Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 86

 

      Н.Э-, Б.Б- нарт холбогдох

                                                                       эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1593 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Э-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1706041581044 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигон овгийн Н.Э-, 1984 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан

            2. Боржигон овгийн Б.Б-, 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

             Н.Э-, Б.Б- нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн автобусны буудлын орчим иргэн Д.Даваасүрэнд хүч хэрэглэн довтолж, “Нокиа” загварын гар утас, бэлэн 6000 төгрөг зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Э-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Э-, Б.Б- нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Н.Э-ын цагдан хоригдсон 46 хоног, Б.Б-ийн цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Д.Даваасүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, Н.Э-, Б.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Н.Э-, Б.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Учир нь хохирогч Д.Даваасүрэнгийн гар утсыг авахад миний бие хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон зүйл байхгүй. Шүүх хуралдаанд хохирогч мэдүүлэхдээ “...утсыг маань Б- аваагүй, Б- намайг зодож цохиогүй...” гэж мэдүүлсээр байхад намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б- нь тухайн өдөр хохирогчийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцоогүй. Энэ нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б- намайг цохиж, зодоогүй, миний гар утсыг аваагүй, зүгээр л хажууд зогсож байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Иймээс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр хохирогч нь өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. Энэхүү байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх талаарх саналыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан. Иймээс хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин шүүгдэгч Б.Б-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Э-, Б.Б- нар бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж тодорхой хуульчилсан. Тэгвэл нэг этгээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгагдаж байгаа тохиолдолд нөгөө этгээдийг нь мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах хууль зүйн үндэслэл, логик ойлголт байхгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Н.Э-, Б.Б- нар согтуугаар бүлэглэн, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн автобусны буудлын орчимд зогсож байсан Д.Даваасүрэнд хүч хэрэглэн олны хөлөөс холдуулж, улмаар мөнгө нэхэн, халааснаас нь “Нокиа” загварын гар утас, бэлэн 6000 төгрөг зэрэг нийт 21.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Д.Даваасүрэн нь тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан этгээдүүдийн гадна төрх байдал, тэдгээрийн үйлдэл оролцоо, алдагдсан эд зүйлийнхээ шинж онцлогийн талаар /хх-ийн 16/ тодорхой мэдүүлсэн байх ба түүний мэдүүлэг нь гэрч А.Даваацэрэнгийн /хх-ийн 14/ мэдүүлэг, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлагын дэвтрийн хуулбар /хх-ийн 11/, алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /хх-ийн 79-80/, хохирогчийг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-75/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон, хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б- давж заалдсан гомдолдоо “...би хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон зүйл байхгүй...” хэмээн гэм буруугийн талаар маргажээ.

Хэдийгээр хохирогч Д.Даваасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б-ийг тухайн үед ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийгээгүй гэж мэдүүлэх боловч хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.Э- нь хохирогчийг цамцны малгайнаас нь чирч, автобусны буудал дээр зогсож байсан хүмүүсээс холдуулан харанхуй хэсэг рүү авч орсон, улмаар өвдөг рүү нь өвдөглөх, цамцны малгайнаас дарах зэргээр хүч хэрэглэж, мөнгө нэхсэн байх ба энэ үед Б.Б- нь Н.Э-тай үйлдлээрээ нэгдэн хажууд нь зогсож хохирогчид айдас төрүүлсэн, мөн дээрэмдсэн эд зүйлсийг авч хамтдаа зугтаасан зэргээр гэмт хэрэгт хамтран оролцсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.Б-ийг тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Дээрх байдлуудыг үндэслэн, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э-, Б.Б- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор зохих ял шийтгэлийг тус тус оногдуулсан нь хуульд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1593 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                              ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН