монгол улсад ардчилсан өөрчлөлт гарлаа гэх нэрээр гадаад улсын хүмүүс нилээд ирж, мөн олон улсын байгууллагууд байгуулагдаад, тухайн үеийн Боловсролын яамны сайдад хандан “Бид өөрсдийн хүүхдүүддээ зориулж сургууль байгуулъя” гэж зөвшөөрөл хүссэн байдаг. Үүний дагуу Боловсролын яамны зөвшөөрөл олгоод сургууль байгуулагдсан. Хөтөлбөрийг гадаад улсруу явахад хүүхдүүдийн хичээл, сургалт тасрахгүй байх үүднээс International Baccalaureate гэсэн олон улсын баклавриат хөтөлбөрийг сонгосон. Энэ нь Монголд 3 жил байж байгаад Хятадад 2 жилээр очлоо гэхэд хүүхэд нь 2 дугаар ангидаа байсан бол 3 дугаар ангидаа дэвшээд тасралтгүй суралцах, улмаар 11, 12 ангидаа IB дипломтой төгсөх бололцоотой учраас энэ хөтөлбөрийг сонгон авсан. Энэ хөтөлбөрийг сонгосон үндэслэлийг үүсгэн байгуулах баримт бичигтээ тусгасан. Уг хөтөлбөр нь тодорхой шаардлагыг сургуульд тавьдаг тус шаардлагад сурагчдын суралцах цагийг тодорхой заасан байдаг. Сурагч нар хэрвээ тус цагтаа хүрээгүй бол шалгалт өгөх боломжгүй болдог. Шалгалтыг дэлхий даяар нэг мөр 5 дугаар сард шалгалт авах хуваарьтай бөгөөд сурагчид тодорхой цагийн хичээлийг үзсэн байж шалгалтдаа ордог учир нэг өдөр сургуулиа хаахад бидэнд хүндрэл үүснэ. Гэтэл бид нар элчин сайдын яамдын хүүхдүүдийг сургана гэдэг албан ёсны үүрэг авсан байдаг. Ер нь Засгийн газрын хоорондын гэрээгээр батлагдсан хөтөлбөртэй байхад Монгол улсын хөтөлбөртэй зөрчилдөөд байдаг энэ асуудлыг бид шийдэх санаатай янз бүрийн гомдол санал гаргаж байгаад олон улсын дунд сургуулийг дипломат статустай болгох саналыг удирдах зөвлөлдөө тавьж байсан. Гэтэл Монгол сурагчид энэ IB хөтөлбөрийг маш их сонирхон суралцаж эхэлсэн. Хэрвээ дипломат статустай болговол Монгол улсын сурагчдыг сургуулиас гаргах шаардлагатай болсон. Үүнийг үндэслэн Монгол улсын засгийн газар болон АНУ-н засгийн газартай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр санхүүжилтын гол суурийг хангадаг АНУ-ын дипломат ажилтны хүүхдүүдийг сургах үүрэг хүлээж бид бас сайн сургах үүрэг хүлээж тус сургууль байгуулагдсан түүхтэй юм. Дээрх хөтөлбөр нь Монгол улсын хөтөлбөртэй зөрчилдөөд байгаа учир энэ асуудал гарсан юм. Сая бас хэлсэн нийт 28 улсын хүүхдүүд суралцдаг, сурагчдыг бид хохироож хичээлийг хойшлуулах боломж байдаггүй. Сургуулийн онцгой статус гарч ирж байгаа шалтгаан нь өөр олон улсын хүүхдүүд суралцаж байгаатай холбоотой. Монгол улсын хүүхдүүдийн хувьд дэлхийд нэрд гарч ирсэн, Монгол улс дахь нэр хүнд өссөнтэй холбоотойгоор хүүхдүүдээ сургая гэсэн хүсэлтэй эцэг эхчүүд нэмэгдсэн. Бусдаас Монгол улсын Засгийн газраас тусламж, татаас зэрэг авдаггүй.” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэргэжлийн хяналтын газраас торгож байгаа үндэслэл нь бүтэц, хөтөлбөр өөрөөр хэлвэл цагийн хуваарийг яагаад өөрчлөх эрх байхгүй талаарх хууль зүйн үндэслэл талаас нь тайлбарлая гэж бодож байна.

Боловсролын тухай хуулийн 3.1.13-т “Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль”. Энэ заалт нь зарим сургууль олон улсын боловсролтой хөтөлбөртэй байна гэж заасан. Хөтөлбөр нь өөрөө сурах агуулга, агуулгадаа тохирсон бүтэц буюу хуваариар заахыг хэлж байгаа. Олон улсын хөтөлбөрөөс гадна сургалтын цөм хөтөлбөр гэж байгаа. Сургалтын цөм хөтөлбөр гэдэг нь манай Монгол улсад хэрэгжүүлж байгаа Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хөтөлбөр. Энэ нь улсын, эсхүл хувийн сургуулийн аль алинд хамаарна. Сургууль нь хэн эзэмшдэг гэх өмчлөлийн асуудлаас илүү хөтөлбөрөөр ялгарч байгаа. Манай сургуулийн онцлог бол олон улсын хөтөлбөртэй сургууль. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын болон НҮБ-ын ажилтнуудын хүүхдүүд 2,3 жилийн томилолтоор ирээд дараа нь өөр орон уруу очих, буцаад эх орондоо очиход тэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөртэй байхгүй бол Монгол улсын цөм хөтөлбөрөөр явбал боловсролын асуудал нь завсардах асуудал үүснэ. Тиймээс анхнаасаа энэ хүсэлт шаардлагыг хүлээн зөвшөөрөөд хуульдаа оруулчихсан. Тэгэхээр биднийг торгоод байгаа зөрчил гаргасан гэж үзээд байгаа баримт бичиг нь Монгол улсын хүлээн зөвшөөрсөн цөм хөтөлбөртэй холбоотой бүтцийн асуудлыг ярьж байна. Өөрөөр хэлвэл 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 33 долоон хоногийн хөтөлбөрийг баталчихаад өвлийн улиралд ханиад томуу ихтэй байвал амралтыг 7 хоногоор ихэсгэх, багасгах тохиолдол байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 01 дүгээр сард гаргасан тушаалдаа амралтыг 7 хоногоор сунгасан. Анхнаасаа цөм хөтөлбөрийн 33 долоо хоногийг 32 болгож өөрчилсөн тушаал юм. Бид цөм хөтөлбөрөөр хичээл ордоггүй олон улсын хөтөлбөрөөр хичээл ордог учраас энэ тушаалыг дагах шаардлагагүй. Манай хичээл 8 дугаар сард эхэлж 5 дугаар сард шалгалтаа авдаг. Үүний учир нь олон улсын сертифкат олгодог байгууллагын журмаар бид шалгалтаа авахгүй бол тогтоосон хугацаанаасаа хоцорч эхэлнэ. Тиймээс анхнаасаа дагаж мөрддөггүй байсан цөм хөтөлбөрийн хуваарь өөрчлөгдөхөд биднийг дагасангүй гэж хэлэх ямар ч бололцоо байхгүй. Яагаад гэвэл бид олон улсын хөтөлбөрөөр хичээлээ ордог. Монгол хүүхдүүдийг зайлшгүй шаардлагаар авсан ба энэ нь сургуулийн статуст нөлөөлөөгүй. Гаргалгаа нь Монгол улсын нэгдэн орсон гэрээнд зааснаар энэ хөтөлбөрийг өөрөө батална гэж заасан. Энэ IB хөтөлбөрийг боловсролын яам хүлээн зөвшөөрсөн. 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 308 дугаар тогтоолын 1.4 дэх хэсэгт Кембридж хөтөлбөр, IB, AB Advanced зэрэг 3 хөтөлбөрийг нэр дурдсан. Кембриджийн хөтөлбөр бол Монгол улсын төрийн өмчит компаниуд хүлээн зөвшөөрдөг, мөн хувийн сургуулиуд хэрэгжүүлж болох хөтөлбөр. Тэгэхээр бид сайдын тушаалаар IB хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөөд манай сургуулийг IB тусгай зөвшөөрөлтэй тусгай хуваарьтай сургууль гэдгийг зөвшөөрсөн гэдэг нь биднийг анхнаасаа цөм хөтөлбөрөөс өөр гэдгийг зөвшөөрсөн гэсэн үг. Хэрвээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд IB баклавриат хөтөлбөр цөм хөтөлбөрийг дагана гэж заасан байсан бол бид Х.Ц байцаагчийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. IB баклавриат хөтөлбөр нь Монгол улсад өөрчлөхгүй. Олон улсын хөтөлбөр учраас Швейцарьт баталсан хөтөлбөрийн дагуу явна. Швейцарь улсад өөрчлөгдөөгүй байхад манай сургуулийн хичээлийн бүтцийг өөрчилж чадахгүй. Хэрвээ цөм хөтөлбөрийн дагуу явбал сурагчдад олгох ёстой боловсрол, гэрчилгээ, сертификат олгогдохгүй болно. Цаашлаад Монгол улсад оршин сууж байгаа дипломат албаны хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж хичээл завсардах асуудал үүснэ.

Онцгой комиссоос зарласан онцгой байдлын үеэр бид хичээлээ цахим хэлбэрт шилжүүлж орж байгаа. Гэтэл энэ бол зүгээр ханиад томуу их учраас 33 долоо хоногийг 32 долоо хоног болгоё гэсэн. Гэтэл бид цөм хөтөлбөр биш учраас IB хөтөлбөрт хамаарахгүй юм. Тиймээс манайхыг торгож байгаа нь буруу юм. Бага хэмжээний торгуулийн асуудал мэт харагдаж байж болох ч бидний хөтөлбөрөөс гадна цөм хөтөлбөрийг дагасангүй гэдэг асуудлаар торгож байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм. Цаашлаад энэ асуудал сунжирвал бидний тусгай зөвшөөрөл, сертификатад асуудал үүсч эхэлнэ. Дипломат албаны хүүхдүүд манайд сурах асуудал үүсч эхлэх зэрэг маш олон асуудал үүсч болзошгүй байгаа юм. Тиймээс анхнаас нь зөв залруулж том түвшинд асуудлыг хэлэлцэхгүйгээр Мэргэжлийн хяналтын байгууллагатайгаа ярилцан ойлголцохыг хүссэн тухайгаа мэдэгдэж байна.” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Х.Ц би Нийслэлийн боловсролын газраас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн “У” сургууль нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 тоот “Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацаа сунгах тухай” тушаалыг зөрчин сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шалгахад үйл ажиллагаа явуулж байсан тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02-02/120 тоот мэдэгдлийг хүргүүлж ажилласан, гэвч мэдэгдлийг үл тоон ажилласаар байсан.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж баталж шалгалт хийж ажилласан. Шалгахад тус сургууль нь Монгол улсын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 тоот “Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжпэх хугацаа сунгах тухай” тушаалыг зөрчин сургалтын үйл ажиллагаа явуулж байсан нь хүний амь нас, эрүүл мэндэд шууд бусаар хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байсан тул Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоосон.

Нэхэмжлэгч тал Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд заасан “У” сургуулийн эрх хэмжээ, ажиллах арга барилыг уг сургуулийг үүсгэн байгуулах тухай баримт бичгээр тодорхойлно, Олон улсын дунд сургуулийн дүрмийн 2.1 дэх хэсэгт Олон улсын дунд сургууль нь Олон улсын баклаврын хөтөлбөрт үндэслэн хамгийн сайн боловсролыг англи хэл дээр олгодог. Энэ нь Боловсролын тухай хуулийн 2.2 дахь хэсэг болон Олон улсын гэрээний тухай тогтоомжийг зөрчиж ажилласан гэжээ.

Гэтэл Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд “У” сургуулийн эрх хэмжээ, ажиллах арга барил гэдэг нь “У” сургуулийн дүрмийн 5.3 дахь хэсэгт “Удирдах зөвлөл нь сургуулийн үйл ажиллагааг удирдах үүрэгтэй. Удирдах Зөвлөл нь хороод байгуулж болох ба хэрвээ шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөлийнхөө эрх мэдлийг тэдгээр хороодод шилжүүлж болох бөгөөд энэ нь сургуулийн дүрмийн заалтуудтай зөрчилдөх ёсгүй. Удирдах зөвлөлийн хороодын зорилго нь Удирдах зөвлөлийн тогтоосон хүрээнд Удирдах зөвлөлд туслах явдал юм” гэж заасан нь тус сургуулийн дотоод дахь эрх хэмжээ, ажиллах арга барилыг зааж өгчээ. Харин Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд сургуулийн үйл ажиллагаа нь Монгол улсын холбогдох хууль, тогтоомжоор зохицуулагдана гэж зааж өгсөн нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 тоот “Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацаа сунгах тухай” тушаалыг мөрдөж ажиллах байсан. Мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 тоот “Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацаа сунгах тухай” тушаалын 3.1 дэх хэсэгт тус тушаалыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль дагаж мөрдөж ажиллахаар зохицуулсан.”  гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...”У” сургууль торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байна. Үндэслэл нь Засгийн газрын хооронд байгуулагдсан хэлэлцээрт үндэслэсэн гэж үзэж байна. Тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй тохиолдолд сургуулийн үйл ажиллагаанд Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана. Уг олон улсын хэлэлцээрт сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг тусгаж өгөөгүй, Монгол улсын хил гаалиар орж ирэхэд барааны татвар хураамжаас татварын хөнгөлөлтөд оруулах тухай заасан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/03 тоот тушаал Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг үндэслэн гаргасан. Монгол улсын нутаг дэвсгэр байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог байдал, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалтыг үндэслэн уг тушаалыг гаргасан. Энэ тушаалын 3.2 дахь зүйлд амралтын хугацаанд сурагчдыг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн боловсролын газар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгож өгсөн байдаг. Олон улсын дунд сургуулийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг харж үзвэл сургалтын хэв шинж олон улсын хөтөлбөртэй, өмчлөлийн хэлбэр нь хувийн сургууль. Хэдий тусгай статустай сурагчид суралцаж байгаа боловч тусгай статустай сургууль биш юм.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч “У” сургууль НҮТББ нь “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0067082 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“У” сургууль НҮТББ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг 7 хоногоор сунгасан тушаалыг зөрчин сургалтын үйл ажиллагаа явуулсан зөрчилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагч 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0067082 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т зааснаар нэг зуун нэгжээр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагч “У” сургууль НҮТББ “...Манай сургууль нь Монгол улсын олон улсын гэрээ болон түүнд нийцүүлэн баталсан баримт бичигт үндэслэж олон улсын сургалтын хөтөлбөр, түүндээ нийцсэн хуваарийн дагуу хичээллэдэг. Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан. Олон улсын дунд сургуулийн сургалтын хуваарь нь Засгийн газар хоорондын хэлэлцээр буюу Монгол улсын олон улсын гэрээнд нийцүүлэн баталсан өөрийн дүрэмдээ заасны дагуу батлагдан мөрдөгддөг бөгөөд үүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/03 дугаартай тушаалд хамааруулж ойлгон, шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/03 дугаартай тушаал нь мөн сайдын 2019 оны А/490 дугаартай 2020 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан уг тушаалыг үндэслэсэн байх бөгөөд энэхүү хичээлийн жилийн бүтэц нь Бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиудад хамаарахаар байхад олон улсын баклавриатын хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын дунд сургуулийг дээрх тушаалын үйлчлэлд хамааруулж, хичээлийн жилийн бүтэц, хугацааг өөрчлөхийг шаардах үндэслэл байхгүй” гэж маргажээ.

Улаанбаатар хот дахь олон улсын сургуулийн тухай Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд ““У” сургуулийн эрх хэмжээ, ажиллах арга барилыг тус сургуулийн үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлох”-оор заасан бөгөөд “хэлэлцээрт өөрөөр заагаагүй тохиолдолд сургуулийн үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана” гэжээ. Энэхүү хэлэлцээрээр сургуулийн сургалтын хөтөлбөр, хичээлийн жилийн бүтцийн талаар өөрөөр заагаагүй, сургуулийн удирдлагын бүтэц болон сургалтын хэрэглэгдэхүүн, бараа, материалыг хилээр нэвтрүүлэхэд татварын хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой бусад харилцааг тусгасан байна. 

Тус сургуулийн үүсгэн байгуулах баримт бичгийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн, сургуулийн зөвлөлөөс баталсан “У” сургуулийн дүрмийн 2 дугаар зүйлд сургуулийн зорилгыг, тухайлбал 2.1-д “олон улсын баклавриатын хөтөлбөрт үндэслэсэн хамгийн сайн боловсролыг англи хэл дээр санал болгох” гэж тодорхойлсон. Сургуулийн үүсгэн байгуулах баримт бичиг болох энэхүү дүрмээр сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулгын талаар тусгайлан өөрөөр зохицуулаагүй байна.

Эндээс дүгнэвэл гомдлын үндэслэлдээ дурдсан хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт болон сургуулийн үүсгэн байгуулах баримт бичигт тус сургуулийн сургалтын хөтөлбөрийг агуулгын хувьд “олон улсын бакалавриат хөтөлбөр” байхаар тусгасан, үүнээс өөрөөр эдгээр баримт бичигт хичээлийн жилийн бүтцийн талаар тусгайлан зохицуулаагүй тул хичээлийн жилийн бүтцийн хувьд Монгол Улсын хууль тогтоомж үйлчлэхээр байна.   

Боловсролын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр заасан бөгөөд олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд уг хууль, уг хуульд нийцүүлэн баталсан Бага, дунд боловсролын тухай хууль, эдгээр хуулиар эрх олгосноор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан шийдвэрийг дагаж мөрдөнө гэж ойлгоно.

Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль” гэж олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийг ойлгохоор, 20 дугаар зүйлийн 20.2-т Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын лаборатори сургууль, их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулах хамтарсан сургууль болон гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхой шалгуурыг хангуулан олгохоор байна. Тиймээс ч салбарын сайдын тушаалаар тус сургуульд олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийн тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. 

Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох бөгөөд “нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, ...  онцлог,  гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болох”-оор 15.3-т заасан, мөн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг 15.4 дэх хэсгээр хориглож, 23 дугаар зүйлийн 23.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр, “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл сурагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох шийтгэл ногдуулахаар тус тус хуульчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар “...Эрүүл мэндийн яамнаас бэлтгэсэн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцаж, үүнтэй холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг 7 хоногоор сунгах арга хэмжээ авахыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд, нийслэлийн Засаг даргад даалгаж”, нийслэлийн Засаг даргаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01/73 тоот албан бичгээр “нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн саналыг харгалзан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах” талаарх саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад ирүүлсэн байдаг.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар дээрх нөхцөл байдлыг дурдсан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг 7 хоногоор сунгаж, амралтын хугацааг сунгасантай холбогдуулан сургалтын хөтөлбөр хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд бүрэн хэрэгжсэн байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг, амралтын хугацаанд сурагчдыг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Боловсролын газар болон өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, нийслэлийн Засаг даргын саналын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай тушаалын зорилго, үйлчлэх хүрээг агуулгаар нь үзвэл нийслэлийн нутаг дэвсгэрт томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаагаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын нийт сурагчдын эрүүл мэндэд эрсдэл учрахаас сэргийлж, хүүхдүүдийн дунд өвчлөл үүсгэдэг томуу, томуу төст өвчний дэгдэлтийг хязгаарлах зорилгоор гаргасан нутаг дэвсгэрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй зохион байгуулалтын арга хэмжээ байна.

Хэдийгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай тушаалд тухайн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж байгаа агуулгаар нь хичээлийн жилийн бүтэц баталсан шийдвэрийг үндэслэсэн, хичээлийн жилийн бүтцийг сургалтын цөм хөтөлбөрт үндэслэж гаргасан ч зөвхөн энэ үндэслэлээр нь А/03 дугаар тушаалын үйлчлэлийг сургалтын цөм хөтөлбөртэй сургуулиар хязгаарлах боломжгүй, учир нь дээр дүгнэснээр тушаалын зорилго, үйлчлэх хүрээ нь сургалтын хөтөлбөрийн агуулгад чиглээгүй, хөтөлбөрөөс үл хамаараад тодорхой нутаг дэвсгэрт үйлчлэлтэйгээр, тодорхой зорилготойгоор гарсан байна.  Өөрөөр хэлбэл сурагчдын амралтын хугацааг сунгасан шийдвэр нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сурагчдын эрүүл мэндэд эрсдэл учрахаас, халдварт өвчний тархалтаас сэргийлж гаргасан бөгөөд энэ нь сургалтын хөтөлбөрийн агуулга, сургуулийн өмчийн хэлбэр ямар байхаас үл хамааран нийт нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчлэхээр байна.

Нөгөө талаас тушаалд “сургалтын хөтөлбөр хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд бүрэн хэрэгжсэн байх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг өмчийн бүх хэлбэрийн сургуулийн удирдлагад үүрэг болгосон”, өөрөөр хэлбэл энэ тушаал тухайн хичээлийн жилийн хөтөлбөрийн бүтцэд хугацааны хувьд нөлөөлөхөөр байгаа ч  сургалтын хөтөлбөр хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд бүрэн хэрэгжсэн байх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг /тухайлбал танхимын бус арга хэрэглэх/ сургуульд үүрэг болгож зохицуулсан байна.

Нийслэлийн Боловсролын газраас дүүргийн Боловсролын хэлтсүүдэд тушаалын биелэлтийг хангуулах чиглэл хүргүүлж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 02-02/120 тоотоор “У” сургуульд “салбарын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалаар нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгасан” талаар, тушаалыг мөрдөж ажиллах, тушаалыг мөрдөөгүй тохиолдолд хяналт шалгалт хийж, хуульд зааснаар арга хэмжээ тооцох талаар мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлтэй холбогдуулан тус сургууль Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 1 дүгээр сарын 14-ний өдөр “амралтыг сунгах боломжгүй” талаарх тайлбарыг хүргүүлсэн, улмаар Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийж, “тушаал зөрчин сургалтын үйл ажиллагаа явуулсан” зөрчлийг илрүүлэн, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тогтоолоор тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг бүхэлд нь 1 дүгээр сарын 20-ныг хүртэл түр зогсоож, улсын байцаагч 1 дүгээр сарын 29-ний өдөр 0067082 дугаартай шийтгэлийн хуудсаар ийнхүү “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл сурагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох шийтгэл ногдуулсан байна.

Ийнхүү Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын гаргасан “нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн сургуулийн сурагчдын амралтын хугацааг сунгасан” шийдвэр нь “У” сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хөндөөгүй, тухайн хөтөлбөрийг судлах хичээлийн жилийн бүтцэд хугацааны хувьд нөлөөлөхөөр ч энэ нь тухайн сургуулийн талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээр, сургуулийн үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлсонтой зөрчилдөөгүйн дээр халдварт өвчний дэгдэлтээс сэргийлсэн тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд үйлчлэхээр, Бага, дунд боловсролын тухай хуулийн зохицуулалтад үндэслэсэн, салбарын сайдад хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр тул энэ шийдвэрийг “У” сургууль зөрчин сургалтын үйл ажиллагаа явуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэл ногдуулсан эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн, гомдол гаргагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0067082 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “У” сургууль НҮТББ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА