Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00018

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00018

 

 

,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02825 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,-д холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож, туслах хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,-д холбогдуулан

1.а. ,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/39, А/58 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах,

,,,,,,,,,,,,,,,, нь тус компанид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хуульчаар ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд зохих ёсоор ажлаа гүйцэтгэсэн. Эмнэлгийн байгууллагад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн зарим шинжилгээний хариу тааруу гарч улмаар хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэх хариуг авсан буюу өвчнөөс шалтгаалан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд өвчтэй эмнэлгийн магадлагаатай байсан. Гэтэл нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай А/58 дугаартай тушаал (тушаалыг албан ёсоор танилцуулж, хувийг ирүүлээгүй) гарган туслах хуульчаас чөлөөлж, албан тушаал бууруулан Овоот толгойн уурхайн даргын туслахаар томилсон байна. Энэ нь ажил олгогчтой 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийг дордуулах замаар хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал н.Далангурванд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/39 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хандаж, өргөдөл гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариуг албан ёсоор өгөөгүй болно.Уг тушаалыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 16 минутад хүлээн авч танилцсан.Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, хяналтын дор ажил үүрэг гүйцэтгэж цалин хөлс авахаар ажил олгогчтой тохиролцон гэрээс ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулж болно гэж заасан. Хүний нөөцийн ерөнхий зохицуулагч ажилтай Д.Нэмэхбаяр нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үед өмнө нь ямарваа нэгэн байдлаар танилцуулаагүй буюу тохиролцоогүй Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ гэх гэрээ авчирч уншаад, гарын үсгээ зур гэхэд нь юун, ямар учиртай гэрээ болохыг тодруулан асуухын зэрэгцээ ажил олгогч тал ажилтантай байгуулсан гэрээг өөрчлөх тохиолдолд тухайн ажилтантай тохиролцсон байх ёстойг сануулсан.

Гэтэл хүний нөөцийн ерөнхий зохицуулагчаас энэ гэрээг би боловсруулаагүй, хуульч боловсруулсан мөн Захиргаа, Хүний нөөц хариуцсан ахлах менежер өөрт чинь гэрээг үлдээж болохгүй, харж байгаад гарын үсгийн зуруулаад буцаагаад авчир гэх үүрэг, чиглэлийг өгсөн тул менежертэй очиж уулз гэх хариултыг өгсөн.Захиргаа, Хүний нөөц хариуцсан ахлах менежер Д.Нэмэхбаяр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим нь өрөөндөө дуудаад Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай удирдлагуудтай хамт Өмнөговь аймаг явна, чи энэ гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахгүй гээд зураагүй байх тул яг одоо гэрээнд гарын үсгээ зур гэж тулган шаардсан. Хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн гэрээний 2.5-д "Энэхүү гэрээнд заасны дагуу ажил олгогч гэрээнд заасан ажилтны ажил үүрэг, ажлын байр, ажлын цаг, цалингийн хэмжээг өөрчлөх тохиолдолд гагцхүү ажилтантай зөвшилцөж тохиролцсоны үндсэн дээр гэрээнд өөрчлөлт оруулж гарын үсэг зурж өөрчилнө, мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д ажил олгогч дараах эрхтэй гэх зүйлийн 9.1.2-д "Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, тус журмын 9.3-д ажилтан дараах эрхтэй гэх зүйлийн 9.3.1-д Компанитай сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах гэж заасан. Иймд тухайн гэрээтэй танилцах нөхцөл, боломж олгоно уу гэх хүсэлтийг тавихад менежер Д.Нэмэхбаяр нь уншаад гарын үсгээ яг одоо зур хэмээн дахин тулган шаардсан тул энэ гэрээ ажил олгогч талын хүсэл сонирхлоор хийгдсэн буюу ажилтантай тохиролцоогүй, хөдөлмөрлөх нөхцөлийг дордуулсан эсэхийг мэдэхгүйгээр гарын үсгээ зурах боломжгүй гэж үзэн эрс татгалзахад би чамд арга хэмжээ авна эсхүл ажлаас чинь халж чадна шүү гэж сэтгэл зүйн дарамт, шахалт үзүүлэх аргаар заналхийлсэн үйлдэл гаргасан. /Мөн бусад ажилтнуудаас и-мэйлээр асууж, тодруулах замаар баримт цуглуулах аргыг хэрэглэнэ гэж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино; гэж заасан. Б. Нарангаравыг ямар дүгнэлт, шийдвэрийг үндэслэн мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй, тушаалын үндэслэл хэсэг нь илт хууль зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй

Монголиан транспортэйшн гейт ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо тэдний нэхэмжилсэн 299,766,727 төгрөгийг дур мэдэн хүлээн зөвшөөрсөн, нягтлаагүй, үнийн дүнг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт, тайлбарыг шүүхэд гаргаж өгөөгүй ноцтой зөрчил гаргасан гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон шийдвэр, нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан. Мөн өдрөө компанийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажлын албан өрөөнд орж, Монголиан Транспортэйшн гейт ХХК-аас гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тушаал зэргийг нь танилцуулахад хариуцсан нягтлан бодогч нь Ц.Одбаяр тул нягтлан бодогчоос санхүүгийн холбогдох данс, бүртгэлийг авах гэх үүрэг, чиглэл өгсөн тул нягтлан бодогч Ц.Одбаярын ажлын байр нь дээр очиж нэхэмжлэлийг танилцуулж, холбогдох санхүүгийн бүртгэлийг гаргаж өгөхийг хүсэхэд нягтлан бодогчоос 2 талын нягтлан бодогч нар өр авлагыг тулган баталгаажуулалт хийгээгүй, байхгүй гэх хариулж, нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхэд хүлээлгэн өгч болох санхүүгийн тайлан тооцоо, баримтыг гаргаж өгөөгүй болно. Компанид Захиргаа, хүний нөөцийн менежер Д. Баянбат 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр /2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хуулийн хэлтсийн менежерээр томилогдсон/ хамтран ажиллаж байсан Сноу Хилл хуулийн фирмээр хариуцагчийн тайлбарыг бичүүл гэх үүрэг, чиглэлийг өгсөн тул хуулийн фирмтэй холбогдож нэхэмжлэл, холбогдох гэрээ зэрэг мэдээллийг и-мэйл хаягаар нь илгээсэн.

Сноу Хилл хуулийн фирмээс 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хүлээлгэн өгсөн хариуцагчийн тайлбарыг бичиж, и-мэйл хаягаар минь ирүүлсэн. Уг хариу тайлбарыг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер, захиргаа, хүний нөөцийн менежер нарын компанийн албан ёсны и-мэйл хаяг руу нь хариу тайлбартай танилцаад саналаа өгнө үү хэмээн илгээсэн болно.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн тайлбартай танилцлаа, шүүхэд хүлээлгэн өгч болно гэх чиглэл, шийдвэрийг өгсөн тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн /и.мэйл хаяг руу илгээсэн. Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг болох Ажлын байрны тодорхойлолт-д ахлах хуульчид туслан түүнээс өгсөн чиглэлийн дагуу компанийн бизнесийн үйл ажиллагаа, хууль тогтоомж болон бусад эрх зүйн акттай нийцэж байгаа эсэхийг хянах, хариуцан ажиллах гэж тодорхойлон заасан байдаг.

Харин компанийн санхүүгийн тайлан тооцоо, гэрээлэгч нартай байгуулж буй гэрээний үнийн дүн, харилцагч нараас нэхэмжилсэн мөнгө, өр төлбөртэй холбоотойгоор үүссэн үнийн дүн зөв эсхүл буруу болохыг хянах нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй. Компанид Баруун Баян Транс ХХК, Монголиан Транспортэйшн Гейт ХХК- аас удаа дараа ирүүлсэн албан бичиг, шаардах эрх шилжүүлэх гэрээний хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 28-ны Монголиан Транспортэйшн Гейт ХХК болон Авто Кали ХХК, Чандмань Каротаж ХХК-тай тус тус орон сууц худалдах, худалдан авах гэрээ г байгуулахдаа 50,976,000 төгрөгийг илүү шилжүүлсэн болох нь холбогдох гэрээ, санхүүгийн бүртгэлээр тогтоогдож байхад миний биеийг компанид хохирол учруулсан гэж үзсэнг хүлээн зөвшөөрөхгүй.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг өөрийн удирдлага болох Хуулийн хэлтсийн менежер Д.Баянбатад тогтмол танилцуулж, шүүх хуралд ямар байр суурь баримталж ажиллах талаарх үүрэг, чиглэлийг тогтмол авч ажилласан.

Тухайлбал менежер Д.Баянбатаас манай компани нь Баруун баян транс ХХК-д гэрээний үлдэгдэл төлбөртэй болох нь үнэн, нэхэмжлэгч Монголиан Транспортэйшн Гейт ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргуулах, шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу тухайн компанид гэрээний үлдэгдэл төлбөрийг төлнө гэх чиглэлийг баримталж ажиллах хэрэгтэй өөрөөр ямар нэгэн байдлаар маргах, маргаан үүсгэх хэрэггүй гэх байр сууринаас оролцох талаар өгсөн үүрэг, чиглэлийг өгч байсан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Монголиан транспортэйшн гэйт ХХК-ийн нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,,,,,,-д холбогдох иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,-аас 299,766,727 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл санхүүгийн баримт, гэрээлэгч компанитай хийсэн тооцоо нийлсэн актад Саусгоби Сэндс 248,790,727 төгрөгийн өртэй байх бөгөөд дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу 50,976,000 төгрөг илүү төлсөн, тодотгож хэлбэл өмнө нь төлчихсөн байсан төлбөрийг дахин төлөхөөр болсон. В.Нарангарав нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохдоо компанийн ашиг сонирхлыг хамгаалаагүй, түүнчлэн албан үүрэгтээ хайнга хандаж нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн. Бүтэн 6 сар, 17 хоногийн хугацаанд дээр дурдсан ажлуудыг тэрээр гүйцэтгэх бүрэн боломжтой байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар ,,,,,,,,,,,,,,,,т 2 сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэхүү хугацаанд компанид учруулсан 50,976,000 төгрөгийн хохирлыг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар арилгах, энэ ажилд нь үр дүн гаргах, анхаарал төвлөрүүлэх, өөр ажил хийлгэж алдахгүй байх зорилгоор түүний гэрээний төсөл боловсруулах, батлуулах ажлыг Ерөнхийлөгч гүйцэтгэх захирлын туслах Э.Саруулд түр хугацаагаар шилжүүлсэн.

Гэвч тэрээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, гэрээс ажиллах хөдөлмөрийн гэрээнээс татгалзсан, түүнчлэн энэ хугацаанд оффист ажиллаж байсан тул Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаар тушаалаар өмнөх 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалыг хүчингүй болгосон. Нэхэмжлэлд дурдсан тушаал нь нэгэнт хүчингүй болсон, дахин хүчингүй болгох боломжгүй.

//Мөнххада ХХК-ийн боловсруулж, гарын үсэг зурж, тамга дарж ирүүлсэн гэрээний төслийг ,,,,,,,,,,,,,,,, нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр захиалагч хэлтсийн менежер, санхүүгийн асуудал хариуцсан менежер, хуульч нараар хянуулахгүйгээр шууд Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захиралд танилцуулан гарын үсэг зуруулж, түүний туслах Э.Саруулаар тамга даруулан авсан. Захиргаа, хүний нөөцийн Ахлах менежерээс өгсөн чиглэлийн дагуу ,,,,,,,,,,,,,,,,аас гэрээний төслийг боловсруулах, батлуулах ажлаа хүлээлгээд өгчихсөн байж, хянуулаагүй, хянасан гарын үсэггүй " гэрээний төслийг хэрхэн, яаж Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захиралд танилцуулсныг асуухад тэрээр гарын үсэг зуруулаад, тамга даруулсаныхаа дараа устгачихсан гэсэн бөгөөд эдгээр нь Захирал, Ахлах хуульч, Захирлын туслахын өгсөн тайлбараар нотлогддог.

Түүний энэхүү үйлдэл нь Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 8 дугаар зүйлийн 8.1,2-т Уншиж нийлээгүй, стандартын шаардлага хангаагүй, холбогдох бүтцийн нэгжийн даргаар хянуулаагүй, зохих журмын дагуу санал, зөвшөөрөл аваагүй баримт лшг байгууллагын удирдлагад танилцуулахыг хориглоно, 8 дугаар зүйлийн 8.1.5-т Баримт бичгийн батлагдсан эх хувийг өөрчлөх, засварлах, устгахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн болно.

Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/57 дугаар тушаалаар дээр дурдсан зөрчлийг шалгаж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий комиссыг байгуулсан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар тушаалаар ,,,,,,,,,,,,,,,,т албан тушаал бууруулах сахилгын ногдуулсан.

,,,,,,,,,,,,,,,,ыг уурхайн даргын туслахаар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилогдсонтой холбогдуулан түүнд өмнө нь хийж байсан /тендерийн/ ажлаа хүлээлцэж, шинэ ажлаа авахыг удаа дараа мэдэгдсэн. ,,,,,,,,,,,,,,,, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа урьдын адил 8 цагт ирж, ажилласан нь компанийн камерын бичлэгээр, хамт ажиллаж байсан ажилтнууд, өөрийнх нь бичиж Захиргаа, нөөцийн хэлтэст ирүүлсэн цагийн бүртгэлээр тус тус нотлогддог. Түүний бичиж ирүүлсэн цагийн бүртгэлийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн цалинг бодож, олгосон.Тухайн өдрийн үдээс хойш, комисс хуралдаж байхад ,,,,,,,,,,,,,,,, нь чөлөө авалгүй, эсхүл өвдсөнөө мэдэгдэлгүйгээр гэнэт гараад явчихсан тул комиссын дүгнэлт, гарсан шийдвэрийг түүний и-мэйл хаягаар илгээж, утсаар ярьж, мэдэгдсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн туслах хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,-аас 9,836,268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 172,331 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Сахилгын шийтгэл ногдуулах тухай Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ихэсгэсэн. Тэрээр уг тушаалтай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1, 158.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн болно. Үүнээс гадна анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо тус дүүрэгт байгуулагдаагүй болох нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 311 дүгээр албан бичгээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч Б. Нарангаравын хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх хүлээн авч... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь анх Хугацаатай үүрэг даалгавар өгөх тухай Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүх хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/Ш32022/08969 дугаартай захирамжаар нэхэмжлэхийг хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү Хугацаатай үүрэг даалгавар өгөх тухай Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13 -ны өдрийн А/39 дүгээр тушаалыг нэхэмжлэгч нь үндэслэлгүй гэж үзэн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахад Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 311 тоот албан бичгээр дээр дурдсан хариуг өгсөн байдаг. Шүүх Хугацаатай үүрэг даалгавар өгөх тухай А/39 дүгээр тушаалтай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа асуудлын гол цөм болсон Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/58 дугаар тушаалтай холбоотой маргаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй, орхигдуулсан болно. Өөрөөр хэлбэл Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/58 дугаар тушаалтай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаанд огт хамааралгүй албан бичгийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзсэн нь буруу юм.

Сахилгын шийтгэл ногдуулах тухай Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны А/58 дугаар тушаалыг тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нь багтааж нэхэмжлэгчид и-мэйл явуулж мэдэгдсэн, үүнээс гадна Монгол шуудангаар гэрийн хаягаар нь хүргүүлсэн боловч тэрээр гэртээ байхгүй байна, маргааш хүргүүлж авна гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь хуульч хүн хөдөлмөрийн маргааны талаар нэг сарын дотор шүүхэд хандах ёстой гэдгийг мэдэж байсан болохоор 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр яаран нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Өөрөөр хэлбэл, эрх нь зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 31 хоногийн дараа нэхэмжлэгч шүүхэд хандсан хуульд заасан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 30 хоног, шүүхэд 30 хоногийн дотор хандах ёстой хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Гэвч шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар огт дүгнэлт хийгээгүй, алдаа гаргасан.

Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь Саусгоби Сэнс ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13 -ны өдрийн А/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, А/39, А/58 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, А/58 тоот тушаалд үндэслэн цалин хөлснөөс суутгагдсан цалинг гаргуулахаар даалгаж өгнө үү гэж байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эсхүл тодруулах талаар нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Гэтэл шүүх А/39 дүгээр тушаалыг огт хянан хэлэлцэхгүйгээр орхигдуулж, уг тушаалд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, үндэслэх хэсэгтээ энэ тушаалыг огт дурдаагүй буюу нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ....2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, туслах хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ гэж шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, Энэхүү шаардлагыг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхой болгох үүрэгтэй. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой биш бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулж, нэхэмжлэгчээс заавал бичгээр авах ёстой, гэтэл шүүх тодруулахдаа асуулт, хариулт байдлаар авч хариуцагчид танилцах, мэтгэлцэх боломжийг олгоогүй. . 4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т , ажил олгогч хуулийн этгээдэд 50,976,000 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Монголиан транспортэйшн гэйт ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцээд /хариуцагч Саусгоби Сэнс ХХК-аас гэрээний үүрэгт 299,766,727 төгрөгийг гаргуулж, Монголиан транспортэйшн гэйт ХХК-д олгосугай/ 02282 дугаартай шийдвэр гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүх 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцээд Анхан шатны шүүхийн 02282 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж 87 дугаартай Магадлал гаргасан. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас 00280 дугаартай тогтоол гарч, хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Эдгээр шүүхийн шийдвэрүүд гарснаар бодит хохирлын хэмжээ тогтоогдсон бөгөөд энэхүү нотлох баримтууд нь хавтас хэрэгт байсныг шүүх харгалзан үзэлгүйгээр шууд үгүйсгэн нотлох баримтаар үнэлээгүй. Энэхүү үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-ийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг зөрчсөн бөгөөд хэт нэг талын ашиг сонирхолд үйлчилсэн гэж үзэж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас гомдолд дурдаагүй асуудлаар тайлбар гаргаж байна. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, тодруулах эрхтэй. Үүний дагуу шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Хариуцагч талаас сахилгын шийтгэл ногдуулсан болохоос ажлаас чөлөөлөөгүй гэж тайлбарлаж байна. Гэвч тус тушаал гарснаас хойш ,,,,,,,,,,,,,,,,ыг ажил хөдөлмөр эрхлүүлээгүй. Өөрөөр хэлбэл ажил руу нэвтрэн орох эрх, цахим сүлжээний эрхийг хаасан. Энэ талаар шүүхийн үзлэгийн явцад хариуцагч өөрөө хэлж байсан бөгөөд хариуцагч байгууллагаас технологийн мэргэжилтэн ирж, шүүхийн үзлэгт оролцож байсан. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй ч ажлаар хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлсөнтэй адилтган үзэж байгаа. Мөн ,,,,,,,,,,,,,,,,ын үйлдсэн гэх уг зөрчлүүд тогтоогдоогүй. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар тушаалыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж гаргасан боловч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тогтоогдоогүй. Шүүх хуралдааны явцад ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 3 сарын хугацаагаар цалин хөлсийг тооцсон. Нийгмийн даатгалыг төгрөгөөр төлдөг. Мөн хөдөлмөрийн гэрээ нь ажилд орсон цагаас хойш хүчинтэй мөрдөгдөж байгаа. Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох ёстой. Талуудын аль нэг нь хөдөлмөрийн гэрээний зүйл заалттай холбоотой гомдол гаргаж байгаа тул хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нотлох баримтыг бүрдүүлэх үүргийнхээ хүрээнд тушаалыг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн. Нотлох баримтыг ямар хугацааны дотор гаргаж өгөх талаар хуулийн зохицуулалт байдаггүй. Хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

Биеийн байдлын улмаас уурхайд ажиллах боломжгүй. Уурхайд ажилд томилж буй тохиолдолд ахуй амьдралыг харгалзан үзэх ёстой. Би 4 хүүхэдтэй бөгөөд 2 нь цэцэрлэгийн насны хүүхэд. Мөн хариуцагчаас дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлээгүй гэж тайлбарлаж байна. Гэвч хэрэгт Хан-Уул дүүрэгт хөдөлмөр эрхлэлтийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй талаар баримт авагдсан.

Түүнчлэн, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/57 дугаар тушаалаар комисс байгуулагдсан гэж байгаа атлаа энэ талаар надад огт мэдэгдээгүй. Би тухайн үед ажил дээрээ ажлын 8 цаг байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийг зөрчиж байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалд зааснаар цалин хөлсийг тооцсон. Мөн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Захиргаа, хүний нөөцийн ахлах менежерт өгсөн тайлбарын хувьд өмнөх өдрүүдэд дуудаж, яг одоо тайлбар бичиж өг, бичиж өгөхгүй бол арга хэмжээ авна гэж байсан тул бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,-д холбогдуулан

2.а Тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/58 дугаартай албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож,

2.б. Тус компанийн туслах хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгох,

2.в. А/58 тоот тушаалд үндэслэн цалин хөлснөөс суутгагдсан цалин хөлсийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2.в хэсэгт холбогдох шаардлагыг тодруулахад ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах агуулгаар тайлбарлажээ./хх199-203/

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.а. Ажил олгогч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ажилтан ,,,,,,,,,,,,,,,,ыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/477 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар хуульч албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр туслах хуульчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Талууд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй. /хх 56, 43-46, 101-105/

3.б. Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02282 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр авагдсан байх бөгөөд уг шийдвэрээр 299,766,727 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,-аас гаргуулж Монголиан Транспортэйшн Гэйт ХХК-д олгож шийдвэрлэжээ. Уг хэрэгт ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан үйл баримт тогтоогджээ. /хх111-114/

3.в. ,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн А/39 тоот тушаал гарсан байх бөгөөд уг тушаалаар 299,766,727 төгрөгийг дур мэдэн хүлээн зөвшөөрч, 50,976,000 төгрөгийн хохирол компанид учруулсан тул хохирлыг шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх 2 сарын хугацаатай үүргийг ,,,,,,,,,,,,,,,,т ногдуулсан, уг тушаалаа ажил олгогч хүчингүй болгосон үйл баримт талуудын тайлбар, тушаалын бичмэл хувиар тогтоогджээ./хх 86/

3.г. ,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1, 18 дугаар зүйлийн 18.2.4, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.18, 6 дугаар зүйлийн 6.2.13-д заасныг үндэслэн ,,,,,,,,,,,,,,,, нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтээ хайнга хандаж компанид их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, туслах хуульч албан тушаалаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Уурхайн даргын туслахаар томилж, үндсэн цалинг цагийн 7,644 төгрөгөөс эхлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ./хх88/

3.д. Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо тус дүүрэгт байгуулагдаагүй болох нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 311 дүгээр албан бичгээр тогтоогдсон байна. Талууд энэ талаар маргаагүй байна./хх8/

 

 

4. Зохигч ..,,,,,,,,,,,,,,,,, нь ажил үүрэгтээ хайнга хандаж ,,,,,,,,,,,,,,,,,,,,-нд 50,976,000 төгрөгийн хохирлыг учруулсан эсэх, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх, ажилтанд ажилгүй байсан хугацааны олговор олгох эсэхэд маргаантай байна.

4.а. Хариуцагч нь ,,,,,,,,,,,,,,,, Монголиан транспортэйшн гэйт ХХК-ийн нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,,,,,,-д холбогдох иргэний хэрэгт албан үүрэгтээ хайнга хандаж, нэхэмжлэлийн үнийн дүнг сайтар нягтлалгүй хүлээн зөвшөөрч, 50,976,000 төгрөгийн хохирол учруулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02282 дугаар шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Монголиан Транспортэйшн Гэйт ХХК-д 299,766,727 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар дүгнэсэн нь нэгэнт тогтоогдсон үнэн зөв үйл баримт гэж үзэх бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаар ажилтныг буруутгах үндэслэлгүй.

Хэргийн баримтаас үзэхэд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдсэн, тайлбар авсан, сонсох ажиллагаа хийсэн гэх баримтгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02282 дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэрийг буруу гаргуулсан гэх үндэслэлээр ажилтныг буруутган 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаартай тушаалаар албан тушаал бууруулж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч хуулийн заалтад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс ажил олгогч ,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэж, ,,,,,,,,,,,,,,,,ыг урьд эрхэлж байсан туслах хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоосныг шийдлийн хувьд зөв гэж үзэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дах хэсэгт нийцнэ.

4.б. Харин анхан шатны шүүхээс .., 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар тушаалын үр дагавар нь хөдөлмөр харилцааг ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүй дуусгавар болгосон тул 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл ажлын 102 хоногийн цалин/нэг өдрийн 96,434 төгрөг/ нийт 9 836,268 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтны олговрыг зохицуулсан бол, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэг нь ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан үеийн олговрыг зохицуулжээ.

Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн маргаанд тухайн асуудлыг тусгайлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дах заалтыг хэрэглэх юм

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгох юм.

Хэрэгт ажилтны цалингийн талаарх тодорхойлолт авагдсан./хх192/

Тодорхойлолтод ,,,,,,,,,,,,,,,,ын туслах хуульчийн сарын цалин 2,200,000 төгрөг, Уурхайн даргын туслахын сарын цалин 2,037,000 төгрөг гэжээ.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр А/49 дугаартай тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журамд өөрчлөлт орсон. Уг журам 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн мөрдөгдсөн бөгөөд ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1- д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орохоор, дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байхаар заасан.

Хэрэгт авагдсан тодорхойлолт нь ажилтны цалин хөлсний цэс, задаргааг агуулаагүй байх тул нягтлан бодох бүртгэлээс Нийгмийн даатгалын байгууллагад гаргасан цалингийн тодорхойлолтод үндэслэн ,,,,,,,,,,,,,,,,ын туслах хуульчийн сүүлийн гурван сарын дундаж цалин 7,624,260 төгрөг, сарын дундаж цалин 2,541,420 төгрөг байна. Тус цалин хөлснөөс ,,,,,,,,,,,,,,,,ыг уурхайн даргын туслахаар томилж нэг сарын үндсэн цалинг тогтоосон 2,037,000 төгрөгийн зөрүү /2,541,420-2,037,000=504,420/ 504,420 төгрөг болж байна.

Иймд нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацаа болох 5 сарын хугацаагаар цалингийн зөрүү (504,420х5=2,522,100) 2,522,100 төгрөгийг тооцон олгох нь зүйтэй.

 

5. Хариуцагч нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн. ,,,,,,,,,,,,,,,, нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж, 50,976,000 төгрөгийн хохирол учруулсан гэх агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.

5.а. Мөн нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлээгүй орхигдуулсан, нэхэмжлэгч нь А/39, А/58 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан гэх агуулгаар гомдол гаргасныг мөн хүлээн авах үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг тодруулж, агуулгаар нь бүрэн шийдвэрлэсэн./хх204-207/

5.б. Харин давж заалдах гомдлоос анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн болно.

5.в. Хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь ажилтан өмнөх А/39 тоот тушаалын талаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан шийдвэрлэх журмаа хэрэгжүүлж, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд Сахилгын шийтгэл ногдуулах тухай Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг эс зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02825 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 9,836,268 гэснийг 2,522,100 гэж, 3 дахь заалтын 172,331 гэснийг 55,304 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,335 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД