| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 184/2020/01575/И |
| Дугаар | 210/МА2022/02053 |
| Огноо | 2022-11-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2022/02053
| 2022 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 210/МА2022/02053 |
Ж.Н, Р.Т, Г.Э нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/01757 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Ж.Н
Нэхэмжлэгч: Р.Т
Нэхэмжлэгч: Г.Э
Хариуцагч: Ө Ө-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ө Ө-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Нийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, нэхэмжлэгч Р.Т, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Ө Ө-ны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль зөрчсөн.
1.2 Дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурал нь Удирдах зөвлөлийн гишүүн н.Тогоохүү, н.Нямаасүрэн нар нас барсан тул гишүүн нөхөн сонгох ээлжит бус хурал байсныг бүх гишүүдийн хурал болгож өөрчлөхдөө хуралд оролцсон гишүүдийн санал аваагүй. Өмнө нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүх гишүүдийн хурал зарласан боловч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон. Уг хуралд оролцсон гишүүдийн ирцийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралд оролцсон мэтээр ирц бүрдүүлсэн байх үндэслэлтэй. Энэ нь өмнө зарлагдсан ээлжит бус хурал дараагийн хуралд агуулга, асуудал нь өөрчлөгдсөн бол өмнөх зарлагдсан хурлын саналын хуудас, ирц хүчингүй болно гэх заалтыг зөрчсөн.
1.3 Уг хуралдаанд удирдах зөвлөлийн гишүүн Б.Ы, Д.Э нар өөрсдөө оролцсон ба тэд хурал даргалах байтал Ө-ны гишүүн бус, орон сууцны өмчлөгч бус С.М гэх хүн итгэмжлэлгүйгээр хурлыг даргалсан нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Бүх гишүүдийн хурлын ирц бүрдээгүй, хуралд зөвхөн орон сууцны өмчлөгч, эсхүл өмчлөгчөөс итгэмжлэл авсан этгээд оролцдог. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооноос ирүүлсэн 20 дугаар байрны оршин суугчдын бүртгэлийг хуралд оролцсон гишүүдийн нэрстэй тулгаж, тооцоход хурлын тэмдэглэлд 128 хүн оролцсон гэж бичсэн нь хурлын ирц 40,65 хувьтай байжээ.
1.4 Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгохоор заасан. Хорооны өрхийн бүртгэлээр Э.Аб, н.Хулан нар нь бүртгэлгүй, өмчлөгч биш атал нэгийг нь удирдах зөвлөлийн дарга, нөгөөг нь гишүүнээр сонгосон нь хууль зөрчсөн.
Иймд Ө Ө-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Ө Ө-ны гишүүн 365 айлын эрх ашгийг хоёрхон этгээд хүчингүй болгуулах үндэслэлгүй. Хоёр этгээд гэж нэхэмжлэгч Ж.Н, нөгөө нь Р.Т, Г.Э хоёрын хэн нь эрхээ эдлэх гэж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг сонгох боловч хариуцагч Э.Аб хариуцвал зохих этгээд биш. Тэрээр бүх гишүүдийн хурлын шийдвэр гаргасан этгээд биш. Ө Ө ажлаа хийж чадахгүй, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө шинээр сонгож, гарсан шийдвэрийг нь бүрэн хүлээн зөвшөөрнө гэх 72 айлын гарын үсэг зуруулснаас 49 орон сууцны өмчлөгч бус этгээд гарын үсэг зурсныг нягтлахад ээж нь, нөхөр нь, түрээслэгч, эгч, эгчийн нөхөр, бэр гээд хүмүүс хуралд оролцож гарын үсэг зурсан. Бүх гишүүдийн хуралд биеэр оролцсон 128 хүнээс 56 өмчлөгч биш хүнийг хасахаар 72 хүн хуралд оролцсон нь хүчингүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
2.2 Жагсаалтын 84-т Д.О, нөхөр нь Э.Аб гэж бичсэн байна. Би Д.Оийг гэрчээр оролцуулж ирц хүрсэн эсэхийг асуулгах гэхэд шүүх 100 гаруй хүнийг гэрчээр асуухаас төвөгшөөсөн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд эрхийг нь хүлээн зөвшөөрөх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээх зэрэг иргэний эрх зүйн хамгаалалтуудыг зааснаас нэхэмжлэгч тал аль эрхийг сэргээх гэж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, Ө Ө-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгосноор ямар эрх ашиг сэргэхийг нэхэмжлэгч нотолж чадахгүй байна.
2.3 Хуралд оролцсон гишүүд С.Маар даргалуулсан нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлд заасан төлөөлөх эрхийг зөрчөөгүй. Урьдчилан санал өгсөн хүмүүс нь хаягт бүртгэлгүй боловч сууц өмчлөгчдийн гэр бүлийн гишүүн, хамаатан садан, хаалгыг нь тогшоод хурлын тов мэдэгдэхэд дэмжиж байна гэж гарын үсэг зурсан нь ирцэд хамаарна, ирц 50 хувиас дээш хүчинтэй гэж үзнэ. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн албан бичгээр давхар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1 Нэхэмжлэгч нарын шаардлага нийт оршин суугчдын эрх ашигт нийцээгүй, биелэгдэх боломжгүй шаардлага гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, Ө Ө-ны гүйцэтгэх захирал хэнд тамга, тэмдгээ хүлээлгэж, хэн холбооны үйл ажиллагааг явуулах нь тодорхой байх ёстой. 2004 оноос хойш Ө Ө-г нэхэмжлэгч Ж.Н, Ш.Р нар дампууруулсан, санхүүгийн хяналтгүй болгосон бөгөөд дахин удирдах зөвлөлд ажиллах ёс суртахуунгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.6, Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр Шүүхийн шийдвэрийн тухай тогтоолыг үндэслэн биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 Э.Аб нь иргэнийхээ хувьд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, эрхээ сэргээхээр нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийг ойлгохоор заасан. Гэтэл Э.Аб гэх иргэний ямар эрх нь зөрчигдсөн нь тодорхойгүй. Харин Удирдах зөвлөлийн дарга Э.Аб гэж нэхэмжлэл гаргасан бол удирдах зөвлөлийн даргын хувьд эрх нь зөрчигдсөн гэж ойлгогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.1, 64.2.4, 64.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 8 дугаар зүйлийн 8.3, 8.7, 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Ө Ө-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал болон Ө Ө-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 09 сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоол, Ө Ө-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 сарын 21-ний өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Ө Ө-ны Хяналтын зөвлөлийн гишүүдийн 2019 оны 09 сарын 21-ний өдрийн Анхдугаар хурлын тогтоол, Ө Ө-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 сарын 21-ний өдрийн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Ө Ө-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 12 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Э.Абын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ө Ө, Удирдах зөвлөлийн дарга Э.Абаас нийт 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н, Р.Т, Г.Э нарт хувь тэнцүүлэн олгож шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Агийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Хариуцагч татгалзлалаа нотлох үүргийн хүрээнд гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Гэрч нар орж ирснээр гэр бүлийн гишүүнээ сууц өмчлөгчийнхөө хувьд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулсан болохоо нотлох байсан. Энэ нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заагдсан нөхцөлүүдийг хангасан болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
6.2 Мөн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсгийг буруугаар тайлбарлаж, хурлын ирц хүрээгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хуралд биеэр оролцсон хүмүүс нь сууц өмчлөгч нарын хаягт албан ёсны бүртгэлтэй гэр бүлийн гишүүд нь байх бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар Ө Ө-ны гишүүн гэж тооцогдох учир ирц бүрдсэн гэж үзнэ. Ө Ө-ны ээлжит бус хуралд 72 оршин суугч урьдчилан санал өгснийг шүүх хүртэл зөвшөөрсөн атлаа хяналтын зөвлөлд мэдэгдээгүй гэж үзсэн нь зөрчилтэй дүгнэлт болжээ.
6.3 Ө Ө нь 2004 оноос хойш хууль бус удирдах зөвлөл, хяналтын зөвлөлтэй явж ирсэн бөгөөд Ж.Н нь хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн хурлаар удирдах зөвлөлийн даргаар сонгогдсоноо нотолж чаддаггүй ба хяналтын зөвлөл гэх бүрэлдэхүүн байхгүй, хяналтын зөвлөл хэзээ ч ажиллаж байгаагүйг шүүх анхаарсангүй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргасан Ш.Р Ө Ө-ны нягтлан бодогчийн ажил хийж байх үедээ давхар хяналтын зөвлөлийн даргыг хийж байсан нь нотлогдоно. Тэгэхээр хууль зөрчиж тус Ө Ө-д нягтлан бодогч хяналтын зөвлөлийн дарга хийж буй Ш.Рд мэдэгдэх шаардлагагүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Ө Ө нь хяналтын зөвлөл огт байхгүй байсны нотолгоо тул хурал зарлахдаа хяналтын зөвлөлд мэдэгдээгүй гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Иймд Ө Ө-ны нягтлан бодогч хүн хяналтын зөвлөлийн дарга хийж болдог эсэх мөн хяналтын зөвлөл огт байхгүй байгаа гэж хариуцагч маргасан энэхүү нөхцөлийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж өгнө үү.
6.4 Нэхэмжлэгчийн сонгосон хариуцагч тодорхойгүй. Нэхэмжлэгч нар Ө Ө-ны Удирдах зөвлөлийн дарга Э.Абыг иргэнийх нь хувьд хариуцагчаар Ө Ө-г шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь хэн байх ойлгомжгүй байгаад шүүх дүгнэлт хийж өгнө үү.
6.5 Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг баримталсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, н.Э гэх өмчлөгч Нийслэлийн иргэдийн төлөөлөгч асан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мд Ө Ө-ны 20-р байрны 365 айлын эрх ашгийг хамгаалж ээлжит бус хурал даргалахыг зөвшөөрсөн. Энэ нь 18 жил удирдах зөвлөл, хяналтын зөвлөлгүй явж ирсэн оршин суугчдын эрх ашигт нийцсэн үйлдэл байсан. Сууц өмчлөгч Д.Э нь өөрийн гараар хурал даргалах зөвшөөрлийг бичгээр С.Мд олгосон, хуралд биеэр оролцсон 125 сууц өмчлөгч, эзэмшигч нар маргаагүй, тэр ч байтугай нэхэмжлэгч Р.Т, Г.Э нарыг төлөөлөн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн биеэр оролцсон Ш.Р дэмжсэн.
Ш.Р нь 20 дугаар байрны оршин суугчийнхаа хувьд Ө Ө-ны нягтлан бодогч байсны хувьд хуралд оролцох эрхтэй гэж үзээд 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралд оролцож, санал хүсэлтээ гаргаж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгосон атал түүний хүүхэд болох Р.Т, эхнэр Г.Э нар шүүхэд бүх гишүүдийн ээлжит хурлыг хүчингүй болгоно гэж нэхэмжлэл гаргаад байгааг огт ойлгоогүй. Р.Т, Г.Э нар өөрсдөө хуралд ирэхгүй аавыгаа /нөхрийгөө/ төлөөлүүлж хуралд явуулчхаад өөрсдийнх нь хүсээгүй шударга хүмүүс удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд сонгогдохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь утгагүй явцуу ашиг гэж үзэхээр байна.
6.6 Нэхэмжлэгч Ж.Н нь 10 гаруй жил өөрийгөө удирдах зөвлөлийн дарга гэж явсан байх бөгөөд тэрээр хэзээ удирдах зөвлөлд сонгогдсон, хэзээ хяналтын зөвлөлийн дарга болсон нь тодорхойгүй , хууль бусаар сонгогдсон гэдэг нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/00081 тоот шийдвэрээр нотлогдоно. Тэрээр хууль бусаар сонгогдсон болохыг тогтоосон энэхүү шийдвэртэй маргаагүй ба Өнөр 20 Ө-ны дундын өмч болох 20 дугаар байрны 4 дүгээр орцны 00 тоот 2 өрөө бүхий 36 м.кв талбай бүхий өрөөг олон жил үнэ төлбөргүй ашиглаж байсан нь тогтоогдсон шүүхийн шийдвэртэй болохыг энд дурдах нь зүйтэй.
6.7 Ө Ө нь 13 жил удирдлагагүй, санхүүгийн хяналтгүй явж ирсэн байх бөгөөд 2015 оны 06 дугаар сараас хойш 09 дүгээр сар хүртэл буюу 3 сарын турш лифтгүй. цахилгаангүй байсан учраас нийт оршин суугчдын өөрсдийн төлөөлөл болгон сонгосон Нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Мд санал, хүсэлт, гомдлоо гаргаснаар Ө Ө-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал болсон бөгөөд энэхүү хурлыг хүчингүй болгох гээд зүтгээд байгаа хүмүүсийн ямар эрх ашиг сэргэх вэ гэдэгт шүүх анхаараагүй. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Ө Ө-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчингүй болсноор Ө Ө-ны гэрчилгээ, тамга тэмдгийг хэнд шилжүүлж өгөх вэ гэдэг нь 365 айлын эрх ашгийг хөндсөн чухал асуудал болоод байна. Хууль бусаар сонгогдсон удирдах зөвлөлийн дарга Ж.Н, нягтлан бодогч ба давхар Хяналтын зөвлөлийн дарга хийдэг Ш.Р нарт Ө Ө-ны тамга тэмдэг, эрх мэдлийг шилжүүлэн өгөх боломжгүй юм. Учир нь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/00081 тоот шийдвэр хүчин төгөлдөр тул сууц өмчлөгч, хяналтын зөвлөлийн дарга Б.Бууваад гэрчилгээ, тамга тэмдэг шилжүүлнэ гэхээр түүний үеийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн огт байхгүй тул шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй юм. Нэхэмжлэгч нар Ө Ө-ны ээлжит бус хурлаа зарлан хуралдуулж, оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалах учиртай байтал одоогийн Ө Ө-ны удирдлагын зарласан 2020, 2021 оны ээлжит хуралд Ж.Н, Ш.Р, Р.Т, Г.Э нар огт оролцоогүй, оролцуулахгүй байгаа нь шударга бус.
6.8 Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай. Нэхэмжлэгч нь хариуцагчаа Ө Ө-ны удирдах зөвлөлийн дарга Э.Аб гэж иргэнийг тодорхойлсон бөгөөд иргэн Э.Аб нь хариуцагчаар сонгогдсоныхоо хувьд сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх ойлгомжгүй дүгнэлт хийж Ө Ө-ны удирдах зөвлөлийн даргынхаа хувьд итгэмжлэл олгоогүй, иргэний хувьд итгэмжлэл олгосон гэж итгэмжлэлийг хууль зөрчсөн мэтээр дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийн сонгосон хариуцагч Э.Аб нь хариуцагч биш харин Ө Ө гэж үзэхээр байна.
6.9 Мөн шүүхийн 01757 дугаар шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой хууль зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шүүх шийдвэрийнхээ 4 дэх заалтад тухайн шүүхэд гомдол гаргаж болохыг зааж өгсөн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Агийн 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй шүүгчийн захирамжийг шүүгчийн туслахаас шаардсан бөгөөд шүүгчийн туслах хэлэхдээ шүүгч шүүхийн шийдвэрээрээ сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэнээ гэж хэлсэн атлаа шүүхийн шийдвэрийг гардаж аваад танилцахаар 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэснийг ойлгохгүй байна. Мөн 4-р заалт нь 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг удирдлага болгосон тохиолдолд 123 дугаар зүйлийн 123.1,123.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж гаргах үүрэгтэй атал захирамж албажих гараагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил ба анхан шатны шүүх нь албажиж гаргахгүй захирамжид гарсан гомдлыг хэлэлцэж шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах хууль зүйн боломж алга байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх хязгаарласан, хуулийг буруугаар тайлбарласан,хууль зөрчиж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа захирамж гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн давж заалдах гомдлын агуулга:
7.1 Ө Ө нь анх байгуулагдахдаа 10 гаруй хүн цуглаад, өөрсдийгөө Ө Ө гэж нэрлэн байгуулсан байдаг ба энэ хурлыг оролцуулаад 20 гаруй жилийн дотор нийтдээ анхны хурал 2014 оны хурал, 2019 оны 06 дугаар сарын хурал, 2019 оны 09 дүгээр сарын хурал гээд 2 жилд 4 хуралдсан ба эхний хурал 10 гаруй хүнтэй 2 дахь хурал 20 гаруй хүнтэй, 3 дахь хурал 50 гаруй хүнтэй, 4 дэх хурал 100-аад хүнтэй байдаг ба 10, 20, 50, 128 хүнтэй аль нь хүчинтэй гэдэг нь эргэлзээтэй. Анхны хурлаас хойш Ө-ны хурлыг огт хийхгүй байж байгаад 2014 онд оршин суугчдын санаачилгаар хурал хийгдсэн боловч шүүхээс тус хурлыг хүчингүй болгосон.
7.2 Ө Ө-ны үйл ажиллагаа явахгүй, оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байсан учраас 2019 оны 06 дугаар сард оршин санаачилгаар бус хурал хийж удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгоод удирдах зөвлөлөөс Ө-ны гүйцэтгэх захирлыг томилсон байдаг. Гэтэл энэ хурлын шийдвэрийг нэг тал хүчинтэй нөгөө тал нь хүчингүй гэж маргалдсаны учир маргалдагч талууд хамтран дахин Ө Ө-ны хурлыг дахин зарлаж Ө-ны хуралд оролцогчдын зөвхөн иргэний үнэмлэх дээрх хаягаар нь баталгаажуулан ирцээ бүрдүүлж, хурлаа хийгээд энэ хуралд хорооноос төлөөлөгч, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс төлөөлөгч, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч,Төрийн банкны төлөөлөгч гээд сууц өмчлөгчдөөс гадна хөндлөнгийн ажиглагч нар оролцон хуралдаж удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн даргаа сонгоод дараа нь удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг сонгосон байдаг. Анх удаа хамгийн олон хүнтэй оролцсон хурлыг 3 жилийн дараа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болголоо. Шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой байх ёстой. Хурлын удирдах зөвлөл,хяналтын зөвлөл хүчингүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон, хуучин Ө-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл гэж байхгүй болохоор шүүхийн шийдвэр амьдрал дээр хэрэгжих боломжгүй 365 айлын эрх ашиг хөндөгдлөө. Ийм хэрэгжих боломжгүй шийдвэрт өөрчлөлт оруулж Ө-ны хурлыг яаралтай дахин хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Ж.Нийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
8.1 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн нэр бүхий гурван сууц өмчлөгч гишүүний үндсэн нэхэмжлэлтэй, Ө Ө-ны удирдах зөвлөлийн дарга Э.Абын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Нийт 365 өмчлөгч байхад 3 хүний эрх ашиг яригдаад байгаа талаар маргадаг. Эдгээр нэр бүхий гурван сууц өмчлөгч нь Ө-ны гишүүний хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу хууль зөрчигдсөн асуудлаар шүүхэд хандсан. Хариуцагчийн давж заалдах гомдлыг сэргээсэн шүүгч анх энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд түүнээс хойш 2, 3 шүүгчээр шийдвэрлэгдсэн. Өмнө нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж очсоноос хойш 365 айлын өмчлөх эрхийн лавлагааг авсан. Тухайн өмчлөх эрхийн лавлагаагаар хэдэн өмчлөгчтэй эсэхийг тодорхойлсон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар орон сууцны өмчлөгчийн хувьд нэг л санал өгөх эрхтэй. Хэрэв гурван хамтран өмчлөгчтэй гэж үзэхэд хэн нэг нь хуралд орсон байвал нэг л санал өгөх эрхтэй. Иймд тухайн хурлын ирц хүрээгүй болох нь дээрх лавлагаагаар нотлогдсон. Мөн саналын хуудсыг хяналтын зөвлөлд хянуулаад хуралдах байсан боловч хянагдаагүй. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэсэн.
8.2 Түүнчлэн, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн. Тухайн хурлын тэмдэглэлийг уншихад удирдах зөвлөлийн гишүүн н.Бууваа байсан хэдий ч н.Эт итгэмжлэл олгож хуралд оролцуулсан. н.М нь Эыг төлөөлсөн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Ө-ны хурлыг даргалж явуулах эрхгүй. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-т үндэслэл бүхий дүгнэсэн. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор хариуцагч тал маргасан. Ө Ө-ны удирдах зөвлөлийн дарга Э.Аб нь Ж.А, А.Э нарт итгэмжлэл олгосон бол тухайн байгууллагын удирдах зөвлөлийн даргын гарын үсэгтэй, тамгатай баримтыг гаргаж өгөх ёстой. Гэтэл иргэнээс иргэнд олгосон нэхэмжлэлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нийт оршин суугчдын эрх ашигт нийцээгүй, биелэгдэх боломжгүй шаардлага болохыг тогтоолгох байсан. Тухайн сөрөг нэхэмжлэлийг анхан шатын шүүх хүлээж аваад хуралдаанаар хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримталсан.
8.3 Хэрэгт авагдсан шүүгчид гаргасан гомдолдоо шийдвэрийн 2, 4-т заасан хэсгийг үндэслэл болгодог. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хугацаа хэтрүүлж гаргасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх рүү явуулсан. Мөн давж заалдах гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бол сэргээлгэх эрхтэй гэж шүүгчийн захирамжид дурдсан. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Ж.Агийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авсан гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн шүүгчээс давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан. Хэргийн оролцогчид цахимаар хүсэлт явуулахад архив бичиг хэргийн ажилтан хүлээж аваад мэдээлэл лавлагааны ажилтанд дамжуулдаг. Гэтэл Ж.Агийн гаргасан давж заалдах гомдол 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах шатны шүүхэд очсон байсан. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ үндсэн нэхэмжлэл үндэслэлтэй эсэх, хэрэв үндэслэлтэй бол сөрөг нэхэмжлэлийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар дүгнэх байсан. Гэтэл сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрээ уншиж сонсгохдоо энэ талаар тайлбарласан. Мөн шүүгчийн захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн хэсгийг үндэслэн хариуцагч тал гомдол гаргасан. Үүнд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд шийдвэрээ гаргана. Хариуцагч тал шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэж гомдолд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 03 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн гомдолд дурдсан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2, 4-т өөрчлөлт оруулах үндэслэлтэй боловч хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болохгүй гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан Р.Т, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өгийн хариу тайлбарын агуулга:
9.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх хэлэлцээд шүүгчийн захирамж гарсан. Тухайн захирамжид хариуцагч тал гомдол гаргаагүй тул захирамж хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн н.Р анх нэхэмжлэл гаргасан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгүүлээгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Тухайн орон сууцны улсын бүртгэлд албан ёсоор бүртгэлтэй Р.Т, Г.Э нар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, энэ маргаанд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д сууц "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ө-ны ээлжит бус хурлыг хэн зарласан нь тодорхойгүй гэж зөв дүгнэсэн. Ээлжит бус хуралд оролцсон гишүүдийн ирц Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн 50 хувиас дээш хүн оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. Гэтэл 60/45 харьцаатай буюу ирц 50 хувьд хүрээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон. Энэ талаар шүүх үндэслэл бүхий зөв дүгнэсэн.
9.2 Мөн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээсэн талаар гомдолд дурдсан. Тухайн давж заалдах гомдлыг сэргээсэн н.Нямсүрэн шүүгчийн захирамж үндэслэл муутай. Учир нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад давж заалдах гомдлыг сэргээж өнөөдөр хэлэлцсэн нь хууль зөрсөн үйлдэл юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Ж.Н, Р.Т, Г.Э нар нь хариуцагч Ө Ө болон Удирдах зөвлөлийн дарга Э.Абт нарт холбогдуулан Ө Ө-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх Ө Ө-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, харин Э.Абт холбогдуулан иргэний хэрэг үүсгээгүй байна. Мөн Э.Абыг хамтран хариуцагчаар татан оролцуулах ажиллагаа явуулаагүй атлаа түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, улмаар түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3.1 Анхан шатны шүүх иргэн Э.Абыг, эсхүл Ө Ө-ны Удирдах зөвлөлийг хариуцагчаар тодорхойлсон эсэхийг нэхэмжлэгчээс тодруулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчид хэрхэн хамаарч байгааг тодруулснаар зохигчид бүрэн мэтгэлцэх, улмаар шүүх талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх үндэслэл бүрдэнэ. Иймд энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
3.2 Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг нь Ө Ө-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага байна. Уг шаардлагад Ө Ө-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоол, Ө Ө-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Ө Ө-ны Хяналтын зөвлөлийн гишүүдийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Анхдугаар хурлын тогтоол, Ө Ө-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Ө Ө-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоол хамаарч буй эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүх дээрх тогтоол болон шийдвэрийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх тогтоолуудыг заагаагүй байхад анхан шатны шүүх үүнийг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Дээрх нөхцөл байдлыг тодруулснаар тухайн шийдвэрийн хүчин төгөлдөр байдал болон хүчингүйд тооцох үндэслэлийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгнө.
3.3 Хэргийн оролцогч нь нотлох баримтыг хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх тухайн баримтыг хэрэгт нотлох баримтаар бэхжүүлнэ. Гэтэл хэрэгт 1 ширхэг диск авагдсан байх боловч уг дискийг нотлох баримтаар бэхжүүлээгүйгээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх боломжгүй байна.
4. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн эрх зүйн байдал болон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бэхжүүлээгүйг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зөвтгөх, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/01757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН