Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2022/00031

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2022/00031

 

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч, Л.Эрдэнэбат, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШШ2022/00950 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Хадхүрэлд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч Ж.Хадхүрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал, хариуцагч Ж.Хадхүрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 10 дугаар сард Ж.Хадхүрэл нь өөрийн эзэмшлийн Бекап маркийн хар өнгийн,******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр худалдахаар Мөрөн суманд дүү Эрдэнэбатад үлдээсэн байсан. Би уг машиныг худалдаж авахаар болж Ж.Хадхүрэлтэй тохиролцож, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээг амаар байгуулж, уг машиныг нийт 5,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би машины үнэд бэлнээр 4,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгөд сарлагийн тугалтай, бяруутай 3 толгой үхэр өгөхөөр харилцан тохиролцсон.

Би түүнд машиний бичиг баримт сольж өгөх боломжит хугацаа өгч хүлээсэн боловч Ж.Хадхүрэл нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр машиныг Ж.Хадхүрэлийнд хүргэж өгөхөөр очиход Ж.Хадхүрэл нь гэртээ байгаагүй, түүний эхнэр, хүүхдүүд гэртээ байсан. Эхнэр хүүхдүүдэд нь уг тээврийн хэрэгслийг болон машины түлхүүр, гэрчилгээний хамт хүлээлгэж өгсөн. Тухайн үед Ж.Хадхүрэл нь малаа хужирлах гээд явсан байсан. Улмаар би Ж.Хадхүрэлд тээврийн хэрэгслийн үнэд өгсөн мөнгө, малаа авахыг удаа дараа шаардсан боловч өгөхгүй маргасаар өнөөдрийг хүрлээ.

Иймд Ж.Хадхүрэлээс Бекап маркийн хар өнгийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах тухай гэрээний үнэнд өгсөн сарлагийн бор тарлан үнээ 1 толгой, үнэ 800,000 төгрөг, хар тарлан сарлагийн бяруу /тугал/ 1 толгой, үнэ 200,000 төгрөг, хар зүстэй сарлагийн шүдлэн /бяруу/ 1 толгой 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг болон бэлнээр******* дугаартай данс руу хийсэн 4,000,000 (дөрвөн сая) төгрөг, нийт 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сайханжаргал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн машины гэрчилгээ нь******* гэсэн хүний нэр дээр байдаг юм билээ. Мөн Ж.Хадхүрэл машиныг эвдлээд авчирч өгсөн гэж тайлбарлаж байна. Энэ бол худлаа. Манайх мөн жижиг машинтай. Ж.Хадхүрэлээс авсан машиныг нэг ч удаа унаагүй. Бид өөрсдөө уг машиныг унаад 120 километр замыг туулж Ж.Хадхүрэлд аваачиж өгсөн. Ж.Хадхүрэлийн гэрт машиныг аваачиж өгөхөд өөрөө байхгүй байсан учраас түүнийг 1 хоног хүлээсэн.

Тэгээд эхнэр, хүүхдэд нь хүлээлгэж өгсөн. Ж.Хадхүрэл мотор цохиулсан гэж тайлбарлаж байгаа бол түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх байсан. Эвлэрэх боломжгүй. Гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаая гэж байна. Машиныг нь буцаагаад өгчихсөн. Харин одоо өгсөн мөнгөө гаргуулж авмаар байна гэв.

Хариуцагч Ж.Хадхүрэл шүүхэд гаргасан тайлбартаа: 2022 оны 8 дугаар сард Завхан аймгийн Их Уул сумын иргэн Ц.Болдбаатараас L-200 маркийн машин худалдан авч Шинэ-Идэр сумын харьяат Мөрөн суманд суудаг. Ч.*******т 2022 оны 10 дугаар сард зарсан нь үнэн. Тэгээд Ц.Болдбаатар нь шилжүүлж өгнө гээд өдий болтол шилжүүлж өгөөгүй. Машин бол үзлэг оношилгоондоо орсон, татвар торгуулгүй байсан. Шилжүүлж авах гэж 6 удаа очоод чадаагүй. Тэгсэн цаад эзэн нь нас барсан хүн байгаад сая бичиг баримт нь бүрдээд Завхан аймаг явсан. Одоо удахгүй шилжүүлэг нь ирэхээр бичиг баримтаа аваад очно гэжээ.

Хариуцагч Ж.Хадхүрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн машиныг анх авахдаа трубин гэдэг зүйлийг нь шатсан байсныг мэдэлгүй аваад 450,000 төгрөгөөр янзалчихаад хадам дүүдээ энэ машиныг зараад өгөөч гээд үлдээсэн байсан. Гэтэл Ч.******* машинаа надад зарчих, би чамд 4,000,000 төгрөг, мөн тугалтай үнээ өгье гэж хэлсэн. Тухайн үед би ах, дүү хүмүүс наймаа хийгээд дэмий юм биш үү гэж хэлж байсан. Машины гэрчилгээ******* гэдэг хүний нэр дээр байгаа гэж бодож байсан боловч Гарамжав гэдэг хүн дээр байсан.******* нь нас барчихсан юм билээ. Би саяхан******* гэх хүний бичиг баримтыг авчирсан, одоо машины бичиг баримт шилжүүлэхэд асуудалгүй. Ч.******* нь машины моторыг цохиулсан байсан.

Машиныг минь худалдаж аваад удаагүй буцааж өгсөн бол наймаа буцах боломжтой байсан. Гэтэл машиныг минь эвдчихээд шүүхэд хандаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машины маань моторыг цохиулсан учир дээрх мөнгийг өгөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг өгч эвлэрч болох юм. Гэхдээ мөнгийг бэлнээр өгөх боломжгүй мал өгч болно гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШШ2022/00950 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Хадхүрэлээс 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.Хадхүрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 102,950 (нэг зуун хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Хадхүрэл давж заалдах гомдолдоо: Энэхүү иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Мөрөн сумын иргэн Ч.******* нь миний зарна гэсэн Бекап маркийн хар өнгийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө гуйж худалдаж авсан юм.******* шүүхэд гаргасан тайлбартаа би машины үнэд бэлнээр 4,000,000 төгрөг нийт 3 толгой үхрийг болон мөнгийг Ж.Хадхүрэлд хүлээлгэн өгч би машинаа өөрийн эзэмшилд хүлээн авахад машины тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх өмчлөгчийн нэр Ж.Хадхүрэл биш*******гийн*******гэх хүний нэр дээр бүртгэлтэй машин болохыг мэдсэн гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.******* нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдна гэж заасан байхад нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч Ж.Хадхүрэл миний зарсан машин бол үзлэг оношилгоондоо орсон, татвар торгуульгүй байсан. Би уг машиныг Завхан аймгийн Их уул сумын иргэн Ц.Болдбаатар гэдэг хүнээс худалдаж авсан. Машины бичиг баримтыг авах гээд 6 удаа очсон. Машины цаад эзэн нь нас барсан хүн байгаад өв залгамжлалын асуудал шийдэгдэхгүй байсаар удсан юм. Гэтэл шүүх бичиг баримт цаг хугацааны асуудлаас болж хоцорсон нөхцөл байдлыг тодруулаагүй нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь машиныг маань унаж хэрэглэж байгаад 10 сарын дараа намайг байхгүйд эхнэрт маань өгч орхисон байсан.

Мөн миний машины моторыг цохиулсан байхад энэ талаар шүүх бодитой дүгнэлт хийсэнгүй, зөвхөн нэхэмжлэгчийн талд буюу нэг талыг барьж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 950 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: 2021 оны 10 сард Ж.Хадхүрэлээс Бекап маркийн автомашиныг 5,500,000 худалдаж авахаар бид амаар гэрээ байгуулан тохиролцсон. Яаралтай мөнгөний хэрэг байна гээд 4,000,000 төгрөгийг бэлнээр нь авсан. Үлдсэн 1,500,000 төгрөгт сарлагын тугалтай, бяруутай 3 толгой үхэр өгсөн. Үүний дараа машиныхаа бичиг баримтыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авъя гэхэд машины өмчлөгч******* биш өөр хүний нэр дээр байсныг мэдсэн. Тэгээд энэ тухайгаа хэлэхэд Ж.Хадхүрэл ...3 хоногийн дотор гэхэд би тус эзэмшиж байгаа хүнээс нь факсаар шилжүүлээд өгнө, ямарч асуудалгүй санаа зоволтгүй ээ... гэж хэлсэн. Хамаатан садан хүмүүс учраас тухайн үед нь итгээд хүлээсэн. Хэд хоногийн дараа дахин залгахад удахгүй шилжүүлнэ тус машины эзэн нь Завханы хүн байгаа юм гэж эхэндээ тайлбарладаг байсан. Би түүнд нь итгээд гэрээний үүргээ биелүүлэх боломжит хугацааг зөндөө олгосон. Гэтэл сүүлдээ утасаа авахгүй байхаар нь гэрт нь 2 удаа очиж ...өгсөн авснаа буцаая гэхэд ...Хахууль өгөөд нэр дээрээ бүртгүүлж болдог, тэгээд авчиж чадахгүй арчаагүй новш минь хохино... гэж хэлсэн.

Ийм дээрэлхүү зан хандлага гаргаж байгаад нь миний дургүй хүрч тус машиныг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр унаад хөлөөр нь аваачиж өгсөн. Ингэж аваачиж өгөх үед Ж.Хадхүрэл нь өөрөө малаа хужирлахаар явсан байсан. Манай ээжийнх саахалтын айл нь болохоор тэнд хүлээж 1 хоноод. Тэгээд ирэхгүй болохоор эхнэрт нь машиныг хүлээлгэж өгсөн. Тэр үед ямар ч машины мотор цохьсон асуудалгүй зүгээр машин хүлээлгэж өгсөн.

Мөн Ж.Хадхүрэл нь анхан шатны шүүх хурал дээр болсон асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу өгсөн авснаа буцааж өгөх байтал миний машины төлбөрт өгсөн бор тарлан үнээг идэш хийж идсэн байна. Ж.Хадхүрэл нь аймгийн аврага малчин хүн байтал шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн намайг доромжилж байгаад гайхаж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ч.******* нь миний худалдан авсан эд хөрөнгө эрхийн доголдолтой гэсэн үндэслэлээр Ж.Хадхүрэлээс автомашины үнэ 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба хариуцагч Ж.Хадхүрэл нь худалдаж авсан тээврийн хэрэгслийг миний зөвшөөрөлгүй, намайг байхгүйд худалдаж авснаас хойш 10 сарын дараа гэрийн гадаа орхиж явсан. Ингэхдээ моторыг нь цохиулсан байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар:

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт: ...эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно... гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ нь энэ зохицуулалтад хамаарагдаж байх ба тусгай нарийвчилсан зохицуулалтай байна.

Иймд гэрээний зүйл болох автомашины үнийг талууд 5,500,000 төгрөгөөр тогтоож, бэлнээр 4,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгт 3 толгой үхэр өгөхөөр гэрээний гол нөхцлөө харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба зохигчид Бекап маркийн хар өнгийн******* улсын дугаартай автомашиныг 5,500,000 төгрөгөөр худалдан авахаар аман хэлбэрээр гэрээ байгуулан харилцан тохиролцож, худалдан авагч сарлагийн үнээ 1 толгой 800,000 төгрөг, сарлагийн бяруу /шүдлэн/ 1 толгой 500,000 төгрөг, сарлагийн бяруу /тугал/ 1 толгой 200,000 төгрөг буюу 1,500,000 төгрөг, бэлэн дансаар 4,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг худалдагч буюу хариуцагч Ж.Хадхүрэлд хэлэлцэж тохиролцсоноор төлсөн үйл баримт тогтоогдож, эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгийг хүлээн авсан тооцно гэж заасны дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч Ч.******* нь худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлсэн дээр талууд мөн маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь машины бичиг баримтыг бүрдүүлж өгөх талаар зөндөө хүлээсэн боловч бүрдүүлж өгөхгүй байгаа болон *******ын нэр дээр ч биш 3 хүний гар дамжсан гэрчилгээн дээр байгаа хүн нь нас барчихсан байгаа тул наймаа буцаж байгаа гэж,

Хариуцагч Ж.Хадхүрэл машиныг минь худалдаж аваад удаагүй буцааж өгсөн бол наймаа буцах боломжтой байсан. Гэтэл машиныг минь эвдчихээд шүүхэд хандаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... машины маань моторыг цохиулсан учир дээрх мөнгийг өгөх боломжгүй гэж тайлбарлаж мэтгэлцэж маргаж байгаад анхан шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлон дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Давж заалдсан гомдлын талаар.

1. Хариуцагч Ж.Хадхүрэлийн: ...гэрчилгээн дээрх өмчлөгчийн нэр Ж.Хадхүрэл биш*******гийн*******гэх хүний нэр дээр бүртгэлтэй машин болохыг мэдсэн гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.******* нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан гэх гомдлын тухайд:

Талууд гэрээний зүйл болох L-200 буюу Бекап маркийн атомашиныг худалдагч худалдсан, худалдан авагч тухай машины үнийг төлж хүлээн авсан болон үнийн дүн дээр маргаагүй.

Худалдагч буюу хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... гэж,

Мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д ...худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах... гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч Ж.Хадхүрэл нь дээрх үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан ...Ц.Болдбаатар нь шилжүүлж өгнө гээд өдий болтол шилжүүлж өгөөгүй... тэгсэн цаад эзэн нь нас барсан хүн байгаад сая бичиг баримт нь бүрдээд Завхан аймаг явсан. Одоо удахгүй шилжүүлэг нь ирэхээр бичиг баримтаа аваад очно... гэх түүний тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь худалдаж авсан эд хөрөнгө нь бичиг баримтын эрхийн доголдолтой байсан талаар мэдсэн, энэ талаар тухай үед хариуцагчид мэдэгдэж байсан болох нь нэхэмжлэгчийн ...тухайн үед нь итгээд хүлээсэн. Хэд хоногийн дараа дахин залгахад удахгүй шилжүүлнэ. Тус машины эзэн нь Завханы хүн байгаа юм гэж эхэндээ тайлбарладаг байсан. Би түүнд нь итгээд гэрээний үүргээ биелүүлэх боломжит хугацааг зөндөө олгосон. Гэтэл сүүлдээ утасаа авахгүй байхаар нь гэрт нь 2 удаа очиж өгсөн авсанаа буцаая гэхэд ...хахууль өгөөд нэр дээрээ бүртгүүлж болдог юм. Тэгээд авчиж чадахгүй арчаагүй новш минь хохино... гэх,

Хариуцагч Ж.Хадхүрэлийн ...тэгсэн цаад эзэн нь нас барсан хүн байгаад... шилжүүлж өгөх гэж 6 удаа очоод чадаагүй... гэх шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байх тул худалдан авагчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж буруутгах боломжгүй, хуульд заасан доорх нэмэлт хугацаа тогтоож өгчээ гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д ...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,

Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж хуульд тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл худалдагч буюу хариуцагч Ж.Хадхүрэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1-д заасан худалдагчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгч буюу худалдан авагч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д ...эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй... гэж,

Энэ хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ ... гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид худалдаж авсан L-200 маркийн Бекап автомашинийг буцааж өгсөн, хариуцагчийн өмчлөлд уг машин өнөөдрийн байдлаар байгаа болох нь хэрэгт авагдсан зохигчдийн тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна.

2. Хариуцагчийн ...миний машины моторыг цохиулсан байхад энэ талаар шүүх бодитой дүгнэлт хийсэнгүй... гэх гомдлын тухайд:

Хариуцагч нь анхан шатны шүүхэд тухайн автомашины эвдрэлийн талаар бие даасан шаардлага, сөрөг нэхэмжлэл гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, автомашин үнэ 5,500,000 төгрөгийг төлөхгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэдгээ хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхэд нотолж чадахгүй байна.

Иймээс анхан шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, худалдан авагч Ч.******* нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 256 дугаар зүйлийг 256.1 дэх хэсэгт тус тус зааснаар худалдах-худалдан авах гэрээг цуцлах, улмаар мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар автомашины үнийг худалдагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШШ2022/00950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 /нэг зуун хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                            Д.АЗЖАРГАЛ   

Л.ЭРДЭНЭБАТ