Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 203/МА2022/00036

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр Дугаар 203/МА2022/00036 Даланзадгад сум

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхим хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2022/00133 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо баг, багийн төв-0 ******* /РД: 2016656/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, 2-р баг, Өгөөмөр, Их-өлзийт гудамж 2-2 тоотод оршин суух Их өлзийт овгийн ******* /РД:*******/-т холбогдох,

*******-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, ажил хэргийн нэр хүндэд халдсан арга хэлбэрээр уучлалт гуйхыг үүрэг болгох тухай иргэний хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал нар /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: *******-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, ажил хэргийн нэр хүндэд халдсан арга хэлбэрээр уучлалт гуйхыг үүрэг болгох

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл:

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулах, албан тушаалын байдлаар оролцсон хурал, цуглаанд тарааж *******-ийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан.

1. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн иргэдтэй хийсэн Хөдөлгөөнт баг арга хэмжээний үеэр цугларсан иргэдэд хандаж, Энхболд гишүүн 379 тонн нүүрс алдагдсан байна гээд 2010, 2011 онуудад эрүүгийн цагдаа дээр явж байгаад 2013 онд ******* прокурор хаачихсан ийм зүйл байна. Дараагаар нь энэ хулгайн үйлдэл үргэлжлээд 340 000 тонн хилээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гаргасан гэдгийг холбогдох байгууллагууд үндсэндээ тогтоочихсон.

Дахиад 220 000 тонн нүүрсийг өнгөрсөн жил шөнө голдуухан зөөчихсөн асуудал байгаа. Тэгэхээр зэрэг бид хэн нэгэн хүний мууг үзэх гээд байгаа юм биш. 2013 онд ******* нарын хүмүүс хулгайг үнэн бодитоор нь шийдээд явсан бол 220 000 тонн нүүрс дахиад 340 000 тонн нүүрс алдагдаж хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гарахгүй байсан.

Бид Таван толгой дээр иймэрхүү байдлаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа. 70 доллараар зарж болох ёстой нүүрс 25-хан доллараар бүтэн 4 жил зарагдсан. Үнийг ерөөсөө нэмээгүй. Бид нарыг 2016 онд ажил авахад яг хажуу талын Эрдэнэс ******* аман дээрээ 37 доллараар зарж байхад манайх ихэнх нүүрсээ 14 доллараар зарж байсан. Тэгээд бид байнга зах зээлийн үнэтэй уялдуулж нэмэх шаардлага хүргүүлсээр байгаад одоо бол Эрдэнэс Тавантолгойтой адил 70-70 доллараар аман дээрээ нүүрс зарж байгаа.

Харамсалтай нь жижиг Таван толгой нь хөрсөө хуулж чадахаа байсан. Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод жилд 1 сая гаруйхан тонн нүүрс экспортод гаргаж байгаа гэж мэдээлсэн.

2. Өөрийн фэйсбүүк дэх Сугир Хүүхэндүү гэх хаягаасаа 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 7:07 цагт Манай Өмнөговьчууд *******ыг УИХ-ын гишүүнээр сонгосноороо улс, орон нутаг хожсон. Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ний орлогыг янз бүрийн аргаар бууруулж цөөхөн хүмүүс завшдаг элдэв луйвар булхай багасаж компанид, орон нутагт орох орлого нэмэгдсэн....,

2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Даланзадгад сумын ИТХ-ын дарга *******гийн энэ оных нь ажлыг 89,6 хувьтай маш сайн хэрэгжүүлсэн байна гэж хуралдаанаараа дүгнэж тогтоол гаргаж улмаар АН-ын бүлгээс Мэндээ даргыг огцруулах саналыг гэнэт оруулж ирж МАН-аас хоёр эмэгтэй төлөөлөгч үгсэн хуйвалдаж Мэндээг огцруулсан зэрэг Өмнөговь аймгийнхаа ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө бус Таван толгой ХК-ийн орлого ашгийг олон арга залиар бууруулж цөөхөн хүн завшаад байгааг таслан зогсоох талаар шударга үнэний төлөө дуугарч байгаа бид бүхний эсрэг увайгүй, хууль бус үйлдэл хийхээс буцахгүй хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдааны нэг үйлдэл илрэл юм... гэж нийтэлсэн байна.

Дээрх байдлаар 2016 оноос 2020 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан *******ын гаргасан гомдлын дагуу *******-ий үйл ажиллагааг шалгаж, АТГ-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон гэх илт худал ойлголтыг олон нийтэд түгээсэн.

Энэ нь *******-ий ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

******* гэх хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор л Тавантолгой уурхайн ашиг нэмэгдсэн гэх агуулгатай мэдээлэл түгээсэн нь үе үеийн уурхайчдын нөр их хөдөлмөрийг үгүйсгэж, тэднийг хууль бус үйлдэл хийдэг гэмт хэрэгтнүүд гэж гүтгэж байна. Цаашилбал гадаад, дотоодын бизнесийн түнш байгууллагуудтай олон жилийн харилцааны явцад үүссэн итгэлцлийг эвдэж, компанийн ашигт сөргөөр нөлөөлж байна.

*******-ий удирдлагууд гэмт хэрэг үйлдсэн, нийтийн өмчөөс хууль бусаар завшсан гэх гэмт хэргийн шинжтэй мэдээлэл түгээж түүнийг эрх бүхий байгууллагууд тогтоосон гэх боловч нотлох шүүхийн ямар нэгэн шийдвэр байдаггүй.

Хариуцагчийн дээрх үйлдлүүдэд ямар нэгэн хариуцлага ногдуулахгүй үлдээвэл олон нийтэд хүссэн байгууллагынхаа ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр, худал мэдээллээр халдаж болох юм байна гэх ойлголт тогтоох сөрөг нөлөөтэй.

Удирдах албан тушаалтнууд нь гэмт хэрэг үйлдсэн, уурхайн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон, мянга мянган тонн бүтээгдэхүүнээ хулгайд алдчихаад мэдэлгүй өнгөрөөх хэмжээнд хүртэл компанийн дотоод хяналт, засаглалын зарчим алдагдсан гэж худал мэдээлэл олон нийтэд түгээж ажил хэргийн нэр хүндэд халдахыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын тайлбарын агуулга: 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр болсон шүүх хуралдаанаар ******* нь энэ мэдээллийг олон нийтэд хүргэсэн нь үнэн, гэхдээ миний өгсөн энэ мэдээллүүд үнэн бодит байдалтай нийцнэ гэсэн тал дээр маргаж байгаа.

******* гуай би зөвхөн энэ хүмүүсийг нэр заан хэлсэн болохоос биш ******* нэр хүндэд халдаагүй гэсэн байдлаар тайлбар хийдэг.

Мэдээлэл тараасан этгээд өөрийнхөө мэдээллээ үнэн бодит байдалд нийцэж байгааг өөрөө нотолж чадахгүй бол өөрөө хариуцлага хүлээнэ.

Энэ байгууллага нь Олон улсын зах зээл, БНХАУ хилийн цаана гаргаад биржид оролцдог байгууллага. Тэгтэл ийм компанитай харьцах гэж байгаа хүн, үнийн санал ямар байх уу гээд өөр болдог.

Сугир гуай мэдээлэл зарласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү мэдээлэл нь үнэн байдалд нийцэж байна уу, энэ нь Компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үү гэдэг хоёрхон асуудлыг л шийдвэрлүүлэх гээд байгаа.

Нэг санхүүгийн шалгалтын баримт аваад өөрөө цааш нь баяжуулаад хүний нэртэй, байгууллагатай холбоод явчихсан ийм л асуудал байгааг анхаарч үзэх нь зүйтэй гэжээ.

 

3. Хариуцагч *******ын татгалзал, түүний тайлбарын агуулга:

...Энэ дээр Тавантолгойн удирдлага гэж нэг ч хүнийг нэр цохоогүй. *******-ийн нэр хүндэд хохирол учруулахаар би юу ч хэлээгүй. ... Би ******* хулгайгаар ингэж гаргаад байна гэж ч ярьсангүй. Зүгээр энэ хил гааль сул байна өмнө нь ийм хэрэг гарч байсан гэсэн байдлаар ярьсан. Тийм зүйл ярьсан болохоос ямар нэгэн аж ахуй нэгж, хүний нэр цохож яриагүй. ... ******* хөрсөө хуулж чадахаа больсон гэдэг дээр намайг буруутгасан. ... Харин нэхэмжлэгч талаас *******ын гаргаж ирсэн нотлох баримт үндэслэлгүй гээд нэг ч зүйл гаргаж ирээгүй зүгээр л амаараа ******* ингэсэн тэгсэн гээд яриад байгаа явдал нь *******ыг буруутгах үндэслэл мөн үү биш үү гэдэг дээр би эргэлзэж байна. .. Тухайн үед миний бичсэн юм нь тухайн үеийн аймгийн удирдлагыг барьж байгаа бид нар *******-ийн орлогыг янз бүрийн аргаар бууруулж завшаад байгаа энэ хэсэг бүлэг хүмүүсийн асуудлыг ярихлаар ингээд улс төржиж байх шиг байна гэдэг зүйлийг хэлсэн. Гэтэл энийг *******-ийн нэр хүндэд халдлаа гээд иймэрхүү юм болоод явж байгаа. ... Гэтэл *******-ийн нэр хүндийг унагасан бизнест муугаар нөлөөллөө гээд байгааг би сайн ойлгохгүй яваа хүн.

Өнөөдөр аймгийн иргэдийн хурлын даргын ажлаа өгөөд хэдэн жил гаруй болчихсон хариуцаж байсан албан тушаал хариуцлага үүргийнхээ хувьд иргэдэд асуусан асуултад хийж байгаа ажлаа товчхон тайлагнасан төдийг зүйлийг нэр төрд халдлаа гээд байгааг ойлгохгүй байна. ...Давж заалдах шатны шүүхээс магадлал ирүүлсэн ба хэргийн материалыг сайн судалж үзсэн байх миний хувьд хангалттай, өөрийн хэлсэн ярьсныгаа зөвтгөж нотолсон материалыг ирүүлсэн гэж үзэж байгаа. *******-аас амаар л яриад байгаа болохоос биш бид нарын тэр 25 доллараар зараагүй бодит үнэн энэ байна гээд баримт байхгүй байна. Анхны гаргаж өгсөн нэхэмжлэлээс өөр юу ч байхгүй байна. Тэгэхээр энэ бүхнийг шүүгч нар сайн тунгааж бодож шийдвэр гаргахыг хүсэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага бол ******* ингээд *******-ийн талаар хуурамч мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрч байна гэж байна. Би нэг ч хуурамч мэдээлэл хэлээгүй. Би бол аймгийн хурлын даргын хувьд өмчийн өмчлөгчийн хувьд иргэдийн асуусан асуултад хурлаас хийж байгаа ажлаа л товчхон тайлагнасан. Энэ дээр *******-ийн нэр хүндэд халдсан юу ч байхгүй. ...Иргэн *******ыг хариуцагч гээд байгааг өнөөдөр огт хүлээж авах боломжгүй зүйл гэж бодож байна. Би иргэдийн хурлын даргын хувьд иргэдэд ажлаа тайлагнасан л зүйл гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Иргэн ******* төрийн албаны хүрээнд иргэдэд мэдээлэл өгсөн байна. *******-д хэд хэдэн удаа шалгалт хийгдэж зөрчил илэрсэн байна. Хариуцагч *******ыг гэм буруугүй юм байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар *******-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн иргэдтэй хийсэн Хөдөлгөөнт баг арга хэмжээний үеэр цугларсан иргэдэд хандан ...Тавантолгой дээр иймэрхүү байдлаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа. 70 доллараар зарж болох ёстой нүүрс 25 хан доллараар бүтэн 4 жил зарагдсан. Үнийг ерөөсөө нэмээгүй. Бид нарыг 2016 онд ажил авахад яг хажуу талын Эрдэнэс ******* аман дээрээ 37 доллараар зарж байхад манайх ихэнх нүүрсээ 14 доллараар зарж байсан. Тэгээд бид байнга зах зээлийн үнэтэй уялдуулж нэмэх шаардлага хүргүүлсээр байгаад одоо бол Эрдэнэс Тавантолгой 2-лаа адилхан 70-70 доллараар аман дээрээс нүүрс зарж байгаа..., ...Харамсалтай нь жижиг Тавантолгой нүүрсээ хуулж чадахаа больсон. Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод жилд 1 сая гаруйхан тонн нүүрс экспортод гаргаж байгаа... гэх агуулгатай мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч *******т үүрэг болгож,

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн иргэдтэй хийсэн Хөдөлгөөнт баг хурлын үер ...энэ хулгайн үйлдэл үргэлжлээд 340.000 тонн нүүрсийг хилээр гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан гэдгийг холбогдох байгууллагууд нь үндсэндээ тогтоочихсон. Дахиад 220.000 тонн нүүрсийг өнгөрсөн жил шөнө голдуухан зөөчихсөн асуудал байгаа... гэж ярьсан үйлдэл, Сугир Хүүхэндүү нэртэй фэйсбүүк хуудсаар 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...Манай Өмнөговьчууд *******ыг УИХ-ын гишүүнээр сонгосноороо улс, орон нутаг хожсон. Орон нутгийн өмчит *******-н орлогыг янз бүрийн аргаар бууруулж цөөхөн хүмүүс завшдаг элдэв луйвар булхай багасаж компани, орон нутагт орох орлого нэмэгдсэн.... гэж, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...Мэндээг огцруулсан зэрэг Өмнөговь аймгийнхаа ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө бус *******-ийн орлого ашгийг олон арга залиар бууруулж цөөхөн хүн завшаад байгааг таслан зогсоох талаар шударга үнэний төлөө дуугарч байгаа бид бүхний эсрэг увайгүй хууль бус үйлдэл хийхээс буцахгүй хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдааны үйлдэл илрэл юм гэж нийтэлж, нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасныг тогтоолгох, ажил хэргийн нэр хүндэд халдсан арга хэлбэрээр уучлалт гуйхыг хариуцагчид үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/Ш32020/00973 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байлгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Тонн тутмыг 25 доллараар 4 жил дараалан зарсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст Нүүрсний үнийн судалгаа нэртэйгээр тавигдсан байдаг ба Таван толгой ХК-ийн санхүүгийн тайлангаас тодорхой харагдана.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 сарын 21-ний 09/1651 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн шалгалтын танилцуулгын 5 дахь нүүрний доод талын догол мөрөнд тодорхой дурдсан.

Харин 70 доллараар зарж болох байсан эсэх тухай шүүх ямар нэгэн нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн.

Манайх ихэнх нүүрсээ 14 ам доллараар зарсан гэх хэллэгийн тухайд, эндээс Таван толгой ХК гэсэн нэр заасан үйл баримт байхгүй байхад шүүх өөрөө санаачлан Таван толгой ХК компанийн тухай ярьсан гэж дүгнэж байгаа нь шүүх илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзнэ.

Манайх гэдэг нь Таван толгой ХК мөн үү гэдэг талаар шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хурлын үеэр хэн ч тодруулж асуугаагүй, энэ талаар ямар нэгэн мэтгэлцээн өрнөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14- ний өдрийн 109 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар Таван толгой ХК 2010, 2013 онуудад уулын ажлын төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан, 2011-2014 онд уулын ажлын төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгч, баталгаажуулаагүй, 2005-оноос хойш Техник эдийн засгийн үндэслэлийн дагуу уулын ажил явуулаагүй, Техник эдийн засгийн үндэслэлийн хүчин чадлаас давсан олборлолт хийсэн болохыг тогтоосон. Энэ нь сорчилж олборлолт хийсэн гэдгийг нотлох юм.

Нэхэмжлэлийн 2,3 дахь үндэслэл нь хэзээ болсон үйл явдлын талаар мэдээлж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа шууд худал мэдээ тараасан гэж үзэж байгаа нь анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.

Нүүрс алдагдсан тухай Баасанжавын Отгон хаягтай фэйсбүүк хуудаст бичигдсэнээс гадна УИХ-ын гишүүн асан ******* энэ талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, хууль хяналтын байгууллагад, Таван толгой ХК-нд албан бичиг явуулж тодруулга авах есөн асуулгад хариулт авах тухай хүсэлт явуулахдаа түүний хоёр дахь хэсэгт "Тус уурхайд олон жил нүүрсийг зөвхөн сорчилж олборлосноос болж уулын ажлын стандарт алдагдсан энэ алдаагаа хэрхэн засаж залруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэх" бичиг явуулснаа сонгогчдодоо мэдээлж байсан.

Түүнчлэн Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтад энэ талаар тодорхой дурдаж, цаашид хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн тухай бичсэн нь нэхэмжлэлд дурдсан эрүүгийн дугаар бүхий 3 хэрэг шалгагдаж байгаа гэсэнтэй агуулгын хувьд тохирдог. Энэ тохиолдолд ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэж үзнэ.

******* нь албан тушаалтны хувьд нийтэд мэдээлэл хийсэн гэдгээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй, Сугир Хүүхэндүү гэдэг хувийн фэйсбүүк хаягаар мэдээлэл тараасан гэж шүүх шийдвэрийн үндэслэлээ тодорхойлсон нь илэрхий алдаатай болсон.

Сугир Хүүхэндүү гэх хувийн фэйсбүүк хаягаар тараасан мэдээлэл нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон атлаа хувийн фэйсбүүк ашигласан гэж шийдвэрээ үндэслэж болохгүй юм.

АИТХ-ын дарга ******* албан ажил үүргийн дагуу иргэдийн асуусан асуултад Хурлын даргын байр сууринаас төрийн олон байгууллагын шалгалтуудаар илэрсэн зөрчил дутагдлыг засуулахаар ажиллаж байгаа тухай хариулт өгсөн асуудлаар ТТХК- ний нэхэмжлэгчийн хариуцагч болж явсан. ******* АИТХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр энэ хэргийн хариуцагч байх боломжгүй гэж үзнэ.

Хурлын даргаар ажиллаж байхдаа албан ажил үүргийн дагуу хийсэн мэдээллийг иргэн хүний хувиар хариуцуулах гэж зүтгэх нь хууль ёс гажуудуулсан, хэн нэгний улс төр намын үзлээр хувийн өшөө хорслоо тайлах гэсэн шинжтэй байна гэж хардах сэтгэл төрж байна.

Шүүх бүрэлдэхүүн *******ыг яагаад гэм буруугүй гэж үзэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүйгээр *******ыг гэм буруугүй гэж үндэслэлгүй худлаа дүгнэлээ гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 144/ШШ2022/00133 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

7. Хариуцагч *******ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч биш байх үндэслэлийнхээ талаар би хэд хэдэн баримтыг гаргаж хэрэгт хавсаргасан. Миний бие 2016-2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл аймгийн иргэдийн хурлын даргаар ажилласан.

Нэхэмжлэлдээ, тухайн уурхайн даргаар ажиллаж байсан ******* захирал гомдол гаргахдаа ч гэсэн ******* хурлын даргаар ажиллаж байхдаа гуравдугаар баг дээр очиж албан ажлын шугамаар ийм мэдээлэл хийсэн гэдэг. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хурлын даргын хувиар маш олон буюу итгэмжлэлийн төлөөлөгч томилох, гомдол гаргах тухай гээд олон баримтууд дандаа хурлын дарга гэсэн гарын үсэг, тамгатай 2020 оны 11 дүгээр сарыг хүртэл ингэж явсан.

Гэтэл Ханбогд сум дахь сум дундын шүүхээс албан тушаалын байдлаараа гуравдугаар баг дээр мэдээлэл хийсэн гэдгээ бичгийн хэлбэрээр нотлоогүй гэж үзсэн.

2020 оны 11 дүгээр сард ажлаа өгснөөс хойш аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч ч биш ямар нэгэн төрийн алба ажил надад байхгүй.

Ажил үүргийнхээ дагуу гуравдугаар баг дээр очиж энэ хуралд оролцоход тухайн үед аймгийн иргэдийн хурал, орон нутгийн өмчийн өмчлөгчийнхөө хувиар, Таван толгой ХК ашиг орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр юу хийж байна вэ? гэдэг утгатай асуултууд гарсан. Тухайн үед Сангийн яамнаас шалгаад тогтоосон, тодорхой хэмжээний шалгалтын дүгнэлт, Аудитын шалгалт гээд ингээд иргэдийн хурлын даргын мэдээллүүд надад зөндөө байсан учраас баримтад тулгуурлаад хэдхэн зүйлийг л мэдээлсэн тул хариуцагч байх боломжгүй.

******* дарга маань бодох хэрэгтэй. 2020 оны сонгуулиас өмнө ******* гэдэг хүнийг Таван толгой ХК-ийн талаар яриулахгүй гэж, тэгээд сонгуультай холбоотой ийм улс төрийн ажлууд байгаад нэхэмжлэл гаргасан. Одоо тийм зүйл алга.

Шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосноос хойш бүтэн 10 сар чимээгүй болохоор нь Таван толгой ХК нэхэмжлэлээ татаад авчихсан юм байлгүй, одоо надтай заргалдаж юугаа хийх үү, би ч ийм юманд оролцох сонирхол алга, 2 жилийн дараа тэтгэвэрт гарна.

Өөрт ч шүүхэд ч маш их зардал чирэгдэл болж байна. Тэгэхээр ийм хоёрын хооронд явуургүй, улс төржсөн нэхэмжлэлээ татаад авчиж болдоггүй юм уу гэж бодож байна.

Гол нь хоёр зүйл дээр намайг буруутгадаг. 2008 оны 05 дугаар сард Таван толгой ХК-аас экспортод гарах нүүрсээ 25 доллараар зарах шийдвэрийг гаргаснаас хойш 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үнэ нэмэх шийдвэр гаргаагүй.

Таван толгой ХК-аас энэ онуудад нүүрсээ ямар үнээр зарж байсныг албан ёсоор гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Энэ дээр шүүх Таван толгой ХК-аас ийм юм гаргуулах шаардлагагүй гээд бид нарын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Тэгээд Таван толгой ХК-аас бид энэ 4 жил, тухайлбал 2010 онд гэдэг юм уу, 2009 он, 2011 оны эхээр бид нар ийм шийдвэр гаргаад, 25 доллараас илүү үнээр зарж байсан талаар нэг ч материал өгөөгүй. 25 доллараар зарсан буюу миний ярьсан зүйл мэргэжлийн хяналтын материал дээр тодорхой байгаа тул нотлох баримт бүрдүүлээгүй, хангахгүй байна гэж үзэх үндэслэлгүй.

Хоёр дахь асуудал нь сорчилж олборлосон гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Сангийн яамны 2018 оны шалгалтаар их тодорхой заасан. Таван толгой ХК 2010-2017 он хүртэл хугацааны уулын ажлын төлөвлөгөө тайланг баталгаажуулсан хэсгийг шалгахад 2010, 2013 онуудад уулын ажлын төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан. Уурхай уулын ажлын төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулна гэдэг чинь байж боломгүй, яаруу сандруу, ёстой сорчилж олборлосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

2011-2016 онд уулын ажлын тайланд төрийн захиргааны байгууллагууд хүлээлгэн баталгаажуулаагүй. 2005 оноос хойш Техник эдийн засгийн үндэслэлийн дагуу уулын ажил явуулаагүй. Техникийн эдийн засгийн үндэслэлийг яах гэж хийсэн юм бэ? Тэгэхээр энэ жил ийм хэмжээний нүүрс олборлохын тулд ийм хэмжээний хөрс хуулаад, ингэж олборлолт явуулах ёстой энэ дээрээ тулгуурлаад уулынхаа ажлыг төлөвлөөг хийгээд, тухайн жилийнхээ төлөвлөгөөг боловсруулдаг байх хэрэгтэй. Техник эдийн засгийн хүчин чадлаас хэтрүүлэн олборлолтын үйл ажиллагаа явуулсан зөрчил харагдаж байна гэдэг. Энэ болохоор Сангийн яам, тагнуул гээд олон газрын хамтарсан шалгалтын материалд тодорхой бичигдсэн ийм зүйлүүд байдаг.

Мөн Улсын их хурлын гишүүн асан ******* Таван толгой ХК-д олон жил танайх сорчилж олборлолоо, сорчилж олборлосон дутагдлаа яаж засаж байгаа талаар бидэнд болоод Их хурлын гишүүн надад мэдээлэл ирүүлнэ үү гэсэн байдаг. Сорчилж олборлосон тухай яриаг ганц би гаргасан асуудал биш, Ханбогд сум дахь сум дундын шүүх мэргэжлийн хяналт болон Сангийн яамны шалгалтын дүгнэлтдээ сорчилж гэсэн үг байхгүй байна гэдэг.

Техник эдийн засгийн үндэслэлээс давсан олборлолт хийчихсэн байна гээд тодорхой биччихсэн байгаа нь сорчилж олборлосон гэдэг нь энэ шалгалтуудын бичмэл материалуудаар тодорхой харагдаад байгаа ийм зүйлүүд байна. Давж заалдах гомдол дээрээ тодорхой зүйлүүдийг дурдсан учраас та бүгд маань тодорхой харсан байх гэж бодож байна. Би албан тушаалынхаа байдлаар асуудалд ингэж хандсан.

Нэгэнт өөрт оногдсон эрх үүрэг байсан учраас Таван толгой ХК-ийн илүү зардлыг нь бууруулъя, энэ шалгалтаар илрээд байгаа юмнуудыг таслан зогсооё, цаашид хилээр асуудал үүсгээд байгаа зүйлийг эртхэн зогсоогоод багасгах ийм л зүйлүүдийн төлөө ажил үүргийнхээ дагуу ажилласан. Хэтэрхий нэг талыг бариад ******* гэдэг хүнийг заавал буруутгах гээд байгаа юм биш биз гэдэг хардлага төрсөн. Тийм учраас давж заалдах гомдлыг гаргасан.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэгдүгээрт нэхэмжлэгч хариуцагчийг анх нэхэмжлэл гаргахдаа Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* гэж тодорхойлоод хаягийг нь Нутгийн удирдлагын ордны тэдэн тоот гэдэг байдлаар бичсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байсан уу гэдэгт анхаарлаа хандуулж өгнө үү гэж хүсэж байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн хувиар би энэ хэрэгт оролцохдоо хэд хэдэн удаа хүсэлтүүд гаргаж байсан.

Нэхэмжлэгч өөрөө өөрийнх нь компанитай холбогдуулаад хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн дугаар бүхий 3 хэргийг шалгаж байна гэдэг талаар нэхэмжлэлдээ бичдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-д заасан, 65-д заасан үндэслэл, нөхцөл бий болсон учраас 117-д заасныг баримтлаад хэрэгсэхгүй болгох ёстой юм байна гэдэг хүсэлтүүдийг тавьж байсан боловч харамсалтай нь хүсэлтийг хангаагүй.

Энэ байгууллагатай холбогдуулаад хоёр эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэдэг тодорхойлолтууд байсан. Дахиад хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг хүсэлтээ гаргахад бас л хэрэгсэхгүй болгосон.

Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байгаа Таван толгой ХК-ийн нүүрс, Эрдэнэс таван толгойтой холбоотой энэ бүх шалгагдаад байгаа, цагдаад байгаа гэдэг хэргүүдтэй хамааралтай юм байна гэж би ойлгож байна. Энэ нь таамаг төдий боловч бидний хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэлд дурдсан хэргүүдийн дугаарыг үзэх юм бол ямар ч байсан эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байж.

Хоёрдугаарт шүүхээс гарах шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Иргэдийн хурлын дарга ******* гэж анх тодорхойлж байсан. Албан тушаалын байдлаа ашиглаж худал мэдээ мэдээлэл тараасан гэдэг энэ үндэслэл одоо ч хэвээрээ явж байгаа гэж би ойлгож байна.

Тэгэхээр энэ хүнийг буцаагаад Иргэдийн хурлын даргад нь түр томилоод, тэгээд хөдөлгөөнт баг гэдэг уулзалтуудыг зохион байгуулаад яг анхны тараасан хэлбэрээр нь буцааж няцаах нөхцөл байдал үүсгээд байна. Учир нь сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуудал болчихсон. Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөөд иргэдийн хурлын дарга гэдэг албан тушаал нь байхгүй, тэр эрх мэдэл нь байхгүй болчихсон хүн анх тараасан хэлбэрээр яаж няцаалт хийх юм. Энэ нь шүүхээс гарах шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ******* гэдэг хүн цаашдаа хариуцагч биш болж байна гэдэг тайлбарыг хэлж байна. Бусад тайлбарууд дээр хариуцагчтай санал нэг, дэмжиж байна гэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Тэр үед ажлыг нь хийж, мэдэгдэл хийгээд явж байсан хүн, одоо энэ шүүх хуралдаанд орж байгаа хүн хоёр нэг л хүн.

Албан тушаал ажлын байдлаас үл хамаараад хүн өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгнийхээ үр дагаврыг хариуцаж авах ёстой. Бусдаар бол би хурлын дарга байхдаа үйлдсэн, хэлсэн гээд түүний үр дагавар одоо надад хамаагүй гэж ярих нь хүний ёс зүй болоод хуулийн үндэслэлд нийцэхгүй гэж үзэж байна.

Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа олон жил үргэлжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр магадлал гарч байсан. Анхан шатны шүүхээс энэ магадлалд заасан зөвлөмжийг дагасан байна гэж ойлгосон. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр урьд гаргасан шийдвэрээсээ нэлээн дэлгэрэнгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж үзээд шийдвэрээ гаргасан байдаг.

Тогтоох хэсгийн нэгдүгээр заалт дээрээ 75 доллараар зарж болох нүүрсийг 25 доллараар 4 жилийн хугацаанд зарсан. Мөн хөрсөө хуулж чадахаа больсон гэдэг асуудал яригддаг. Энэ нь энгийн зүйл юм шиг боловч хувьцаат компани нь өөрөө ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг.

Цаана бизнесийн харилцаатай, хөрөнгийн биржийн шинжтэй энэ компанийн хувьд 51 хувийг нь эзэмшдэг субъектийг хувьд гарч ирээд бидний 51 хувийг эзэмшдэг энэ уурхай хөрсөө хуулж чадахаа больчихлоо. Маш олон хүмүүс хуйвалдаж хулгай зөөврийн замаар ашгийг нь буруулсаар байгаад 75-аар зарж байх ёстой байсан нүүрсийг 4 дахин бага үнээр зарж, компанийн засаглалын хувьд ийм хэмжээний доройтсон гээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, цахимаар, албан үүргээ гүйцэтгэх явцдаа нийтийн хурал дээр мэдэгдэнэ гэдэг нь өөрөө цаанаа бизнесийн үйл ажиллагаа харилцаанд оролцож байгаа хуулийн этгээддээ төвөгтэй нөхцөл байдал үүсгэдэг.

Цаанаа тээвэрлэгч болон бусад ханган нийлүүлэгч компаниудтай ярилцах, энэ асуудлуудаар гэрээ хэлэлцээр хийх болгонд энэ асуудал яригдаж байдаг. Энэ зүгээр нэг энгийн иргэний яриа биш. Энэ асуудлаар маш олон төрлийн мэдээллүүд тардаг. Гэхдээ 51 хувийг эзэмшиж байгаа талынх нь нөлөө бүхий хүн гарч ирээд мэдээлэл хийнэ гэдэг бол маш ноцтой үр дагавар үүсгэх юм.

Зах зээлийн харилцаанд ингэж оролцож байна. Эдийн засгийн ийм тооцоололгүй байна гэх мэт байдлаар шүүмжлэл бий болохыг хүлээн зөвшөөрнө.

Гэвч шалгалт хяналтын материал дээрээс уурхайн олборлолтын ийм ийм журам зөрчсөн байна, зөрчилтэй байна гэсэн үг, өгүүлбэрийг шууд өөрсдөө ойлгоод энэ компани хөрсөө хуулж чадахаа больсон байна. 70-аар зарах ёстой байсан нүүрсийг 25 доллараар зарж байна. Энэ цаг үеийн нөхцөл байдалд энэ энэ хүмүүс буруутай гээд яриад байх юм бол энэ нь өөрөө маш их хортой нөхцөл байдлыг үүсгэнэ. Мөн санхүүгээрээ холбогдоно. Тэр санхүү нь аймгийн төсвийг бүрдүүлэх хангамжид нөлөөлнө. Ийм ийм байдлыг анхаарч үзэх нь зүйтэй бол уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь хариуцагч *******ын давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Монгол Улсын иргэн *******т холбогдуулан *******-ий ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хүрээнд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийн уучлал гуйхыг үүрэг болгох нэхэмжлэл гаргасан.

/1хх- 01,02 дугаар хуудас/

Шүүх уг нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч мөн оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. /1хх-17 хуудас/

 

3. Давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2 удаагийн шийдвэрийг хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж байжээ. /1хх-191-195, 197-198, 232-244, 3хх-11-16, 42-54 дүгээр хуудас/

 

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай гэсэн утгатай албан бичгээр хариуцагчийг ******* гэж нэр зааж, түүнийг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багт хийгдсэн Хөдөлгөөнт баг хурлын үеэр хийсэн мэдээлэл нь, Сугир Хүүхэндүү нэртэй фэйсбүүк хаягт 2020 оны 03 дугаар сарын 18 болон 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бичсэн мэдээлэл нь ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, ажил хэргийн нэр хүндэд халдсан арга хэлбэрээр уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /3хх-, 65-67 дугаар хуудас/

 

5. Шүүх нь хариуцагч *******ын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн иргэдтэй хийсэн Хөдөлгөөнт баг арга хэмжээний үеэр ярьсан мэдээллийн үнэн зөв бодит байдалд нийцсэн болохыг нотолж чадаагүй гэж үзэж, бусад мэдээлэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэн энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь хэрэгсэхгүй болгосон зарим хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул уг шаардлагад дүгнэлт хийхгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын санаачилгаар явуулах диспозитив зарчимд нийцнэ гэж үзэв.

 

6. Шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 144/ШЗ2022/00482 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******т холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийн хариуцагчийг сольж, *******ыг хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэжээ./3хх-70 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэрэгт хариуцагчийг иргэн *******аар солих агуулга тусгагдсан байх тул шүүгчийн гаргасан дээрх захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасантай нийцсэн гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

 

7. Шүүх хариуцагч *******т түүнийг хариуцагчаар сольж гаргасан нэхэмжлэлийн хувийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гардуулж, 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэхийг даалгасан тухай баримт үйлдсэн байна. Уг баримтад ******* гарын үсгээ зурсан байна. /3хх-71 дүгээр хуудас/

Мөн шүүх хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулсан байна. /3хх-84 дүгээр хуудас/

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд тайлбар ирүүлээгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

8. Хариуцагч сольсон нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч болон хариуцагч талаас нотлох баримтыг шинээр гаргаагүй бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд зохигчид мэтгэлцсэн байна.

 

9. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэжээ.

 

10. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэл түгээсэн гэх ******* нь өөрийн мэдээлэл үнэн зөв буюу бодит байдалд нийцсэн болохыг үнэн зөвийг болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу нотлох ёстой.

 

11. Хариуцагч нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан мэдээллийг өөрийн тараасан мэдээлэл гэж зөвшөөрсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгээгүй байна.

Анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг нээлттэй явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сэтгүүлч зураглаач хоёрыг оролцуулж дамжуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хэлэлцэх үед хариуцагчийн өмгөөлөгч нь ...нэхэмжлэлд дурдагдсан 5 төрлийн мэдээ мэдээлэл угаасаа нийтэд тараагдсан. Дээр нь ... ******* дарга хуучин хурлын дарга байхдаа хэвлэлийн бага хурал хийгээд энэ мэдээллүүд техник хэрэгслээр хангалттай цацагдсан... гэж, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч ******* нь албан тушаал хашиж байхдаа ...иргэдийн хурлаас өмчөө хамгаалах захиран зарцуулалтад хяналт тавьж хийж байгаа ажлаа л тайлагнасан, энэ дээр Тавантолгойн удирдлага гэж нэг ч хүнийг нэр цохоогүй, *******-ий нэр хүндэд хохирол учруулахаар би юу ч хэлээгүй... гэж тус тайлбарлаж байсан нь 144/ТМ2022/00127 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /3хх-93,94 дүгээр хуудас/

Иймд анхан шатны шүүхийн ...хариуцагч мэдээ тараагаагүй гэж маргаагүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй. /3хх-112 дугаар хуудас/

Харин хариуцагчийн Манайх гэдэг нь Таван толгой ХК мөн үү гэдэг талаар шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хурлын үеэр хэн ч тодруулж асуугаагүй, энэ талаар ямар нэгэн мэтгэлцээн өрнөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй гэсэн давж заалдах гомдолд заасан үндэслэл бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

 

12. Харин маргааны зүйл нь мэдээлэл нь үнэн зөв эсэх болон ******* хариуцагч мөн эсэх тухайд байна.

12.а. Анхан шатны шүүхийн ...Тавантолгой дээр иймэрхүү байдлаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр 70 доллараар зарж болох ёстой нүүрс 25 хан доллараар бүтэн 4 жил зарагдсан. Үнийг ерөөсөө нэмээгүй. Бид нарыг 2016 онд ажил авахад яг хажуу талын Эрдэнэс тавантолгой ХК аман дээрээ 37 доллараар зарж байхад манайх ихэнх нүүрсээ 14 доллараар зарж байсан... гэж нийтэд мэдээлсэн мэдээгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Тавантолгой ОНӨХК-ийн зөвхөн 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн танилцуулгад: ...хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын 2008 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 04 тоот тогтоолоор *******-ийн уурхай дээрээс борлуулж байгаа гадаадын борлуулалтын нүүрсний үнийг 1 тонн тутмыг 25 ам.доллараар /НӨАТ/-гүй тогтоосныг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллажээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот тогтоолоор *******-ийн нүүрсний уурхайгаас олборлон борлуулж буй гадаадын борлуулалтын нүүрсний үнийг 1 тонн тутмын 37.4 ам.доллар /НӨАТ-тэй/ болгон нэмэгдүүлэн тогтоосон ба уг тогтоосон үнийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ гэж бичигдсэнээр,

...Харамсалтай нь жижиг Тавантолгой хөрсөө хуулж чадахаа больсон. Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод жилд 1 сая гаруйхан тонн нүүрс экспортонд гаргаж байгаа... гэж нийтэд мэдээлсэн мэдээгээ ...Сангийн сайдын 2018 оны 109 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хийсэн шалгалтын нэгдсэн танилцуулгад бичигдсэн ...илэрсэн зөрчлийн тэмдэглэлээр тус тус нотлогдож байгаа гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Тавантолгой ОНӨХК-ийн зөвхөн 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн танилцуулга болон Сангийн сайдын 2018 оны 109 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хийсэн шалгалтын нэгдсэн танилцуулгад: ...Тавантолгой хөрсөө хуулж чадахаа больсон...сорчлоод л доогуур нь ухсан...70 доллараар зарж болох ёстой...нүүрсээ 14 доллараар зарж байсан... гэх утга бүхий зүйл тусгагдаагүй, ...Эрдэнэс ******* аман дээрээ 37 доллараар зарж байхад манайх ихэнх нүүрсээ 14 доллараар зарж байсан... Үнийг ерөөсөө нэмээгүй... 70 доллараар зарж болох ёстой гэж, ......Харамсалтай нь жижиг Тавантолгой хөрсөө хуулж чадахаа больсон. Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод жилд 1 сая гаруйхан тонн нүүрс экспортонд гаргаж байгаа... гэж тараасан мэдээллийнхээ үнэн зөв буюу бодит байдал дээрх үйл баримттай нийцэж буй эсэхийг нотлохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ажил хэргийн нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан байна гэж үзлээ. гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзнэ.

12.б. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргалын хүсэлтийн дагуу Шүүгчийн захирамжаар Сангийн яамнаас Сангийн сайдын 2018 оны 109 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулга, Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газраас *******-ий 2009-2016 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн ГАГ-ӨМИАГ-2018-02-Га гүйцэтгэлийн аудитын тайлан, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Тавантолгой ОНӨХК-ийн 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын танилцуулга зэргийг албадан гаргуулж хэрэгт хавсаргасан байна. /2хх-14, 51-54, 69, 70-75, 99, 123-172, 194, 207-217 дугаар хуудас/

12.в. Хариуцагч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд ...асуусан асуултад өмчлөгчийн хувьд хариулсан. Энэ тоо баримтыг би зохиогоод байгаа биш. Бүгд улсын Мэргэжлийн хяналт, Сангийн Яамны баримт дээр тодорхой байгаа... гэж тайлбарласан нь тэмдэглэлд тусгагдсан байна.

Харин хариуцагч тал нь шалгалтын материалын аль зүйл заалтад заасан мэдээлэл нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн иргэдтэй хийсэн Хөдөлгөөнт баг арга хэмжээний үеэр ярьсан мэдээлэлтэй тохирч байгаа талаар тодорхой тайлбарлаж мэтгэлцээгүй байна.

12.г. Хариуцагч албан үүргийн дагуу оролцохдоо иргэдэд мэдээлэл өгсөн талаар талууд маргаагүй боловч хариуцагчийн өгсөн мэдээлэл нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байр суурь байсныг нотолсон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

12.д. Мөн дээрх нотлох баримтуудад Таван толгой ХК нь нэг тонн нүүрсийг 70 доллараар зарах ёстой байсан, хэт их олборлолт явуулсан, хөрсөө хуулж чадахаа больсон, олборлолт яаж явагдах ёстойг яаж явуулсан зэрэг талаар мэдээлэл авагдаагүй байна.

Иймээс Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод жилд 1 сая гаруйхан тонн нүүрс экспортод гаргаж байгаа гэх үйл баримт нотлогдоогүй гэж үзнэ.

12.е. Хариуцагч тал нь шүүхэд албадан гаргуулсан Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газраас *******-ий 2009-2016 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн ГАГ-ӨМИАГ-2018-02-Га гүйцэтгэлийн аудитын тайланг татгалзлын үндэслэл болгож тайлбарлаагүй байна.

12.ё. Уг мэдээллийг албан тушаалын хувьд иргэдтэй хийсэн уулзалтад иргэдээс ирсэн асуултад хариулсан гэх агуулгаар тайлбарлаж байх боловч иргэдээс ямар асуулт гаргасан болох нь тодорхойгүй байна.

12.ж. Эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргүүдийн талаар мэтгэлцэж байгаа боловч тухайн хэргүүд шийдвэрлэгдээгүй байгаа тэдний тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

13. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдалтай. Энэ хүнийг буцаагаад Иргэдийн хурлын даргад нь түр томилоод, тэгээд хөдөлгөөнт баг гэдэг уулзалтуудыг зохион байгуулаад яг анхны тараасан хэлбэрээр нь буцааж няцаах нөхцөл байдал үүсгээд байна гэх агуулгаар тайлбарласан.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан. 

Иймд анхан шатны шүүх нь шийдвэрийн тогтоох хэсгийн заалтад зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2022/00133 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...тараасан арга хэлбэрээр гэдгийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн иргэдийн хүрээнд гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ