Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 205/МА2022/00022

 

  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 140/ШШ2022/00440 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар багт байрлалтай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Завханмандал сумын Нуга багт 2020 онд ашиглалтад орсон уурын зуухны өмчлөгч нь ******* ХХК болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт буюу Завханмандал сумын Эрчим хүчний ХЭАА-н хөрөнгийг шилжүүлсэн тухай хурлын протокол, кассын зарлагын ордер гэсэн баримтуудыг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******, нэхэмжлэгч компанийн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч Р.*******, гуравдагч этгээд Я.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Завханмандал сумын Нуга багт 2020 онд ашиглалтад орсон уурын зуухны өмчлөгч нь ******* ХХК болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт буюу Завханмандал сумын Эрчим хүчний ХЭАА-н хөрөнгийг шилжүүлсэн тухай хурлын протокол, кассын зарлагын ордер гэсэн баримтуудыг хариуцагчаас гаргуулах тухай

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2020 онд Завханмандал сумд халаалтын уурын зуух барихаар ЗДТГ-аас нь газар авсан юм. Гэтэл Я.******* гэдэг хүн ахынхаа энэ газрыг авчхаач ээ, ахынхаа байшинг ашиглаад уурын зуухаа барьчхаач, ах нь 2 хүүхэдтэй, 2 хүүхдэдээ үлдээх юм алга гээд газраа зарахаар болсон. Анх газар болон хуучин барилга, хашаагаа 15.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тэгээд уурын зуухын ажлаа хийж дуусгачхаад Я.*******од мөнгийг нь өгөөд байшин болон газрын гэрчилгээгээ авъя гэхэд байхгүй байсан. Мөн ажил дууссаны дараа газрын үнээ нэмээд 50.0 сая төгрөг, 30.0 сая төгрөг гэж байсан. Я.******* газраа миний өмч гэдэг, гэтэл Засаг дарга нь төрийн өмч, төрийн өмчийг үнэгүйдүүллээ гэсэн. Тэгээд энэ талаар анхан шатны шүүхэд хандсан. Уг газар Я.*******ынх биш гэж байсан бол тэр газрыг Я.*******оос авах шаардлагагүй байсан. Я.*******ын газрын хажууд нь өөр газар авсан байсан талаарх нотлох баримт байгаа. Тэгээд тэр газрыг төрөөс нь авъя гэхээр төрд нь бичиг баримт нь байдаггүй гэв.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралд миний бие 4 дэх удаагаа оролцож байна. Өнөөдрийн энэ шүүх хуралдаанаар энэ хэрэг маргаан эцэслэн шийдэгдэх байх гэж үзэж байна. Энэ хэрэг маргаантай холбогдуулж удаа дараа албан бичиг хүсэлтүүдийг өгч байсан. Энэ асуудал миний болон сумын хэмжээнд бүрэн шийдэгдэхгүй өдий хүрч байна. Энэ хэрэг маргаантай холбогдуулж наашаа цаашаа явахаар зардал мөнгө их гарч байгаа учраас энэ асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна. ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж би 9 үндэслэлээр тайлбар гаргана. Аймгийн орон нутгийн өмчийн газрын албан тоот бичиг байна. Уг албан бичиг дээр Завхан аймгийн Завханмандал сумын уурын зуухны барилга төрийн өмчид бүртгэлгүй байна гэсэн байна. Мөн улсын бүртгэлийн байгууллагын албан тоот баримт бичиг дээр мөн адил бүртгэлгүй байна гэсэн байна. Завханмандал сумын 2021 оны эд хөрөнгийн тооллогын актад мөн уг уурын зуухны барилгыг бүртгэлгүй гэсэн байна. Мөн Я.******* гэдэг хүн уг барилгыг миний өмчлөлийнх гээд гарч ирсэн. Сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 0143 тоот албан тоот, Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 06/04 тоот албан тоот, мөн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт зэрэг 9 үндэслэлийн дагуу тайлбар гаргана. Манай зүгээс тус уурын зуухыг төрийн өмч мөн гэж үзэж байгаа боловч дээрх нотлох баримтуудаар төрийн өмч биш гэж гарч ирж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авч татгалзаж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бат-Амгалан: ******* ХХК уг уурын зуухыг төрийн өмч мөн эсэхийг тодруулахаар манайхаас лавлагаа авах гэж хүсэлт ирүүлсний дагуу хариуг нь албан тоотоор хүргүүлсэн. Энэ талаарх баримт хэргийн материалд хавсаргасан байгаа. Манай бүртгэл дээр тус уурын зуухны бүртгэл байхгүй, харин уурын зуухыг дагалдах худаг, газар доорх шугам сүлжээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг талаарх нотлох баримт хэргийн материалд байгаа гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.*******: Би уг барилгыг 1997 онд хувьчлалаар авсан. Тухайн уурын зуухыг 1990 онд хувьчлалаар худалдаж авсан. Тэгээд би гадуур нь хашаа барьж дотор талыг нь агуулахын зориулалтаар ашиглаж байсан. Их мянган ХХК-ийн захирал ******* надтай ирж уулзаад би энд уурын зуух барих гэж байгаа гэж хэлж байсан. Гэтэл сая тайлбартаа намайг очиж газрыг авчхаач гэж гуйсан юм шиг зүйл ярьж байна. Би тийм зүйл огт яриагүй. ******* өөрөө анх ирж надад уурын зуух барих гэж байгаагаа хэлэхээр нь би чи юм хийх гэж байгаа бол би дэмжье, ярилцъя гэж хэлсэн. Одоо энэ барилга миний нэр дээр байгаа. Одоо сүүлдээ төрийн өмч болоод надтай маргалдаад яваад байгаа. Үүнийг зөв талаас нь шийдэж өгнө үү гэв.

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 140/ШШ2022/00440 дугаар шийдвэрээр

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Завханмандал сумын Нуга багт 2020 онд ашиглалтад орсон уурын зуухны өмчлөгч нь ******* ХХК болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт буюу Завханмандал сумын Эрчим хүчний ХЭАА-н хөрөнгийг шилжүүлсэн тухай хурлын протокол, кассын зарлагын ордер гэсэн баримтуудыг хариуцагч Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Нэхэмжлэгч ******* ХХК-иас хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан шинжээчийн ажлын хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч компани 2020 онд Завханмандал суманд нэгдсэн халаалтын шугам сүлжээ барьж ашиглалтад оруулсан. Энэ хүрээнд уурын зуухны барилгад гэхэд компаниас 189.437.000 төгрөгийн хөрөнгө оруулалт засан сайжруулалт хийсэн бөгөөд өмнөх хуучин барилгын үнэлгээ 5.413.000 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Анхан шатны шүүх өмнөх шийдвэртээ эд хөрөнгөд хийсэн засан сайжруулалтыг шинэ эд хөрөнгө бий болсон гэж үзэхгүй хэмээн үзэж байсан бол энэ удаад нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзээгүй, ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд ******* гэх хүний хашаанд байсан барилгыг түүний хувьчилж авсан хөрөнгө гэж ойлгож худалдан авахаар тохирч их хэмжээний хөрөнгө оруулж Завханмандал сумыг нэгдсэн халаалттай болгосон байдаг. Гэвч тухайн хөрөнгийг ******* хувьчилж аваагүй, Завханмандал сумын ЗДТГ-ын хөрөнгө байсан болох нь нотлогдсон. Ингээд одоо ******* ХХК-ны үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухны хуучин барилгын хэсэг нь өөр хуулийн этгээдийн хөрөнгө байгаа учир эдгээр 2 хуулийн этгээдээс ******* ХХК нь өмчлөх эрхтэй (өмчлөх эрх үүссэн) гэдгээ тогтоолгохоор шүүхэд хандсан. (Иргэний хуулийн 7-р зүйлийн 7.3. Төр, засаг захиргаа, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно гэж заасан. Өөрөөр хэлбэл төр нь иргэний эрх зүйн харилцаанд бусад иргэн, хуулийн этгээдээс ямар нэг байдлаар давуу эрх эдлэхгүй адил тэгш байхаар заасан учир өөр хуулийн этгээд гэв.) Түүнчлэн Иргэний хуулийн Хоёрдугаар дэд бүлэгт өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох асуудлыг зохицуулсан бөгөөд 120 дугаар зүйлийн 120.2-т талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү илүү хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө тал нь өөрт учирсан хохирлоо эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй" гэж зохицуулсныг, мөн Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмыг дурдаж аргасан тайлбарууд маань хэрэгт авагдсан. Иргэний хуульд эд хөрөнгийг засаж шинэчлэхэд хүч хөдөлмөрөө ил зориулсан этгээдэд шинэ хөрөнгийн өмчлөх эрхийг олгохоор заасан заалт хуний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн шударга оо, нийгэм эдийн засгийн ач холбогдолтой Зохицуулалт гэж ойлгодог. Тиймээс ч нэгэнт хуний хөрөнгө хөдөлмөрөөр засагдаж сайжирсан хөрөнгийг өмнөх байдалд буцааж оруулахаар шаардахыг хуулиар хориглосон байна. Нэхэмжлэгч компани барилгыг өмнөх байдалд буцаан оруулахгүй боловч хуульд зааснаар нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсээр ирсэн. Хэн нэгнийг хохироох, санаа зорилго байхгүй. Гэтэл анхан шатны шүүх "Төрийн байгууллагын уялдаа холбоо, бүртгэл тооллогын нэгдмэл байдал, төрийн албан хаагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан хувийн компани нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, давуу байдлаа ашиглан хууль бусаар хөрөнгө олж авах эрхгүй болно, төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас орон нутгийн өмч үнэгүйдэх, төр хохирох учиргүй юм гээд Иргэний хуулийн 492.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Шийдвэрт удирдлага болгосон Иргэний хуулийн 492.1 заалт нь буцаан шаардах эрхийн зохицуулалт байдаг. Тус хуулийн 492.1.1 заалтаар өгсөн авснаа буцаах ур дагавар үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нар өгсөн авснаа буцаах ёстой гэж үзвэл Завханмандал сумын нэгдсэн халаалтын шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийг буулган нурааж байж анхны байдлаар буцаах үр дагавартай. Анхан шатны шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492.1.1 дэх заалтыг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шийдвэрт баримталсан Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх заалт нь өмчлөгч этгээд нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгө шаардах эрхийн үндэслэл болдог учир өмчлөх эрх үүсэх тухай асуудалд хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрийн өмчийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаагүй билээ.

Иймд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.22-ны 140/ШШ2022/00440 дугаар шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгаа тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анх 2020 он Завханмандал сумд нэгдсэн уурын зуух барьсан юм. Тэгэхдээ тус газрыг 15.0 сая төгрөгөөр би Я.*******оос худалдаж авсан бөгөөд сүүлдээ 50.0 сая төгрөг болоод Я.******* нь надаас 50.0 сая төгрөг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн бөгөөд тухайн үед аман гэрээ хийсэн байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаагүй юм. Гэтэл одоог хүртэл тус газрын гэрчилгээг Я.******* миний өмч гээд байдаг. Сумын захиргаа нь болохоор төрийн өмч гэж нэхэмжлээд байдаг. Миний зүгээс бол тус газрын эзэмшлийн гэрчилгээг гаргуулж авах хүсэлтэй байгаа гэв.

Нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэгт авагдсан баримтаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа тус сумыг халааж байгаа уурын зуухны хуучин барилга нь сумын засаг даргын тамгын газрын хөрөнгө. Бусад хөрөнгүүд нь нэхэмжлэгч компанийн хөрөнгө байна гэдэг нь хангалттай тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр уурын зуухны барилгад хөрөнгийн үнэлгээг ЗДТГ-ын хөрөнгө болох 2 хувь, нэхэмжлэгч компанийн хөрөнгө 98 хувь болох нь нотлогдож байгаа. Хуучин чулуун барилгыг 1997 онд гэдэг хүн хувьчилж авсан бөгөөд Завханмандал сумын ЗДТГ-т хүлээлгэж өгсөн акт, протокол зэрэг нь хэрэгт авагдсан байгаа. Компанийн хувьд зуух, яндан, хаалга, цонх, шал, цахилгааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ гэх мэт бусад хөрөнгүүдэд үнэлгээ хийгдэж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байгаа. Ингээд 2 этгээдийн хөрөнгөнөөс бүрдсэн 1 уурын зуух Завханмандал сумд одоо болтол ажиллаж байгааг шүүх шийдвэртээ дурдсан. Тэгсэн хэр нь өмчлөх эрхийн талаар маргаантай байхад шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэсэн байгаа.

Шүүхийн шийдвэрт хөрөнгө олж авсан этгээдийг нэхэмжлэгч компани гэж үзэж байгаа. Тэгвэл бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хэн юм бэ? гэхээр ЗДТГ биш байдаг. Иргэний хуулийн 492.1 дэх хэсэгт заасан заалтыг анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг энд хэрэглэсэн гэж үзэж байна. Харин 2 этгээдийн хөрөнгө нийлж холилдсон дахин боловсруулсан асуудлыг зохицуулах журам нь Иргэний хуулийн 119, 120 дугаар зүйлд байхад түүнийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 119-р зүйлийн тайлбарт: Нийлэх холилдох үйлдэл нь бодит үйлдэл бөгөөд эрх зүйн чадамж шаардсан хэлцлүүд биш. Нийлэх холилдох замаар бий болох өмчлөх эрхийн харилцааны өөрчлөлтүүд нь ийнхүү нийлж холилдож байхад гарах эрх зүйн үр дагаврын талаар оролцогч талууд бодож байсан эсэх нь ач холбогдолгүй юм. Эрх зүйн үр дагавар хуульд зааснаар шууд бий болно. Бүрдэл хэсгээр дахин салгаж үл болох шинэ эд зүйл үүссэн байхыг шаардаж байна. Бодит байдлын хувьд болон эдийн засгийн хувьд салшгүй болсноос гарах зөрчлийг зохицуулна. Салгавал гарах зардал хэт өндөр байвал тухайн хөрөнгө эдийн засгийн хувьд салшгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 119.3 дахь заалтын тайлбарт энэ хуулийн 119.2 дахь хэсгийн бүх тохиолдолд үйлчилнэ гэж ойлгох нь илүү ач холбогдолтой. Тэгвэл бүрдэл хэсгийн өмчлөгчид дандаа хамтран өмчлөгч болоод байхгүй зөвхөн аль бүрдэл хэсэг нь гол буюу ихэнх хэсэг болох нь тогтоогдохгүй байх тохиолдолд л хамтран өмчлөгч болно гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл аль нэг бүрдэл хэсгийг нь эдийн засгийн үүднээс гол бүрдэл хэсэг гэж үзэх тохиолдол бүрд тэр хэсгийн өмчлөгч нь шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч болно.

Иргэний хуулийн 120 зүйл. Эд хөрөнгийг дахин боловсруулах гэсэн зохицуулалт байгаа. Иргэний хуулийн тайлбар: Засан сайжруулах, дахин боловсруулах- Хүний хийсэн, хүний удирдлагад хийгдсэн үнийг нь тодорхойлох боломжтой ажил. Засан сайжруулна гэдэг нь хэлцэл биш тодорхой зорилгод болон бүтээгдэхүүн амжилтад чиглэсэн хүний үйл ажиллагаа байна гэсэн байгаа. Иргэний хуулийн 120.1-д ажлын үнэ болон материалын үнийн харьцаа шийдвэрлэх ач холбогдолтой. Хэрэв материалын үнэ нь илт илүү өндөр байвал материалын өмчлөгч нь шинэ эд хөрөнгийн өмчлөгч болно. Дангаар өмчлөх эрхийг олж авах боломжийг гүйцэтгэсэн ажил, эсхүл материалын үнэ нөгөөгөөсөө илт илүү их байх тохиолдлоор хязгаарлах ёстой. Хуучин барилга нь эд хогшил хураадаг агуулах байсан бол одоо нэгдсэн шугам сүлжээ, тоног төхөөрөмж холбогдсон дулаанаар хангах уурын зуух болсон. Тухайлбал: Өмчийн тухай хөдөлмөрийн онолд

Жон Локк: Ямар нэг объектод хөдөлмөрөө шингээж, түүндээ өөрийн ажил хөдөлмөрийн үр дүнг нэгтгэсэн тохиолдолд тэр зүйл уг хүний өмч болно. Хүнд хөдөлмөрөөр нь дамжин ирсэн бүх зүйл түүний өмч болдог.

Адам Смит: Хүний өмчлөх эрх нь хөдөлмөрийнхөө үр дүнг өөрийн болгоход оршино.

Иргэний хуулийн 120.2-д талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө, эсхүл илүү хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байна гэж заасан. Нэхэмжлэгч компани нэгдсэн шугам сүлжээ барьж, тоног төхөөрөмж суурилуулж холбосон. Барилгад хийсэн хөрөнгийн үнэлгээ 98% хувийг эзэлж байна гэсэн шинжээчийн дүгнэлтээр илүү хөдөлмөр, хөрөнгийг компани зарцуулсан байна. Иймд нэхэмжлэгч компани нь одоо ажиллаж байгаа уурын зуухны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Өмчлөгчөөр нэхэмжлэгч компани тогтоогдох нь хэн нэгнийг хохироох үр дагавар үүсгэхгүй, энэ нь хохирол нөхөн төлөх үр дагаврыг үүсгэх хуулийн зохицуулалттай. Иргэний хуулийн 495.1-д Бусдын хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй ашигласнаас хариуцагчийн хөрөнгө нэмэгдсэн тохиолдолд мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 495. Жишээ нь өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй хөрөнгийг ашиглах, холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах замаар өөрийн болгох үйл явдал үүнд хамаарна. Урьдчилсан нөхцөл: Өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, өөр зүйлтэй холих нийлүүлэх буюу Иргэний хуулийн 119-р зүйл, дахин боловсруулах Иргэний хуулийн 120-р зүйл замаар захиран зарцуулсан байх.

Иргэний хуулийн 121-р зүйлд эдгээр үйлдлийн шууд үр дагавар нь хуучин өмчлөгч, эзэмшигчийн эрх дуусгавар болох бөгөөд Иргэний хуулийн 495.1.-д зэргээр захирах зарцуулах гэсэн байгаа нь өмчийн хэлцлийн үндсэн дээр хөрөнгө шилжүүлэхээс гадна Иргэний хуулийн 109-124 дүгээр зүйлд тусгасан бүхий л өмч шилжүүлэх хэлбэрүүдийг мөн адил хамарч болохыг харуулж байна. Иргэний эрх зүйн тусгай анги, Б.******* гэх хүний 2013 оны номын 326-р талд тайлбарлаад бичсэн байгаа. Иргэний хуулийн 119, 120 зүйлийг хэрэглээний талаар нэмж дурдвал: 2022 оны Хуульчдын сонгон шалгаруулалтын иргэний эрх зүйн бодлогод Иргэний хуулийн 119, 120 дугаар зүйлийн хэрэглээг тайлбарласантай холбоотойгоор нэгдсэн ойлголт авахаар байдаг.

Мөн шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх мэт тухайн гэрээний талууд маргаагүй, хэрэгт хамааралгүй асуудлыг үндэслэл болгосон. Компани шинээр төвлөрсөн халаалтын зуух барих гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байсан байна, энэ үүргээ биелүүлээгүй байна гэсэн нь хэрэгт хамааралгүй зүйл юм. Юуны өмнө энэ ажил нь төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдээгүй, 100 хувь компани өөрийн хөрөнгөөр хийсэн ажил байгаа гэдгийг анхаарах шаардлагатай. Ер нь нэхэмжлэлийн шаардлагад гэрээний үүргийн гүйцэтгэл хамааралгүй, хэрэгт авагдсан гэрээний биелэлтийг талууд шаардах эрхтэй болохоос шүүх ингэж шаардах боломжгүй гэж үзэж байна. Мөн *******ын эзэмшлийн 1771кв.м газар болон тухайн газарт байрлах барилгыг худалдан авч гэрчилгээ 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гарсан учраас өмчлөгч биш гэдгийг мэдэж байсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх 2020 онд *******той барилгыг газартай хамт худалдан авахаар амаар тохиролцож ажлаа хийсэн гэдгийг нэхэмжлэл дээр ч анх дурдаж байсан. ******* анх барилгыг газартай хамт худалдахаар тохиролцсон мөнгөө нэхэмжилж шүүхэд хандаж байсан. Барилгыг газартай хамт худалдах гэрээг ******* бичгээр биш амаар байгуулсан өөрийн өмчлөлийн гэсэн баримт бичиг байхгүй учраас *******ын нэхэмжлэлийг шүүх хангаагүй. Дараа нь *******ын газрыг худалдах худалдан авах гэрээ бичгээр 2021 онд байгуулж газрын үнэ хөлсийг төлж гэрчилгээ нь компани дээр гарсан. ******* гэх хүн шүүх дээр хүртэл энэ барилга миний өмч гэж маргасаар байдаг. Мөн Төрийн албан хаагч бүртгээгүй буруутай, хариуцлага алдсан гэх мөртлөө нэхэмжлэгч орон нутгийн өмч гэж мэдэж байх ёстой, мэдэж байсан гэдэг нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд төрийн албан хаагчийн хайнга хариуцлагагүйгээс шалтгаалан хэн нэгэн иргэн хувийн компани давуу байдлаа ашиглан хөрөнгө олж авах эрхгүй, хууль бус гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл буруутай этгээд нь төрийн албан хаагч байлаа ч компани тухайн хөрөнгийг олж авах эрхгүй гэж үзжээ. Иргэний эрх зүйд гэм буруутай тал үр дагаврыг хүлээх ерөнхий зарчим байдаг. Гэтэл нэг тал нь төр байх тохиолдолд хариуцлагыг нөгөө тал хүлээнэ гэдэг байдлаар шүүх дүгнэсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хуучин барилгыг орон нутгийн өмчид бүртгэх үүрэгтэй төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас орон нутгийн өмч үнэгүйдэх, улсын хөрөнгө эзэнгүйдэх, төр хохирох учиргүй юм гэж дүгнэсэн. Төр нь ард иргэдээсээ, хуулиасаа дээр оршино гэдэг үзэл бол социалист үзэл санаа. Манай улс хууль дээдлэх ардчилсан тогтолцоотой улс учраас ялангуяа иргэний эрх зүйн харилцаанд төр нь бусад иргэн хуулийн этгээдээсээ илүү дээд түвшинд байх боломжгүй. Иргэний хуулийн 7.3. Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно гэж заасан. Өөрөөр хэлбэл төр нь иргэний эрх зүйн харилцаанд бусдаас давуу эрх эдлэхгүй болохыг зааж өгсөн. Тэгэхээр хэргийн оролцогч төр байвал хохирох учиргүй гэсэн анхан шатны шүүхийн энэ дүгнэлт Иргэний хууль төдийгүй Үндсэн хуулийн үзэл санаанд нийцээгүй гэж үзэж байгаа.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байгаа учир хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уурын зуухны барилга нь 1991 онд өмч хувьчлалаар манай сумын хүн авч байсан байдаг. 1997 онд тус уурын зуухны барилгыг 1.0 сая төгрөгөөр тухайн үед үнэлж сумын ЗДТГ-т буцааж өгч байсан. Түүнээс хойш ЗДТГ үйл ажиллагааг нь явуулж байгаад жинхэнэ ЗДТГ-ын данс бүртгэлд хүлээж авахдаа яг уурын зуухны барилгыг хүлээж аваагүй байдаг. Зөвхөн бүртгэлтэй нь газар доогуурх шугам, эрчим хүчний худаг, агаарын шугам гэх мэтчилэн бодит зүйлсийг ЗДТГ-ын дансанд бүртгэж аваад бусад зүйлс нь бүртгэлгүй байдаг.

Энэ маргаан нь 1997-1998 онуудын хооронд өмч нь эзэнгүйдэж эхэлсэнтэй холбоотой үүссэн гэж харж байгаа. 2020 онд ******* нь уурын зуухны нэгдсэн халаалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Тус уурын зуухны барилга төрийн өмч гэдгийг анхан шатны шүүхээс тогтоож чадаагүй учраас энэ нь төрийн өмч биш юм гээд татгалзсан байгаа гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уурын зуухны барилга нь 1991 онд өмч хувьчлалаар манай сумын хүн авч байсан байдаг. 1997 онд тус уурын зуухны барилгыг 1.0 сая төгрөгөөр тухайн үед үнэлж сумын ЗДТГ-т буцааж өгч байсан. Түүнээс хойш ЗДТГ үйл ажиллагааг нь явуулж байгаад жинхэнэ ЗДТГ-ын данс бүртгэлд хүлээж авахдаа яг уурын зуухны барилгыг хүлээж аваагүй байдаг. Зөвхөн бүртгэлтэй нь газар доогуурх шугам, эрчим хүчний худаг, агаарын шугам гэх мэтчилэн бодит зүйлсийг ЗДТГ-ын дансанд бүртгэж аваад бусад зүйлс нь бүртгэлгүй байдаг. Энэ маргаан нь 1997-1998 онуудын хооронд өмч нь эзэнгүйдэж эхэлсэнтэй холбоотой үүссэн гэж харж байгаа. 2020 онд ******* нь уурын зуухны нэгдсэн халаалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг.

Тус уурын зуухны барилга төрийн өмч гэдгийг анхан шатны шүүхээс тогтоож чадаагүй учраас энэ нь төрийн өмч биш юм гээд татгалзсан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас харьцуулан үнэлээгүй, хэргийн үйл баримтад эрх зүйн оновчтой дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газарт холбогдуулан тус суманд ашиглалтад орсон уурын зуухны өмчлөгч нь ХХК болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг буюу Завханмандал сумын Эрчим хүчний ХЭАА-н хөрөнгийг шилжүүлсэн тухай хурлын протокол, кассын зарлагын ордер гэсэн баримтуудыг хариуцагчаас гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуучин уурын зуухны барилга нь орон нутгийн өмч гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

Маргаан бүхий хуучин уурын зуухны чулуун барилгыг анх аймгийн өмч хувьчлалын 1993 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн хурлын шийдвэрээр иргэн д хувьчилсан байна.

1997 онд иргэн ын хувьчилж авсан гэх хуучин уурын зуухны чулуун барилгыг Ж. /ын эхнэр /нь багцаар нь 1000.000 төгрөгт тооцож, Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газарт худалдсан байна.

Тухайн уурын зуухны барилгыг хариуцагч байгууллага бүртгэж аваагүй боловч уг барилгын газар доорх шугам, агаарын шугам, худаг нь Завханмандал сумын засаг даргын тамгын газарт бүртгэлтэй болох нь хариуцагчийн тайлбар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбараар тус тус тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай , газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг болно гэж заасан байна.

Эндээс үзэхэд маргаан бүхий хуучин уурын зуухны барилга болон түүний доорх газар, шугам, агаарын шугам худаг нь Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газрын өмч гэж үзэхээр байна.

Харин уг барилгыг тойруулан иргэн Я.******* хашаа хатгаж, 1771 мкв талбай бүхий газрыг эзэмшиж байсан байх ба уг газрыг ХХК нь худалдаж авсан нь талуудын тайлбар, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар ******* ХХК, Завханмандал сумын засаг дарга нар нь харилцан тохирч 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь тус суманд шинээр төвлөрсөн халаалтын зуухны шугам сүлжээний газар барихаар тохиролцсон байна.

ХХК нь өөрийн эзэмшлийн газар дунд байрлах тус сумын өмчлөлийн хуучин уурын зуухны 5.413.000 төгрөгийн үнэ бүхий барилгад 189.437.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар засан сайжруулалт хийж, тухайн сумыг дулаанаар хангах, шинэ уурын зуухыг бий болгож, ашиглалтад оруулж, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хариуцагч байгууллага нь тухайн засан сайжруулалтыг хийж байх хугацаанд уг уурын зуух нь орон нутгийн өмч гэж маргаагүй мөн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд орон нутгийн өмч биш учраас өмчлөлөөсөө татгалзаж байна гэсэн тайлбарыг өгсөн байна.

Иргэний хуулийн өмчлөх эрхийн зохицуулалтад бусдын эд хөрөнгийг шинээр засан сайжруулах замаар шинээр үл хөдлөх эд хөрөнгө бий болсон тохиолдолд өмчлөх эрх хэрхэн үүсэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй учир Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг төсөөтэй хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий болсон бол уг этгээд болон эд хөрөнгийн өмчлөгч шинээр бий болсон эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх бөгөөд тэдэнд ногдох хэсгийг өмчлөх бөгөөд тэдэнд ногдох хэсгийг материалын өртөг, үйлдвэрлэлийн зардалтай хувь тэнцүүлэн тодорхойлно.

Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т энэ зүйлд заасан талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө, эсхүл илүү хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө тал нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч ХХК нь Завхан аймгийн Завханмандал суманд шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байхаар байна.

Иймд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь.

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 140/ШШ2022/00440 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багт байрлах 2020 онд ашиглалтад орсон уурын зуухны өмчлөгч нь ХХК нь болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт буюу Завханмандал сумын Эрчим хүчний ХЭАА-н хөрөнгийг шилжүүлсэн тухай хурлын протокол, кассын зарлагын ордер гэсэн баримтуудыг хариуцагч Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР