Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1593

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          Улсын яллагч А.Сайнбаяр,

          Хохирогч Д.Даваасүрэн,

          Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/,

          Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /ҮД:2677/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э, Б.Б нарт холбогдох 1706 04158 1044 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 26 дугаар хэсгийн 1504 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигон овогт Н.Э /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Зээлийн 12 дугаар гудамжны 48 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигон овогт Б.Б /РД:/,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Н.Э, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн автобусны буудлын орчим иргэн Д.Даваасүрэнд хүч хэрэглэн довтолж Нокиа загварын гар утас, 600 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найзтайгаа хамт байж байгаад гэр лүүгээ харих замдаа тамхилаад зогсож байсан. Тэгтэл хохирогч явж байсан. Тэгээд утсыг нь булааж авсан. Харин хохирогчийн хэлж байгаа шиг зодоогүй. Тэгээд цагдаа гарч ирээд бид хоёрыг барьж авсан.  Тэр 6,000 төгрөг бол анхнаасаа манай найзад байсан мөнгө...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Даваасүрэнгийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 23-нд гэр лүүгээ явж байсан. Гэтэл үл таних хоёр залуу ирээд энэ мөн байна, чи нааш ир гээд дуудаад автобусны буудлын түцний нэг харанхуй руу чирж ороод хармаанд байсан гар утас авсан. Мөн халаасанд байсан 6,000 төгрөг байсныг аваад явсан. Халаасанд бичиг баримт байсан. Би бичиг баримт битий аваач гэсэн чинь доор хаячихаад явсан. Би цагдаа дуудсан... Эд зүйлээ буцааж олж авсан...” гэх мэдүүлэг,

          Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.7/,

          Цагдаагийн байгууллагад хохирогч Д.Даваасүрэнгийн гаргасан өргөдөл /хх.8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Даваасүрэнгийн өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчим НТОУХТ хаасны дараа гэртээ харихаар Халдвартын эцсийн буудал дээр автобус хүлээнгээ тамхи татаад зогсож байтал үл таних 30 орчим насны нэг залуу ирээд ахаа тамхиа өгчих гэхээр нь татаж байсан тамхиа өгтөл цаанаас нь мөн 30 орчим насны 2 залуу ирээд энэ байна шүү дээ гээд миний цамцны малгайнаас татаж автобусны буудал дээрх Түцний ар хэсгийн харанхуй хэсэг рүү оруулж нэг нь миний өвдөг рүү өвдөгөөрөө цохиж нөгөөх нь миний цамцны малгайнаас дарж мөнгө байна уу гэж асуухаар нь надад 6 мянган төгрөг байгаа ахыгаа битгий зодоорой гэтэл миний цамцны дотор халаасан дахь бичиг баримтыг харсанаа газар хаяж улмаар миний халааснаас 1 ширхэг 5 мянгат, 1 ширхэг 1 мянган төгрөг, зүүн өмдний халаасанд байсан Нокиа 3100 гар утасны хамт авч цааш зугтаан алга болсон...” мэдүүлэг /хх.16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Даваацэрэнгийн өгсөн: “... хохирогчийг дагуулж эрэн сурвалжлахад Халдвартын эцсийн буудлын урд байрлах Баясаа нэртэй хүнсний дэлгүүрийн урд шар эрээн курткатай бунхан хочит Б, зүүн нүд нь сааралтаж гэмтсэн бакуна хочит Э нар зогсож байхад хохирогч тэр хоёр хүн мөн байна гэж заасны дагуу очин биед нь үзлэг хийтэл бунхан хочит Бээс Нокиа маркийн гар утас гарч ирсэнийг хохирогч миний утас байна гэсэн бөгөөд тухайн утсанд ямар нэгэн сим карт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.14/,

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх.60, 62/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Одонцэцэгийн өгсөн мэдүүлэг хх.72/,

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.73-75/,

          Эд зүйлд үнэлгээ хийсэн үнэлгээний байгууллагын тайлан /хх.79-80/,

          Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлын талаарх шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Н.Э, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн автобусны буудлын орчим иргэн Д.Даваасүрэнд хүч хэрэглэн довтолж Нокиа загварын гар утас, 6,000 төгрөгийг дээрэмдэн нийт 21,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.7/,

          Цагдаагийн байгууллагад хохирогч Д.Даваасүрэнгийн гаргасан өргөдөл /хх.8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Даваасүрэнгийн өгсөн: “... 30 орчим насны 2 залуу ирээд энэ байна шүү дээ гээд миний цамцны малгайнаас татаж автобусны буудал дээрх Түцний ар хэсгийн харанхуй хэсэг рүү оруулж нэг нь миний өвдөг рүү өвдөгөөрөө цохиж нөгөөх нь миний цамцны малгайнаас дарж мөнгө байна уу гэж асуухаар нь надад 6 мянган төгрөг байгаа ахыгаа битгий зодоорой гэтэл миний цамцны дотор халаасан дахь бичиг баримтыг харсанаа газар хаяж улмаар миний халааснаас 1 ширхэг 5 мянгат, 1 ширхэг 1 мянган төгрөг, зүүн өмдний халаасанд байсан Нокиа 3100 гар утасны хамт авч цааш зугтаан алга болсон...” мэдүүлэг /хх.16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Даваацэрэнгийн өгсөн: “... шар эрээн курткатай бунхан хочит Б, зүүн нүд нь сааралтаж гэмтсэн бакуна хочит Э нар зогсож байхад хохирогч тэр хоёр хүн мөн байна гэж заасны дагуу очин биед нь үзлэг хийтэл бунхан хочит Бээс Нокиа маркийн гар утас гарч ирсэнийг хохирогч миний утас байна гэсэн бөгөөд тухайн утсанд ямар нэгэн сим карт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.14/,

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.73-75/,

          Эд зүйлд үнэлгээ хийсэн үнэлгээний байгууллагын тайлан /хх.79-80/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Даваасүрэнгийн өгсөн: “... Гэтэл үл таних хоёр залуу ирээд энэ мөн байна, чи нааш ир гээд дуудаад автобусны буудлын түцний нэг харанхуй руу чирж ороод хармаанд байсан гар утас авсан. Мөн халаасанд байсан 6,000 төгрөг байсныг аваад явсан. Халаасанд бичиг баримт байсан. Би бичиг баримт битий аваач гэсэн чинь доор хаячихаад явсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Н.Э, Б.Б нарын тус бүр өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Э, Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Б.Бийг уг гэмт хэрэгт бүлэглэж хамтран оролцсон нь эргэлзээтэй гэсэн түүний өмгөөлөгчийн тайлбар, тус хэргийг үйлдэхэд 3 хүн оролцсоныг шалгаагүй гэх Н.Эын өмгөөлөгчийн тайлбар, бусдын эд хөрөнгийг булааж авахдаа хүч хэрэглэж довтолсон гэдэг нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай шүүгдэгч нарын мэдүүлэг болон тэдгээрийн өмгөөлөгчдийн мэтгэлцсэн дүгнэлт зэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

          Мөн шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч “мөрдөн байцаалтад хохирогчоос шөнийн цагаар мэдүүлэг авсан” гэх боловч энэ нь мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа байсан, түүнчлэн “харилцан эсрэг сонирхолтой яллагдагч нараас мэдүүлэг авахдаа нэгд нь өмгөөлөгч оролцуулж, нөгөөд нь өмгөөлөгч оролцуулаагүй” гэх боловч яллагдагч нараас мэдүүлэг /хх.66-69/ авахад өмгөөлөгч оролцуулжээ.

          Харин яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн сар, өдөр болон хохирлын хэмжээг ташаа бичсэн техникийн шинжтэй алдааг шүүхийн хэлэлцүүлгээр зөвтгөн тогтоож залруулсан болно.

          Иймд Н.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинж болон “Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

          Н.Э, Б.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Н.Э, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.Даваасүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Н.Э, Б.Б нар нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Э, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          Н.Э, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байх тул “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх үндэслэлээр, хуульд зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхийг хүссэн шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангах боломжгүй юм.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Б.Б нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Н.Э, Б.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүгдэгч Н.Эын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс цагдан хоригдсон 46 хоног, Б.Бийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Н.Э, Боржигон овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Б.Б нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Э, Б.Б нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Эын урьд нь цагдан хоригдсон 46 хоног, Б.Бийн цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

          5. Хохирогч Д.Даваасүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт Н.Э, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Э, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР