Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 202/МА2023/00004

 

                                               

 

****** Хадгаламж, зээлийн хоршооны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 137/ШШ2022/00504 дүгээр шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: “******” Хадгаламж, зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У,

 

Хариуцагч: Х нарт холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,846,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын өмгөөлөгч С-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Х, хариуцагч нарын өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ****** ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “Зээлдэгч Х, У нар нь ****** ХЗХ-ны Замын-Үүд дэх салбартай 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн шугамын ЗГ/11276 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд **** ДГО улсын дугаартай, №****гэрчилгээний дугаартай автомашин, тоног төхөөрөмж /****пот/-ыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгчийн Хаан банк дахь ****тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/11276 дугаартай зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт нэг буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, хоршооны зүгээс зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа ****, ****дугаараар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч “******” ХЗХ-ны Замын-Үүд салбарт ноцтой хохирол учруулж байна. зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 4,213,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 551,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 81,580 төгрөг, нийт 4,846,080 төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24:3, талуудын хооронд байгуулсан ЗГ/11276 тоот зээлийн гэрээг үндэслэн дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үндсэн зээл 4,213,000 төгрөг, үндсэн хүү 551,500 төгрөг, нийт 4,846,080 төгрөгийг гаргуулж, Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч нарын өмгөөлөгч С анхан шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбарын агуулга: “...Х, У нар нь “******” ХЗХ-ноос 2021 оны 11 сарын 03-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 5 сая төгрөгийг 3.5%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг сар болгон төлсөн. Зээлийн хүүнд нийт 12 сарын хугацаанд 517,000, 524,000, 554,000, 156,000, 150,000, 183,000 нийт 2,084,000 төгрөг төлсөн байна. Харин үндсэн зээлийн төлж чадахгүй байгаа нь үнэн юм  ” гэжээ.    

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч У, Х нараас үндсэн зээлийн төлбөр 4,213,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 551,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,580 төгрөг нийт 4,846,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****** Хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд салбарт олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,487.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У, Х нараас 92,487.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож,

 

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын өмгөөлөгч С-ийндавж заалдсан гомдлын болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “4.1. ... Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу хэргийн бодит байдалд тулгуурлаж дүгнэлт өгсөнгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна гэж үзээд гомдол гаргаж байна.  Учир нь Х, У нар нь "******" ХЗХ-ноос 2021 оны 11 сарын 03-ны өдөр ЗГ/11276 тоот Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 таван сая төгрөгийг 3.5%-ийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар шугаман зээл авсан. Зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргаагүй.

4.2. Харин зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүг сар бүрд нь төлж байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зээлийн хүүг хугацаанд нь төлсөн талаар маргаангүй гэж байхад 2022 оны 9 сард тушаасан 554,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцсон гэсэн тайлбарын дагуу шүүх нь үндсэн зээлээс хасаж тооцсонгүй буруу шийдвэр гаргалаа. ...Нэхэмжлэгчийн шүүх хуралд зээл болон хүү төлсөн гэх тооцоололд уг сүүлд төлсөн гэх 554,000 төгрөгийг ямар ч тооцоонд оруулаагүй хасаж тооцоогүй мөн шүүхийн шийдвэрт уншихдаа нэмэгдүүлсэн хүүнд тооцсон гэж хэлсэн боловч шийдвэрт тусгаагүй орхисон болох нь харагдаж байгаа тул үндсэн зээлээс хасаж тооцож өгнө үү.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Хариуцагч талаас 2022 оны 09 дүгээр сард 554,000 төгрөгийн гүйлгээ хийсэн гэж давж заалдах гомдолдоо бичсэн байгаа боловч манай хоршоонд 2022 оны 09 дүгээр сард 554,000 төгрөгийн гүйлгээ орж ирээгүй. Хамгийн сүүлд хийгдсэн гүйлгээ нь 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 554,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа. 554,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар задаргааг нь хэлж өгөхөд манайх бол 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүүг нэг ч удаа тооцож аваагүй байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоногоор тооцож авсан. 554,000 төгрөгөөс хийсэн гүйлгээнээс буюу Уранцэцэг, Хэрлэнчимэг нарын төлөлтөөс 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болон 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү болон 67,997.33 төгрөгийг 554,000 төгрөгийн төлөлтөөс нь нэмэгдүүлсэн болон 67,997.33 төгрөгийг хассан байгаа. Төлөлт нь үндсэн хүүгээс нь хасагдсан байгаа. Ийм учраас манайх 554,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцож аваагүй байгаа” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч нарын өмгөөлөгч Сгаас гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 137/ШШ2022/00504 дүгээр шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар хариуцагч Х, У нар нь “******” ХЗХ-ны Замын-Үүд салбараас 2021 оны 11 дүгээр сарын 03-нд сарын 3.5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийг зээлж авсан боловч зээл төлөх хуваарийн дагуу зээл, хүүг бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “******” ХЗХ-ны Замын-Үүд салбар нь хариуцагч Х, У нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 4,213,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 551,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,580 төгрөг,  нийт 4,846,080 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн болон эд хөрөнгийн барьцааны гэрээ,  “******” ХЗХ болон салбарын улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Хийн депозит дансны харилцагчийн хуулга, зээлийн дансны хуулга зэрэгт тус тус үндэслэсэн.

 

2. Хариуцагч Х, У нараас хариу тайлбарыг бичгээр гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцсон тэдний өмгөөлөгч Сгаас “...зээлийн хүүнд нийт 12 сарын хугацаанд 517,000, 524,000, 554,000, 156,000, 150,000, 183,000 төгрөг, нийт 2,084,000 төгрөгийг төлсөн тул хүү төлөхгүй, үндсэн зээл 4,213,000 төгрөгийг төлнө” гэж маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч нарын өмгөөлөгч С эс зөвшөөрч “ ... 2021 оны 09 дүгээр сард төлсөн 554,000 төгрөгийг ямар ч тооцоонд оруулаагүй хасаж тооцсон тул үндсэн зээлээс хасч тооцно уу” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх маргаанд холбогдох Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзсэн.

 

5. Хариуцагч Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх эрхийг  хариуцагч Ут итгэмжлэлээр олгосон байх ба хариуцагч У нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй боловч анхан шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч С оролцож, хариуцагч талын  байр суурийг илэрхийлжээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар түүний илэрхийлсэн байр суурийг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.6, 34.3.7-д заасан өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх, үйлчлүүлэгчийн шаардлага, татгалзал, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах” эрхтэй  гэсэнд нийцсэн, түүнчлэн мэтгэлцэх зарчмыг зөрчөөгүй гэж үзэв.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар “хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогддог” тул түүний тайлбар нь хариуцагч нарын ашиг сонирхол, зорилгыг тодорхойлсон гэж үзэх үндэстэй.

 

6. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.8-д тус тус зааснаар хадгаламж, зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох бөгөөд зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу байгуулах, Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож болохоор зохицуулагдсан.

 

Хариуцагч Х, У нар нь “******” ХЗХ-ны гишүүн болох талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч нарын өмгөөлөгч Сгаас давж заалдах шатны шүүх хуралдаанд “... зээл авсан болон гишүүнчлэл дээр маргахгүй”  гэсэн бол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, Д нарын зүгээс  гаргасан тайлбартаа “ ...Х, У нар нь “******” ХЗХ-ны гишүүнчлэлтэй” гэсэн зэргээс үзэхэд зохигчид энэ талаар маргаагүй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд  2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан  ЗГ/11276 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “... зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүнийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, “Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д заасан “...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно ” гэсэнд тус тус нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь маргаанд холбогдох хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

7. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн байх боловч баримтанд агуулагдаж байгаа зарим мэдээлэл бүрэн гаргацтай хэвлэгдээгүй байна.

 

Гэхдээ уг баримтыг нотариатчаар гэрчлүүлсэн, гэрээний гол нөхцөлийн агуулга  буюу зээлийн хэмжээ, зээлийн хүү, зээлийн зориулалт, зээл олгох хэлбэр, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, зээлийн хугацаа зэрэг нөхцөлийг уг баримтыг үндэслэн тодорхойлж, нотлох боломжтой, мөн зохигчид энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хариуцагч нарын зүгээс авсан зээлийн хэмжээ, түүнийг төлөх үүргийн талаар маргаагүй тул анхан шатны шүүх шийдвэртээ хэрэгт авагдсан зээлийн гэрээг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзэв.

 

8. Харин хариуцагч талаас анхан шатны шүүхэд “ ... хүү төлөхгүй, үндсэн зээлийг төлөх ...” гэсэн агуулга бүхий байр суурийг илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зээлийн хүү,  хүүгийн тооцооллын талаар маргаж,  давж заалдсан гомдолдоо “... шүүх нэмэгдүүлсэн хүүг давхар тооцон,  ...төлсөн 554,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан нь буруу, ...554,000 төгрөгийг ямар ч тооцоонд оруулаагүй хасаж тооцоогүй... тул үндсэн зээлээс хасах ...” гэжээ.

 

Эндээс үзвэл хариуцагч талын татгалзал болон давж заалдсан гомдлын агуулгыг нэхэмжлэлд дурдагдсан зээлийн тооцооллыг эс зөвшөөрч, улмаар нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзсан гэж дүгнэхээр байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.5-д “Нэмэгдүүлсэн хүү  зээлийн хүүний 20 хувь байна, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн дүнгээс гэрээний 2.4-т заасан /3.5 хувь/ зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцно.” гэж, 2.1.6-д “... зээл, зээлийн хүүг төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралтад тодорхойлов.” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтад заасан хугацаанд төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзэж нэмэгдүүлсэн хүү тооцох, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцжээ.

 

9. Хариуцагч нар нь зээлийн гэрээний 2.1.5, 2.1.6, 3.2.4-д зааснаар  гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 2021.11.20-ний өдрөөс эхлэн 2022.10.20 хүртэл нийт 12 сарын хугацаанд сар бүрийн 20-нд үндсэн зээл, хүүд нийт 517,500 төгрөгийг “******” ХЗХ-нд төлөх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Х депозит дансны харилцагчийн хуулга, Х, У зээлийн дансны хуулга /хх 29-30/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. Эдгээр баримтыг үндэслэвэл:

 

  • 2021 оны 12 дугаар сарын 01-нд эхний төлөлт 517,000 төгрөгөөс үндсэн хүүд 97,808 төгрөг, зээлд 419,192 төгрөг,
  • 12 дугаар сарын 27-нд 524,000 төгрөгийг төлснийг  үндсэн хүүд 164,115 төгрөг, зээлд 359,885 төгрөг,  
  • 2022 оны 03 дугаар сарын 31-нд 554,000 төгрөг төлснийг 67,997 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд, үндсэн хүүд 439,348 төгрөгийг, зээлд 923 төгрөгийг тооцсон, мөн гэрээнд өөрчлөлт оруулсан 1% 42200 төгрөг суутгаж, үлдсэн 3532 төгрөгийг 2022.04.20-ны өдөр үндсэн хүүд суутгасан,
  • 04 дүгээр сарын 26-нд 156,000 төгрөг төлснийг үндсэн хүүд 150,544 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,827 төгрөг,
  • 06 дугаар сарын 10-нд 150,000 төгрөг төлснийг үндсэн хүүд 129605 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,395 төгрөг,
  • 06 дугаар сарын 28-нд 183,000 төгрөг төлснийг нэмэгдүүлсэн хүүд 17,481 төгрөг, үндсэн хүүд 165,519 төгрөг төлсөнд тус тус тооцсон,
  • 2022 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар үндсэн зээл 4,219,999 төгрөг, үндсэн хүү 493,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,925 төгрөгийг үлдэгдэлтэй байжээ.

 

Ийнхүү хариуцагч нар нь гэрээнд заасанд хугацаанд зээлийг хүүгийн хамт эргэн төлөх үүргээ зөрчсөн буюу 2022.06.28-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч “******” ХЗХ-ны Замын-Үүд салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,213,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 551,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,580 төгрөг, нийт 4,846,080 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн.

 

            10. Дээрх хуульд зааснаар талууд гэрээгээр тохиролцсон тохиолдолд гэрээнд заасан хүүг төлөх, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагч нарын зээлд төлсөн төлбөрөөс буюу нийт 2,084,000 төгрөгөөс нэхэмжлэгч нь зээлд 780,000 төгрөг, зээлийн хүүд 1,146,939 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 111,700 төгрөг тус тус тооцож суутгасан нь гэрээгээр тохиролцсон хувь хэмжээг зөрчөөгүй, тооцооллыг алдаатай, буруу гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Энэ нь талууд зээлийн гэрээний 2.2.6-д “Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд гэрээний 2.1.4-т заасан заасан зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчмыг баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ.” гэж зааж тохиролцож, улмаар хариуцагч нарын гэрээний дагуу төлсөн төлбөрөөс эхэлж нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг тооцож хассан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т заасан үүрэг гүйцэтгэх дараалал буюу “...төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэсэнд нийцжээ.

 

            11. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн хүүг төлөхгүй тухай татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргийн талаарх зарчмыг зөрчөөгүй болно.

 

12. Мөн хариуцагч нар 2022 оны 06 дугаар сарын 28-наас хойш огт төлөлт хийгээгүй нь Х депозит дансны харилцагчийн хуулга, Х, У зээлийн дансны хуулга /хх 29-30/  зэргээр тогтоогдсон тул  тэдний өмгөөлөгч Сгаас гаргасан давж заалдах гомдолд дурдсан төлбөрт төлсөн 554,000 төгрөгийг тооцоонд оруулаагүй гэж үзэх болон  үндсэн зээлээс хасах үндэслэл нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Эдгээр  нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х, У нарын өмгөөлөгч Сгаас гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

13. Хариуцагч нарын өмгөөлөгчөөс гаргасан давж заалдсан гомдлыг хангаагүй тул  гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 137/ШШ2022/00504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч С-ийндавж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч Уийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,623  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       А.САЙНТӨГС