Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/0420

 

“М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:           Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:              Г.Банзрагч

                               Х.Батсүрэн

                               Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”,

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 504 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Э, хариуцагч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ц.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “н”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М т” ХХК-ийн Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 504 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг тус тус үндэслэн “М т” ХХК-иас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэгч “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, өмгөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Т-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б хяналтын гомдолдоо: “...Нэг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь магадлалынхаа хянавал хэсэгт “... нэхэмжлэгч “М т” ХХК Дорнод аймгийн Баянтүмэн 17 дугаар талбайд ямар нэгэн барилга бариагүй, харин “М т” ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний үндсэн дээр тухайн талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмж байрлуулсан, зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.
  1. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18 дахь хэсэгт заасан цамхаг, тулгуур, түшиц хана түүнтэй адил байгууламж гэдэгт нэхэмжлэгч “М т” ХХК-ийн өрөмдлөгийн цамхаг нь хамаарч байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүх нь дээрх “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18 дахь хэсэгт заасан хэсэгт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч “М т” ХХК-ийн өрөмдлөгийн цамхаг барьсан үйлдлийг ямар нэг барилга бариагүй гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Мөн нэхэмжлэгч “М т” ХХК нь газрын тосны хайгуулын үйл ажиллагааг явуулахдаа тухайн орон нутгийн эрх бүхий албан тушаалтан болох аймаг, сумын Засаг даргаас холбогдох хууль тогтоомжийн дагуу газар ашиглах зөвшөөрөл авалгүйгээр Дорнод аймгийн Баянтүмэн 17 дугаар талбайн газрыг дур мэдэн ашигласан болно.
  1. Хоёр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь магадлалынхаа хянавал хэсэгт “М т” ХХК нь газрын тосны хайгуулын өрмийн цамхагийг байрлуулахад барилгын зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс хайгуулын өрмийн цамхагийг байрлуулахад тусгай зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарлан хуулийг буруу хэрэглэжээ” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч “М т” ХХК нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн үйлчлэлд хамаарч буй өрмийн цамхагийг газрын тосны хайгуул, өрөмдлөгийн үйл ажиллагаандаа ашиглахдаа Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтуудад тус тус заасны дагуу аймгийн Засаг даргаас барилгын ажлын зөвшөөрөл авах хуулиар хүлээсэн үүрэгтэй байна.
  1. Гэтэл нэхэмжлэгч “М т” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн 17 дугаар талбайн газрыг дур мэдэн ашиглан, 30 орчим метр өндөртэй буюу Дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид хамаарах өрмийн цамхагийг байршуулах барилгын ажлыг ямар ч зөвшөөрөлгүй явуулсан байхад давж заалдах шатны шүүхээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Мөн Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.2-т тус тус зааснаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад байгууллага, аж ахуйн нэгж иргэний барилга байгууламжийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д хамаарах эсэхийг тогтоох, ангилах чиг үүргийг хуулиар болон холбогдох хэм хэмжээ тогтоосон актаар олгоогүй байна.
  1. Гурав. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь магадлалынхаа хянавал хэсэгт Гурвалсан гэрээ байгуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул маргаан бүхий захиргааны акт гарах шалтгаан нь нэхэмжлэгчтэй хамааралгүй, тухайн газрыг дур мэдэн эзэмшсэн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар, 2020 оны А/280 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг удирдлага болгон гаргасан шийдвэр юм. Нэхэмжлэгч М т” ХХК нь “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 316 дугаар тогтоолын дагуу байгуулсан хэдий ч Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагааг анхнаасаа эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн байдаг. Аймгийн Засаг дарга нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй учраас зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй газар дээр баригдсан өрмийн цамхагийг буулгах шийдвэрийг гаргасан.
  1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Барилгын тухай хуулийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М т” ХХК нь эрх бүхий нутгийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашигласан үйлдэл нь аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар, 2020 оны А/280 дугаар захирамжууд гарах болсон үндэслэл болсон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг тухайн газрыг дур мэдэн эзэмшсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
  1. Дөрөв. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь магадлалынхаа хянавал хэсэгт “... Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “М т” ХХК-д газрын тосны хайгуул хийх тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл олгосон байх боловч маргаан бүхий захиргааны актын улмаас үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар, 2020 оны А/280 дугаар захирамжууд гарах болсон шалтгаан нь нэхэмжлэгчийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм” болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэхгүй, ямар ч зөвшөөрөл авалгүйгээр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбоотой болно.
  1. Аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар, 2020 оны А/280 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг удирдлага болгон гаргасан шийдвэр юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “М т” ХХК-д газрын тосны хайгуул хийх тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл олгосон хэдий ч нэхэмжлэгч нь тухайн үйл ажиллагаа явуулах газрын нутгийн эрх бүхий байгууллагаас газрыг ашиглах зөвшөөрөл авах үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч “М т” ХХК нь тухайн нутаг дэвсгэрт амьдардаг ард иргэдийн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэд шууд халдаж байгаа болно. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс газар ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж буй нэхэмжлэгч “М т” ХХК-ийн эрх ашгийг тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй ард иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьж, хэт нэг талыг барьж аймгийн Засаг даргын хуульд үндэслэж гаргасан захирамжуудыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
  1. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 504 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Нэхэмжлэгч “М т” ХХК нь “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж болон мөн аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг тус тус  хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан; 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Газар чөлөөлүүлэх тухай” А/626 дугаар захирамжаар Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээт Баянтүмэн 17 талбайд газрын тосны хайгуул хийхээр хайгуулын өрөмдлөгийн ажлын төлөвлөгөөг батлуулсан “М т” ХХК нь эрх бүхий байгууллага албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулан Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг тус тус зөрчин цамхаг, тулгуур, түшиц хана түүнтэй адилтгах байгууламж болон өрмийн цамхаг бусад тоног төхөөрөмжийг байрлуулсан 1 га газрыг чөлөөлүүлэх ажлыг Чойбалсан сумын Засаг даргад үүрэг болгосон; харин 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/280 дугаар захирамжаар “... 1 га газрыг хууль бусаар ашигласан нь тогтоогдсон ... дээрх газрыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор чөлөөлөхийг даалгасан аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамж, ... албан мэдэгдлийг хүргүүлсэн боловч уг шаардлагыг биелүүлээгүй тул газрыг албадан чөлөөлөх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 08-ны дотор зохион байгуулахыг Чойбалсан сумын Засаг даргад үүрэг болгосон ...” шийдвэрийг тус тус гаргажээ.
  1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжуудыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газар ашиглах эрхтэй ... , ... маргаан бүхий газар нь Чойбалсан сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа учир аймгийн Засаг дарга газар чөлөөлөх захирамж гаргасан нь үндэслэлгүй ... , ... цамхаг, тулгуур, түшиц хана, түүнтэй адилтгах байгууламж байрлуулаагүй тул Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д хамаарахгүй ...” гэж тайлбарласан бол хариуцагч талаас “... маргаан бүхий газар нь тусгай хэрэгцээний газар биш тул ердийн журмаар зөвшөөрөл авч ажиллах ёстой ... , ... аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйл болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.2-т зааснаар зөвшөөрөлгүй барилга барьж газрыг ашигласан болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах эрхтэй ... Барилгын тухай хуульд зааснаар ... аймгийн Засаг даргаас өрмийн цамхаг барих зөвшөөрөл аваагүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
  1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: нэхэмжлэгч нь анх Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаар тогтоолоор батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн “Баянтүмэн XVII” талбайд газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулах эрх нээгдэж, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулсанмөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх үүргийг шилжүүлэх” тухай 452 дугаар тогтоолоор Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын Баянтүмэн 17 талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Газрын тосны газар /хуучин нэрээр/ болон “М т” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “М т” ХХК-ийн охин компани болох “Т- О” ХХК-д бүхлээр нь шилжүүлсэн; Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2/1796 дугаартай албан бичигт “... Газрын тухай хуулиар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журмын дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд Засгийн газрын тогтоол гарч, газрыг улсын тусгай хэрэгцээнд авдаг ... Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбайн хувьд дээр дурдсан үйл ажиллагаа огт хийгдээгүй, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол одоогоор гараагүй ... /тул/ ... “Баянтүмэн-ХVII” талбай нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй байгааг үүгээр уламжилж байна... ” гэж дурдсан; Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах “М т” ХХК-ийн Баянтүмэн 17 дугаар талбайд үзлэг хийхэд уг газар нь Дорнод аймгийн төвөөс 33 км, Чойбалсан сумаас цамхаг хүртэл 21 орчим км зайтай, талбайд 30 орчим метрийн өндөртэй 1 өрмийн цамхаг, 2 ширхэг генератор, 11 ширхэг контейнер, 1 эсгий гэр, 2 ёмкост тус тус байрлаж байсан бөгөөд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхлээгүй буюу газрын хэвлийг ашиглаж эхлээгүй зэрэг үйл баримт тогтоогджээ.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, эргэлзээгүй талаас үнэлэх нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримт эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн; давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулаагүй нь буруу байх тул хяналтын шатны шүүх дараах ажиллагааг хийлгүүлэхээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
  1. Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж зааснаар талуудын маргааны үндэслэл болсон нотлох баримт нь эргэлзээтэй бөгөөд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдахаар бол шүүх мэргэжлийн этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай.
  1. Энэхүү маргааны хувьд, тухайн газарт байрлаж буй 30 орчим метрийн өндөртэй 1 өрмийн цамхагийг нэхэмжлэгч хариуцагч нар нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18-д заасан “цамхаг, тулгуур, түшиц хана, түүнтэй адилтгах байгууламж”-д хамаарах эсэх талаар маргасан бөгөөд уг цамхагийг дүрэмд хамаарах эсэхийг тогтооход хууль хэрэглээний түвшинд эрх зүйн дүгнэлт өгөх замаар шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтыг шүүх үнэлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний хайгуулын явцад хэрэглэгдэх өрмийн цамхаг нь дээрх дүрмээр зохицуулагдах барилга, байгууламжид хамаарах эсэхийг тогтооход техникийн тусгай мэдлэг шаардлагатай тул уг асуудлыг тодруулахын тулд мэргэжлийн этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой.
  1. Хоёр. Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамжийн 1-д “... өрмийн цамхаг, бусад бусад тоног төхөөрөмжийг байрлуулсан 1 га газрыг чөлөөлөх ...” гэж дурдсан боловч үндэслэлээ “... Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг зөрчин цамхаг, тулгуур түшиц, хана, түүнтэй адилтгах байгууламж /барьсан тул/ ...” гэснээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн ашиглаж буй бүх газар, эсхүл цамхаг байрлаж буй газрын алийг нь чөлөөлөхөд чиглэж байгаад дүгнэлт өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх учиртай бөгөөд захирамжид дурдсан чөлөөлөх газарт цамхаг байрлаж буй газраас бусад газар багтсан бол чөлөөлөх үндэслэлийг тодруулж, захиргааны актын зорилго талаас дүгнэлт өгөх нь зүйтэй.
  1. Гурав. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаар зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар чөлөөлөх мэдэгдэл өгч, биелүүлээгүй тохиолдолд газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй ч мөн зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэж зааснаар хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 болон 21.4-т газар эзэмшүүлэх болон ашиглуулахад аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга ямар эрх хэмжээтэй талаар хууль тогтоогч нарийвчлан тусгасан ба нэхэмжлэгчээс “... маргаан бүхий газар нь Чойбалсан сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа учир аймгийн Засаг дарга газар чөлөөлөх захирамж гаргасан нь үндэслэлгүй ...” гэж эхнээсээ маргасан тул энэ асуудалд тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
  1. Иймд, дээр дурдсан зүйлийг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 504 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                            М.БАТСУУРЬ