Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02055

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02055

 

 

 

Н СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02406 дугаар шийдвэртэй,

Н СӨХ-ны нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 479,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, үйлдвэр гудамж 49/4 дүгээр байрны *** тоотод оршин суугч Г.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй. СӨХ-ны төлбөр сарын 27,040 төгрөг бөгөөд 2015 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлбөр тогтоосон тогтоолд өөрчлөлт ороогүй. Цар тахлын үед буюу 2021 оны СӨХ-ны төлбөрийг 19,040 төгрөгөөр тооцсон. Иймд хариуцагчаас дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 479,900 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Цар тахлын үед буюу 2020 оны 10 сараас 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цахилгааны төлбөрийг Засгийн газраас төлсөн. Гэтэл халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 479,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Тус байрны босоо шугам 2020 оны 8 сард задарч, ус алдаж, орон сууцны 3 дахь өрөөний урд талын ханаар ус нэвтэрч орсноор обой хуурсан. СӨХ-д хандсан боловч арга хэмжээ аваагүй тул Г.Б- 600,000 төгрөгийн засвар хийсэн. Гэтэл 2021 оны 5 сард дахин ус алдаж, хохирол учирсан. Орон сууцны контор усны босоо шугмыг сольсон бөгөөд Г.Б- нь дахин 700,000 төгрөгөөр засвар хийсэн. 2015 оноос 2022 оны 3 сар хүртэл СӨХ-ны дарга 5 удаа солигдсон. СӨХ нь огт ажил хийдэггүй. Н СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоолд тус орон сууцанд амьдардаггүй хүмүүсийн нэр оруулсан ба даргыг сонгож баталгаажуулаагүй. Н СӨХ-ны удирдлага хуралдаж тайлан, тооцоогоо хийсний дараа төлбөрөө төлж болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-гээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 417,760 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н СӨХ-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: СӨХ-ны Удирдах зөвлөлийг хуралдуулахгүйгээр дур мэдэн Э.Баярмаа нь өөрийгөө томилсон. СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар бүх асуудлыг шийдвэрлэдэг журмыг зөрчиж хууль бус тушаал гарган шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч Г.Б-гийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамжны 49/4 дүгээр байр *** тоот өрөөний 3 дахь өрөөнд босоо шугам задарснаас ус алдаж СӨХ, орон сууцны конторт хандсан ч сайжруулаагүй, хариуцах эзэн олдоогүй. Би өөрөө засвар хийсэн. Засварт 1,500,000 төгрөг зарцуулсан. Гэтэл СӨХ, орон сууцны контор аль нь ч хариуцлага хүлээгээгүй. Гэтэл дахин 2020 онд конторын босоо шугамнаас ус алдсан бөгөөд тухайн үед СӨХ сольж өгсөн. Ийм хариуцлагагүй СӨХ-д мөнгө төлөөгүй.

СӨХ-ны дарга, нягтлан бодогч нар өөртөө тушаал гаргаж, цалингаа 1,000,000 төгрөгөөр тогтоосон байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1,500,000 төгрөгөөр цалингаа тогтоосон. Ийм хууль бус үйлдлийг оршин суугчийн хувиар хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууц харуул хамгаалалтгүй, эмх, замбараагүй байдлаар 4-5 жил болж байхад СӨХ-г цалинжуулах нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх зөв дүгнээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх 417,780 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 50 хувь болох 208,880 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н СӨХ нь хариуцагч Г.Б-д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал 479,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Засаг дарга 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс таун1 хотхоны байруудыг хамруулан Н СӨХ-г бүртгэж, 20/44 тоот гэрчилгээ олгосон ба тус СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар гүйцэтгэх захирлаар Э.Баярмааг томилсон байх тул тэрээр тус СӨХ-г төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

3.а. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 49-ийн 2, 3, 4 дүгээр байрны удирдах зөвлөлийн гишүүдийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тогтоолоор Н СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, ашиглалт, завсар үйлчилгээний зардлыг 27,040 төгрөгөөр тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх 3/

 

3.б. Хариуцагч Г.Б- нь тус дүүргийн 49/4 дүгээр байрны *** тоот орон сууцны өмчлөгч болох, мөн тэрээр 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 4 сар хүртэл хугацааны буюу 19 сарын орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч Н СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Г.Б-гээс орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг шаардах эрхтэй.

 

4.а. Хариуцагч Г.Б- нь Тус СӨХ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдаагүй, тайлангаа тавьдаггүй, засвар үйлчилгээ хийдэггүй, мөн цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр дулаан, цахилгааны төлбөрийг төр хариуцахаар шийдвэрлэсэн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй нь түүнийг хуульд заасан үүргээс чөлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар Сууц өмчлөгчдийн холбоонд зохих шаардлага тавих, үйл ажиллагаанд оролцох нь хариуцагчийн хувьд нээлттэй.

 

4.б. Түүнчлэн конторын босоо шугамнаас ус алдаж, Г.Б-гийн орон сууцад хохирол учирсан нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаас хохирлыг суутган тооцох үндэслэл болохгүй. Мөн энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарыг үндэслэн 2020 оны 10-12, 2022 оны 01-04 дүгээр сарын төлбөрийг 27,040 төгрөгөөр, 2021 оны 01-12 дугаар сарын төлбөрийг 19,040 төгрөгөөр тооцож, хариуцагчаас нийт 417,760 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 62,140 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ