Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 658

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ц.Ц

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.Б, Э.У, О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ дүүргийн нутаг дэвсгэрт эцэг, эх, 5 дүүгийн хамт 40 гаруй жил амьдарсан. Бид 1980 оноос малтай болсноор мах, сүү хөөврийн ноогдлоо цаг тухайд нь тушааж, малын вакцинжуулалт, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж өдийг хүрсэн. 

Өнгөрсөн оноос нутаг заан нүүх шийдвэр гарч удаа дараа шаардлага мэдэгдэл ирүүлсээр 2018 оны 06 дугаар сарын 19-нд 11 үхрийг Нийслэлийн Онцгой байдлын газрын тусгай ажиллагаагаар айлын хашаанд хорьж хашсан тул би шөнөжин тугалнуудаа зөөн эхэд нь хөхүүлээд өөрийн дүү Ц.О*******ыг нийслэл дүүргийн удирдлагуудтай уулзуулан учирлахад дарга нар нь “200000 төгрөг санхүүгээс д хол нүү” , “Бид вакцинд итгэдэггүй, хурдан нүү”, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч “Танайх ганцаараа малтай үлдсэн, ченжүүдэд өгч алуулна” “шүүхэд хандвал хандаарай” гэхчлэн заналхийлсэн. Аргагүй эрхэнд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

... “Нийслэлийнхэн нийтийн эзэмшлийн талбайд ургасан халгай шарилжуудаа зулгааж, зүлгээ машинаар жигд засаж хадаад гаргасан хаягдлаа өвсөө хогийн цэгт хаядаг. Төрийн хамгаалтанд гэх Үндсэн хуулийн заалтаа зөрчөөд гаргасан тогтоол захирамжууд нь сүүт сүргийг минь төмөр хашаанд хорьж,  ачиж, тэтгэврийн зээлтэй эзнээс нь төлбөр нэхэн амьдрах аргагүй болголоо. 

Иймд хөгшин эхтэй насны эцэст тайван амьдрах боломж олгохуйцаар хууль тогтоол, захирамжуудыг хүчингүй болгуулж, өвс тэжээлгүй олон дахин хорьсноос өдрийн саалийн гарц буурч 30 литрээс 20 литр болж багассаны саалийн 200 хоногоор тооцож мөн нэр төрийг минь сэргээн, сэтгэл санааны хохирлыг нөхвөр болгон олгуулна уу.

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг баталгаатай эдлэхээр заасан байдаг. Энэ Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/575 дугаар захирамжаар намайг өөр газарт шилжих, миний өмчлөлийн малыг Улаанбаатар хотоос гаргахыг тушаасан байдаг. Миний хувьд мал бол амьдралын гол эх үүсвэр учир малаасаа салах боломжгүй юм. Сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлнэ гэж ойлгож, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/578 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “1. Мал бүхий иргэдийг мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс нүүлгэн шилжүүлэх тухайд Нийслэл Улаанбаатар хотод анх малын гоц халдварт шүлхий өвчин 2001 онд Б******* дүүргийн 2-р хороо, С******* дүүрэг 13,14,15 хороодод гарсан бөгөөд шүлхий өвчинтэй тэмцэх талаар Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын өгсөн зааварчилгааны дагуу 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажилласан. Хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, дэглэмд орсон айл өрхүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажил нь ихээхэн хэмжээний зардал хөрөнгө шаардсан ажил байдаг бөгөөд тухайн үеийн ханшаар нийтдээ 2.5 тэрбум орчим төгрөгийн хохирол гарсан гэсэн тооцоо судалгаа байдаг. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 133 дугаар тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг гарч, 2002 оны Нийслэлийн Засаг даргын 411 дугаар захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас мал аж ахуй эрхлэх журам”-ыг баталсан.

Нийслэлийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 119 дүгээр тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2002 оны 441 дүгээр захирамжийг-хүчингүй болгож, Нийслэлд мал аж ахуй эрхлэх журмыг шинэчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ыг баталсан үүнд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн төвийн 3 дүүргийн 7 хороо захын 3 дүүрэг багтсан бөгөөд нийслэлийн бусад хороодод мал аж ахуй эрхлэхийг бүрэн хориглосон боловч дээрх захирамж нь хэрэгжилт хангалтгүй байсаар өдий хүрсэн.

2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, С******* дүүргийн 22 дугаар хороонд дахин шүлхий өвчний шинж тэмдэг илэрч шүлхий өвчин мөн болох нь улсын мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. 

Шүлхий өвчин нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр салаа туурайтныг өвчлүүлдэг вирусийн гоц халдварт өвчин юм. Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог. Халдварын голомт нь өвчтэй, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үр зэрэгтэй хамт ялгаран гарсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал, хувцас агуулагддаг болно. Шүлхий өвчний халдвар авсан үхэр 3 жил хүртэл вирусийг тээх боломжтой. Эмчилгээ хийгддэггүй өвчилсөн амьтныг устгалд оруулдаг. Мэргэжлийн байгууллагын зааварчилгааны дагуу устгалд оруулахад өвчний вирус газрын хөрсөнд 15 жил хадгалагддаг.

НЗД нь нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. а/-д “...байгалийн гэнэтийн аюул, мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх;" хуулиар хүлээсэн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр А/592 дугаар захирамжаар гарган Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал, малтай өрхийг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, МҮОНРТВ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд зэрэг 29 байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, “Хориглосон бүсээс мал гаргах хууль эрх зүй, сургалт сурталчилгааны, зохион байгуулалтын, бүртгэл судалгааны, санхүүгийн зэрэг 5 дэд ажлын хэсгийг байгуулан ажилласан бөгөөд дээрх ажлын хэсгүүд нь хориглосон бүсийн мал бүхий хороодод ажиллан тогтоол шийдвэр болон иргэдэд мал амьтны гоц халдварт өвчний хор хөнөөлийн талаар сургалт, сурталчилгаа явуулан удаа дараа холбогдох уулзалтуудыг зохион байгуулж ажилласан.

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийн санал хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 04,16, 22-ны өдрүүдэд нийт 3 удаа авсан ба уг судалгаанд хамрагдсан 602 өрхөөс малаа худалдах хүсэлтэй 199, нүүхгүй саналтай 156, зөвшөөрсөн бүс нутаг руу шилжин нүүх саналтай 257 өрх байсан боловч 2018 оны судалгаагаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс рүү малын хамт нүүх 416 өрх санал ирүүлсэн байна. Мөн Олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан “хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дэмжих үү?” сэдэвт санал асуулга явуулахад судалгаанд оролцсон нийт 529 иргэний 90,5 хувь буюу 479 иргэн малтай иргэдийг хотоос гаргах саналыг дэмжсэн байсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 85 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийг Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж буй иргэдэд, 2017 оны 8 дугаар сарын 14-15 нд Б******* дүүрэг, Хан-Уул дүүрэг, С******* дүүрэг, Чингэлтэй дүүрэг, С******* дүүргүүдэд, 2018 оны А/578 дугаар захирамжийг 2018 оны 6 дугаар сарын 28-29 өдрүүдэд танилцуулах ажлыг зохион байгуулж холбогдох тайлбар, санал хүсэлтийг авч ажилласан.

Дээрх уулзалтууд болон санал асуулгын үр дүнд дээрх иргэдээс “нүүж очих газар, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгвөл нүүхэд бэлэн байна” гэсэн санал хүсэлт гарсан бөгөөд үүний дагуу нийслэлийн газрын албанаас санал болгосон тодорхой 3 байршилд /Б******* дүүргийн 20 дугаар хороо, С******* дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт / тог цахилгаан, худаг усны асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж иргэдэд тодорхой хугацаа өгөн нүүх албан шаардлагыг хүргүүлсний дагуу мал бүхий иргэд зөвшөөрөгдсөн бүсрүү нүүгээд байна.

2017 онд гарсан шүлхий өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 932 сая төгрөг, үүнээс гадна улсын мал эмнэлгийн вакцин халдваргүйжүүлэлт, Нийслэлийн онцгой байдлын газар,. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудаас гарсан зардалтай нийт 1.5 тэрбум орчим төгрөгний зардал гарсан тооцоо байдаг.

Улаанбаатар хотод 2000 оноос хойш нийт 88 удаагийн гоц халдварт өвчний тохиолдол гарсан гэсэн тооцоо судалгаа байдаг. Энэ нь нийслэлийн хориглосон бүсэд малтай иргэд байснаар малын гоц халдварт өвчин тархах, нийслэлийн иргэд нь хөл хорионд орох зэрэг эрсдэл үүсгэдэг бөгөөд дээрх асуудал шийдвэрлэгдсэнээр нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар нь МУЗЗНДНТУТХ-ийн 29.1.3. а/ “,,..мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх" гэж, Нийслэлийн цагдаагийн газар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл 16 дугаар зүйлийн 16.4, онцгой байдлын газар нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйл “33.1.3.хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлагнах" гэж заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан болно.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592, 2018 оны А/578 дугаар захирамжууд нь холбогдох хууль журамд нийцсэн аливаа этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг төрөөс ханган үүргийг хэрэгжүүлсэн захиргааны акт юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “нийслэлийн удирдлагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэр, тогтоосон журмыг сахих, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэх ажилд оролцох” үүргээ иргэн Ц.Ц нь биелүүлэх үүрэгтэй

Иймд Ц.Цийн эрх зүйн үндэслэлгүй, хууль журмаар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол мөн ямар хуулийн заалтыг хэрхэн зөрчсөн нь тодорхой бус байна. Нийслэлийн Засаг даргын А/578 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан агуулга тодорхой байх, хуульд үндэслэсэн байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; үр нөлөөтэй байх зарчмуудыг хангасан, мөн тус хуулийн 39 дүгээр зүйлд заасан захиргааны актын агуулга тодорхой байх, захиргааны актыг гаргах хэлбэрийн шаардлагуудыг хангасан захиргааны акт байна. Харин Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актын илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг хууль бусад тооцох нөхцөл бүрдээгүй байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны А/85 дугаар тогтоолоор Нийслэлд мал аж ахуй эрхлэх журмыг баталсан. Тус тогтоолд мал аж ахуй эрхлэхийг Улаанбаатар хотын төвийн зураан дүүргийн долоон хороонд, захын гурван дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч, бусад дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглосон. Маргаан бүхий захирамж нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилготой. Нэхэмжлэгч нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийслэлийн удирдлагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан захиргааны актыг биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн малыг мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс гаргахгүй байсан тул түүний малыг хашиж хорих арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь түүний мал маллах, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байна гэж тайлбарлаж байгаа боловч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 85 дугаар тогтоол болон маргаан бүхий А/578 дугаар захиргааны актаар иргэний мал маллах эрхийг хязгаарлаагүй. Харин хориглосон бүст мал аж ахуй эрхлэхийг хориглосон байгаа. Нэг хүний эрх чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөөр хязгаарлагддаг тул бусдын эрхийн хүндэтгэн хууль тогтоомжийг биелүүлэх үүргийг хүлээнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын А/578 дугаар захирамж нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын хэрэгжилтийг хангахаар гарсан захирамж юм. Нийслэлийн хоёр дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан иргэдтэй уулзалт хийхэд нэхэмжлэгч Ц.Ц нь 2017 оны 5 дугаар сард хориглосон бүсээс малаа гаргана гэж гараар бичсэн баримт байдаг. Иймд маргаан бүхий захирамж нь иргэдийн гаргасан санал хүсэлтэд үндэслэн гарсан захиргааны акт юм.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь тус шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжаар “...Улсын Онцгой комиссын 2017 оны 02 дугаар албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамж, нийслэлийн онцгой комиссын 2018 оны 01 дүгээр хурлын шийдвэрийг биелүүлээгүй иргэдийн малыг холбогдох хууль журмын дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс бүрмөсөн  шилжүүлэх ажлыг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор зохион байгуулж дуусгах ...”-ыг  дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс”-ийг тогтоож, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ыг баталсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Цийг мал аж ахуй эрхэлж буй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр нь уг хориглосон бүсэд хамаарч байна.

Маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Тодруулбал: 2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, С******* дүүргийн 22 дугаар хороонд дахин шүлхий өвчний шинж тэмдэг илэрч шүлхий өвчин мөн болох нь улсын мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна. 

Хариуцагчийн тайлбарт: ”Шүлхий өвчин нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр салаа туурайтныг өвчлүүлдэг вирусийн гоц халдварт өвчин юм. Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог. Халдварын голомт нь өвчтэй, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үр зэрэгтэй хамт ялгаран гарсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал, хувцас агуулагддаг болно. Шүлхий өвчний халдвар авсан үхэр 3 жил хүртэл вирусийг тээх боломжтой. Эмчилгээ хийгддэггүй өвчилсөн амьтныг устгалд оруулдаг. Мэргэжлийн байгууллагын зааварчилгааны дагуу устгалд оруулахад өвчний вирус газрын хөрсөнд 15 жил хадгалагддаг.” гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамж нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. а/-д “...байгалийн гэнэтийн аюул, мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх;", Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т “нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх;” –ээр заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр бөгөөд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийн санал хүсэлтийг үндэслэн,  нийслэлийн газрын албанаас санал болгосон тодорхой 3 байршилд тог цахилгаан, худаг усны асуудлыг шийдвэрлэх нөхцөлтэйгээр мал бүхий иргэдийг  нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Нэхэмжлэгч Ц.Цид нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжаар “мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс бүрмөсөн  шилжүүлэх ажлыг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор зохион байгуулж дуусгах” талаар мэдэгдсэний дагуу Ц.Ц Чингэлтэй дүүргийн Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрийн хэлтэст 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр малаа хотоос гаргахыг зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Маргаан бүхий актаар нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал аж ахуй эрхлэхийг хориглож, зөвшөөрсөн бүсэд малаа нүүлгэн шилжүүлэхийг мал бүхий иргэдэд санал болгож байгаа нь тэдгээр иргэдийн эрхийг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл  нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Цийн мал аж ахуй эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, харин нийт нийслэлийн хориглосон бүсэд мал аж ахуй эрхлэгчдийн малыг зөвшөөрсөн бүсэд нүүлгэн шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.

Иймээс нэхэмжлэгч Ц.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5115 дугаар захирамжаар Ц.Цийн нэхэмжлэлтэй НЗДд холбогдох захиргааны хэргийг Ц.О*******баатарын нэхэмжлэлтэй НЗДд холбогдох захиргааны хэрэгт нэгтгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч нэхэмжлэгч Ц.О*******баатар шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин ирээгүй тул түүнд холбогдох захиргааны хэргийг 128/ШЗ2018/6966 дугаар захирамжаар тусгаарласан болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. а/-д, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Цийн  “нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН