Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0504

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, М.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Т-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “н”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамж, 2020  оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Г.Э нар давж заалдах гомдолдоо: “Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй өөрөөр хэлбэл “М” ХХК нь Дорнод аймаг дахь Баянтүмэн 17 дугаар талбайг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж, газрын тосны хайгуулын ажил явуулж байгаатай холбогдуулан газрын тосны хайгуулын өрмийн тоног төхөөрөмжийг байрлуулсан болно. Энэхүү тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилга хот байгуулалтын яам буюу мэргэжлийн бодлогын байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/64 дугаартай албан бичгээр “... Аж ахуйн нэгж, байгууллагын газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас олгож, гэрээт талбайн тодорхой байршилд хайгуулын өрмийн цамхаг болон өрмийг түр хугацаанд байршуулах ажлыг зураг төсөл, геологийн ажлын даалгавар, цамхгийн хүчин чадал, техникийн нөхцөлийг Газрын тосны тухай хуулийн дагуу ашигт малтмал, газрын тосны газар хянаж байгаа нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалын зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрмийн 18 дахь хэсэгт хамаарахгүй” гэх тодорхойлолтыг Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Гэтэл шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолгүй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсоор байтал эсрэгээр дүгнэлт хийж газар ашигласан мэтээр хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шатанд газрын тосны хайгуулын Баянтүмэн 17 талбайн бүтээгдэхүүн хуваах эрх, үүрэг шилжүүлэх тухай гурван талт гэрээг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, “М” ХХК-ийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын Баянтүмэн 17 дугаар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж гэрээлэгчийн эрх, үүрэг “Т-О” ХХК-д шилжсэн. Гэтэл үүний дараа 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Засаг дарга дахин А/280 тоот захирамж гаргаж байгаа нь хууль зөрчсөөр байтал шүүх зориуд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Т-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан гомдолдоо: “... Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын18-ны өдрийн 452 дугаар тогтоолоор манай компани Дорнод аймгийн газрын тосны хайгуулын Баянтүмэн-XVII талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг “М” ХХК-иас бүхлээр нь шилжүүлэн авсан.

Хэдийгээр шүүхийн шийдвэрт “Дорнод аймгийн газрын тосны хайгуулын Баянтүмэн-XVII талбайд “Т-О” ХХК-ийг үйл ажиллагаа явуулах эрхтэй” гэж дүгнэсэн боловч Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоол “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу тухайн газар дээр газар ашиглах зөвшөөрлийг аймгийн Засаг дарга, сумын Засаг даргаас “М” ХХК-ийг авах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах, зөвшөөрөл авах асуудал манай компанид хамаарахгүй бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаартай тогтоолоор баталсан Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын Баянтүмэн-XVII талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Газрын тосны газар, “М” ХХК-ийн хооронд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд үйлчлэхгүй.

Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаас бусад тохиолдолд газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэхгүй. Иймд аймгийн Засаг дарга өөрт хуулиар харьяалуулсан асуудлаар газар ашиглуулах зөвшөөрөл олгож, зөвхөн түүнтэй холбоотой асуудлаар чөлөөлүүлэх захирамж гаргах эрхтэй тул Дорнод аймгийн Засаг даргыг хуулиар эрх олгоогүй асуудлаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 тоот захирамж гаргаж Чойбалсан сумын Засаг даргын эрх хэмжээнд халдсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын26-ны өдрийн 13 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх “М” ХХК-иас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Маргаан бүхий захиргааны актууд болох Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626 дугаар захирамжаар[1]  “... Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээт Баянтүмэн 17 талбайд газрын тосны хайгуул хийхээр хайгуулын өрөмдлөгийн ажлын төлөвлөгөөг батлуулсан “М” ХХК нь эрх бүхий байгууллагын албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулан Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Барилга  хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалыг тус тус зөрчин цамхаг, тулгуур түшиц, хана түүнтэй адилтгах барилга байгууламж болон өрмийн бусад тоног төхөөрөмжийг байрлуулсан 1 га газрыг чөлөөлүүлэх”,  

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжаар[2] “... аймгийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамж, 1/84, 1/503 дугаар албан мэдэгдлийг захиргааны актын үйлчлэлд хамаарах “М” ХХК-д хүргүүлсэн боловч үүрэг хүлээгчээс уг шаардлагыг биелүүлээгүй байгаа тул газрыг албадан чөлөөлөх” ажиллагааг тус тус зохион байгуулахыг Чойбалсан сумын Засаг даргад үүрэг болгожээ.  

Тодруулбал, хариуцагч нь “М” ХХК-ийг эрх бүхий байгууллагын албан тушаалтнаас газар ашиглах эрх, зөвшөөрөл авалгүйгээр газар түүний хэвлийг дур мэдэн ашиглан суурьшиж, өрмийн цамхаг, газрын тосны хайгуулын үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг байрлуулсан гэж үзэж газар чөлөөлүүлэх тухай акт гаргасан байна.

 Анхан шатны шүүхээс Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18 дахь хэсэгт заасан барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид газрын тосны хайгуулын цамхаг, тулгуур, түшиц хана түүнтэй адил байгууламж тусгагдаагүй тул газрын тосны хайгуулын өрмийн цамхгийг байрлуулахад Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар зөвшөөрөл авах ёстой гэж дүгнэжээ.

Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.6-д “Барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.  

Эндээс үзвэл, аймгийн Засаг дарга нь барилгын ажлын зөвшөөрөл олгох бөгөөд хэрвээ зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан тохиолдолд мэдэгдэл өгч албадан чөлөөлүүлэх арга хэмжээ авахаар хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани болох “М” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн 17 талбайд ямар нэгэн барилга бариагүй, харин “М” ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний үндсэн дээр тухайн талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмж байрлуулсан, зохих зөвшөөрөлгүйгээр барилга, байгууламж барьсан нь тогтогтоогдохгүй байна.

Мөн Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/64 дүгээр албан бичигт нэхэмжлэгч “М” ХХК-ийг гэрээт талбайн тодорхой байршилд хайгуулын өрмийн цамхаг болон өрмийг түр хугацаанд байршуулах ажлын зураг төсөл, геологийн ажлын даалгавар, цамхгийн хүчин чадал, техникийн нөхцөлийг Газрын тосны тухай хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар хянаж байгаа тухай дурдаад, “М” ХХК өрмийн цамхаг түр хугацаанд байрлуулсан нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 18 дахь хэсэгт хамаарахгүй гэжээ.

Эндээс үзвэл, нэхэмжлэгч газрын тосны хайгуулын ажлын тоног төхөөрөмж, цамхаг, контейнер, гэр зэрэг[3] байрлуулсан нь Барилгын тухай хуулийн 4.1.1-д[4] заасан барилга байгууламжид хамаарахааргүй, байнгын бус судалгаа, хайгуулын шинжтэй байна.

Өөрөөр хэлбэл, “М” ХХК нь газрын тосны хайгуулын өрмийн цамхгийг байрлуулахад барилгын зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс хайгуулын өрмийн цамхгийг байрлуулахад тусгай зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарлан хуулийг буруу хэрэглэжээ.

Түүнчлэн, хариуцагч “...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолын дагуу гурвалсан гэрээ байгуулагдах бөгөөд уг гэрээний дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах боловч уг гэрээ байгуулагдаагүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрыг ашиглуулах талаар зөвшөөрлийг олгоогүй...” гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах тухай” журмын 2.1.8 “Газрын тухай хуулийн 16.1.8-д заасан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай нь Газрын тосны тухай хуулийн 4.1.14-т заасан гэрээнд тусгасан үйл ажиллагаа явуулах  нөхцөл, шаардлагыг хангасан байх”, Дээрх журмын 3.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл холбогдох төрийн захиргааны төв байгууллага газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргана”, 3.9.7-д “Тухайн газар нутгийг харьяалах аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал”, 3.13.2-т “Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулна. Гэрээнд улсын тусгай хэрэгцээнд авсан тухайн газрыг ашиглах, хамгаалах болон хяналт тавих, түүнд мөрдөх горим, дэглэмийн талаар нарийвчлан тусгах”, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна”, 16.1.8-д “Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай”, Газрын тосны тухай хуулийн 4.1.14-д “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг”  гэж тус тус заасан

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2/1796[5], 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2/1864[6] дугаар албан бичгүүдэд “... тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон хариуцагчтай гурвалсан гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй” талаар тусгажээ.

Эндээс үзвэл, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олгогдсон гэрээт талбай нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох төрийн захиргааны төв байгууллага газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хүсэлт гаргана. Уг хүсэлтийн дагуу холбогдох байгууллага бэлтгэл ажил, саналыг нэгтгэн шийдвэрлүүлэхээр байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл аймгийн Засаг дарга газрыг тусгай хэрэгцээнд авах тухай хүсэлт гаргасан, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал хүргүүлсэн зэрэг нь тогтоогдохгүй, харин нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Өөрөөр хэлбэл, гурвалсан гэрээ байгуулагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул маргаан бүхий захиргааны акт гарах шалтгаан нь нэхэмжлэгчтэй хамааралгүй, тухайн газрыг дур мэдэн эзэмшсэн гэж үзэхээргүй байна.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “М” ХХК-д газрын тосны хайгуул хийх тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл олгосон байх боловч маргаан бүхий захиргааны актын улмаас үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.    

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг тус тус үндэслэн “М” ХХК-иас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/626, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/280 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Т-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК, гуравдагч этгээд “Т-О” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг тус бүрийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.  

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] 1 хавтас 31-32 хуудас

[2] 2 хавтаст 14-15 хуудас

[3] 1 хавтас 83-85 хуудас

[4] “Барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг,

[5] 1 хавтас 67 хуудас

[6] 1 хавтас 68 хуудас