Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 03

 

                      

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч:  иргэн  Н.Б-ийн  нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

       Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Наранмандах, ГХБХБГ-ын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн У.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Н.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие нь Газрын тухай хуулийн 27.2-д заасны дагуу Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дугаартай захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 1000м 2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрх авсан бөгөөд тухайн газартаа энэ жилдээ орон сууц барьж амжаагүй байтал/хугацаа дуусаагүй/ аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

      Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжийн надад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 тоот захирамжийн дагуу Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1000 метр2 газрыг эзэмшсэн.Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 тоот захирамжаар өмнөх захирамжийг нь хүчингүй болгож Н.Б ийн 000617682 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Уг хүчингүй болгосон үндэслэлийг  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар Н.Б д эзэмшүүлсэн газар нь бусдын эзэмшлийн газартай давхцаж байна гэж тайлбар гаргасан. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараас харвал  уг газрыг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/286 тоот захирамжаар Ойрад театр, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Архивын тасагт албан конторын зориулалтаар эзэмшүүлсэн байгаа. Гэтэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж ,мөн хуулийн 27.4 дахь хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газрыг эзэмшихыг хориглоно гэж тус тус заасан. Тэгэхээр Ойрд хөгжимт жүжгийн театр нь 2013 онд газар эзэмшүүлэх шийдвэр гарсан ч гэсэн албан ёсоор гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулж аваагүй, газрын нэгж талбарын хувийн хэрэг бүрдүүлээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна. Тийм учраас Ойрд хөгжимт жүжгийн театрыг хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж авсан хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй байгаа учраас уг газар нь давхцсан гэх ойлголт яригдахгүй. Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 тоот захирамж нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах журмын дагуу гаргасан байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 269 тоот Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны мэдэгдэл гэж харагдаж байна. Уг мэдэгдлийг хараад үзэхээр Захиргааны ерөнхий хуулийн 27.3 дахь хэсэгт сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл дараах мэдээллийг тусгана гээд 27.3.3-д захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл үндэслэлийг заасан байх ёстой. Хариуцагч талын тайлбарлаад байгаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 буюу бусдын эзэмшлийн газартай давхцсан байна гэдэг үндэслэлээр тухайн иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тохиолдолд дээрх хуулийн 31.3-д зааснаар мэдээллийг шийдвэр гаргахаас өмнө тухайн этгээдэд мэдэгдэх, энэ талаар санал  гаргах боломжоор хангасан байх ёстой. Гэтэл 269 тоот албан бичигт энэ талаар огт тусгагдаагүй. Нэхэмжлэгч Н.Б  уг захиргааны актыг гарахаас өмнө өөрийн эзэмшлийн газар нь  бусдын эзэмшлийн газартай давхцаж байна гэх талаар огт мэдээгүй буюу санал тайлбар гаргах боломжоор хангаагүй гэж үзэж байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт сонсох ажиллагааг явуулах хугацаа нь оролцогчийн тайлбар санал гаргах боломжийг хангасан байх ёстой гэж заасан. Гэтэл Газрын албаны 269 тоот албан бичиг дээр санал тайлбар гаргах боломжит хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цагаас 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн хооронд бичгээр ирүүлнэ үү гэж бичсэн. Өөрөөр хэлбэл тухайн албан бичиг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Сонсох ажиллагаа явагдах боломжит хугацаа нь тухайн өдрийн 08 цаг буюу ажил эхэлж  байх үед сонсох ажиллагааны хугацаа тоологдоод аль хэзээний эхэлсэн байсан гэсэн үг. Нэхэмжлэгчийн хэлснээр 269 тоот  мэдэгдлийг гурав дахь өдөр надад ажил тарж байх үеэр надтай утсаар ярьж байгаад манай гэрт авч ирж өгсөн гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нь тав дахь өдөр байсан ба амралтын өдөр хасагдаад гурав дахь өдөр нь 9 дүгээр сарын 14-ний өдөр буюу сонсох ажиллагааны хугацаа дуусахад нэг хоногийн өмнө нэхэмжлэгчид өгсөн гэсэн үг. Иймд санал тайлбар гаргах боломжит хугацаагаар хангасан гэж үзэх нь эргэлзээтэй байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гэсэн, харин 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн зарчим байдаг. Н.Б ийн  хувьд тэрхүү хуулинд тусгасан зарчим хэрэгжээгүй, зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 27.1 дэх хэсэгт сонсох ажиллагааг захиргааны шийдвэр гаргаж байгаа албан тушаалтан явуулахаар зохицуулсан. Гэтэл 269 тоот албан мэдэгдэл нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар гэсэн албан бичгээр явагдсан. Энэ шийдвэрийг гаргаж байгаа этгээд нь Увс аймгийн Засаг дарга. Захиргааны ерөнхий хуулийн 27.1-д заасан сонсох ажиллагаа явуулах эрх бүхий этгээд явуулсан гэж үзэх боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5 дахь хэсэгт захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заасан байх ёстой. Маргаан бүхий захиргааны акт дээрх хуулийн зүйл заалтад заасан шаардлага хангаагүй байна. Мөн тухайн газарт гэрээнд заасан зориулалтын дагуу орон сууцаа барихаар барилгын зураг төслийн компанитай гэрээ байгуулаад одоогийн байдлаар зураг төслийн ажил нь хийгдээд явж байгаа. Захиргааны байгууллага өөрсдийнхөө хариуцлагагүй байдлын улмаас хувь иргэнийг хохироож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 тоот захирамжийн 1 болон 2 дахь заалтаас иргэн Н.Бадамсүрэнд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү“ гэв.

       Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 25-ны А/789 тоот захирамжаар Н.Б д Улаангом сумын 3-р багийн нутаг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд орон сууцны зориулалтаар 1000м2 газар эзэмшүүлсэн байна.Тухайн газар нь аймгийн Засаг даргын 2013 оны 05 сарын 06-ны А/286 тоот захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театр, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Архивын тасагт тус тус албан конторын зориулалтаар эзэмшүүлсэн газартай давхцуулан газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч 2016 оны А/566 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно.

    Иймд Н.Б  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 789 тоот захирамжаар Н.Б д Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд орон сууцны зориулалтаар 1000 метр.кв газар эзэмшүүлсэн. Тухайн газар нь аймгийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 280 дугаар захирамжаар Хөгжимт жүжгийн театр, Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэс, Архивын тасаг зэрэгт  албан конторын зориулалтаар эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33.1.2 дахь заалтуудыг зөрчиж газар давхцуулж эзэмшүүлсэн.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу тухайн хууль бус үйлдлийг Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд таслан зогсоож, хүчингүй болгох арга хэмжээ авч ажилласан. Хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заагдсан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийж, хуульд заасан журмыг баримталж ажилласан. Сонсох ажиллагааны мэдэгдлийг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас явуулсан.Тус газар нь хуулиар олгосон чиг үүргийн дагуу хийгдэх бүхий л ажиллагаануудыг хийдэг. Хүсэлт уг газарт ирснээр хуульд заагдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээс гадна, захирамжийн төслөө боловсруулах зэрэг хуулиар олгосон ажиллагаа хийж ажилладаг. Н.Б д давхцуулан газар олгохдоо захирамж гарч гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Гол үндэслэл болж байгаа газар эзэмшүүлэх гэрээн дээр Н.Б өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй байгаа. Засаг даргын 2013 оны А/286 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй учраас төрийн байгууллагад газар эзэмшүүлсэн шийдвэр хүчинтэй байгаа. Эхэлж гарсан энэ захирамж нь хүчинтэйд тооцогдоно гэв.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Б  олгогдсон 1000 метр квадрат газар нь Ойрад хөгжимт жүжгийн театрт олгосон газартай давхцаж байгаа. Ойрд хөгжимт жүжгийн театрын газарт  2013 онд кадастрын зураг хийгдсэн. Тухайн газар нь Ардын язгуур урлагын төвийн театрын барилга барих зориулалтаар 2014 онд бүрэн зураг хийгдэж батлаад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүлээлгэн өгсөн. Орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтаар 90-д сая төгрөгийн зардал гаргаж хийсэн ажил байгаа. Төсөв хөрөнгийн асуудлаас болоод барилгын ажил нь түр хойшилсон байгаа.

        Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг хоёр хувь үйлддэг. Газар эзэмшүүлэх гэрээг нэг хувь гаргаад, хоёр талаас гарын үсэг зурж тамга тэмдэг дарах ёстой байдаг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хувийн хэрэгт авагдсан гэрээ хуулбар биш, эх хувь байгаа. Газар эзэмшигч нь газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ авахдаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үлдэж байгаа хувь дээрээ заавал гарын үсэг зурсан байх ёстой. Гэрээнд гарын үсэг зурж, тухайн хүн өөрөө газар эзэмших эрхээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь газар эзэмших гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзэх шалтгаан болж байна гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Н.Б  нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий актын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” гэж  тодорхойлсон ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У  итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжийн 1 болон 2 дахь заалтуудын Н.Б холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” гэж тодруулан тодорхойлсон болно.

         Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч Н.Б  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Газрыг зориулалтын дагуу эзэмших хугацаа дуусаагүй байхад болон маргаан бүхий газар бусдын эзэмшлийн газартай давхцаагүй байхад уг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг болон газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, мөн захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн “ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

        Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “ Н.Бадамсүрэнд олгосон газар нь Ойрад хөгжимт жүжгийн театрт эзэмшүүлсэн газартай давхцсан, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэсэн, хувийн хэрэгт авагдсан газар эзэмшүүлэх гэрээнд гарын үсгээ зураагүй “ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

      Маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг үндэслэн газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 25-ны А/789 тоот захирамжийг хүчингүй болгож, захирамж гарсантай холбогдуулан Улаангом сумын 3-р багийн нутагт Н.Бадамсүрэнд орон сууцны зориулалтаар олгосон 000617682 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцжээ.

    Нэхэмжлэгч Н.Б 2015 оны 12 сарын 15-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гандан хийдийн урд талд 1000м 2 газрыг эзэмших тухай өргөдлийг[2] газрын тойм зургийн хамт гаргажээ.

      Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 25-ны өдрийн А/789 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[3] Улаангом сумын 3-р багт Н.Б д 1000м2 газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

      Уг газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Н.Б тэй “иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-г[4] байгуулан, кадастрын зургийг [5] үйлдэж, 2016 оны 03 сарын 17-ны өдөр 000617682 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[6] олгож, 8516009174 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэг үүсгэсэн ба Н.Б  2016 оны 03 сарын 23-ны өдөр газрын төлбөрт 50000 төгрөгийг төлсөн[7] байна.

       Увс аймгийн Засаг даргын 2013 оны 05 сарын 06-ны өдрийн А/286 дугаартай “ Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[8] Улаангом сумын 3-р багийн нутаг Дэчинравжаалан хийдийн зүүн талд аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрт 9900м2 газрыг, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст 1800м2 газрыг, аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт 1260 м2 газрыг тус тус албан конторын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарсан байна.

       Тус шийдвэрийг үндэслэн Хүүхэд гэр, бүлийн хөгжлийн хэлтэст 2014 оны 04 сарын 03-ны өдөр 000436159 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 8516000445 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэг[9] үүсгэгджээ.

      Харин Ойрад хөгжимт жүжгийн театр болон Архивын тасагт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдээгүй байна.

          Хариуцагчийн зүгээс Н.Б  эзэмшүүлсэн газар нь төрийн байгууллагад олгосон газартай давхцсан гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхээс маргаан бүхий газар нь бусад этгээдэд эзэмшүүлсэн газартай давхцсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

          Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд уг газар нь хашаа татаагүй, сул задгай газар байсан ба Н.Б д эзэмшүүлсэн газрын кадастрын зураг дээрх хэмжээ байршлыг тодруулж, мөн Ойрад хөгжимт жүжгийн театрт газар эзэмшүүлэхээр төлөвлөж байсан тойм зураг, кадастрын зураг дахь хэмжээний аль хэсэгт давхцсан гэж үзэж буй талаарх хариуцагчийн байр суурийг маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан болно.

         Маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр Н.Б д эзэмшүүлсэн газар нь Архивын тасаг болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газартай давхцаагүй, харин Ойрад хөгжимт жүжгийн театрт эзэмшүүлэхээр төлөвлөж байсан гэх 9900м2 газартай 630.6м2 хэмжээ бүхий газар нь давхцсан байх ба зураглалыг үзлэгийн тэмдэглэлд[10] хавсаргасан.

       Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ “ гэж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “ Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан тул хэдийгээр газар эзэмших тухай шийдвэр гарсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газрын улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул Ойрад хөгжимт жүжгийн театрыг хууль ёсоор 9900м2 газрыг эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.

       Иймд Н.Б д эзэмшүүлсэн газар нь бусдад эзэмшүүлсэн газартай давхцаагүй гэж дүгнэх үндэслэлтэй болно.

      Мөн Н.Б д эзэмшүүлсэн газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан иргэнд газар эзэмшүүлэх гэрээнд Н.Б  гарын үсэг зураагүй байх боловч газар эзэмшигчийг төлөөлж Х.Т  гарын үсэг зурсан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн Н.Б д  үлдсэн гэрээний хувьд Н.Б  гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан “газар эзэмшүүлэх гэрээнд Н.Б  гарын үсэг зураагүй учир гэрээ хүчин төгөлдөр бус“ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Ардын язгуур урлагийн төв” театрын барилгын ажлын зураг, зураг хүлээлцсэн актыг нотлох баримтаар шинээр гаргаж өгсөн ба энэ нь Ойрад хөгжимт жүжгийн театрыг хууль ёсны газар эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй болно.

          Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэлийг хариуцагчийн зүгээс газар давхцалтай гэж тайлбарлаж байгаагийн зэрэгцээ захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасан ” Хүсэлт гаргасан газрын байршил газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагдсан байна” , 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан“ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ “, 33 дугаар зүйлийн 33.4-д заасан “ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно “ гэсэн заалтуудыг үндэслэсэн байна.

      Н.Б д газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж 2015 оны 12 сарын 25-н өдөр, Ойрад хөгжимт жүжгийн театрт газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж 2013 оны 05 сарын 06-ны өдөр тус тус гарсан байгаа ба Увс аймгийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд[11] Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, гандан хийдийн урд талд газар эзэмшүүлэхээр, Увс аймгийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд төсөвт газруудад газар эзэмшүүлэхээр тус тус тусгагдаагүй[12] байгаа болно.

       Харин нэхэмжлэгч Н.Б  ийн газар эзэмших талаар гаргасан өргөдлийг аймгийн Засаг дарга хүлээн авч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасан эрхийнхээ хүрээнд аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй,дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулаагүй асуудал нь захиргааны байгууллагын хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагаа тул, энэхүү үндэслэлээр газар эзэмших эрхээ баталгаажуулсан нэхэмжлэгчийг буруутган, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болохгүй юм.

       Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “ Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно “ гэж зааснаар тухайн захиргааны актыг хүчингүй болгох эрх аймгийн Засаг даргад олгогдсон боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, аж ахуйн нэгжийн хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрх, ашиг сонирхлыг зөрчихөөс зайлсхийж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой болно.

        Иймд нэхэмжлэгч Н.Б д эзэмшүүлсэн газар нь бусдад эзэмшүүлсэн газартай давхцаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай  захирамжийн Н.Б д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэв.

       Түүнчлэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх дүгнэлтийг шүүхээс хийв.

       Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага 1/Оролцогчоо тодорхойлох  2/Нөхцөл байдлыг тогтоох  3/ Оролцогчийг сонсох  4/Нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой болно.

       Хариуцагчаас ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Н.Б  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар дамжуулан захиргааны шийдвэр гарах болсон талаар мэдэгдэж, бичгээр санал, тайлбараа гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн байгаа боловч тухайн нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөөгүй байна.

        Мөн захиргааны актыг бичгээр гаргасан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан шаардлагуудыг хангасан байх ёстой бөгөөд маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамж тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй байгааг дурдах  нь зүйтэй.

       Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжийн 1 дэх заалтын Н.Б  д холбогдох хэсэг, 2 дахь заалтын Н.Б д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон тус тус хүчингүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Б гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б д олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 19-р хуудас

[2] Хавтаст хэргийн 34-р хуудас

[3] Хавтаст хэргийн 6-р хуудас

[4] Хавтаст хэргийн 75-76-р хуудас

[5] Хавтаст хэргийн 33-р хуудас

[6] Хавтаст хэргийн 4-р хуудас

[7] Хавтаст хэргийн 5-р хуудас

[8] Хавтаст хэргийн 18-р хуудас

[9] Хавтаст хэргийн 22-28-р хуудас

[10] Хавтаст хэргийн 66-68-р хуудас

[11] Хавтаст хэргийн 54-57-р хуудас

[12] Хавтаст хэргийн 71-72-р хуудас