Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02101

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/03386 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Г"-ХХК, Д.Д- нарт холбогдох,

Хамтын ажиллагаанаас олсон ашиг 97,914,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Талууд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зах зээлийн үнэлгээнээс харьцангуй доод үнээр зуслангийн байшин барьж бусдад худалдан борлуулахаар харилцан тохиролцсон. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд Б.Н- нь өөрт хамаарал бүхий гэр бүл, хамт олонтойгоо гэрээ байгуулж, урьдчилгаа байршуулах замаар төслийн эхний төсөв бүрдүүлэх, ажил гүйцэтгэхтэй холбоотой ажлын зураг, газар, бусап зардлыг өөрт хамаарал бүхий найз нөхдөөсөө бүрдүүлж, дараа нь төлөх нөхцөлтэйгээр хэлэлцэн тохиролцсон. Энэ ажлын хүрээнд хэлэлцэн тохиролцсоны дагуу Б.Н- ажлынхаа газрын хүмүүст нийтдээ Баянзүрх дүүрэг, Цагдаагийн хэлтэс, Цахилгаан түгээх станц, Баянзүрх дүүргийн шүүх, прокурор, нэгдсэн эмнэлэг, Засаг даргын тамгын газраар дамжуулан эхний 40 төлөлтөө бүрэн дуусгасан. Эхний ээлжинд 10 га газрын 4 га газар дээр эхний төслөө хэрэгжүүлэх буюу 40 айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн. Улмаар 4 га газар дээр 40 айл бус 60 айлын төлөвлөлт болгон нэмэгдүүлж борлуулалтын хамтын ажиллагааны үр дүн, гүйцэтгэл амжилттай хэрэгжсэн. Дараа нь 6 га газар авч төслөө цааш үргэлжлүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх явцад талууд үл ойлголцож, улмаар Б.Н- ажлаас гарсан. Ажлаас гарахдаа тооцоо нийлж эхний төслөөс 170,000,000 төгрөг, 2 дахь 6 га газрын эхний 14 айлын орлогоос өөрт ногдох 43,960,000 төгрөг, нийт 213,960,000 төгрөгийн 191,046,000 төгрөгийг өгсөн болохоо Д.Д- Б.Н-т тооцоолж явуулсан. Энэ тооцоогоор 22,914,000 төгрөг дээр өмнөх төслийн үлдэгдэл, дараагийн төслөөс гарч байгаа учир өөрт ногдох 75,000,000 төгрөг, нийт 97,914,000 төгрөгийг хариуцагчаас Д.Д-гаас гаргуулна. Нэхэмжлэлээ 107,000,000 төгрөг гэж буруу тооцоолол хийсэнийг залруулж 97,914,000 төгрөгийг болгож байна. Хариуцагч "Г"-ХХК-иас татгалзаж байгаа гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, түүний агуулга: ...2019 онд нэхэмжлэгчтэй уулзаж хамтарч ажиллах хүсэлт гаргасан. Б.Н- нь тодорхой үүрэг хариуцлага хүлээж амлалт өгч орж ирсэн. Хамтын ажиллагааны явцад Б.Н- амлалтандаа хүрээгүй илүү мөнгө нэхсэн, борлуулалтын орлого руу орсон асуудлууд байдаг. Мөнгөний асуудал дээр ажилласан хугацааны хэмжээнд 4 өрөө орон сууцыг өгсөн. Ирэх онд баригдах 6 барилгаас хувь авна гэдэг асуудал нь гэрээ хэлцэл хийгдээгүй, уг барилга баригдах үгүй нь тодорхойгүй зүйл ярьж түүнээсээ ашиг орлого нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Д.Д- болон "Г"-ХХК-ийн дансны хуулгыг шүүхийн журмаар авахуулаад ийм төгрөгийн ашиг олсон. Үүний хэдэн хувийг авна гэдэг тооцооллыг гаргаж өгдөг. Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд болон хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, итгэмжлэл зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 97,914,000 төгрөг болгосон, хариуцагч "Г"-ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1, 479.4-т зааснаар хариуцагч Д.Д-гаас хамтран ажиллах гэрээний ногдох хувь нийт 97,914,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 647,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөр мөнгө нь "Г"-ХХК-ийн үйл ажиллагааны орлого бөгөөд хувь иргэн буюу Д.Д- нь зуслангийн орон сууц барих ажлыг гардаж хийгээгүй. "Г"-ХХК-ийн данс руу зуслангийн орон сууц барих захиалгын төлбөрүүд шилжиж орсон. Үүнд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж, тайлбарлаагүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч тал "Г"-ХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзсан. Д.Д-гаас орон сууц худалдаж авсан бөгөөд аман хэлбэрээр хэлцэл хийсэн болохыг анхан шатны шүүх тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь "Г"-ХХК-ийн үйл ажиллагаа иргэн Д.Д-тай хэрхэн холбогдсон талаар тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, Д.Д-гийн данс руу шилжсэн мөнгө нь бүгд "Г"-ХХК-ийн орлогоос шилжсэн. Үүнд нэхэмжлэгч тал хариуцагчийг буруу тодорхойлсон. Мөн Д.Д- хоёр төсөлд хамтарч ажилласан гэж тайлбарладаг боловч хамтран ажиллах гэрээний нөхцөлд нэхэмжлэгч тал тодорхой хэмжээний хувь орлого оруулж ашиг хүртсэн байх ёстой. Гэвч ямар нэгэн хувь орлого оруулаагүй. Зуслангийн байшин барилга нь "Г"-ХХК-ийн хөрөнгө, захиалагч нарын урьдчилгаа төлбөрөөр бүрдэж байсан. "Г"-ХХК нь Д.Д- руу мөнгө шилжүүлсэн учир нь компанийн дотоод үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцаж зохион байгуулдаг компанийн менежер буюу туслан гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан тул барилгын материалын татан авалтын ажлыг хариуцаж байсан. Иймд "Г"-ХХК-ийн данснаас Д.Д- руу мөнгө шилжиж барилгын үйл ажиллагааг явуулж байсан. Мөн Б.Н-т эхний төслийн үйл ажиллагааны орлогоос орон сууц авч өгсөн талаар яригддаг боловч "Г"-ХХК-ийн орлогоос дээрх орон сууцыг худалдаж авсан. Нэхэмжлэгч нь тодорхой хэмжээгээр хамтран ажиллаж, өөрөө хувь хөрөнгө байхгүй учраас захиалгад туслахаар тохиролцсон гэж тайлбарладаг боловч тухайн тохиролцоонд хүрээгүй. Нэхэмжлэгч эхний хийсэн ажлаас авах мөнгөө авсан гэх бөгөөд дараагийн төсөл буюу хийгдээгүй байсан ажлыг хийснээр тооцож түүнээс ашиг авахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбар удаа дараа зөрсөн. Тухайлбал, анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар нь давж заалдах гомдолд дурдсан агуулгатай зөрсөн. Хувь хүн буюу Д.Д- нь энэ төслийг хэрэгжүүлээгүй гэх боловч анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэсэн. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанаар хамтран ажиллах гэрээг орон сууц барих маягаар тодорхойлох нь үндэслэлгүй. Хамтран ажиллах гэрээгээр автомашин худалдахаар тохиролцож болно. Үүний нэгэн адил "Г"-ХХК-ийн нэр дээр байсан орон сууцыг худалдан борлуулахаар хамтран ажиллах боломжтой. "Г"-ХХК-ийн дансны хуулгыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Тухайн данснаас Д.Д- болон түүний гэр бүлийн гишүүд рүү мөнгө шилжиж орсон байдаг. Үүнээс орлого гэх гүйлгээний утгатай 612,616,800 төгрөг Д.Д-гийн данс руу орсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зөв тодорхойлсон бөгөөд хамтран ажиллах гэрээгээр Д.Д-тай тохиролцсон нь фейсбүүк, мэссэнжерээр харилцсан баримтаар тогтоогдсон. Мөн хариуцагч Д.Д-тай тооцоо нийлсэн дүнгээр тухайн дүнг нэхэмжилсэн. Төсөл эхэлсэн мөнгөтэй холбоотой тайлбарыг хариуцагч тал дурдсан боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.

2.Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч "Г"-ХХК, Д.Д- нарт холбогдуулан хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг 107,214,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "Г"-ХХК-аас татгалзаж, хариуцагч Д.Д-гаас 97,914,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хамтын ажиллагааны явцад Б.Н- амлалтдаа хүрээгүй, илүү мөнгө нэхсэн, нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэх үндэслэл заан маргажээ.

3.Анхан шатны шүүх Б.Н-, Д.Д- нарын хооронд фэйсбүүк хаягаар харилцсан цахим зурваст үзлэг хийлгэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2022/11808 дугаартай захирамж гаргасан. /1хх172/ Уг захирамжийг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудад үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байна. Уг тэмдэглэл нь мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 51.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх ёстой.

Үзлэгээр бэхжүүлсэн баримтуудын бичвэр гаргац муутай, уншигдах боломжгүй байна.

Түүнчлэн цаасан суурьтай бичгийн баримтад тусгагдсан мэдээллийн зургийг гар утсаар авч, талууд фэйсбүүк хаягаар харилцсан байхад анхан шатны шүүх тэдгээр бичгийн баримт байгаа эсэх, шүүхэд гаргаж өгөх боломжтой эсэх талаар тодруулалгүйгээр дээрх баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

4.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/03386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647,520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД