Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/0426

 

“Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:           Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:              Г.Банзрагч

                               Б.Мөнхтуяа

                               Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Т т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0441 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 525 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ийг оролцуулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0441 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Т т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Т т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 525 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын гомдолдоо: “...Магадлалд Байгалийн цогцолборт газарт хамаарах эсэх нь маргаантай хилийн зааг тодорхой эсэх, байгалийн унаган төрхийг эвдсэн эсэх нь тодорхойгүй, анхан шатны шүүх дээрх дүгнэлтийнхээ үндэслэлийг бүрэн тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл маргаан бүхий газарт нь тусгай хамгаалалттай газар ашиглах эрх бүхий газрын хил заагийг нарийвчлан тогтоогоогүй, газрыг ашигласан тохиолдолд байгалийн унаган төрх алдагдахад хүрэх эсэхийг бүрэн тогтоох, үүний тулд шүүхийн үзлэг хийх зэрэг шаардлагатай /хил заагийн талаарх/ нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй гэжээ.
  1. Хариуцагч захиргааны байгууллага нь тусгай хамгаалалттай дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог. Гэтэл “Т т” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 1.0 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан.
  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон. Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэн Байгалын цогцолборт газрын дэглэмд холбогдох зориулалтыг дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин анх олгосон сайдын тушаалыг хүчингүй болгосон. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 525 дугаар магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

  1. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-154 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Ташгайн ам нэртэй газарт байрлах 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг нэхэмжлэгч “Т т” ХХК-д олгосон;  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355  дугаар тушаалаар “... Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон ...” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүсгэсэн тушаал багтсан; нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/355  дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “манай компани хууль ёсны дагуу газар ашиглах эрхийг авсан, газар ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд, тогтоосон хувь хэмжээгээр тогтмол төлж ирсэн, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, захиргааны байгууллага хуульд зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй, манай газрын баруун, зүүн талд байрлах газар эзэмшигчдийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх одоо болтол хүчин төгөлдөр байхад манайхыг хүчингүй болгосонд гомдолтой” гэж, хариуцагчаас “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон сайдын тушаал нь анхнаасаа хууль зөрчсөн” гэж тус тус маргасан байна.
  1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлдБайгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ”, 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно” гээд 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заажээ.
  1. Хуулийн дээрх зохицуулалт, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Т т” ХХК-д олгогдсон маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд[1] орсон бөгөөд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагаанд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх хамаарахгүй буюу хориглосон үйл ажиллагаанд хамаарах учир “...хариуцагч нь анх 2012 оны А-154 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохдоо аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн байх ба уг хууль зөрчсөн алдааг залруулж сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалыг гаргасан байх тул маргаан бүхий 2019 оны А/355 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хуульд нийцсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
  2. Ийнхүү хэргийн үйл баримт тодорхой, тодруулбал, маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орсон нь баримтаар тогтоогдсон бөгөөд хэргийн оролцогчид энэ асуудлаар маргаагүй; уг бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах боломжгүй; нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх авснаас хойш газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж байсан ч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул газрыг ашигласан тохиолдолд байгалийн унаган төрх алдагдахад хүрэх эсэхийг бүрэн тогтоох ач холбогдолгүй; эдгээртэй холбоотой нэмж цуглуулах нотлох баримт шаардлагагүй байхад давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад ач холбогдолгүй нотлох баримтуудыг цуглуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй.
  1. Иймд, “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь Сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
  1. Дээрх үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр  сарын 03-ны өдрийн 525 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

           ШҮҮГЧ                                                                      М.БАТСУУРЬ

 

[1] Хх-121 дэх тал (тусгай хамгаалалттай газар нутгийн байршлын бүсийг харуулсан зураг)