Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00455

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00455

 

 

А.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00175 дугаар шийдвэртэй А.Цгийн нэхэмжлэлтэй УБТЗ, МОХНН холбогдох, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, түүний өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хууль зүйн албанд хуулийн зөвлөхөөр 2015 оноос хойш хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр сахин биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллаж ирсэн. УБТЗамын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б-1-538 тушаалаар Хууль зүйн албанд бүтцийн өөрчлөлт орж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөхөөр томилогдсон. Хууль зүйн албаны орлогч даргаар Д.Минжмаа 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Соён гэгээрүүлэх хэлтэст оруулах тул хүсэлтээ бич гэж албадан бичүүлсэн ба 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсан тул хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцална гэсэн мэдэгдэх хуудас өгч, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б-1-538 тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Соён гэгээрүүлэх хэлтэст хүчээр оруулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй. Мөн УБТЗ, МОХННн даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаартай тушаалаар хэлтэс татан буулгасан гэснийг үндэслэж мэдэгдэл өгч цуцалсан. Энэхүү тушаал нь дараах үндэслэлээр бодит байдалтай нийцэхгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон. Уг тушаалд УБТЗ ХНН-ийн эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, салбар нэгжийг татан буулгах, ажилтнуудын орон тоо хасах ажлын хүрээнд Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалт ажилтны тоог хавсралт ёсоор өөрчлөн баталсугай гэжээ. Энэ тушаалын үндэслэл нь УБТЗ ХНН нь 2018 онд эдийн засгийн хямралтай байгаа нь хэлтэс татан буулгах үндэс болсон гэжээ. Харин бодит байдал дээр тус нийгэмлэг нь Шилдэг 100 аж ахуйн нэгж өргөмжлөл гардан авч, ачаа тээврийн эргэлтийн түүхэн дээд амжилтыг тогтоосон. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдээлж, нийтэд илэрхий болсон. Гэтэл уг тушаалд тус нийгэмлэг эдийн засгийн өнөөгийн хүнд үеийг даван туулах талаар тусгасан заалт нь үндэслэлгүй болж, бодит үндэслэл байхгүйгээр хэлтсийг татан буулгасан болох нь тогтоогдож байна.

УБТЗ-ын ажилтнуудын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Зөвхөн төмөр замын удирдах газрын бүтэц орон тооны хүрээнд гэхэд алба хэлтсүүдэд орлогч дарга нарын орон тоо хэд хэдэн албанд нэмж, хэд хэдэн хэлтэс шинээр бий болгосон байдгаас ажилтнуудын орон тоог хасах, ажилтнуудын тоог цөөрүүлэх ажлыг хийгээгүй байгаа нь харагддаг. Дээрх үндэслэлээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн тушаалыг гаргасан нь үндэслэлгүй байна. Хэлтсийг татан буулгах бодитой үндэслэл байгаагүй. Тус албаны хуулийн зөвлөхүүд ажлаа хийж гүйцэтгэсээр байхад ажилтнуудын ажлын байранд зураг авалтыг хийж, ажлын цагийн ачааллыг тооцоо судалгаатай гаргалгүйгээр уг тушаалыг гаргасан нь үндэслэлгүй болсон. Иймд УБТЗ, МОХННн даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалыг үндэслэлгүй болсныг тогтоолгон, хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэн баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх шүүхэд гаргасан тайлбартаа: Хууль зүйн албаны зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох үүднээс Замын даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-464 дүгээр тушаалаар Хууль зүйн албыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэс, Гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтэс, Соён гэгээрүүлэх хэлтэс гэх 4 хэлтэстэйгээр зохион байгуулсан. Ажилтнуудын ажлын дадлага туршлага, мэргэшсэн байдлыг харгалзан үзэж Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөх Н.Болороод Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтсийн хуулийн зөвлөхөөр, Гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтсийн хуулийн зөвлөх А.Цд Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр ажиллах саналыг тавьсны дагуу эдгээр ажилтнууд нь шилжин ажиллах хүсэлтээ сайн дураараа гаргасан.

Н.Болороо, А.Ц нарын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Замын даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б-1-109 тоот тушаал гарсан. Энэ дагуу А.Цтай 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Соён Гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр ажиллуулах Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. А.Ц нь Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн Ажлын байрны тодорхойлолттой албан ёсоор танилцан гарын үсэг зурсан байдаг. А.Цг Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр томилсон асуудал нь ямар нэг хүчээр хийгдсэн зүйл огт байхгүй бөгөөд түүний өөрийнх нь хүсэл зоригийн дагуу ямар нэг дарамт шахалтгүйгээр хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа болно. А.Ц нь эрх зүйч мэргэжилтэй, УБТЗ ХНН-т хуулийн зөвлөх ажилтай байсан бөгөөд хэрвээ Соён гэгээрүүлэх хэлтэст хүчээр албадан оруулсан гэж үзсэн бол шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гарах эрхтэй байсан. Гэтэл ажилд томилсон тушаалаа гардан авч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажлын байрны тодорхойлолттой танилцан ажил үүргээ гүйцэтгэж байгаад даруй 5 сарын дараа хүчээр оруулж хууль бусаар шилжүүлсэн гэж гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.

УБТЗ ХНН-т учраад байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах салбар нэгжийг татан буулгах, орон тоог хасах, ажилтнуудын тоог цөөрүүлэх ажлын хүрээнд Замын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаал гарч Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасан. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давах туулах үүднээс тодорхой үе, шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөх А.Цд нэг сарын өмнө албан ёсоор мэдэгдсэн. Мэдэгдлийн хугацаа дуусгавар болсон тул 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-283 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-ийг үндэслэн А.Цд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олгосон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус ямар ажилд эргүүлэн тогтоолгох гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд томилох гэх шаардлага гаргаж байгаа бол УБТЗ ХНН-ийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-283 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн дагуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Соён гэгээрүүлэх хэлтэст хүчээр оруулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэх шаардлага гаргаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бөгөөд хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох УБТЗ-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. УБТЗ-ын хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгаагүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-378 тоот тушаалтай зэрэгцэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-447 дугаартай тушаалаар эмнэлэг, эрүү ахуйн албыг татан буулгасан байдаг ба бусад салбар нэгжүүдийг нэгтгэх, албаны харьяалалд шилжүүлэх зэрэг бодитой төлөвлөгөөнүүдийг хийж байна. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаартай тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хууль зүйн албаны соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 7 278 414 төгрөгийг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч А.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар А.Цгийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс давж заалдах гомдолдоо: А.Цгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан Монгол-Оросын хувь нийгэмлэг УБТЗ-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-538 дугаар тушаал нь хуулийн болоод бодит үндэслэлгүй. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зам тээврийн яамнаас 2017 оны 3 дугаар сард УБТЗ ХНН-т хууль зүйн албаны үйл ажиллагаанд шалгалт хийж, тус яамнаас УБТЗ ХНН-т хууль зүйн албаны үйл ажиллагааг бэхжүүлэх, хуулийн мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу УБТЗ ХНН-ийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-464 дугаартай Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаал гарч, тус тушаалаар хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтыг баталж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсэн... Түүнчлэн УБТЗ ХНН-ийн даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А-137 дугаартай тушаалаар хууль зүйн албаны дүрмийг батлан мөрдүүлж, хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтыг баталж, хэлтэс тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг нарийвчлан тогтоож, соён гэгээрүүлэх хэлтэс нь 17 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулсан... гэжээ. Хариуцагч УБТЗ-ын Хууль зүйн албаны энэхүү 17 чиглэл бүхий дүрэм хүчин төгөлдөр хэвээрээ байгааг хүлээн зөвшөөрдөг.

УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлын 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр хурлын протоколын 10.6 дахь заалтад Алба, төв, салбар нэгжийн дүрэм, ажил албан тушаалыг жагсаалтыг батлах УБТЗ-ын даргад эрхийг олгожээ. Анхан шатны шүүх дан ганц ажил албан тушаалыг жагсаалтыг батлах эрх олгогдсон болохыг үнэлснээр хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлэлгүйгээр УБТЗ-ын даргад дүрэм батлах эрх мөн олгогдсон энэ эрхийн дагуу Хууль зүйн албаны дүрмийг баталсанд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн УБТЗ-ын даргын А-138 дугаар тушаалаар Улаанбаатар төмөр замын хууль зүйн албаны дүрмийг хавсралтаар баталсан. УБТЗ-ын дарга алба, салбар нэгжийн дүрэм, ажил албан тушаалын жагсаалт батлах олгогдсон эрхийнхээ дагуу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаал, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-138 дугаар Хууль зүйн албаны дүрэм батлах тушаалуудыг баталсан. Хууль зүйн албаны бүтцээс соён гэгээрүүлэх хэлтэс хасагдаагүй дүрэмд тусгагдсан чиг үүрэг хүчин төгөлдөр хэвээрээ байхад 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтэс татан буулгасан нь үндэслэлгүй болсон.

Улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 тогтоолын 15.1.1 -д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалт бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. гэжээ. Иймд Хууль зүйн албаны зохион байгуулалтын бүтцэд Соён гэгээрүүлэх хэлтэс нь 17 чиг үүрэг хэрэгжүүлэхээр заасан заалт хүчин төгөлдөр хэвээр атал ажилтныг хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон. А.Цгийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчин тус байгууллагын салбар нэгж бүхэлдээ татан буугдсан гэдэг үндэслэлээр тус хэлтэст ажиллаж байсан 3 ажилтан бүгд халагдсан атал сарын өмнө мэдэгдэл өгсөн нь 45 хоногийн өмнө мэдэгдэх хуульд заасан журмыг зөрчин хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байдаг боловч шүүх үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ...Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ дугаар сарын нийгэмлэгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаартай тушаалд дурдаж буй эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлыг даван туулах үйл ажиллагаанууд зөвхөн тус нийгэмлэгийн хууль зүйн албаны хэлтэс нэгжийг татан буулгаснаар дууссан ажил биш юм. гэжээ. Иймд тус албанд ажиллаж байсан 3 хуульч бүгд буюу бөөнөөрөө халагдсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчин хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.1 дэх хэсэгт ажил олгогч ыь хууль тогтоомж хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн ажил албан тушаалын жагсаалтыг баталж мөрдүүлнэ гэжээ. УБТЗ ХНН-ийн даргын А-378 дугаартай тушаалын хавсралтаар хууль зүйн албан бүтэц зохион байгуулалтыг баталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх ба уг тушаалыг гаргахдаа энэхүү заалтыг баримтлаагүй нь тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ. гэж дүгнэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх хэрэгт авагдсан баримтуудын хуулийн болоод бодит үндэслэлд дүгнэлт өгөхөд оршиж байдаг. УБТЗ-ын ХНН-ын даргын А-378 дугаарын хавсралтаар ажил албан тушаалын жагсаалт батлагдаагүй. Батлагдсан орон тоо нь хуулийн үндэслэл байхгүйгээс гадна хэзээ, ямар тушаалаар баталсан нь тодорхойгүй эргэлзээ бүхий баримт юм. Энэ баримтад үндэслэн А.Цг халсан тушаалыг гаргасан байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэсэнтэй тус тус нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажил олгогчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, бүтцийн өөрчлөлтөөр байгууллагын салбар нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1-199 дүгээр тушаалаар А.Цг тус байгууллагын Хууль зүйн албанд хуулийн зөвлөхөөр, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б-1-538 дугаар тушаалаар Гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтсийн хуулийн зөвлөхөөр, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б-1-109 дүгээр тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр тус тус томилсон, үүнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан нар бичгээр байгуулсан байна. /хх-ийн 70-72, 78, 85 дугаар тал/

Улмаар Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-283 дугаар тушаалаар А.Цг Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажил албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

Нэхэмжлэгч А.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан УБТЗ, МОХННн даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-283 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтууд, Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-378 тоот тушаал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, МТЗамчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.14, ажилтанд гардуулж өгсөн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлийг тус тус үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан ба хариуцагчийн тайлбараас үзэхэд дээрх заалтын салбар нэгж татан буугдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажил олгогч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй хэдий ч уг тушаал, шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар салбар нэгж татан буугдсан, орон тоо хассан, цөөрүүлсэн нь бодитой байх ёстой.

Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалын үндэслэл болгосон 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/378 тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэх шаардлагатай.

Зам тээврийн яамнаас 2017 оны 3 дугаар сард УБТЗ ХНН-т хууль зүйн албаны үйл ажиллагаанд шалгалт хийж, тус яамнаас УБТЗ ХНН-т хууль зүйн албаны үйл ажиллагааг бэхжүүлэх, хуулийн мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Хууль зүйн албаны зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А-464 дугаар тушаалаар уг албаны орон тоо бүтцийг тогтоож Соён гэгээрүүлэх хэлтсийг нэмж байгуулан 9 хуулийн зөвлөхтэй ажиллахаар орон тоог нэмэгдүүлсэн атлаа Хууль зүйн албаны дүрэм батлагдснаас хойш 4 сарын дараа 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр А/378 дугаар тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулган, дахин бүтцийн өөрчлөлт хийх ямар үндэслэл, шалтгаан байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн Хууль зүйн албанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгах шалтгаан үндэслэл байхгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх тушаал гарахаас өмнө болон хойно нэхэмжлэгчийн эрхэлж байсан 2 ажлын байрны тодорхойлолт ижил буюу шинээр байгуулагдсан гэх Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтод туссан ажлын байрны үндсэн чиг үүрэг болон ажлын байранд хийгдвэл зохих ажлууд нь Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг болон хийх ажлын хүрээнд багтжээ. /хх-ийн 28-29, 66-67 дугаар тал/

Хууль зүйн албанд Соён гэгээрүүлэх хэлтэс гэх нэгж байгуулах болсон үндэслэл, шалтгаан нь тодорхой, харин уг нэгжийг татан буулгасан үндэслэл нь тодорхой бус байгаа тохиолдолд салбар нэгж татан буугдсан гэх ажил олгогчийн тушаалын үндэслэл үгүйсгэгдэнэ.

Хэргийн 136-151 дүгээр талд хариуцагч байгууллагаас өөрийн татгалзлаа нотлохоор өгсөн, нэрлэн зааж буй 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А-369 дугаар тушаал, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан жагсаалт зэрэг нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх, Соён гэгээрүүлэх хэлтсийг зайлшгүй татан буулгах шаардлага, нөхцөл үүссэн болохыг нотлохгүй байна.

Дээрх байдлаас үзвэл Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгаж, А.Цгийн эрхэлж байсан хуулийн зөвлөхийн орон тоог хасах, уг ажилтныг ажлаас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг ажил олгогч нотолж чадаагүй.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэх учиртай. Улаанбаатар төмөр зам нь 3 буюу түүнээс дээш ажилтныг ажлаас нь чөлөөлсөн, хэлтсийг татан буулгасан учраас бөөнөөр халах гэх ойлголтод хамаарч байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчлэх ёстой. Ажил олгогч 45 хоногийн дотор мэдэгдэх ёстой атал 30 хоногийн дотор мэдэгдсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Эдгээр нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл ажилтан А.Цг салбар нэгж татан буугдсан гэх үндэслэлээр ажлаас хууль зүйн үндэслэлтэй чөлөөлөгдсөн гэж үзэх боломжгүй.

Хариуцагч УБТЗ, МОХННг Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад бодитойгоор өөрчлөлт хийж, Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасан, ажилтны орон тоог цөөрүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйгээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай юм.

Хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт түүний шаардлагын хүрээнд 7 278 414 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцнэ. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагатай болно.

Нэхэмжлэгчийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажил олгогчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах гомдол нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагын адил тухайлан шийдвэрлэхгүй юм.

Харин шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд тухай бүр үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн, /хх-ийн 55-56, 162-163, 178 дугаар тал/ энэ талаар мэтгэлцэх боломж олгоогүй гэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Цг УБТЗ, МОХННн Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 278 414 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 131 405 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ