Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 213/МА2022/00027

 

*******ын нэхэмжлэлтэй *******,

******* нарт холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Энхтөр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 131/ШШ2022/00564 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 Зээлийн 32 538 000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 8 300 000  төгрөгийн нэмэгдүүлсэн, 2018 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэмэгдүүлсэн тус тус  шаардлагатай иргэний хэргийг хариуцагч  А.Цэцэгдарийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагч  *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Сайнбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Миний бие С Бат-Ирээдүйгээс 2018 оны 10 дугаар сарын 14-нд 2 650 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-нд 2 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-нд 2 500 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-нд 9 580 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 26-нд 5 420 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 27-нд 1 000 000 төгрөг нийт 26 050 000 төгрөгийг цувуулан зээлээр авсан. Зээлсэн мөнгөнөөс би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд 15 удаагийн гүйлгээгээр нийт 32 538 000 төгрөгийг , илүү 6 488 000 төгрөгийг төлсөн байсан. Гэтэл *******н эхнэр ******* нь намайг тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган надаас 39 000 000 сая төгрөг нэхэмжилж түүнээсээ 1 000 000 төгрөгийг татгалзан 38 000 000 төгрөг авахаар болж эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед нөхөр Д Бат-Ирээдүйд хандан миний бие өгсөн мөнгөний талаар хэлэхэд аваагүй гэж хэлсэн би ч өөрөө маш их яарч явсан тул гарын үсэг зураад дараа нь нөхөртэй нь учраа олох байх надаас авсан мөнгөө авгайдаа хэлээгүй юм байна гэж бодоод өнгөрсөн. Гэтэл ******* эвлэрлийн гэрээг баталгаажуулсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 131/Ш3202/02712 дугаартай шүүгчийн захирамжийг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн байсан. 

Би Д.Бат-Ирээдүйтэй утсаар ярьж авгай чинь шүүхийн шийдвэрт намайг өгсөн байна миний чамд өгсөн мөнгийг хасаарай гэтэл хасахгүй гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрээс дуудсанаас хойш дээрх Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийгдэж байсан материалыг үзэхээр шүүхийн тамгын газарт хүсэлт гарган холбогдох баримттай танилцахад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэх Зээлийн гэрээний зээлдүүлэгч *******, хамтран зээлдэгч ******* нар 2018 оны 10 дугаар сард ******* надад 33 000 000 төгрөг өгсөн гэх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн он сартай зээлийн гэрээ байсан. Уг гэрээг тухайн үед миний бие *******, ******* нартай байгуулаагүй бөгөөд энэ хоёр хүнээс 33 000 000 төгрөг ч аваагүй. *******гээс л дээрх он, сарын дарааллын дагуу 26 050 000 төгрөгийг цувуулан зээлээр авсан. Энэ мөнгөний талаарх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд *******г төлөөлөн А.Цэцэгдарийг хандсан гэж ойлгож эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон. Гэтэл асуудал өөр байсан гэдгийг эвлэрүүлэн зуучлалын материалаас үзэж ойлгосон. Мөн түүнчлэн эвлэрүүлэн зуучлагчид ******* өргөдөл гарган, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зээлдэгч гэх ******* оролцоогүй түүнд итгэмжлэл ч олгоогүй байсан. Энэ нь Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчмыг чандлан сахиж, үйл ажиллагаагаа талуудын аль алины эрх, ашиг сонирхолд нийцүүлэн тэдний тэгш оролцоог хангаж явуулах үүрэг хэрэгжээгүй байна гэж миний бие үзэж байна. Гэтэл Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны О9 дүгээр сарын 10-ны өдрийн 131/Ш32020/02712 дугаартай захирамжаар өргөдөл гаргагч ******* нь өргөдлийн шаардлага 39.000.000 төгрөг гаргуулахаас 1.000.000 төгрөгөөс татгалзаж, уригдагч тал ******* нь үлдэгдэл 38.000.000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өргөдөл гаргагчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байсан. Уг захирамжийг миний бие гардаж аваагүй. Уг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ******* оролцож миний *******д шилжүүлсэн 32.538.000 төгрөг хасагдаагүй болно. Одоо миний бие *******д 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд 15 удаагийн гүйлгээгээр 32.538.000 төгрөгийг өгсөн тул энэ мөнгөө нэхэмжлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж бодож байна. Иймд *******гээс 32.538 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

...2018 оны 10 сарын 15-ны өдрийн *******, *******, ******* гэсэн нэртэй хийсэн 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

...Одоо миний бие тус шүүхэд гаргасан 32.538.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 8.300.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна...гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс 2 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 1 дүгээр шаардлагын хувьд *******гээс 8,400,000 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ нь хүү алданги тооцсон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Энэ шаардлагуудаа дэмжиж дараах эрх зүйн дүгнэлтийг гаргаж байна. ******* нь *******од 26,000,000 төгрөгийг 7 удаагийн үйлдлээр зээлүүлсэн байдаг нь хэрэгт авагдсан дансны хуулга болон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөнгийг шилжүүлэхдээ Иргэний хуулийн 283.3-т зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна. Анх зээлийн хүү алдангийг тооцоогүй байна. *******н *******той ямар нэг бичгийн гэрээ хийгээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоно. Хоёр дахь шаардлагын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 33,000,000 төгрөгийн зээлийн гэрээг *******, ******* нар байгуулаагүй 5239032649 гэсэн тоот дансны хуулга болон хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбар болон, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Мөн хэрэгт нотлогдон тогтоогдох баримт авагдаагүй. Иргэний хуулийн гэрээний 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг хангаагүй байгаа учраас Иргэний хулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа учраас тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ юм гэж үзэж байна. Мөн түүнчлэн 2019 оны 6 дугаар сард зээлийн гэрээ байгуулагдсан газрын хувьд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондоо өөр тайлбар гаргаж байна. Харин тухайн гэрээ нь нэг жилийн дараа хийгдсэн гэдгийг хоёр талын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар тухайн зээлдэгч ******* өөрөө гарын үсэг зураагүй байна. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг.

 Иймд иргэний хуулийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон эрхийг зөрчсөн хуульд заасан зохигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч *******н хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэгдарийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. ******* нь 2018 оны 10 сарын 15-ны өдөр начны найр хийх гэсэн юм 5.000.000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч гэсэн юм. Өдрийн 1 хувиар бодож өдөрт 50.000 төгрөг өгөхөөр тохирч зээлсэн учир 7 хоногийн хүү болох 350.000 төгрөгийг суутгаж аваад 4.650.000 төгрөг өгсөн юм. 2. 2018 оны 10 сарын 22-ны өдөр мөнгийг дахин 7 хоног зээлэх болж 10 сарын 22-ны өдөр хүү болох 350.000 төгрөгийг Бат-Ирээдүй бид хоёрын хамтран эзэмшдэг данс руу шилжүүлсэн. 3. 2018 оны 10 сарын 29-ний өдөр мөнгийг өдрийн 1 хувийн хүүтэй биш сарын 10 хувийн хүүгээр бодож зээлэхээр тохирч мөн өдрөө хүү болох 500.000 төгрөгийг манай данс руу шилжүүлсэн. Энэ бол 11 сарын хүү юм. 4. 2018 оны 12 сарын хүүг 2018 оны 12 сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг манай данс руу шилжүүлсэн. 5. Цэрэнтогтох 2019 оны 01 сард сар бүр хүү өгөх, үндсэн мөнгөн дээрээ хүүг нэмэх ялгаагүй юм гэсэн тохироог *******тай хийж, нэг сарын хүү болох 500.000 төгрөгийг нэмж 5.500.000 төгрөг болгосон. 6. 2019 оны 01 сарын 16-ны өдөр Цэрэнтогтох нэмж 2.500.000 төгрөг зээлж үндсэн мөнгө 8.000.000 төгрөг болсон. 7. 2019 оны 02 сарын хүү болох 800.000 төгрөгийг 2019 оны 03 сарын 05-ны өдөр манай данс руу хийсэн. 8. 2019 оны 03 сарын хүүг үндсэн мөнгөн дээр нэм гэсэн тэгэхэд нь Цэрэнтогтоход эхнэр ингэхгүй, миний хувьд сар бүрийнхээ хүүгээр амьдардаг, сар бүр хүүгээ авна гэхэд эгчээ хүүгээ нэмсэн нийт төлбөрөөс сарын 10 хувийн хүүг бодохоор та нарт ашигтай гэж хэлсэн. Үүнийг бид зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 03 сарын хүү болох 800.000 төгрөгийг нэмж 8.800.000 төгрөг тооцоогоор болсон. 9. 2019 оны 04 сарын хүү болох 8.800.000 төгрөгийг нэмж 880.000 төгрөг тооцоогоор болж нийт мөнгөн тооцоогоор 9.680.000 төгрөг болсон. 10. 2019 оны 05 сарын 09-ний өдөр нэмж 2.900.000 төгрөг нэмж зээлсэн. 11. 2019 оны 05 сарын үндсэн мөнгө болох 9.680.000 төгрөгийн хүү 968.000 төгрөг, нэмж зээлсэн 2.900.000 төгрөгийн 20 хоногийн хүү 192.000 төгрөгийг нэмж нийт мөнгө тооцоогоор 13.740.000 төгрөг болж, энэ мөнгөө өгөөгүй байсан. - ******* утсаар 2019 оны 06 сарын 25-ны өдөр мөнгө хэрэгтэй байна, алтны уурхай ажиллуулж эхэлсэн, танайх ноолуур сайн авдаг гээд мөнгө зээлээч гээд Галуут сумын төвд байх манай гэрт уулзахаар тохирсон. Тухайн үед эхнэр бид хоёр хөдөөнөөс мотоциклоор ирсэн, ******* ланд 200 машинтай нэг залуутай ирээд тэр залуу нь машиндаа үлдсэн. Өөрөө манай гэрт ганцаараа орж ирсэн. Цэрэнтогтох 33.000.000 төгрөг зээлье, хүүгээ өмнөх тохиролцоогоор 10 хувь гэж санал хэлснээр бид зээлийн гэрээ үйлдсэн, тэгэхэд эхнэр ******* чи мөнгөө яг хугацаанд нь өгөх асуудал дээр тохирсноороо явахгүй байна, цаг хугацаандаа өгөхгүй бол алданги тооцож, бичгээр гэрээ байгуулъя гэснээр бичгээр гэрээ байгуулах болсон.

Энэ мөнгө зээлэх гэрээ яриа, гэрээ үйлдэж байхад манай охин Сарангоо, хүү Золбоот, Золбоо нар байсан. Тэгээд 2019 оны 06 сарын байдлаар 13.740.000 төгрөг, түүний хүү 1.374.000 төгрөг болж нийт мөнгө тооцоогоор 15.114.000 төгрөг болсон байсныг 114.000 төгрөгийг эхнэр ******* тэгшитгэх зорилгоор хаслаа гээд нэмж 15.000.000 төгрөг зээлье үүн дээр мөнгө нэмж 33.000.000 төгрөг болгоё гэхэд Цэрэнтогтох зөвшөөрсөн. Гэрээний дагуу эхнэр бид хоёр 2019 оны 06 сарын 25-ны өдөр Төрийн банкнаас 15.000.000 төгрөгийн малчны зээл авч өгсөн. Хүүгээ бол сарын эхэнд авахаар тохирсон бөгөөд Цэрэнтогтох 7 сард наадам гээд мөнгөний их хэрэг гардаг юм, хүү болох 3 сая төгрөгөө өгөхөд хүндрэлтэй хүүгээ нэмчих гэсээр 3.000.000 төгрөгийн хүүг нэмж нийт 33.000.000 төгрөгийг манайх өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн.

1. 2019 оны 08 сарын хүү 3.300.000 төгрөг болж тэр хүүний мөнгө 3.300.000 төгрөгийг манай данс руу 2019 оны 08 сарын 22-ны өдөр хийсэн. 2. 2019 оны 09, 10 сарын хүү нийт 33.000.000 төгрөгийн хүү болох 6.600.000 төгрөг болж тэр хүүний мөнгө болох 6.600.000 төгрөгийг манай данс руу 2019 оны 10 сарын 25-ны өдөр хийсэн. 3. 2019 оны 10 сард ******* 2020 оны 01 сард дүү нь мөнгөтэй болох гээд байна, тэр үед мөнгийг чинь бөөнөөр нь өгье харин хүүг нь сар бүр өгнө гэж хэлээд харилцан бичгээр байгуулсан гэрээгээ 2 сараар сунгуулсан. 4. 2019 оны 11 сарын хүү 3.300.000 төгрөгийн хүүг 2019 оны 11 сарын 29-ний өдөр манай дансанд хийсэн. 5. 2019 оны 12 сарын хүү 3.300.000 төгрөгийн хүүнээс 1.000.000 төгрөгийг 2019 оны 12 сарын 20-нд манай дансанд хийсэн. 6. 2020 оны нэг сард 5.000.000 төгрөг манай дансанд орсон. 2.000.000 төгрөг, 2.088.000 төгрөг тус тус орж ирсэн түүнээс 2019 оны 12 сарын хүү болох 2.300.000 тэгшлээд 2.088.000 төгрөгөөр бодоод хүүгээс авсан. Ингээд гэрээний хугацаа дуусаж үлдсэн 33.000.000 төгрөг авах үлдсэн. Дараа нь үндсэн мөнгөнөөс 5 саяар нэг удаа, 2 саяар нэг удаа тус тус өгсөн. Үүнийг хасаад нийт 26.000.000 төгрөг огт өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. - 2020 оны 08 сард Баянхонгор аймаг дахь Эвлэрүүлэн зуучлалаар орж үндсэн 26.000.000 төгрөг дээр, алданги болох 2020 оны 01 сарын 29-ний өдрөөс 2020 оны 07сарын 29-ний өдрийг хүртэл 180 хоногийн алданги 23.400.000 төгрөг болсон бөгөөд хуулийн дагуу алданги үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэснээр 13.000.000 төгрөгийн алданги тооцож нийт 39.000.000 төгрөг дээр нэхэмжлэл гаргаад 1.000.000 төгрөгөөс татгалзаж 38.000.000 төгрөг дээр эвлэрч шүүхийн захирамжаар баталгаажуулсан. -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэж 2020 оны 10 сарын 30-ны өдөр 7.000.000, 2020 оны 10 сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 11 сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг нийт 11.000.000 төгрөг шүүхийн шийдвэрээр гаргуулсан... Анх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* нь улсын начин цолны найр хийх талаар хэлж 5,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж байсан. Тухайн өдөр манай нөхөр ******* рүү ярьж 7 хоногийн хугацаатайгаар дүүдээ мөнгө зээлэх талаар асуудаг. Манайх тус зээлийг хүлээн зөвшөөрч 7 хоногийн хугацаатай нь хүү бодолгүйгээр 5,000,000 төгрөгөөс нь 7 хоногийн хүү болох 350,000 төгрөгийг авч 4,650,000 төгрөгийг анх зээлдүүлсэн юм.

Үүнээс хойш 7 хоногийн хугацаа өнгөрч 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буюу 7 хоног болоход ******* руу би өөрөө залгаад ярьж зээлийн эргэн төлөлтөө хийх талаар хэлэхэд өнөөдрийн хувьд боломжгүй байна гэдгийг хэлж 7 хоногийн хүүг урьдчилан хийе гээд 350,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* бид хоёрын хамтран эзэмших данс буюу 5239006380 гэсэн тоот данс руу шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөн адил зээлийн хоногийн хугацаа буюу 7 хоног болсноор би ******* руу ярьж байсан. ******* ерөөсөө ярьдаггүй байсан.

Тэгэхэд нэхэмжлэгч утсаар ярихдаа надад үнэхээр боломж байдаггүй гэдгийг хэлж сараар сунгах тухай хэлэхэд би үүнийг нь хүлээн зөвшөөрч сарын 10 хувийн хүүтэйгээр зээлийн хугацаа хүүг сунгасан. Тэгэхэд ******* надад 11 сарын хүү гэж 500,000 төгрөгийг өгсөн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12 сарын хүү гэж 500,000 төгрөгийг өгсөн. 2019 оны 01 дүгээр сард ярихдаа эгчээ надад үнэхээр одоо мөнгө байхгүй байна. 1 дүгээр сарын хүүг үндсэн мөнгөн дээр нэмж 2 дугаар сараас 5,500,000 төгрөгөөс хүү бодоод явчихаа танд энэ байдал нь ашигтай шүү дээ гэж хэлэхэд үнэхээр надад ашигтай байсан учир би зөвшөөрсөн. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2,500,000 төгрөг нэмж өгсөн. Учир нь 2019 оны 01 дүгээр сард нөхөртэйгөө Улаанбаатар хотод очоод *******той уулзсан тэгэхэд land 200 маркийн авто машинтай ирсэн. Тэгэхдээ дүү нь гоо сайхны эмнэлэг байгуулж байгаа учраас урьдаас тоног төхөөрөмж оруулж ирэхэд маш их мөнгө хэрэг болж байна. Нутгийн ах эгч минь дүүдээ тус болж өгнө үү гэж хэлэхэд би урдаас нь би *******од чи баян ах дүү нартай шүүдээ тэд нараасаа яагаад мөнгө төгрөг зээлж ашиглаж болдоггүй талаар асуухад ******* би тэд нартай харьцдаггүй гэж хэлсэн тийм учраас нэмж мөнгийг зээлүүлж данс руу нь шилжүүлсэн юм. Ингээд өмнөх зээлийн үлдэгдэлтэй нийлж 8,000,000 төгрөг болсон. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 сарын хүү гэж 800,000 төгрөг өгсөн. Үүнийг би тухайн гэрээг хүлээн зөвшөөрсөн учраас хүүг нь төлөөд явсан гэж ойлгож байна. Хүүгээ төлж чадахгүй болохоороо үндсэн мөнгө зээлийн хүүд төлөөд явъя гээд хэлдэг. Мөн 4 дүгээр сарын 8,800,000 төгрөгийн хүү 880,000 төгрөг болоод зээлийн үндсэн төлбөр нэмэгдээд 9,680,000 төгрөг болсон. Түүний хүү нь 968,000 төгрөг болсон. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2,900,000 төгрөгийн хүүг сар бүрийн 29-ний өдөр бодогддог. Хүү нь 192,000 төгрөгийг нэмж 13,740,000 төгрөг болсон. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд миний охин Б.Сарангоо хоёр дүүгийн хамт амьдардаг байсан.

Тэр үед манай сумын гэрт ******* ирж уулзсан. Нийт мөнгө нь 13,740,000 төгрөг болж 5 сарын хүү 1,374,000 төгрөг болж байсан. Гэтэл мөн адил төлбөр мөнгөний боломжгүй байна. Алтны уурхай ажиллуулах гэж байгаа болохоор дүүдээ нэмээд мөнгө зээлэхийг хүссэн гэхдээ бид тухайн өдөр мөнгө байгаагүй ч банкнаас мөнгө зээлж өгч байсан. Харин ******* 7 сараас хүүгээ төлж гэрээгээ хийе гэж хэлсэн. Тэгээд 6 сарын хүү 1,374,000 төгрөгийг нэмээд 15,114,000 төгрөг болсон. 7 дугаар сарын хүү 3,000,000 төгрөг болсон. Учир нь 6 дугаар сарын 16-ны өдөр *******од 15,000,000 төгрөг өгсөн. Өмнөх 15,114,000 төгрөгтэй нийлээд 30,114,000 төгрөг болсон. Үүн дээр 7 дугаар сарын хүү 3,000,000 төгрөг нэмэгдээд 33,114,000 төгрөг болно гэж урьдчилан бодож тооцоолоод бичсэн. 33,114,000 төгрөгөөр тохироод гэрээ хийхдээ гэрээний он сарын ямар учраас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болгож бичсэн учир нь анх тухайн өдөр мөнгийг зээлүүлж, өмнөх хүү бүгд нийлбэр дүнгээр оролцуулан гэрээгээ хийе гэж харилцан тохиролцоод бичигдсэн юм. Гэрээнд ямар учраас гарын үсгэн зурсан бэ гэдгийг тодруулан яривал миний нөхөр ******* гараа гэмтээсэн байсан учир гэрээгээ бичээд *******оор гарын үсэг зуруулаад нөхрөөрөө гарын үсэг зуруулах гэтэл миний ханийн гар бэртэлтэй байсан учир намайг гарын үсэг зурчих гэж хэлсэн болохоор нь би гарын үсгээ зурсан юм.

Тухайн цаг үед бид 3 хамтдаа сууж байгаад хийгдсэн гэрээ юм. 2020 оны 06 дугаар сард мөнгөний талаар ярьж дуудаад гарын үсэг зуруулсан гэж ярьж байна. Тухайн үед ямар ч гарын үсэг зуруулсан үйл явдал болоогүй. Гэрээний хугацаа дуусаж холбоо барьж чадахгүй байсан учир би 2020 оны 03 дугаар сард *******ыг зээлсэн мөнгө төлбөрөө барагдуулахгүй байна гэж хэлээд би цагдаад өргөдөл өгч шалгуулсан. ******* цагдаа дээр ирж мэдүүлэг өгөхдөө бидний хооронд гэрээ хэлэлцээр байгаа зээлийн хүүгээ төлөөд явж байна. Удахгүй үндсэн мөнгө төлнө гэж хэлж байсан. Зээлийн үндсэн төлбөрөөс 26,000,000 төгрөг үлдсэн байна. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3,300,000 төгрөгийн хүү орж ирсэн.2019 оны 9 дүгээр сарын хүү гэж мөнгө төлөгдөөгүй явсаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,600,000 төгрөгийн 09, 10 дугаар сарын хүү гэж шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү гэж 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болж байсан. 2020 оны 01 дүгээр сард ******* мөнгөтэй болох гэж байгаа талаар хэлснээр гэрээг дахин 2 сараар сунгах болсон. Харин зээлийн хүүгээ төлөөд явна гэж хэлж байсан учраас зээлийн гэрээнд 2 сараар сунгав гэх бичилтийг бичсэн байдаг. Мөн 2019 оны 12 дугаар сард зээлийн хүү 1,000,000 төгрөг шилжигдэн орж ирсэн. 2020 оны 01 дүгээр сард 5,000,000 төгрөг. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, мөн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2,088,000 төгрөг тус тус шилжигдэн орж ирсэн байдаг. Үүнээс 2,088,000 төгрөгийг 12 дугаар сарын зээлийн хүүд тооцон өгч байсан 1,000,000 төгрөг дээр нэмж 3,088,000 төгрөгийг авч байсан.

Уг нь би 12 дугаар сарын зээлийн хүүд 3,300,000 төгрөгийг авах ёстой байсан. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг орж ирсэн. Гэтэл би тооцоолон бодоод хартал 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *******од 15,000,000 төгрөг шилжүүлж маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг данс руу өөр хүнээс шилжигдэн орж ирэхээр нь *******од мөнгө хэрэгтэй байгаа юу талаар асууж лавлахад ******* дүүд нь мөнгө хэрэгтэй байна. гэж 1,000,000 төгрөгөө шилжүүлчих гэж хэлсэн учраас түүнд зээлүүлж 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг орж ирсэн байсан түүнийг хасаж тооцсон. 2020 оны 01 дүгээр сард 5,000,000 төгрөг.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгүүдийн зээлийн үндсэн төлбөр 33,000,000 төгрөгөөсөө хасаж 26,000,000 төгрөг үлдсэн юм. Үүнийг төлүүлэх гэж цагдаагийн байгууллагад хандахад тухайн байгууллагаас энэ хэргийг эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна. Иргэний хэргийн шүүхэд хандаж төлбөр мөнгө шийдвэрлүүлэх боломжтой гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш төлбөр мөнгө барагдуулах талаар ******* руу удаа дараалан ярьж байсан. ******* ярихдаа ах эгч хоёрыгоо хохирол гомдолгүй болгон төлбөр мөнгө төлнө гэж хэлдэг байсан. Бид үүнд нь итгэсээр өдийг хүрсэн байдаг. Тэгээд эвлэрүүлэн зуучлах газар хандаж зээлийн үлдэгдэл 26,000,000 төгрөгт үндсэн үнийн 50 хувиас хэтрэхгүй алданги тооцдог болохоор 13,000,000 төгрөгийг алданги тооцож, 39,000,000 төгрөг нэхэмжилж орсон. Шүүхэд нэхэмжлэлээ өгснөөс хойш 2020 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг орж ирснийг хасаж тооцоод 38,000,000 төгрөг нэхэмжлээд эвлэрсэн байдаг. Эвлэрүүлэн зуучлагч *******оос маш сайн хянамгай асуусан. Та энэ 38,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна уу, та төлөх үү, 2020 оны 11 дүгээр сар гэхэд төлж барагдуулж чадах уу гэж асуусан. Гэтэл ******* төлж чадна гэдгээ хэлж байсан.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг тус тус өгч нийтдээ 11,000,000 төгрөг орж ирсэн. Үүнээс хойш үлдэгдэл мөнгө нь орж ирэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичиж өгснөөс хойш 998,500 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж байхад 2,300,000 төгрөг гэж бичигдсэн байна. Үүнийг би мэдэхгүй явж байсан байна 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 2,300,000 төгрөг нь өөр хүний данснаас шилжүүлснийг мэдэлгүй өнгөрсөн байна. Үүнийг би санаатай дарагдуулаагүй учраас нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хасаж тооцож болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндээгийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гарган гэж байна. Зээлийн гэрээ хаана хийгдсэн болон гэрээний агуулгын хувьд маргаан үүсгэж байна. Зээлийн гэрээ нь нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэлт хийхэд 2019 оны 05 дугаар сарын сүүлээр буюу 06 дугаар сарын эхээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэж бодоход гэрээ хийгдсэн байна гэж харагдаж байна. Мөн гэрч нар мэдүүлэхдээ гэрээ хийх талаар ярилцаж хоорондоо гарын үсэг зурж байсан гэж мэдүүлдэг. Мөн аав болох *******н гар гэмтэлтэй байсныг мөн ярьдаг. Хариуцагч Б.Бат-Ирээдүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд гэрээ хийгдэж гарын үсэг зурсан үйл явдал болсныг нотолж байна. Мөн өмнөх зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, дараа нь зээлсэн 15,000,000 төгрөгийн зээл авч нийтдээ 30,000,000 төгрөг болж, түүнд нэмэгдэж 7 дугаар сарын зээлийн хүү 3,000,000 төгрөгийг нэмээд 33,000,000 төгрөг болгоод үүнээсээ хүүгийн өгөөд явна гэсэн байдал тодорхой харагдаж байна. Гэрээ бодитоор ингэж хийгдсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнг хариуцагч нар төлөх шаардлагагүй гэж харж байна. Өмнөх зээлийн гэрээнд шүүхийн хүчин төгөлдөр захирамж гарсан байна. Ийм учраас зээлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагагүй, хуулийн хувьд боломжгүй зүйл юм.

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 131 дүгээр дугаартай шүүгчийн захирамжийн 38,000,000 төгрөгийг *******оос гаргуулж *******д өгөх утга санаа бүхий захирамж нь хууль ёсны шаардлагыг бүрэн хангасан бөгөөд тухайн захирамжид гомдол гаргаагүй байдаг. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ******* өөрөө оролцож байсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа тухайн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр татгалзах боломжтой байсан гэтэл өөрийн биеэр хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэж хэлснээр эвлэрүүлэх ажиллагаа хийгдсэн байна. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэхээс өмнө ******* өөрөө эсэргүүцээгүй хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж гарсны дараа дахин нотлох баримт гаргаж уг асуудлыг хэлэлцэж байгааг хууль зөрчиж байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй мөн өнөөдрийн хэлэлцэх хурлаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учраас хэргийг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан үндэслэлгүйгээр олж авсан 28.839.500 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.998.500 төгрөг, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамж 320640 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 302147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч  А.Цэцэгдарийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

... Шүүхийн энэ шийдвэр нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шударга бус гарсан шийдвэр,хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

1.Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10 -ны өдрийн 131/Ш32020/02712 шүүгчийн захирамж, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШТ2022/00012 тоот тогтоол зэрэг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дугаар зүйлийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хууль зөрчсөн.

 

2.******* миний бие энэ иргэний хэрэгт *******н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, гэтэл намайг хариуцагчаар татаагүй, надад нэхэмжлэлийн талаар мэдэгдээгүй байж, надаас 28,839,500 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчиж .хэргийг шийдвэрлэсэн байна.

3.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Учир нь ******* *******оос зээлсэн мөнгө хүүгээ авах асуудал шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад , дахин анхан шатны шүүх ,өмнөх шийдвэрээс тэс өөр шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчиж байна. Өмнөх шийдвэр хүчинтэй байгаа шүү дээ.

4.Анхан шатны шүүх үндэслэлгүй олсон гэх 28,839,500 төгрөгийг талаар бодит үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Д. Цэрэнтогтох нь *******, ******* нараас 2018 оны 10 дугаар сард 4650000 төгрөг ,2019 оны 01 сард нэмж 2,500,000 төгрөг ,2019 оны 5 сард нэмж 2,900,000 төгрөг нэмж зээлсэн.Энэ мөнгийг эхлээд хоногийг 10 хувийн хүүтэй дараа нь, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан байсан.2019 оны 05 сард , зээлсэн үндсэн мөнгө болох 10,050,000 төгрөг хүү 3,740,000 төгрөг , нийт мөнгө тооцоогоор 13,740,000 төгрөг болсон. 

Энэ үед Цэрэнтогтох нийт 33,000,000 төгрөг зээлэхээр урьдчилан гэрээ хийж, гарын үсгээ зуралцсан.2019 оны 06 сарын 13,740,000 төгрөгийн хүү 1,374,000 төгрөг болж нийт мөнгө тооцоогоор 15,114,000 төгрөг болсон. Цэрэнтогтохтой өмнөх хийсэн гэрээний дагуу 2019 оны 6 сарын 26-ны өдөр Төрийн банкнаас 15,000,000 төгрөгийн малчны зээл авч өгсөн. Тэгээд нийт мөнгө 30,114,000 төгрөг болсон. 2019 оны 07 сарын хүү 30,114,000 төгрөгийн хүү 3,000,000 төгрөг болж, / 7 сард мөнгө олдохгүй барилдана гэсэн / уг мөнгийг нэмж нийт мөнгө тооцоогоор  33.000.000 төгрөг болсон. Ингээд 33,000,000 зээллээ шүү, хүүг нь 8 сараас бодож өгөхөөр тохиролцсон. Мөнгөө тэгш тоотой болгох тулд 114.000 төгрөг хасаж тэгшитгэсэн.

******* нь 2019 оны 08 сарын хүү 33,000,000 төгрөгийн хүү 3.300.000 төгрөгийг 2019.08.22-нд , 09,10 сарын хүү 6,600,000 төгрөг 2019.10.25 -д хийсэн, 11 сарын хүү 3,300,000 төгрөгийн хүүг 2019.11.29-д 2019 оны 12 сарын хүү 3,300,000 төгрөгийг *******н 5239006380 дансанд шилжүүлсэн. Гэрээгээр хүү дуусч үндсэн 33.000.000 төгрөгөө өгөх болох болсноос 5 саяар нэг, 2 саяар нэг удаа мөнгийг өгсөн, үндсэн мөнгөө Цэрэнтогтох өгөхгүй тул нийт 26 сая төгрөг дээр шүүхэд хандаж, 2020 оны 08 дугаар сарын 30-нд эвлэрлийн гэрээ хийж .үндсэн 26,000,000 төгрөг дээр, алданги болох 2020 оны 01-р сарын 29-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 29-ны хүртэлх 180 хоногийн алданги 23,400,000 төгрөг болсон бөгөөд хуулийн дагуу алданги үндсэн мөнгөний 50 хувиас хэтрэхгүй гэснээр 13,000,000 төгрөгийн алданги тооцож нийт 39,000,000 төгрөг дээр нэхэмжлэл гаргаад 2020 оны 08 дугаар сард 1,000,000 өгснийг хасаж нийт 38.000.000 төгрөг дээр эвлэрч шүүхийн захирамжаар баталгаажуулсан. Түүнээс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 11,000,000 төгрөг Цэрэнтогтохоос гаргуулж өгсөн. Болсон үйл явдал энэ.

Анхан шатны шүүхийн тогтоосон 28,839,500 төгрөг нь юуг үндэслэж тогтоосон нь тодорхойгүй байна. Хэрвээ хүүнд өгсөн мөнгө гэвэл 33 сая төгрөг зээлсний хүү 16500,000 төгрөг байдаг бөгөөд бусад мөнгө нь үндсэн мөнгөний төлөлт байдаг.

5.******* нь зээлийн гэрээг хийгээгүй, он сар буруу тавигдсан, гарын үсэг зэргээс маргаан үүсгэсэн. Гэрээг бол хуулийн дагуу хийгдсэн, он сар өөрчлөн тавих болсон нь 2018 оны 10 сараас зээлсэн мөнгө, хүүний хамт орох болсон тул түүнийг тодорхой болгохын тулд он сарыг 2018 оны 10 дугаар сарын 15 гэж харилцан ярилцаж байгаад бичсэн. Харин зээлийн хүүг 2019 оны 8 сараас төлж эхэлсэн баримтаар тодорхой байгаа.

Бидний зээлийн гэрээ хийснийг, дэргэд байсан гэрч нар, 2020 оны 08 дугаар сарын 31 -ны өдрийн Эвлэрлийн гэрээ, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10 -ны өдрийн 131/Ш32020/02712 шүүгчийн захирамж, зэрэг баримтуудаар нотлогдсон.

Анхан шатны шүүх мөнгө зээлэх гэрээг хүчинтэй гэж үзсэн, иймээс гэрээнд заасан мөнгө ,хүү ,төлөх нөхцөл хуулийн дагуу хийгдсэн гэж үзнэ. Гэтэл шийдвэр гаргахдаа хүү төлсөн мөнгө нь үндэслэлгүй байна гэж хоёр салаа утга бүхий хууль бус дүгнэлт хийсэн.

Хуулийг зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн  хариуцагч  А.Цэцэгдарийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож,  хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч ******* нь  2018 оны 10 сараас 2019 оны 06 сарын 27-ны хороонд хариуцагч *******, *******  нарт  26.050.000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүүд   40.838.000 төгрөг төлсөн атал  шүүхийн шийдвэрээр дахин 38.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн  тул  илүү төлсөн 40.838.000 төгрөгийг гаргуулах, хариуцагч нартай хууль ёсоор зээлийн гэрээ байгуулаагүй, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр 2018 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан, гэрээ бодитой хийгдээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж,

 Хариуцагч  *******, ******* нар нь ******* нь 26.050.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад 2020 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл хүүг төлж байсан, үндсэн төлбөр болох 26.050.000 төгрөгийг төлөөгүй  тул алдангийн хамт нэхэмжилж шүүхийн шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээг хууль ёсны үндэслэл бүхий байгуулсан гэж  тус тус маргаан үүсгэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд;

1.Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,  хариуцагч *******д холбогдох зээлээр авсан мөнгөний зөрүү 32 538 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий  нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д нэхэмжлэлийн хувийг гардуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 131/ШШ2022/00564 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэжээ../хавтаст хэргийн 25-36,223-235 дугаар талууд/

2.Хариуцагч ******* нь   нэхэмжлэгч *******од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн    39 000 000 төгрөг гаргуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасны дагуу  талууд 38 000 000 төгрөгийг өргөдөл гаргагч *******д төлөхөөр харилцан зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан, уг гэрээг Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны  9 дүгээр сарын 10-ны өдрийн  131/ШЗ2020/02712 дугаар “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар  баталгаажуулжээ./  хавтаст хэргийн 4-5 дугаар тал/

3.Хариуцагч ******* нь  эхнэр *******д 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр 1 жилийн хугацаатайгаар  өөрийгөө шүүхэд төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч байжээ:/ хавтаст хэргийн 28 дугаар тал/

4.Анхан шатны шүүх  нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч С.Должинсүрэнгийн хүсэлтийг хангаж, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан  А.Цэцэгдарийг хамтран хариуцагчаар татаж 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр  951 тоот захирамж гаргасан байна./ хавтаст  хэргийн 159-163 дугаар тал/

Дээрх үйл баримтаас  дүгнэхэд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6, 741.7, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т  тус тус заасны дагуу  өргөдөл гаргагч   *******, уригдагч  ******* нар харилцан тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулсан, эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болж улмаар шүүгч  эвлэрлийн гэрээг хянаж   Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны  9 дүгээр сарын 10-ны өдрийн  131/ШЗ2020/02712 дугаар “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар  баталгаажуулсан  байх бөгөөд  энэ захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил  үйлчлэх бөгөөд мөн хуулийн 741.9-т зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байх хуулийн үр дагавар үүсдэг болно.

 Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн... шийдвэр,... байгаа...” бол дахин гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах  зохицуулалтыг анхаараагүй мөн түүнчлэн нэг үйл баримтын талаар шүүх 2 шийдвэр гаргасан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т  зааснаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэл үүсэж байна.

Нэхэмжлэгч ******* нь  зээлд буцаан төлсөн мөнгөнөөс 32 538 000 төгрөг хасагдаагүй гэж  нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэлдээ бичсэн байхад анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх  захирамжууддаа  нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой бичээгүй нь алдаатай шийдвэр болно.

Анхан шатны шүүхийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн  зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх, хэргийн шийдвэрлэлтэд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч А.Цэцэгдарийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 131/ШШ2022/00564 дугаар шийдвэрийг  бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А.Цэцэгдарийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61030 төгрөгийг шүүгчийн захирамжаар төвлөрсөн төсвийн данснаас буцаан гаргаж, *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ