Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0020

 

 2019 оны 01 сарын 09 өдөр        Дугаар 221/МА2019/0020                            Улаанбаатар хот

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Д.Б, Г.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. а/-д, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Ц.Ц миний гаргасан нэхэмжлэлийг шүүгч Н.Дамдинсүрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг, шүүгч Б.Адъяасүрэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг минь хянан хэлэлцээд засаг, захиргааны талд шийдвэрлэсэн нь иргэн миний амьдрах эрхийг зөрчиж (нутаг заан нүүлгэх ...) анхны тохиолдол болж буйд тун харамсаж байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаагүй байхад Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Г ТВ-25 телевизээр (... Бид хоёр шатны шүүхэд ялалт байгууллаа ...) гэж зарлалаа 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагт.

Иймд миний бие шийдвэрийг зөвшөөрч чадахгүй байгаа тул гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            Нэхэмжлэгч Ц.Ц-оос Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчээс маргаан бүхий дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар шаардаж буй үндэслэлээ “Монгол Улсын Үндсэн хуулиар иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг баталгаатай эдлэхээр заасан ... захирамжаар намайг өөр газарт шилжих, миний өмчлөлийн малыг Улаанбаатар хотоос гаргахыг тушаасан” гэж тодорхойлсон байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай” А/578 дугаар захирамж нь хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж буй иргэдийн малыг хориглосон бүсээс бүрмөсөн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, дуусгах, цаашид хориглосон бүсэд мал аж ахуй дахин эрхлэхгүй байх агуулгатай байна.

 Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 а/-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс иргэдийн малыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхэд халдаагүй, харин нэхэмжлэгчийн өмчлөлийн малыг мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс зөвшөөрсөн бүсэд нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэртээ Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасан гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд буй иргэдийн малыг нүүлгэн шилжүүлэхээр нийтийн эрх ашгийг хамгаалсан, урьдчилан сэргийлсэн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Энэ талаар хариуцагчийн “... хориглосон бүсэд малтай иргэд байснаар малын гоц халдварт өвчин тархах, Нийслэлийн иргэд хөл хорионд орох эрсдэл үүсдэг бөгөөд дээрх асуудал шийдвэрлэгдсэнээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана ... нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг төрөөс хангах үүргийг хэрэгжүүлсэн захиргааны акт” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Нийслэлд мал аж ахуй эрхлэх болон хориглосон бүс нутгийг баталсан бөгөөд нэхэмжлэгчийн амьдарч буй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр нь Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутгаас дотогш буюу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд хамаарч байна. Нэхэмжлэгчээс дээрх Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн, хориглосон бүс тогтоосон шийдвэртэй маргаагүйг тэмдэглэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4-т заасныг тусгах шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн ямар үндэслэл, заалтыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой тусгаагүй байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ